| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 101/2023/08475/И |
| Дугаар | 102/ШШ2024/00972 |
| Огноо | 2024-02-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/00972
| 2024 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2024/00972 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
гомдол гаргагч:Э-ын Ү-ын гаргасан,
хариуцагч: Ц- ХХК-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
гомдол гаргагч Э.Ү- түүний өмгөөлөгч Б.Баттөр,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амаржаргал нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь
1.Гомдол гаргагч Э.Ү- хариуцагч Ц- ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан цахилгаанчны ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 9 100 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай гомдлын шаардлага гаргажээ.
2.Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...миний бие 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Ц- ХХК-д цахилгаанчнаар ажилд орж 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Анх энэ ажилд орохдоо зарын дагуу ороогүй, манай эхнэрийн ах манай компани 10 жил ажиллаад нэг өрөө байр авах цахилгаанчин хайж байгаа гэсний дагуу би энэ компанид ажилд орсон. Би ажилд ороод эхний хоёр жил ямар ч ээлжгүй ажиллаж байгаад манай компани дээр шалгалт ирээд ээлжээр ажиллах ёстой гээд ээлжээр ажиллсан. Халагдах хүртлээ ямар нэгэн алдаа дутагдал зөрчил гаргаж байгаагүй. 2023 оны 8 дугаар сард намайг ажлаас гэнэт халж амьдарч байгаа байраа суллаж өг гэж хэлсэн. Ингээд 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нягтлан Ё.М-аас намайг ажлаас халсан тушаалыг авсан. Өмнө нь авах гэхээр захирал энэ тушаалыг битгий өг гэсэн гэж хэлээд надад огт өгдөггүй байсан. Яагаад намайг ажлаас халахаар болсон гэж асуухаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг. Ядаж хөдөлмөрийн гэрээ болон бусад бичиг баримтуудаа авъя гэхээр эхлээд байраа суллаж өгчхөөд ав гэдэг. Одоо би ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чадаагүй. Би дөрвөн нялх хүүхэдтэй, дөрвөн хүүхдээ аваад гудамжинд гарах нөхцөл байдал үүсээд байна. Анхнаасаа 10 жил ажиллаад нэг өрөө байр аваарай гэж ажиллуулаад одоо ингээд 7 жилийн хөдөлмөрийг минь үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...манайх анх ажилд авахдаа нэг өрөө байр өгнө гэж хэлээгүй. Үнэхээр тэгж хэлсэн бол нотлох баримтаа гаргаад ир. Би ажлаас халагдах үед нь хүний нөөцөөр ажиллаж байгаагүй сүүлд ажилд орсон. Тухайн үед хүний нөөц байхгүй байсан. Захирал О.Ё-гаас асуухад өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүйгээс болж зөрчил гаргаж ажлаас халагдсан гэж хэлсэн. Энийгээ ч ажлаас халагдах тушаал дээр оруулсан байдаг. Тийм учраас ажилтан Э.Ү-ын буруу гэж үзэж байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
4.Э.Ү-ын шүүхэд ирүүлсэн гомдол, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа, ажлын байоны тодорхойлолт, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл №58, баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Ц- ХХК улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Баянгол дүүргийн 26 хорооны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод жуоам, ажилтны анкет, 2017.03.01-ний өдрийн №12 тоот цалин батлах тухай тушаал, 2016.04.17-ны өдрийн ажилд авах тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх гомдлын шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. 2016 оны 04 сарын 17-ны өдрийн №14 тоот Ц- ХХК-ийн захирлын тушаал гарч Э.Ү- тус компанид цахилгаанчны ажилд орж ажиллаж байсан нь Ажилд авах тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Ажилтны анкет, Цалин батлах тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-8, 60-79 дүгээр тал/
3. Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй болно.
4. 2023 оны 07 сарын 31-ний өдөр №124 тоот Ц- ХХК-ийн захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.10.5-д заасныг үндэслэн ...Э.Ү-ыг шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, гүйцэтгэхээс татгалзсан... гэж 2023 оны 07 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ. /хэргийн 3 дугаар тал/
5. И.Батжаргал Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154 дүгээр зүйлийн 154.5, 154.6-д заасны дагуу Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч хороо 2023 оны 11 сарын 06-ны өдөр ...маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэж чадаагүй... дуусгавар болгосон байна. / хэргийн 9-13 дугаар тал/
6. Дээрх хариуг хүлээн авсны дараа 2023 оны 1 сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гомдлоо гаргажээ.
7. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дахь хэсэгт сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж хуульд заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэхь хэсэгт ...хуулиар өөр харъяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана... гэж заасны дагуу гомдлыг тус шүүх харъяалалын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцлээ.
10. Гомдол гаргагч ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч ...ажил эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 9 800 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх... шаардлага гаргаж, үндэслэлээ ...удирдах албан тушаалтнаас ямар ч үүрэг даалгавар өгөөгүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж явж байгаад ажлаас халагдсандаа гомдолтой... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...захирал О.Ё-гаас асуухад өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүйгээс болж зөрчил гаргаж ажлаас халагдсан гэж хэлсэн. Энийгээ ч ажлаас халагдах тушаал дээр оруулсан байдаг. Тийм учраас ажилтан Э.Ү-ын буруу гэж үзэж байгаа... гэж маргаж байна.
11. Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.10.4, 1.10.5-д ...эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл гүйцэтгэхээс татгалзсан бол... ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байна.
12. Хариуцагч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан дээрх ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Э.Ү-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
13. Э.Ү- ...удирдах албан тушаалтны хэн нэгнээс надад ямар нэг үүрэг даалгавар огт өгөөгүй ийм үйлдэл болоогүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан... гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч буюу ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийн үндэслэл болсон ...эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл гүйцэтгэхээс татгалзсан... үндэслэл үйл баримт нотлох баримтаар нотлогдоогүй, удирдах ямар албан тушаалтан хэзээ ямар үүрэг даалгавар өгснийг ажилтан биелүүлээгүй, гүйцэтгэхээс татгалзсан тодорхойгүй, хариуцагчийн ...захирал О.Ё-гаас асуухад өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүйгээс болж зөрчил гаргаж ажлаас халагдсан гэж хэлсэн гэх тайлбар татгалзал нотлох баримтаар нотлогдоогүй, энэ талаар ямар нэг баримт хэрэгт ирүүлээгүй, хүсэлт гаргаагүй.
14. Иймд 2023 оны 07 сарын 31-ний өдөр №124 тоот ажил олгогч хариуцагч Ц- ХХК-ийн захирлын ажилтан Э.Ү-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар гомдол гаргагч Э.Ү-ыг Ц- ХХК-ийн цахилгаанчны ажилд эргүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас түүний ажилгүй байсан хугацааны цалин олговор 12 295 521 төгрөгийг гаргуулан Э.Ү-т олгож, Э.Ү-ын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
15. Цалин олговрын хэмжээг дараах байдлаар Э.Ү-ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа баримтыг үндэслэн тооцов. Үүнд:
2023 оны 05 сард авсан цалингийн хэмжээ 1 375 000 төгрөг.
2023 оны 06 сард авсан цалингийн хэмжээ 2 519 556 төгрөг.
2023 оны 07 сард авсан цалингийн хэмжээ 1 375 000 төгрөг.
Ажилтны сүүлийн 3 сард авсан цалингийн нийт хэмжээ 5 269 556 төгрөг.
5 269 556 : 3= 1 756 518төг /1 сарын дундаж цалин/.
1 756 518 : 21 /нэг сарын ажлын дундаж хоног/ = 83 643 /нэг өдрийн цалин/
83643 х 147 /ажилгүй байсан хугацаа/ = 12 295 521 төгрөг болно.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 211 678 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч Э.Ү-ыг хариуцагч Ц- ХХК-ийн цахилгаанчны ажилд эргүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Ц- ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин олговор нийт 12 295 521 төгрөг гаргуулан гомдол гаргагч Э.Ү-т олгож, Э.Ү-ын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 211 678 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ