| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/03101/И |
| Дугаар | 102/ШШ2023/04592 |
| Огноо | 2023-12-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/04592
| 2023 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2023/04592 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
гомдол гаргагч: Б овогт Р-ийн Т-ийн гаргасан,
хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягтай, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт /цаашид Нийслэлийн ШШГГ гэх/ холбогдох,
2023 оны 04 сарын 25-ны өдрийн 5/1 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах, дуудлага худалдаа явуулахыг зогсоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О- нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Р.Т 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 5/1 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах, дуудлага худалдаа явуулахыг зогсоолгох тухай гомдлын шаардлага гаргасан.
2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д- гомдлын шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа угаасаа их төвөгтэй үйл явдал болчхоод байгаа юм. Ийм учраас дуудлага худалдааны үнийн саналаас нь авхуулаад зөвшөөрөхгүй байна. Дуудлага худалдаа гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад эхлээд үнийн санал авах ёстой байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үнийн санал өгөөгүй. Үл хөдлөх бүртгэлийн газарт байрны ордер гаргахдаа үнийн санал тавьдаг юм. Тэгэхээр тэр үнийн саналыг чинь үзье ээ тэр үнэ үнийн санал дээр чинь зөрүү байна уу үгүй эсэхийг үзээдэхье гэхэд гүйцэтгэгчээс нэг албан бичиг явуулсан. Тэр албан бичиг нь бүрхэг, ойлгомжгүй байдаг. Тэр үнийн санал чинь анхны үнийн санал шүү. Тэрийгээ олоод танайх явуулж чаддаггүй юм бол Хөрөнгө оруулалтын банк үнийн саналтай гэрээ хийсэн байгаа. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын банкнаас үнийн саналтай гэрээг нь шаард гэсэн. Тэрнээс хойш гүйцэтгэх байгууллагад өргөдөл гаргасан. Тэгээд ажлаа хийхгүй 4, 5 сар чимээгүй болчхоод гэнэт 4 сард дуудлага худалдаа зарлачихсан. Тэгээд үнийн санал авалгүй энэ тогтоолыг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэгэхээр үнийн саналаасаа эхлээд ингээд буруутай явчихаар чинь шүүхээр шийдүүлэхээс өөр арга байхгүй... гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О- шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж гомдлыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2848 дугаартай шийдвэрээр Л.Т болон Ө.Т- нараас 72,478,599 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 590,545 төгрөгийг тус тус гаргаж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэгт байрлах байрлах 32,8 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийн хангуулж, төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шүүхийн шийдвэр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан дээрх барьцаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22470360/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хураасан байдаг. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177,1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоож, ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар үнэлгээг харилцан тохиролцоогүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55,2,2 дэх хэсэгт зааснаар 2023 оны 3 дугар сарын 03-ны өдрийн 3/68 дугаар тогтоолоор шинжээч томилж хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Ингээд талуудад 2023 оны 3 дугаар сарын 09-ны өдөр мэдэгдэж анхны албадан дуудлага худалдаагаар оруулахаар 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэлсэн байдаг. 2023 оны 5 дугаар сарын 12-ны дөрийн анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул дараагийн албадан дуудлага худалдаанд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, 2023 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад уг барьцаа хөрөнгө 73,00,000 төгрөгөөр худалдан борлогдсон байдаг. Төлбөр төлөгч Р.Т нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оын 6 дугаар сарын 15-ны өдрийн 11365 иргэний хэрэг үүсгэсэн захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтүүдийг тус газарт гаргасан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27,5 дэх хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 23/174 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа иргэний хууль болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч Р.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Гомдол гаргагч Р.Т ...2023 оны 04 сарын 25-ны өдрийн 5/1 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах, дуудлага худалдаа явуулахыг зогсоолгох... тухай гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ ...байрны ордер авахдаа үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн анхны үнийн санал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк хөрөнгийг барьцаалахдаа барьцааны гэрээнд тусгасан үнийн саналыг шийдвэр гүйцэтгэгч авалгүй дуудлага худалдаанд оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа... гэж тайлбарласныг,
Хариуцагч эс зөвшөөрч ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан хууль зөрчөөгүй... гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2021 оны 11 сарын 03-ны өдрийн 2848 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Р.Т, Ө.Т- нараас 72 478 599.43 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгож, хариуцагч Р.Тийн өмчлөлийн Баянгол дүүрэг 0 хороо, Энхтайваны өргө чөлөө 0 тоот хаягт байршилтай 32.8м2 талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хэргийн 24-27 дугаар тал/
2022 оны 01 сарын 25-ны өдрийн дугаар 1924 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн. / хэргийн 23, 28 дугаар тал/
2022 оны 03 сарын 22-ны өдөр дугаар22370360 шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоол гарч, дээрх үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байна. /хэргийн 29-33 дугаар тал/
2023 оны 01 сарын 17-ны өдрийн дугаар 22370360/01 шийдвэр гүйцэтгэгчийн Эд хөрөнгө хураах тогтоол, 2023 оны 02 сарын 10-ны өдрийн дугаар 22370360/02 эд хөрөнгө хураах тогтоол тус тус гарч үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураан авч тэмдэглэл үйлдсэн, мөн шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн байна. /хэргийн 34-41 дүгээр тал/
2023 оны 03 сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч төлбөр хурагдсан хөрөнгийн үнэлгээний талаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдэж, талууд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй шинжээч томилуулах хүсэлт гаргасан үндэслэлээр шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч 99 700 000 төгрөгөөр хөрөнгийг үнэлсэн, үнэлгээг талуудад танилцуулан бие даан худалдан борлуулах саналыг гаргах эрхтэйг мэдэгджээ. / хэргийн 42-84 дүгээр тал/
Шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй, мөн бие даан худалдан борлуулах санал гаргаагүй байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт хураагдсан дээрх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар 2023 оны 04 сарын 25-ны өдөр дугаар 5/1 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч талуудад мэдэгдэж, нийтэд мэдээлсэн, анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй, 2023 оны 05 сарын 23-ны өдөр дугаар 6/1 Хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч талуудад мэдэгдэж, 2023 оны 05 сарын 25-ны өдөр нийтэд мэдээлж, 2023 оны 06 сарын 09-ны өдөр 73 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. /хэргийн 85-108 дугаар тал/
2023 оны 06 сарын 19-ны өдөр Р.Т иргэний шүүхэд гомдол гаргасан үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж 2023 оны 06 сарын 19-ны өдөр дугаар 23/174 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсан байна. /хэргийн 109-111 дүгээр тал/
Р.Т Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 2016.12.12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 28 000 000 төгрөг гар дээрээ авсан эсэх асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж 2022 оны 04 сарын 22-ны өдөр 220900955 дугаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол гарсан хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж байгаа нь 2023.03.03-ны өдрийн 28иа2/1662 Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 114, 134-149 дүгээр тал/
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар талууд тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ гэжээ.
6. Төлбөр төлөгч Р.Т, Ө.Т-, төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ...төлбөр хураагдсан хөрөнгийг үнэлэх боломжгүй шинжээч томилж өгнө үү... гэсэн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь хэрэгт авагдсан Ө.Т-, Р.Т нарын шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичгээр гаргасан хүсэлт баримтаар тогтоогдож байна. /хэргийн 45, 49-50 дугаар тал/
Тодруулбал шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмын дагуу шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлсэн ба шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар талууд маргаагүй байна.
7. Мөн шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар талуудад хуульд заасан хугацааны дотор мэдэгдэж бие даан борлуулах санал гаргах эрхтэйг тайлбарласан боловч талуудаас төлбөрт хураагдсан хөрөнгийг бие даан борлуулах талаар санал гаргаагүй нь үнэлгээний мэдэгдэл баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 78-84 дүгээр тал/
8. Шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй, бие даан худалдан борлуулах талаар мөн санал гаргаагүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 69, 72, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2023 оны 04 сарын 25-ны өдөр дугаар 5/1 тоот шийдвэр гүйцэтгэгчийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан байна. /хэргийн 87 дугаар тал/
Энэхүү тогтоолыг талуудад мэдэгдсэн нь мэдэгдэл хүргүүлэх тухай баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 88-92 дугаар тал/
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэснээс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах хуулийн журамтай.
Хуульд заасан журмын дагуу 2023 оны 04 сарын 25-ны өдөр дугаар 5/1 тоот шийдвэр гүйцэтгэгчийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг Р.Т хүлээн авсан ба ямар нэг гомдол хүсэлт гаргаагүй байна.
10. Гомдол гаргагч шийдвэр гүйцэтгэгчийн дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.
11. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 62, 63, 69, 72, 75, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журам болон хууль зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул 2023 оны 04 сарын 25-ны өдөр дугаар 5/1 тоот шийдвэр гүйцэтгэгчийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах,дуудлага худалдаа явуулахыг зогсоолгох тухай Р.Тийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
13. 2023 оны 11 сарын 20-ны өдрийн дугаар 0982 Р.Таас Б.Д-д олгосон итгэмжлэлээр, 2023 оны 11 сарын 15-ны өдрийн №1-182/532 хариуцагчаас Ю.О-д олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 126, 132 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 63 дугаар зүйлийн 63.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлийн 75.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2023 оны 04 сарын 25-ны өдөр дугаар 5/1 тоот шийдвэр гүйцэтгэгчийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах,дуудлага худалдаа явуулахыг зогсоолгох тухай гомдол гаргагч Р.Т-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ