| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/00107/И |
| Дугаар | 102/ШШ2024/00712 |
| Огноо | 2024-02-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/00712
| 2024 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2024/00712 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч:Н-ийн Ц-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Б-ын У-т холбогдох
13 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
хариуцагч Б.У- нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Ц-аас хариуцагч Б.У-т холбогдуулан тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл 13 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчтай итгэмжлэл байгуулж, 0000 УУУ улсын дугаартай Toyota camry маркийн машиныг 28,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, улсын бүртгэлд өмчлөх эрхийг шилжүүлэх эрхийг олгосон. Уг автомашиныг Б.У- нь итгэмжлэл олгосон тухайн өдөр авч явсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зарж, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр машины зарсан үнийн дүнгээс 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин үлдэгдэл төлбөрийг таньдаг хүндээ машиныг чинь зарсан учраас цалингийн зээл аваад өгнө хэмээн тайлбарлаж байсан. Мөн анх дээрх машиныг 2022 оны 6 сарын 12-ний өдөр 32,800,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд машинаа зарах болсон шалтгаан нь машин угаалгын газрыг Б.У-тай хамтран тус бүр 20,000,000 төгрөг нийлүүлж 10 дугаар сарын 10-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар тохиролцсоны дагуу тухайн үед бэлэн мөнгө байгаагүй учраас машиныг зарж эхлүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу Н.Ц- нь машинаа зарж, тухайн машин угаалгын газрыг ажиллуулахаар төлөвлөж байсан боловч хугацаандаа ажил нь эхлээгүй бөгөөд 11 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд эхлэхээр тохиролцсон. Гэвч тус хугацаа болоход мөн л адил эхлээгүй бөгөөд уулзахаар очиход утсаа авахгүй байсан, 11 дүгээр сарын 16-ны өдөр очиж уулзахад маргааш мөнгийг чинь гаргаж өгье гэж хэлээд хөөсөн. Ингээд 11 дүгээр сарын 30-ний өдөр очиж уулзахад машинаа зараад чиний мөнгийг өгнө, эсхүл миний машины 27,500,000 төгрөгт тооцож ав гэсэн. Үүнийг би зөвшөөрөөгүй, мөн 12 сарын 01-ний өдөр очиж уулзахад өдөр өдөрт нь 300,000 төгрөг өгье гэхээр нь мөн зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл бүтнээр нь мөнгөө авах яаралтай шаардлагатай байсан. Тохиролцоонд хүрч чадаагүй учраас 12 дугаар сарын 15-ний өдөр хүртэл машинаа зараад миний мөнгийг өгөхөөр тохиролцож, мөн хүлээсэн. Үүний дараа 12 дугаар сарын 14-ний өдөр очиход хүлээж бай, машин зарагдаагүй байна, гэж шалтаг хэлэн Солонгост шантааж хийж байгаад ирсэн, арчаагүй гэх мэтээр доромжилж, өгөхөөс эрс татгалзсан. Иймд хариуцагч Б.У-аас 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 0000 УУУ улсын дугаартай Toyota camry маркийн машиныг 28,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан үнийн дүнгээс үлдэгдэл төлбөр болох 13,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч Н.Ц- нь надад 0000 УУУ улсын дугаартай Toyota camry маркийн машинаа худалдан борлуулах итгэмжлэл хийж өгсний дагуу уг машиныг 25,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан. Учир нь машин Л загвартай анхнаасаа бага үнэлгээтэй машиныг үнэтэй авсан байсан. Машин зардаг зогсоол дээр юу ч гэсэн зогсоод үзье гээд би зогсож зарсан. Би өөрөө машины ченж хүн нэг хүн ирээд авъя гэхээр нь зарсан. Тухайн үед худалдан борлуулсан үнэтэй Н.Ц- нь маргаагүй учраас 15,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Үлдсэн 10,000,000 төгрөгийг машин угаалгын газар ажиллуулахдаа хэрэглэнэ гээд надад үлдээсэн. Гэтэл угаалгын газрыг түрээсэлж байсан хүн суллаж өгөөгүйгээс бид хүлээх болсон. Ингээд нэхэмжлэгч 10,000,000 төгрөгөө авна гэхэд миний бие тухайнд үед мөнгийг дэлгүүрийн эргэлтэд оруулсан учир тэндээс гаргаад өгнө гэснээр бидний дунд маргаан үүссэн. Одоо би дэлгүүрээ ажиллуулж байгаа. Уг нь нэг сар хүлээсэн бол ийм асуудал үүсэхгүй байх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн 3,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв.
4.нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн
нэхэмжлэл / хэргийн 1-2 дугаар тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
итгэмжлэл /хэргийн 4-5 дугаар тал/
Б.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 6 дугаар тал/
Н.Ц-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 7 дугаар тал/
Хаан банк шилжүүлгийн мэдээлэл /хэргийн 8-9 дүгээр тал/ баримтууд,
5.хариуцагчаас шүүхэд ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 17 дугаар тал/
Б-ын У-ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 22 дугаар тал/ баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...13 500 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...машиныг 25 000 000 төгрөгөөр зарснаа хэлээгүй, анх тохиролцсон үнээр зараагүй итгэмжлэлээр олгосон эрхээ хэтрүүлсэн... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...машиныг 28 500 000 төгрөгөөр зарахаар тохиролцоогүй ... гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2023 оны 09 сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Н.Ц-аас хариуцагч Б.У-т өөрийн эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай тоёото камри сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг /цаашид тээврийн хэрэгсэл гэх/ худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгох хэлцэл хийж, итгэмжлэл олгожээ. /хэргийн 5 дугаар тал/
4. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.3, 62.4, 63 дугаар зүйлийн 63.2, 63.3-т заасан нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдтэй хэлцэл хийж ...худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх... бүрэн эрхийг талуудын харилцан тохиролцож бичгээр хийсэн хэлцлийн үндсэн дээр хариуцагчид олгож, зохигчдын хооронд итгэмжлэл хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл болно.
5. Хэлцэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.
6. Хэлцлийн дагуу хариуцагч нэхэмжлэгчээс олгосон бүрэн эрх итгэмжлэлийн хүрээнд түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж мөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн нь итгэмжлэл хэлцэл, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
7. Хариуцагч тээврийн хэрэгслийг 2023 оны 10 сарын 16-ны өдөр 25 000 000 төгрөгөөр худалдан борлуулж 15 000 000 төгрөгийг 2023 оны 10 сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид түүний банкны дансаар шилжүүлсэн, үлдэх 10 000 000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 7, 22 дугаар тал/
8. Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан үйл ажиллагааны талаар маргаагүй, харин түүнийг худалдсан үнийн талаар маргаж ...тээврийн хэрэгсэл хөрөнгийг 28 500 000 төгрөгөөр худалдах заавар өгсөн, 25 000 000 төгрөгөөр тээврийг хэрэгслийг зарж итгэмжлэлээр олгосон эрхээ хэтрүүлсэн... гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй, итгэмжлэл хэлцэлд ... худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх... эрхийг хариуцагчид олгосон нь итгэмжлэл баримтаар тогтоогдож байгаа, итгэмжлэлд тээврийн хэрэгслийг худалдах үнийг тусгаагүй, хариуцагч итгэмжлэлээр олгосон эрхээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.
9. Хариуцагч тээврийн хэрэгсэл хөрөнгийг 2023 оны 10 сарын 16-ны өдөр бусдад 25000 000 төгрөгөөр худалдан борлуулсан нь хариуцагчийн дансны хуулга ...2023.10.16-ны өдрийн camry awlaa гэх утга бүхий орлого 25 000 000 төгрөг... гэх баримт, хариуцагчийн гаргасан ...уг машиныг 25 000 000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан... гэх тайлбараар тогтоогдож байна гэж үзэв.
10. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар хариуцагчаас итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу худалдан борлуулсан тээврийн хэрэгсэл хөрөнгийн үнийн үлдэгдэл 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 174950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
12. 2023 оны 12 сарын 19-ны өдрийн дугаар 1064 нэхэмжлэгчээс Б.Э-д нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4 дүгээр тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг баримтлан хариуцагч Б.У-аас тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 174950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ