Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/107

 

 

 

Х.Эөд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнхтулга,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбаяр /онлайнаар/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүү, М.Цэндсүрэн /онлайнаар/,

            Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ /онлайнаар/,

            Шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Э.Уянга,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/1033 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.Эөд холбогдох эрүүгийн 1934006430489 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Х.Э нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 103/169 дахь километрийн шонгийн орчим 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 04-60 УАА улсын дугаартай Тоёота аксио маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчин явсан Тоёота приус 20 маркийн 63-10 УБВ улсын дугаартай автомашиныг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Энхцэцэг, Б.Уянсор, Н.Гантөмөр нарын амь нас хохирч, Л.Нямдоржийн эрүүл мэндэд хүнд хохирол, 04-60 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Ганбатын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/1033 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Мэргэд овогт Хүрэлбаатарын Эөд холбогдох эрүүгийн 1934006430489 дугаартай, 3 хавтаст хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг Төв аймгийн Прокурорын газарт очтол шүүгдэгч Х.Эөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга давж заалдах гомдолдоо: “...2 дугаар хавтаст хэргийн 248-250 дугаар талд авагдсан №202036 тоот шинжээчийн дүгнэлтээр:

- жолооч Н.Бямбасүрэнг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 23.9-ж заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй боловч хохирлын хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн,

- жолооч Х.Эийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-б, 23.9-з заалтыг зөрчсөн байна. 04-60 УАА улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашины техникийн байдлыг шалгасан шинжээчийн дүгнэлтэд техникийн байдал осол гарахад нөлөөлсөн тухай нотлох баримт байхгүй байна.

- жолооч Х.Эийн хажууд сууж явсан зорчигч Д.Ганбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1-а, 6.2-а заалтыг тус тус зөрчсөн.

-Уг зам тээврийн осол болох шалтгаан нь зорчигч Д.Ганбатын үйлдлээс болсон гэж дүгнэсэн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн хууль ёсны нотлох баримт болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлон тогтоосны дараа хэн нэгнийг гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжтой болно.

Дээрх шинжээчийн дүгнэлтээр уг зам тээврийн осол гарах шалтгаан нь зорчигч Д.Ганбатын үйлдлээс болсон гэж дүгнэсээр байхад яагаад Д.Ганбатын үйлдэлд дүгнэлт хийлгүй, яллагдагчаар татах асуудлыг мөрдөн шалгах ажиллагаанд хийгээгүй, хохирогч гэсэн оролцогчоор оролцоод байгааг анхаарч үзнэ үү.

Өмгөөлөгч миний зүгээс Д.Ганбатын болгоомжгүй үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж байна.

 

1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр талд хохирогч Н.Гантөмөрийн хууль ёсны төлөөлөгчөөр 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүү Г.Оч-Эрдэнийг тогтоосон, талийгаач Гантөмөрийн эхнэр Баярмаа нь итгэмжлэл /хх-147 дугаар хуудас/ олгожээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т "хохирогч нас барсан, ...эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг..." гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Г.Оч-Эрдэнэ нь амь хохирогч Н.Гантөмөрийн хууль ёсны төлөөлөгч биш юм.

Энэ хэрэгт Н.Гантөмөрийн хууль ёсны төлөөлөгч байх эрхтэй эхнэр Баярмаа нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр асуусан нь түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч гэсэн оролцогчоор оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр төлөөлөх ойлголт огт байхгүй болохыг анхаарах нь зүйтэй. Энэхүү ажиллагаагаар Баярмаагийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2-т заасан хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзнэ.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээч Ж.Санчирын гаргасан дүгнэлтүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.10, 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул шинжээчийн 30, 103 дугаартай дүгнэлтүүд болон шинжээчээр мэдүүлэг өгсөн Ж.Санчир гэгчийн мэдүүлэг зэргийг үнэлэх боломжгүй юм.

Тиймээс хэрэгт авагдсан хууль ёсны №202036 тоот дүгнэлтийг үнэлж дүгнэхэд:

Жолооч Н.Бямбасүрэн, Х.Э нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсон нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20, 31-т заасныг зөрчсөн үйлдэл байгаа хэдий ч осол гарах нөхцөлийг шууд бүрдүүлээгүй юм.

Хэрэв Д.Ганбат жолоочид жолоогоо жолоодоход саад учруулаагүй бол Н.Бямбасүрэн, Х.Э нар хэдий дүрмийн зөрчил гаргасан ч очих ёстой цэгтээ очих боломжтой байх магадлалтай.

Шинжээчийн дүгнэлтэд жолооч Н.Бямбасүрэнг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 23.9-ж заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй боловч хохирлын хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн гэж дүгнэсэн байхад Н.Бямбасүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар "...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно." иргэний хариуцагчаар татаагүй, энэ ажиллагааг орхигдуулсан хэдий ч шүүхийн шатанд хариуцагчаар татах боломжтой.

Өөрөөр хэлбэл жолооч Н.Бямбасүрэн нь дүрмийн зөрчилтэй хөдөлгөөнд оролцсоноос хор уршиг, хохирлыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэсэн дүгнэлт байгаа учраас иргэний хариуцагчаар татагдах нь хуульд нийцнэ. Жолооч Н.Бямбасүрэн дүрмийн зөрчилгүй, хурдаа багасгах, зогсоох арга хэмжээ авч, зорчигчийг дүрмийн дагуу тээвэрлэж явсан бол ийм хэмжээний хохирол учрахгүй байх боломжтой байсан.

Иймд миний гаргасан дээрх хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтад дүгнэлт хийж, мөрдөн байцаалтын шатанд засуулахаар анхан шатны шүүхийн 2021/ШЗ/1033 дугаартай захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүх хуралдаанаар Э.Уянгаа өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцээд ач холбогдолгүй гэж үзсэн. Шүүгчийн захирамж гарч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах шаардлагагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гомдолд дурдсан асуудлаа мөрдөн байцаалтын шатанд гаргах боломжтой. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан зүйлүүдийг анхан шатны хурал дээр хэлэлцээд хүлээн авах шаардлагагүй гэдгийг шүүгч маш тодорхой тайлбарласан. Иймд гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгчийн захирамжид заавал өөрчлөлт оруулах шаардлагагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байдаг. Энэ талаар шүүх хуралдаан дээр яригдсан. Уг дүгнэлт нь Эийн мэдүүлгийг үндэслэж гарсан. Хэргийн газар хийсэн үзлэгээр энэ байдал тогтоогддоггүй. Шүүх шинжээчийн дүгнэлтийг баримтлахгүй байж болно. Баримтлахгүй бол энэ үндэслэлээ шийдвэртээ тодорхой заана. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогч Л.Нямдоржид хууль зүйн туслалцаа үзүүлээд байдаг. Энэ 2 хүн л Ганбатыг буруутай мэтээр мэдүүлэг өгөөд байдаг. Мэдүүлгүүд нь 3 өөр байдлаар өгөгдсөн, эргэлзээтэй байдаг гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгч, прокурор нар гомдолд дурдагдсан асуудлууд анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан гэж тайлбар өгөөд байна. Гэтэл энэ талаар анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой хариулт өгөөгүй. Нотлох баримтыг цуглуулахдаа хууль зөрчсөн талаар дүгнэлт хийж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Эөд холбогдох эрүүгийн 1934006430489 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянгын давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/1033 дугаар захирамжид “3 дугаар хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан прокурорын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаартай яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгч Мэргэд овгийн Хүрэлбаатарын Э урьд ял шийтгэлгүй гэж бичигдсэн атлаа хавтас хэрэгт түүний ял шийтгэл эдэлсэн эсэх лавлагаа хэрэгт авагдаагүй байгаа нь шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй бөгөөд шүүхээс шүүгдэгч Х.Эийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.” гэсэн дүгнэн шүүгдэгч Х.Эөд холбогдох эрүүгийн 1934006430489 дугаартай, 3 хавтаст хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т заасан “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д хамаарч байгаа болно.

Хэдийгээр давж заалдах шатны шүүх хэргийг бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянах эрхтэй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтаас үзвэл хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд хэргийн оролцогч нараас гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байхыг ойлгохоор заасан байна.

Түүнчлэн хэрэгт авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй нөхцөл байдлуудыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Эийн өмгөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг шүүгдэгч Х.Эөд холбогдох эрүүгийн хэрэг прокурорт очсоны дараа хүсэлт гарган, хийлгэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/1033 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                        Т.ЭНХМАА

 

 

                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ