Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/01123

 

 

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/01123

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: , Ж-ын Г-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: С ХХК-д холбогдох,

 

алданги 22 293 408 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний 5.4 дэхь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Г-өөс хариуцагч С ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хариуцлага буюу гэрээний алданги 22 293 408 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Орон сууц захиалан бариулах гэрээний 5.4 дэхь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Ж.Г- нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр С ХХК-ийн Б-А блокт 51,35м. кв, 47,42м.кв, 32,55 м.кв талбайтай нийт 131,32м. кв, 3 ш орон сууцыг 1 м.кв-ыг 1,290,000 төгрөгөөр тооцож нийт 169,402,800 төгрөгөөр худалдан авахаар 20/07/06-1, 20/07/06-2, 20/07/06-3 тоот гэрээ байгуулж, төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бүрэн төлсөн. Уг гэрээний 2.6-д заасны дагуу орон сууцыг 2021 оны 1-р улиралд багтаан ашиглалтад оруулах байсан боловч хугацаандаа ороогүй. Миний зүгээс болон орон сууц захиалагчдын зүгээс С ХХК-с орон сууцаа хугацаандаа оруулахыг удаа дараа шаардахад дараа сар оруулна, энэ улиралд, дараа улиралд гэх мэт хойшлуулж, амлалтууд өгдөг ч биелүүлэхгүй байсаар 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр орон сууцаа хулээн авсан. Иймд талуудын хооронд байгуулсан "Орон сууц захиалан бариулах тухай гэрээ"-ний 2.6 "Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг 2021 оны 1-р улиралд багтаан гүйцэтгэнэ" мөн гэрээний 5.4 "Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 6 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0,02 хувиар хоног тутамд алданги төлнө" гэж заасны дагуу гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгээгүй 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 07-р сарын 20-ны өдрийг хүртэлх нийт 658 хоногийн алданги болох 22,293,408 төгрөгийг С ХХК-с гаргуулж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Тус шүүхэд Ж.Г- нь С ХХК-д холбогдуулан 22 293 408 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр энэхүү тайлбарыг гаргаж байна. Манай компанийн хувьд Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байршилтай Б ресиденсийн А блокийн барилгыг 2021 оны 0 улиралд дуусгах төлөвлөгөөтэй ажил эхэлсэн боловч биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил хойшлогдсон. Мөн гэрээгээр алдангийг тохирохдоо хууль зөрчсөн байх учир шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Юуны өмнө барилгын ажилд Ковид-19 буюу цар тахлын улмаас барилга угсралтын үйл ажиллагааг 2020 оны 11 сараас 2021 оны 05 сар хүртэл хугацаанд зогсоосон байдаг. Барилга угсралтын үйл ажиллагаанд улирал чухал бөгөөд дулааны улиралд барилгаа битүүлснээр өвлийн улиралд доторх ажлаа хийх боломжтой болдог. Гэтэл цар тахлын хөл хорионоос хамаарч ажлаа хийж чадаагүй, цар тахлын хөл хорио дууссан ч хил гааль хаалт, бараа материалын үнийн нэмэгдэл, хомсдол зэрэг олон зүйл барилгын салбарт нөлөөлсөн. Манайх Э ХХК-тай 2020.08.28-ны өдрийн 20/08/28-4 дугаартай барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээр 2020.08.28-ны өдрөөс 2021.02.28-ны өдрийг хүртэлх хугацаанд СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Б residence-A блок барилгын 4 ширхэг цахилгаан шат нийлүүлэх, суурилуулах, зүгшрүүлэх ажлыг олгосон зураг төслийн дагуу гүйцэтгэх байсан боловч манайхаас төлбөрөө авчаад гэрээнд заасны дагуу ажлаа хийлгүй хугацааг хойш татан биднийг хохироосон. Уг асуудлаар Баянзүрх дүүргийн Прокурорын газарт Эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд эцсийн байдлаар шүүхээр шийдвэрлэгдээгүй байна. Э ХХК-г төлөөлж гэрээ байгуулсан С.А нь биднийг хуурч байсан болох нь эхний ээлжинд тогтоогдсон учир дараагийн компани болх А ХХК-тай гэрээ байгуулан цахилгаан шатаа авч, ажлаа гүйцэтгүүлсэн. Мөн дотор заслын ажил гүйцэтгэж байсан туслан гүйцэтгэгч нар ажлын хөлсөө аваад ажлаа гүйцэтгээгүйгээс тодорхой хугацаагаар ажил хойшлогдсон байдаг бөгөөд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байдаг. Тодруулбал, 2023 оны 1 сард барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж бичгээр 2023.04.13-ны өдөр дүгнэлт гарсан байхад 2023 оны 07 сарын 20-ний өдөр орон сууцаа хүлээж аваад энэ өдөр хүртлээ хоногоо тоолж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч шаардлагаа 22 293 408 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлон үндэслэлээ гэрээний үнийн дүнгийн 0,02 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасны дагуу алданги авах эрхтэй гэж үзэн гаргажээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд гэрээгээр тохиролцсон нөхцөл нь уг заалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хуулиар алдангийн урьдчилсан нөхцөлийг тодорхой заасан байх бөгөөд гэрээгээр тохирсонтой нийцэхгүй байгаа учир хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: ...Тус шүүхэд Ж.Г- нь С ХХК-д холбогдуулан 22 293 408 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд үндэслэлээ Орон сууц захиалан бариулах тухай 2020.07.06-ны өдрийн 20/07/06-3 дугаар, 2020.07.06-ны өдрийн 20/07/06-1 дугаар 2020.07.20-ны өдрийн 20/07/06-2 дугаар гэрээнүүдийн 5.4-т заасны дагуу гэрээний үнийн дүнгээс алданги тооцсон байдаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног туамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд уг заалт нь алдангийн дээд хэмжээ болон юунаас тооцох талаар тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл, хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор заасан байхад Орон сууц захиалгын гэрээгээр гэрээний үнийн дүнгээс алданги тооцохоор тохиролцсон нь хууль зөрчиж байна. Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Сөрөг нэхмэжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасанд нийцэж байгаа гэж үзэж байна. Тодруулбал, Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээтэй холбоотой шаардлага юм. Иймд хууль зөрчсөн гэрээний заалтыг шүүхээр хянуулах шаардлагатай болж байгаа учир Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү ... гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Орон сууц захиалан бариулах гэрээ, төлбөр төлсөн талаарх тодорхойлолт, алдангийн тооцоо, өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг /хэргийн 1-19/ баримтууд,

 

6. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн итгэмжлэл, хариу тайлбар, давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, прокурорын тогтоол, туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээ, улсын комиссын дүгнэлт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хил хамгаалах ерөнхий газрын улсын хил түр хаасан талаархи мэдээлэл зэрэг /хэргийн 21, 26-48, 83-128, 144-147/ баримтууд,

 

7. хариуцагчийн хүсэлтээр авсан гэрчээс мэдүүлэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ...22 293 408 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч гэрээгээр тохирсон хугацаандаа орон сууц хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэрээний хариуцлага алданги шаардана... гэж тайлбарласныг,

Хариуцагч эс зөвшөөрч ...ковид цар тахлын улмаас барилгын үйл ажиллагаа зогсож, бараа материалын хомсдол үүсэж үнэ өссөн, мөн туслан гүйцэтгэгчийн ажлаа гүйцэтгээгүйгээс хугацаа хойшилсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, орон сууц захиалгын гэрээгээр гэрээний үнийн дүнгээс алданги тооцохоор тохиролцсон нь хууль зөрчсөн тул гэрээний 5.4 заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах... сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.Г- 2020 оны 07 сарын 06-ны өдөр №20/07/06-1, 2020 оны 07 сарын 06-ны өдөр №20/07/06-2, 2020 оны 07 сарын 06-ны өдөр №20/07/06-3 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээг хариуцагч С ХХК-тай бичгээр байгуулж, Сүхбаатар дүүрэг, 9 хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Б ресидэнс-А байр 2 орц 13 давхар Е-тип 2 өрөө 51.35м кв талбайтай орон сууцыг 66 241 500 төгрөгөөр, 47.42м кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 61 171 800 төгрөгөөр, 32.55м кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 4 989 500 төгрөгөөр нийт 3 ширхэг орон сууц хөрөнгийг 169 402 800 төгрөгөөр хариуцагчаас худалдан авахаар харилцан тохиролцсон нь Орон сууц захиалан бариулах гэрээ, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-19, 26-27 дугаар тал/

Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ зохигч талуудын хооронд байгуулагдсан гэж үзнэ.

Гэрээ байгуулагдсан эсэх талаар зохигчид маргаагүй.

Орон сууц захиалан бариулах 3 гэрээний 5.4-т гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 6 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутам алданги төлнө гэж тохиолцсон байна.

Хариуцагч энэхүү тохиролцоог гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус гэрээний үнийн дүнгээс алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус тохиролцоо гэж марган тухайн гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хариуцагч өөрийн барьж буй барилгын байршил, хэмжээ, төлбөрийн нөхцөл, хугацааны талаарх хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгч талтай тохиролцон, талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах 3 гэрээний 5.4 дэхь заалтаар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тал буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал /хариуцагч/ хоног тутам 0.02 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, агуулгын хувьд хууль зөрчөөгүй хэлцэл гэж үзнэ.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Гэрээ болон хуулийн дагуу нэхэмжлэгч 3 ш орон сууц хөрөнгийн үнийг төлөх, хариуцагч 2021 оны 1 дүгээр улиралд багтаан биет байдлын болон эрхийн зөрчилгүй орон сууц хөрөнгийг баримт бичгийн хамт хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Орон сууц захиалан бариулах гэрээнүүдийн 3.1, 4.2.2, Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1, 211 дүгээр зүйлийн 211.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч худалдан авсан 3 ш орон сууц хөрөнгийн үнийг төлөх гэрээний үүргийг гуравдагч этгээд буюу Х ХХК-д хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч гэрээний үүрэг буюу орон сууцны үнийг төлөх мөнгөн төлбөрийн үүргээ 2020 оны 07 сарын 06-ны өдөр зохих ёсоор бүрэн биелүүлсэн нь 2020 оны 07 сарын 06-ны өдрийн № 20/249, №20/248, №20/248 тоот Х ХХК-ийн тодорхойлолт, 2022 оны 10 сарын 21-ны өдрийн №22/20/21-2, №22/20/21-3, №22/20/21-1 тоот С ХХК-ийн тодорхойлолт баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-5, 8-9, 12-13 дугаар тал/

Орон сууц захиалан бариулах гэрээнүүдийн 2.6, 4.1.2, 4.1.6-д заасны дагуу хариуцагч 3 ш орон сууц хөрөнгийг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.

Хариуцагч дээрх үүргийг хугацаа хэтрүүлж буюу 2023 оны 07 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч талд 3 ш орон сууц хөрөнгийг хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... 2023 оны 07 сарын 20-ны өдөр орон сууцаа хүлээн авсан... гэх тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан ...2023 оны 07 сарын 20-ны өдөр орон сууцаа хүлээн аваад энэ өдөр хүртэл хоногоо тоолж байгаа нь үндэслэлгүй... гэх тайлбар, 2023.07.17-ны өдрийн 121, 197, 196 тоот Ж.Г-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн С ХХК-ийн тодорхойлолт албан бичиг, өмчлөх эрхийн гэрчилгээ баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 17-19, 27,69-71 дүгээр тал/

Дээрх баримтаар хариуцагч гэрээний үүргээ хугацаа хэтрүүлж биелүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээний хариуцлага буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.4, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасны дагуу алданги 22 293 408 төгрөг шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Хариуцагч гэрээний үүргээ хугацаа хэтрүүлснийг үгүйсгэж маргаагүй ба хугацаа хэтрүүлсэн нь ...ковид-19 цар тахлын улмаас барилга угсралтын үйл ажиллагаа зогссон, хил гааль хаагдаж барилгын материал хомсдож үнэ нэмэгдсэн, мөн туслан гүйцэтгэгч нарын ажлаа гүйцэтгээгүйгээс ажил хойшлогдсон... гэж тайлбарлаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.

Хариуцагчийн өөрийн тайлбар татгалзлаа нотолж шүүхэд ирүүлсэн 2022.05.05-ны өдөр №22/05/05-1 тоот гэрээ, 2022.09.22-ны өдөр №22/09/22-1 тоот гэрээ, №22/09/22-2 тоот гэрээ, 2022.06.24-ны өдөр №21/06/24-1 тоот гэрээ, 2021.10.07-ны өдрийн №21/10/07-1 тоот гэрээ, 2021.08.06-ны өдөр №21/08/06-2 тоот гэрээ, 2022.04.15-ны өдрийн №22/04/15-1 тоот гэрээ, 2021.07.08-ны өдрийн №21/07/08-1 тоот гэрээ туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээ баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хугацаа дууссанаас хойш байгуулагдсан, гэрч С.А-ийн шүүхэд өгсөн ...барилгын ажил 2020.05 сард эхлээд 09 сард каркасны ажил дуусаад 10 сараас дотор засал эхэлсэн, 11 сард ковид гараад барилгын ажил зогсоод 2021.05 сараас барилгын ажил эхэлсэн. Ковидын нөхцөл байдалд болон бараа материалын хомсдол үүссэнээс барилгын ажил удаашралтай явагдаж байсан... гэх баримтаар ковид цар тахал, бараа материалын хомсдол, туслан гүйцэтгэгчийн буруутай үйлдэл байсныг үгүйсгэхгүй ч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байгаагүй, мөн гэрээний хугацаа сунгах талаар нэхэмжлэгч талд санал гаргаагүй болох нь гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 83- 124 дүгээр тал/

Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг мөнгөн төлбөрийн үүргийг нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдрөө бүрэн төлж гүйцэтгэсэн, 2021 оны 1 дүгээр улиралд багтаан хөрөнгийг хүлээлгэн өгөх хариуцагчийн амлалт гэрээний үүрэгт нэхэмжлэгч тал итгэж гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...бидэнд 2021 оны дүгээр улиралд ашиглалтад орно гэж хэлээгүй бол бид хадгаламжаа цуцалж машинаа зарж байр хүлээх шаардлагагүй байсан... гэх тайлбар баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн дээрх тайлбараас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хариуцагчийн амлалтад итгэж гэрээ итгэлцлийн үндсэн дээр хийгдсэн байх тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, хугацаанд нь шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Иймд шүүх хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас гэрээний хариуцлага алданги нийт 22 293 408 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.

Алдангийн хэмжээг дараах байдлаар тооцов. Үүнд:

- хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2021 оны 1 дүгээр улиралд буюу 2021 оны 03 сарын 31-ны өдөр дуусна.

- талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.4-т заасан 6 сарыг нэмж тооцоход 2021 оны 09 сарын 31-ны өдөр.

- 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл нийт 658 хоног.

- 3ш орон сууц хөрөнгийн үнэ нийт 169 402 800 төгрөг буюу хариуцагч 169 402 800 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.

- хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнэ хэмжээ 169 402 800 х 0.02 хувь = 33 880656 төг.

- 33 880.56 х 658 = 22 993 408 төгрөг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269 417 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 269 418 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 269 417 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

2023 оны 09 сарын 22-ны өдөр дугаар 0558 нэхэмжлэгчээс С.Д-д олгосон итгэмжлэл, 2023.10.05-ны өдрийн А/425, 2024.01.25-ны өдрийн № А/29 тоот хариуцагчаас Э.Б-д олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 3, 21, 128 дугаар тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхээр хангасан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд өвчний улмаас оролцох боломжгүй шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч баримтаа ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас гэрээний хариуцлага алданги 22 293 040 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г-т олгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1.1, 232 дугаар зүйлийн 232.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г-т холбогдуулан гаргасан 2020 оны 07 сарын 06-ны өдөр №20/07/06-1, 2020 оны 07 сарын 06-ны өдөр №20/07/06-2, 2020 оны 07 сарын 06-ны өдөр №20/07/06-3 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээнүүдийн 5.4 дэхь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269 417 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 269 418 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 269 417 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ