Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/00558

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/00558

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Б овогт Л-ийн Ц-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч:М овогт С-н Н-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэг 2700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Л.Ц-,

хариуцагч С.Н- нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Ц- хариуцагч С.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... С.Н- нь 2021 оны 7 дугаар сарын 18-ний өдөр манайд ирээд машин авах гэж байна гээд надад тэтгэврийн зээл аваад өгчих би удахгүй төлнө гээд 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн өглөө Хаан банк дээр очиж 2,700,000 төгрөгийн тэтгэврийн зээл авхуулсан. Уг авхуулсан зээлээ удахгүй төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй. Зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, мессеж бичиж, утсаар залгасан боловч хариу өгөхгүй алга болдог. Одоогоор миний бие даралт ихсэж биеийн байдал муу байгаа учраас энэ мөнгийг авч эмчилгээндээ зарцуулмаар байна. Иймд С.Н-гээс 2700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Миний бие нэхэмжлэгч Л.Ц-ын том хүү Г.С-тай өмнө нь хамтран амьдарч байсан. 2020 оны 12 дугаар сараас эхлэн Г.С- нь удаа дараа намайг машин авч өг, машинтай болмоор байна, амьдралаа дээшлүүлмээр байна гэж зогсолтгүй чат бичиж, агсан согтуу тавьдаг байсан. Ингээд машин авах гээд урьдчилгаа мөнгө байхгүй байсан учир 2021 оны 7 дугаар сарын 18-ний өдөр Г.С-, охин хоёртойгоо хамт Л.Ц- буюу ээжийнд нь очиж тэтгэврийн зээл авч өгөөч гэж гуйж, үлдсэн мөнгийг нь охиныхоо хүүхдийн мөнгөнөөс нь зээл авч болгоё гэж зөвшилцсөний үндсэн дээр 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкин дээр очиж тэтгэврийн зээл болох 2,700,000 төгрөг, миний охины хүүхдийн мөнгө болох 2,150,000 төгрөгийг тус тус авч миний данс руу шилжүүлсэн. Ингээд Г.С-тай хамт Банк бус санхүүгийн байгууллагад очиж урьдчилгаа нийт 4,336,000 төгрөгийг шилжүүлж, нийтдээ банк бус санхүүгийн байгууллагаас 18,200,000 төгрөгөөр приус 30 маркийн автомашин зээлээр авсан. Би энэ мөнгөнөөс нэг төгрөгийг ч хувьдаа ашиглаагүй. Г.С- нь ахуй амьдралаа дээшлүүлнэ гэж машин авсан боловч нэг сар гаруй машинаа унаад алга болсон. Г.С- нь өөр хүүхэнтэй амьдарч, явсан учраас бус санхүүгийн байгууллагад очиж унаж явсан машиныг хураах хүсэлт тавьсны дагуу машиныг хурааж авсан. Гэтэл Банк бус санхүүгийн байгууллагаас ямар нэгэн буцаалт хийх боломжгүй харин машиныг зараад зээлээ дарах боломжтой гэж хэлсэн. Миний хувьд машин унаж чадахгүй, надад машин унах шаардлага байхгүй байсан учраас машиныг 14,500,000 төгрөгөөр Хэнтий аймгийн иргэнд машинаа зарж, зарсан мөнгөө шууд банк бус санхүүгийн байгууллагын данс руу шилжүүлж, өргүй болсон. Хэрвээ би энэ мөнгөнөөс өөрийн ахуй амьдрал болон охиндоо зарцуулсан байсан бол би бүрэн хариуцлага хүлээж төлөх байсан. Гэтэл Л.Ц-ын хүү Г.С- нь машин аваад өгчихвөл амьдралаа дээшлүүлнэ гэж хэлсэн боловч хэлсэн амандаа хүрээгүй. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Хаан банкны дансны хуулга, тэтгэврийн зээлийн гэрээ баримтууд,

5. Хариуцагчийн нотлох баримтаар ирүүлсэн хариу тайлбар, Хаан банкны дансны хуулга баримтууд,

6. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс түүний гар утас дах захидалд үзлэг хийсэн тэмдэглэл баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ...2700 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ .. 2021 оны 7 дугаар сарын 18-ний өдөр манайд ирээд машин авах гэж байна гээд надад тэтгэврийн зээл аваад өгчих би удахгүй төлнө гээд 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн өглөө Хаан банк дээр очиж 2700 000 төгрөгийн тэтгэврийн зээл авхуулсан. Уг авхуулсан зээлээ удахгүй төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй.. гэж тайлбарласныг,

Хариуцагч эс зөвшөөрч ...миний данс руу орсон нь үнэн гэхдээ би өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулаагүй учраас төлөх үндэслэлгүй маргаж байна.

3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч С.Н- нэхэмжлэгч Л.Ц-ын хүү Г.С-тай гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай байсан гэх бөгөөд тэд өөрсдийн гэр бүлийн хэрэгцээндээ зориулж автомашин авахаар тохиролцож, 2021 оны 07 сарын 19-ны өдөр нэхэмжлэгч хариуцагчийн ...гэр бүлийн хэрэгцээнд автомашин зээлээр худалдан авахад урьдчилгаа төлбөрт шаардлагатай мөнгө зээлээч, сар болгоны эхэнд хувааж төлнө... гэсэн аман гуйлт хүсэлтийн дагуу Хаан банкнаас тэтгэврийн зээл авч 2700 000 төгрөгийг тодорхой бус хугацаагаар хүүгүй зээлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд хуралдаанд гаргасан тайлбар, 2021.07.19-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээ, зохигчдын Хаан банкны дансны хуулга баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-10, 35 дугаар тал/

4. Хариуцагчийн мөнгө зээлээч гэсэн хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч хүлээн авч 2700 000 төгрөгийн тэтгэврийн зээл авч зээлдүүлсэн, уг мөнгийг хариуцагч зээлж хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Энэ нь нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Л.Ц-, хариуцагч буюу зээлдэгч С.Н- нарын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

5. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө болох 2700 000 төгрөгийг хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардснаар мөнгийг буцаан төлөх үүрэгтэй.

 

7. Гэрээний дагуу 2700 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, тэдний Хаан банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч мөнгийг шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бодитоор биелүүлсэн гэж үзнэ.

 

8. Харин хариу үүрэг буюу хариуцагч нэхэмжлэгчийн шаардснаар зээлсэн мөнгийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...мессеж бичиж утсаар залгаж шаардаж байсан, одоо хүртэл төлөөгүй... гэх тайлбараар тогтоогдож байна.

 

9. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1-т заасан үндэслэлтэй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг 2700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

10. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...Л.Ц-ын хүү Г.С- нь машин аваад өгчихвөл амьдралаа дээшлүүлнэ гэж хэлсэн боловч хэлсэн амандаа хүрээгүй, би өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулаагүй учраас төлөх үндэслэлгүй... гэх тайлбар нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 58 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч С.Н-гээс зээлийн гэрээний үүрэг 2700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 58 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ