| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/05510/И |
| Дугаар | 102/ШШ2024/00199 |
| Огноо | 2024-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/00199
| 2024 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2024/00199 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Сонгинохайрхан нутаг дэвсгэр тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүрэг, нутаг дэвсгэр тоот, Баянзүрх дүүрэг, нутаг дэвсгэр тоотод түр оршин суух гэх,рд:, Б овгийн Г.Р нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, нутаг дэвсгэр хаягтай, рд:, Ө-ХХК-холбогдох
орон сууц захиалгын гэрээний орон сууцны төлбөрт төлсөн нийт 132 531 600 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 12 930 000 төгрөг, нийт 145 461 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Г.Р, түүний өмгөөлөгч Б.А нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг Б.Сувд хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан орон сууц захиалгын гэрээний орон сууцны төлбөрт төлсөн нийт 132 531 600 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 12 930 000 төгрөг, нийт 144 461 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: ... миний бие Ө ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8*** өрөө байрыг 132,531,600 төгрөгөөр худалдаж авахаар орон сууц захиалгын гэрээ байгуулж, төлбөрийг 100 хувь төлж дуусгасан. Гэтэл уг орон сууц нь 2022 оны 4 улиралд багтаан захиалагчид хүлээлгэж өгнө гэж заасан боловч өнөөдрийн байдлаар 4 давхарын ажил хийгдэж байна. Одоогоор гэр бүлийн хамт орон сууц хөлслөн амьдарч байгаа бөгөөд орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 12,930,000 төгрөгийг төлсөн байна. Иймд хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд түрээсийн төлбөр 12,930,000 төгрөг, гэрээний төлбөрт төлсөн 132,531,600 төгрөг нийт 145,461,600 төгрөгийг хариуцагчиаас гаргуулж өгнө үү ... гэв.
3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Г.Рын нэхэмжлэлтэй, Ө ХХК-д холбогдох нийт 145 461 600 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Р нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ө ХХК-тай CR-203 тоот дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, тус гэрээгээр C*** 74.04 м.кв талбайтай орон сууцыг захиалсан байдаг. Уг орон сууцын нэг м.кв-ын үндсэн үнэ нь 2 990 000 төгрөг бөгөөд нэхэмжлэгч нь хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу нэг м.кв-ын үнийг 1 990 000 төгрөгөөр тооцож, нийт 132 531 600 төгрөгөөр орон сууцыг худалдан авахаар захиалгын гэрээ байгуулсан болно. Ингэхдээ Г.Р нь гэрээний төлбөр болох 132 531 600 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу буюу 2021.10.18-ны өдөр 48 265 800 төгрөгийг, 2021.10.18-ны өдөр 18 000 000 төгрөгт 2009 онд үйлдвэрлэгдэж 2019 онд орж ирсэн Nissan Juke маркийн авто машиныг бартераар, үлдэгдэл 66 265 800 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаанд компанийн зээлээр 2024.10.15-ны өдөр төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй орон сууц хөлсөлсөн гэх зардал нь Ө ХХК-тай CR-203 тоо гэрээний харилцаа үүссэнтэй холбоотойгоор бий болсон хохирол мөн эсэх нь тогтоогдохгүй байна. City recidence хотхоныг Э-ийн оролцоотойгоор Ө ХХК нь гүйцэтгэгч уг орон сууц, хотхоныг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Э болон Ө ХХК нь 2022 оны 06 сараас 2023 оны 02 сарыг дуустал шүүхий маргаантай байсны улмаас шүүхээс Ө ХХК-ийн эд хөрөнгө болон дансны хөдөлгөөнийг битүүмжилснээс болж орон сууц захиалгын гэрээний 7.6-д заасанчлан гүйцэтгэгч талаас шалтгаалахгүй нөхцөл байдалд орсон байдаг. Мөн Орон сууц захиалгын гэрээний 7.6-д заасанчлан гүйцэтгэгч талаас шалтгаалахгүй, хүндэтгэн үзэ шалтгаан буюу 2020-2022 оны хооронд үргэлжилсэн Коронавируст халдварт цар тахлын улмаас олон улсын хил хаагдаж, барилгад шаардлагатай бараа материал, бүтээгдэхүүний үнэ хэт өссөн энэ байдлаас шалтгаалан хариуцагч компанийн хувьд барилгын ажлыг явуулахад ихээхэн хүндрэл үүссэний улмаас гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон юм. Энэхүү хүндэтгэн үзэх шалтгаан буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээний үүрэг зөрчигдсөн бол талууд гэрээний 7.4-д зааснаар асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэх учиртай байсан. Нөгөө талаас нэхэмжлэгч болон түүнтэй ижил нөхцөлөөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан захиалагчид гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй, үүргээ зөрчсөний улмаас барилгын ажил удааширсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн
нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
2021 оны 10 сарын 18-ны өдрийн №CR-203 дугаар Орон сууц захиалгын гэрээ, төлбөрийн хуваарь, Ө ХХК-ийн гэрчилгээ, орон сууцны план зураг, тооцоо нийлсэн акт /хэргийн 4-9 дүгээр тал/
Г.Рын иргэний үнэмлэх, /хэргийн 10 дугаар тал/
Голомт банкны дансны хуулга /хэргийн 11-13 дугаар тал/
Орон сууц хөлслүүлэх гэрээ /хэргийн 15-18 дугаар тал/
Г.Рын хаан банкны дансны хуулга /хэргийн 19-21 дүгээр тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 22-23 дугаар тал/ өргөдөл, мэдэгдэл /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/ нотлох баримтууд,
5. Хариуцагч Ө ХХК-ийн шүүхэд ирүүлсэн
Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 30 дугаар тал/
хариу тайлбар /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг буюу орон сууцны үнэд шилжүүлсэн 132 531 600 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 12 930 000 төгрөг нийт 145 461 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй эзэгүй болсон тул гэрээгээ цуцсан, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас орон сууц хөлсөлж учирсан хохирлоо шаардаж байна... гэж тайлбарласаныг,
хариуцагч эс зөвшөөрч ... гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй барилгын ажил удааширсан, Э-ийн оролцоотойгоор уг орон сууц хотхоны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан ба маргаан гарч манай компаний дансны хөдөлгөөнийг битүүмжилснээс манай талаас шалтгаалахгүй нөхцөл байдалд орсон, цар тахлын улмаас хүндрэл үүссэн зэргээс гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон, орон сууц хөлсөлсөн гэх зардал нь гэрээний харилцаанаас үүссэнтэй холбоотой бий болсон хохирол мөн эсэх нь тогтоогдохгүй байна, нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй... гэж тайлбарлажээ.
3. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч буюу худалдан авагч О.Должинсүрэн 2021 оны 11 сарын 18-ны өдөр №CR-203 тоот Орон сууц захиалгын гэрээг хариуцагч буюу худалдагч Ө ХХК-тай байгуулж, Баянзүрх дүүрэг, нутаг дэвсгэрт баригдаж буй Сити ресидэнс хотхоны ***74.04м2 талбай бүхий 3 өрөө орон сууц хөрөнгийг 1м2 талбайг нь 1 790 000 төгрөгөөр тооцож нийт 132 531 600 төгрөгөөр худалдан авах, худалдагч орон сууц хөрөнгийг 2022 оны 4-р улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь орон сууц захиалгын гэрээ, төлбөр төлөх хуваарь, орон сууцны план зураг,тооцоо нийлсэн акт, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-8,9 дугаар тал/
4. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
5. Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй 74.04м2 талбай бүхий 3 өрөө орон сууц хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж орон сууц хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.
8. Нэхэмжлэгч гэрээний 3.2.1-т зааснаар гэрээний төлбөр болох 132 531 600 төгрөгийг 2021.10.18-ны өдөр 48 265 800 төгрөг, 18 000 000 төгрөгийг тээврийн хэрэгсэл бартераар 2021.10.18-ны өдөр, үлдэгдэл 66 265 800 төгрөгийг 3 жилийн хугацаанд буюу 2024.10.15-ны дотор зээлээр төлөхөөр тохиролцжээ.
9. Нэхэмжлэгч орон сууц хөрөнгийн үнэ 132 531 600 төгрөгийг 2022.05.16-ны өдрийн дотор гэрээнд заасан хугацаанаас өмнө төлж барагдуулан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт баримтаар тогтоогдож байна. /хэргийн 9 дүгээр тал/
10. Хариуцагч Ө ХХК гэрээний 6.1.2, 6.1.6-д заасны дагуу хариу үүрэг буюу орон сууц хөрөнгийг 2022 оны 4-р улиралд багтаан /2022.12.31-ны өдрийн дотор/ холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж дуусган нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч уг орон сууцыг өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бүх бичиг баримт мэдээллээр хангах үүрэг хүлээсэн.
11. Хариуцагч дээрх хариу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь ...хариуцагч компанийн хувьд гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон... гэх шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 33-34 дүгээр тал/
12. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...шүүхийн маргаанаас үүдэлтэй компанийн эд хөрөнгө, дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжилснээс болж гүйцэтгэгчээс шалтгаалахгүй нөхцөл байдалд орсон, цар тахлын улмаас хил хаагдаж барилгад шаардлагатай бараа материал бүтээгдэхүүний үнэ өссөн, харилцан зөвшилцөх учиртай байсан, нэхэмжлэгч болон түүнтэй ижил нөхцлөөр гэрээ байгуулсан захиалагчид гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй үүргээ зөрчсөн... гэж тус тус тайлбарласан ба өөрийн тайлбар татгалзалтай холбоотой ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй.
13. Иймд хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
14. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас орон сууц захиалгын гэрээний төлбөрт шилжүүлсэн 132 531 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 930 000 төгрөгт холдогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
15. Нэхэмжлэгч ...хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс... учирсан хохирол буюу орон сууц хөлслөх гэрээний үүрэг 12 9930 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан.
16. Орон сууц захилгын гэрээ байгуулснаас өмнө Баянзүрх дүүрэг, 18 хороо, шархад хилчний гудамж, 415 байр 2 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууц хөрөнгийг сарын 1 250 000 төгрөгийн хөлстэй хөлсөлж сууж байсан, ашиглалтын зардлаа хөлслүүлэгч өөрөө төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж байна.
17. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн иргэний үнэмлэх баримтаар нэхэмжлэгч ***тоот хаягт бүртгэлтэй бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа оршин суугаа хаягаа ...Хан-Уул дүүрэг, нутаг дэвсгэр тоот, ...Баянзүрх дүүрэг ***тоот хаягт түр оршин сууж байгаа... гэж тайлбарласан боловч түүний оршин суугаа газрын тодорхойлолт, тухайн орон сууцыг өнөөдрийг хүртэл бодитоор хөлсөлж байгааг нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч энэ талаар нотлох баримт гаргаж өгөх бүрэн боломжтой байсан.
18. Мөн ...хөлсөлж байгаа орон сууцны ашиглалтын зардлыг хөлслүүлэгч өөрөө төлөхөөр тохиролцсон... гэх боловч гэрээнд энэ талаар талуудын тохиролцоо тусгагдаагүй, нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй, орон сууцыг 11 сарын хугацаанд хөлсөлж хөлс 13 750 000 төгрөг болж байгаагаас хөлслөх гэрээний төлбөрт түрээс гэсэн утга бүхий мөнгөн шилжүүлэг 2023.2.19-ны өдөр 1 930 000 төгрөгийн баримттай, 5000 000, 2000 000 төгрөг орлого гэх утгатай /түрээс төлсөн гэх дүн 8 930 000 төгрөг/ зэргээс нэхэмжлэгчийн орон сууц хөлсөлсөн гэх үйл баримт хангалттай эргэлзээгүй баримтаар нотлогдохгүй байх тул ...гэрээний харилцаа үүссэнтэй холбоотой бий болсон хохирол мөн эсэх нь тогтоогдохгүй байна... гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэж шүүх хохирол 12 930 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисныг тайлбарлах нь зүйтэй.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 885 256 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 820 608 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
20. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ө ХХК-аас нийт 132 531 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Рт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 930 000 төгрөгт холдогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 885 258 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 820 608 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ