Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 218/МА2019/00008

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 218/МА2019/00008

 

 

М.Мөнх-Учрал, П.Отгонбаатар, М.Энхжин,

О.Норовням нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 139/ШШ2018/00579 дугаар шийдвэртэй,

М.Мөнх-Учрал, П.Отгонбаатар, М.Энхжин, О.Норовням нарын нэхэмжлэлтэй Жи Пи Эф ХХК-нд холбогдох сул зогсолтын олговорт 24.049.200 төгрөг алдангид 1.587.222 төгрөг нийт 25.636.422 төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, Ж.Чимэддулам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа

Нарийн бичгийн дарга Б.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Мөнх-Учрал, П.Отгонбаатар, М.Энхжин, О.Норовням нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Жи Пи Эф ХХК-ний үндсэн ажилчид, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд 2017 оны 7 сарын 1-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ ямар нэгэн алдаа зөрчил дутагдалгүй гүйцэтгэж ирсэн. Гэтэл Жи Пи Эф ХХК нь өмнөх хувьцаа эзэмшигчтэй хийсэн маргаантай асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэх шалтгаанаар 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс сул зогсолт зарлаж Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Жи Пи Эф ХХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 7 сарын 01-ний өдрийн 17/53 тоот тушаалын дагуу бид сул зогсолтын олговроо авч эхэлсэн ба уурхайн үйл ажиллагаа эргэн сэргэхгүйгээр өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай байгаагаас бидний эрх зөрчигдсөөр байна. Бид 2017 оны 07 сард сул зогсолтын олговроо авсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, 40.4 дэх хэсэгт зааснаар ажилчид бидний ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй тул бид дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.    Нэхэмжлэгч М.Мөнх-Учрал нь Жи Пи Эф ХХК-ний Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн уурхайн дамп автомашины жолоочоор ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 150907 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код цалингийн фондын 19-06 кодоор буюу 801.000 төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх /2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал/ 14 сарын олговор 14*480.600=6.728.400 төгрөгийг гаргуулан үнээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

2.    Нэхэмжлэгч П.Отгонбаатар нь Жи Пи Эф ХХК-ний Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн уурхайн дамп автомашины жолоочоор ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 150907 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код цалингийн фондын 19-06 кодоор буюу 801.000 төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх /2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал/ 14 сарын олговор 14*480.600=6.728.400 төгрөгийг гаргуулан үнээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

3.    Нэхэмжлэгч М.Энхжин нь Жи Пи Эф ХХК-ний Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн уурхайн дамп автомашины жолоочоор ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 150907 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код цалингийн фондын 19-06 кодоор буюу 801.000 төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх /2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал/ 14 сарын олговор 14*480.600=6.728.400 төгрөгийг гаргуулан үнээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

4.    Нэхэмжлэгч О.Норовням нь Жи Пи Эф ХХК-ний Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн уурхайн тогоочоор ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 150907 тоот гүйцэтгэх тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код цалингийн фондын 21-01 кодоор буюу 460.000 төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх /2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал/ 14 сарын олговор 14*276.000=3.864.000 төгрөгийг гаргуулан үнээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т зааснаар Ажилтны цалинг хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж ажилтанд олгоно гэж заасан тул сул зогсолтын олговорт дараах байдлаар алданги гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд:

Жи Пи Эф ХХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 7 сарын 01-ний өдрийн 17/53 тоот тушаалаар Сул зогсолт зарлаж ажилтануудад үндсэн цалингийн 60 хувиар сул зогсолтын үеийн олговор олгохоор шийдвэрлэснээс хойш олгоогүй ба хоногийн 0.3 хувиар тооцож алданги гаргуулна гэж хуульчилсан тул сарын 22 хоногийг 0.3 хувиар тооцоход 6.6 хувийн алдангийг нийт 14 сарын хугацаанд сул зогсолтын олговрыг олгоогүй байна гэж үзэж дараах байдлаар алданги гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд:

1.    Нэхэмжлэгч М.Мөнх-Учралын 2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 480.600 төгрөгийн 6.6 хувийн алданги 31.719 төгрөгийг 14 сараар тооцож бодоход 14*31719 төгрөг нийт 444066 төгрөгийн алданги

2.    Нэхэмжлэгч П.Отгонбаатарын 2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 480.600 төгрөгийн 6.6 хувийн алданги 31.719 төгрөгийг 14 сараар тооцож бодоход 14*31719 төгрөг нийт 444066 төгрөгийн алданги

3.    Нэхэмжлэгч М.Энхжингийн 2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 480.600 төгрөгийн 6.6 хувийн алданги 31.719 төгрөгийг 14 сараар тооцож бодоход 14*31719 төгрөг нийт 444066 төгрөгийн алданги

4.    Нэхэмжлэгч О.Норовнямын 2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын сарын 276.000 төгрөгийн 6.6 хувийн алданги 18216 төгрөгийг 14 сараар тооцож бодоход 14*18216 төгрөг нийт 255024 төгрөгийн алданги

Нийт нэр бүхий 4 нэхэмжлэгчийн сул зогсолтын олговорт 24.049.200 төгрөг алдангид 1.587.222 төгрөг нийт 25.636.422 төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

3. Жи Пи Эф ХХК-нд хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Мөнх-учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 сард ажил зогссон тэгээд үндсэн цалингийн 60 хувийг олгосон нийт 2017 оны 8 сараас 2018 оны 09 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор, алдангийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч О.Норовням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Жи Пи Эф ХХК-ны уулын баяжуулалт салхит үйлдвэрийн уурхайн тогоочоор ажилладаг байсан 2017 оны 06 сард ажилд орсон бөгөөөд үндсэн цалин буюу сарын цалин 460.000 төгрөгөөр ажиллаж ирсэн 2017 оны 07 сарын 1-нээс манай компани сул зогсолт зарлаж одоог хүртэл ажиллахгүй хохирч байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх 14 сарын олговор 3.864.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Анхан шатны шүүх:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 141.4-д зааснаар хариуцагч Жи Пи Эф ХХК-иас 7172466 /долоон сая нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мөнх-Учралд, 7.172.466 /долоон сая нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Отгонбаатарт, 7172466 /долоон сая нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Энхжинд, 4.119.024 /дөрвөн сая нэг зуун арван есөн мянга хорин дөрвөн / төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Норовнямд тус тус олгож,

2.Нэхэмжлэгч нарт олгох олговор, алдангиас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж , эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Жи Пи Эф ХХК-д даалгаж,

3.ИХШХШТХ-н 57 дугаар зүйлийн 57.1, УТХ-н тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын УТХ-д төлсөн 286.133 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Жи Пи Эф ХХК-иас 286.133 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мөнх-Учралд 71.533 төгрөг, нэхэмжлэгч П.Отгонбаатарт 71.533 төгрөг, нэхэмжлэгч М.Энхжинд 71.533 төгрөг, нэхэмжлэгч О.Норовнямд 71.533 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

1.Иргэний хуулийн 6-р зүйлд заасан Мэтгэлцэх зарчим-г хангаагүй. Хариуцагчийн хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарлаж, процессийн алдаа гаргасан. 2018 оны 11-р сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохоор итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалням Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу гарсан боловч машины эвдрэл гаран замдаа саатсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч замдаа саатсан тухайгаа мэдэгдэж тодорхой цагаар хойшлуулж өгөхийг хүссэн боловч шүүх харижцагчийн эрхийг хязгаарлан хуралд оролцуулалгүйгээр шүүх хуралдаан явуулсан байна. Дундговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Улаанбаатар хотоос 260 км-ийн зайд оршдог ба автомашины эвдрэлийн улмаас хурлаас хоцорсон нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэж байна.

2.Сул зогсолт зарласан шийдвэрийн хүчин төгөлдөр байдал болоод сул зогсолтод эдгээр ажилтнууд хамрагдсан эсэх талаар: Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч нь 2017.07.01-нээс эхлэн сул зогсол зарласан, сул зогсолтын хугацаанд ажилтнуудын үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар /хх-ийн 41-рт/ нотлогдож байна. Тухайн тушаалыг гаргасан Ян Жин Гуан гэгч нь Жи Пи Эф ХХК-ний хууль ёсны гүйцэтгэх захирал эсэх, уг тушаалыг гаргах эрхтэй эсэх, түүнийг гүйцэтгэх захирлаас хувьцаа эзэмшигчдээс хэн томилсон нь тодорхойгүй ба Жи Пи Эф ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн улсын бүртгэлд огт бүртгэлгүй байдаг. Мөн 2017.07.01-ний тушаалаар тодорхой тооны ажилчдыг сул зогсолтод хамруулсан гэх боловч ажилчдын нэр нь тухайн тушаалын хавсралтад байгаа эсэх нь тодорхойгүй. Тиймээс сул зогсолтод эдгээр хүмүүс хамрагдсан гэсэн дүгнэлт нь хууль зүйн хувьд алдаатай байна.

Нэхэмжлэгч нарын сул согсолтын олговорт алдангийг тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд алдаатай. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно гэж заасан. Гэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал урамшууллаас бүрдэнэ гэсэн байх тул сул зогсолтын олговор цалин хөлс биш учир алданги тооцохгүй байх нь Хөдөлмөрийн хуульд нийцнэ. Иймд ямар ч тохиолдолд сул зогсолтын олговроос алданги тооцдог хуулийн заалт байхгүй.

Дээрх үндэслэлээс үзэхэд шүүх уг хэргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч М.Мөнх-Учрал, П.Отгонбаатар, М.Энхжин, О.Норовням нар Жи Пи Эф ХХК-иас сул зогсолтын олговор, алданги нэхэмжилсэн байна.

Хариуцагч ЖИ ПИ ЭФ ХХК-ийн төлөөлөгч С.Оюунбатад шүүх 2018 оны 10 сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх үүргийг тайлбарласан, 2018 оны 10 сарын 25-ны дотор хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэйг мэдэгдсэн, мөн хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд тайлбараа ирүүлээгүй, 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 14 цагт болох шүүх хуралдааны зарыг 7 хоногийн өмнө утсаар мэдэгдсэн талаар шүүгчийн туслах тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан байна.

Шүүх хуралдааны товыг оролцогчдод боломжит хугацаанд мэдэгдсэн, хариуцагч талаас шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт ирүүлээгүй, өөрөө шүүх хуралдаанд биечлэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хариуцагчийн хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарласан, компаны эрх зүйн байдал тодорхойгүй, нэхэмжлэгч нар сул зогсолтод хамрагдсан эсэх нь тодорхойгүй, сул зогсолтын олговор цалин хөлс биш учир алданги тооцсон нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргүүдийг хуульчлан тогтоосон.

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгсөн төдийгүй шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн байна. Гэтэл хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан дээр дурдсан үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй байдалд шүүх буруугүй, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв сонгож хэрэглэсэн боловч хуулийг буруу тайлбарласан байх тул залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нар нь тус компанитай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ажилтанууд болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдсон байх бөгөөд сул зогсолтод хамрагдах ажилчдын тоонд багтсан болох нь тус компанид ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 7 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтаар тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгох, хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй гэж заасан ба сул зогсолт зарлаж, олговор шийдвэрлэсэн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй байна. Иймд сул зогсолтын хугацааны олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй болжээ.

Харин хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно гэсэн зохицуулалт нь олговор бус цалин хөлс олгохтой хамааралтай байхад анхан шатны шүүх ажил олгогчоос олговор олгоогүй хугацааны алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Олговор нь цалин гэх тодорхойлолтод хамаарахгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан, олговрыг хугацаа хэтрүүлэн олгосон тохиолдолд цалин хөлсний нэгэн адил алданги тооцох үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан Сул зогсолтын хугацаанд өөр ажил гүйцэтгэсэн тохиолдолд уг ажилд нь тохируулан цалин хөлс олгох бөгөөд энэ нь урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээнээс бага байж болохгүй гэсэн зохицуулалт нь ажил олгогч сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажлаар хангасан тохиолдолд ажилтанд цалин хөлс олгоход хамааралтай бөгөөд ажилтан сул зогсолтын хугацаанд өөрөө ажил олж, хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд хамаарахгүй юм. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн харъяалал, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн үйл баримт, олговрын хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийж шийдвэрт тусгасан байна. Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын дагуу шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 139/ШШ2018/00700 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Жи Пи Эф ХХК-аас 6728400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мөнх-Учралд, 6728400 төгрөгийг гаргуулан П.Отгонбаатарт, 6718400 төгрөгийг гаргуулан М.Энхжинд, 3864000 төгрөгийг гаргуулан О.Норовнямд тус тус олгож, нэхэмжлэлээс 1587222 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын ...Жи Пи Эф ХХК-аас 278196 төгрөг гаргуулж гэж, ...нэхэмжлэгч О.Норовнямд 71533 төгрөг гэснийг 63597 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 278196 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7937 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Жи Пи Эф ХХК-нд олгосугай.

 

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

Ц.ОТГОНЦЭЦЭГ