Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/01233

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/01233

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхим хийсэн шүүх хуралдаанаар,

 

гомдол гаргагч: Д-гийн П-гийн ирүүлсэн,

 

хариуцагч: Н,  С ХХК-д холбогдох,

 

үнэлгээ хүчингүй болгуулах, эрх бүхий байгууллагаар дахин үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, Э, Г.О- нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Д.П- хариуцагч Н, С ХХК-д холбогдуулан төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах, эрх бүхий байгууллагаар дахин үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлүүлэх тухай гомдол шаардлага гаргажээ.

 

2. Гомдол гаргагч гомдол, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1527 тоот шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 1203 тоот магадлалаар хариуцагч С ХХК болон хамтран хариуцагч Д.П- нараас зээлийн гэрээний үүрэгт 434,809,240 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,331,997 төгрөгийг гаргуулж О ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлал болон 1111 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 22370018 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэх тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Уг ажиллагаагаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ү-0000000000 дугаартай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тоотод байрлах 948м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах нэгж талбарын 0000000000 дугаартай 8798м2 талбайтай газар эзэмших эрхийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэн, улмаар 8 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагааг гүйцэтгэж хураасан. Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээг тогтоох үнэлгээч шинжээчээр С ХХК-ийг томилж, тус компанийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн албан тоотоор ирүүлсэн үнэлгээний тайлангаар зээлийн барьцаа хөрөнгийг 2,471,475,816 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэж хавсралтаар тайланг ирүүлсэн байдаг. Дээрх үнэлгээг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 9 дүгээр сарын 27-ны өдрийн албан тоотоор төлбөр төлөгч нарт мэдэгдсэнийг доор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч байгаа.  Нэгдэх үндэслэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдааны санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоохоор зохицуулсан. Гэтэл энэхүү зохицуулалтын дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь харилцан тохиролцох ямар нэгэн ажиллагаа явагдаагүй байхад шууд үнэлгээ хийгдсэн байгаа. Тухайлбал, төлбөр төлөгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнийн саналаа бичгээр гаргаж, итгэмжлэлийн хамт 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид өөрөө авчирч өгөхөд тухайн үед нэгэнт бэлэн болсон байсан үнэлгээний тайлан болон 9 дүгээр сарын 27-ны өдрөөр орлуулсан үнэлгээний мэдэгдлийг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, өмчлөгч үнийн саналаа гаргахаас өмнө үнэлгээний тайлан нэгэнт бэлэн болсон байсан. Хоёрдох үндэслэл нь 2023 оны 8 дугаар сарын 9 болон 29-ний өдөр явагдсан эд хөрөнгө хураах, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаануудад төлбөр төлөгч бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, газар эзэмших эрхийн эзэмшигч болох С ХХК-ийн төлөөллийг оролцуулаагүй, хөрөнгө үнэлэх үйл ажиллагаанд ч мөн хоёр төлбөр төлөгч, өмчлөгчийн төлөөллийг оролцуулаагүй, мэдэгдээгүй. Ингэснээр өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөж, бодитой үнэлгээ гаргахад нөлөөлсөн гэж бид үзэж байгаа. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээг хийхдээ олон улсын болон үнэлгээний стандарт, хууль, журам, аргачлалыг мөрдөнө гэж заасан бөгөөд С ХХК-ийн үнэлгээчин хуульд заасан журам, аргачлалыг мөрдлөгийн үнэлэгдэж буй хөрөнгийн өмчлөгчөөс ямар нэгэн хөрөнгийн талаар ямар нэгэн мэдээлэл авахгүйгээр үнэлгээ гүйцэтгэсэн байгаа. Мөн хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний орлого, зарлага, зах зээлийн хандлагын 3 аргаар үнэлгээний тус бүр гаргаад үнэлгээ бүрд ач холбогдлын хувьд эцсийн үнийг тогтоох аргачлалыг баримтлаагүй үнэлгээ хийсэн байдаг. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 4141193334 тоотоор мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгож, эрх бүхий өөр байгууллагаар дахин үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч Д.П-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 1203 дугаар магадлалаар С ХХК болон Д.П- нараас 43,809,240 төгрөгийг гаргуулан хариуцагч үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, О ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан нэгж талбарын 0000000000 дугаартай бүртгэлтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, үйлдвэрийн баруун бүсийн 2 хороолол барилга 8798м2 талбай дээр аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар, улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, үйлдвэрийн баруун бүс эрчим хүчний гудамжны 40 тоотын 948м2 талбайтай үйлдвэрийн зориулалттай барилгыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан 2023 оны 8 сарын 9-ний өдрийн 22370018 дугаартай тогтоолоор битүүмжлэн 2023 оны 8 сарын 29-ний өдрийн 2237001084 тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч С ХХК болон төлөөлөгч Угийн үнийн санал нь 6 тэрбум 295 сая төгрөгөөр, төлбөр төлөгч Д.П-гээс үнийн санал ирээгүй. О ББСБ ХХК-аас харилцан тохиролцох боломжгүй хөрөнгийн үнэлгээг тогтоолгох тухай, шинжээчээр тогтоолгох тухай хүсэлт ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгож, үнэлгээг талуудад 2023 оны 9 сарын 28-ны өдөр мэдэгдсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн дагуу болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан тул Д.П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 сарын 25-ны өдрийн 9/317 тоот тогтоол ирсэн. Уг тогтоолд Нийслэлийн Баянгол дүүрэг 20 дугаар хороо ү-0000000000 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 948м2 үл хөдлөх хөрөнгө, 8979м2 аж ахуйн зориулалттай газрын хамт хөрөнгийн үнэлгээ, тайлагналт хийж ирүүлнэ үү гэсэн тогтоол ирсэн. Уг тогтоолд Монгол Улсын Иргэний хуулийн 177 дэх хэсэгт заасан дуудлага худалдаа явуулах буюу зах зээлийн үнэлгээг тогтоох байсан. Энэ зорилгын хүрээнд Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний олон улсын стандарт, үнэлгээтэй холбоотой Монгол улсад мөрдөгдөж байгаа Сангийн сайдын тушаал, барилга хот байгуулалтын сайдын тушаалын дагуу хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргасан байгаа. Хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргахдаа өртгийн хандлагын аргыг сонгож тухайн ажлын зорилгоосоо хамаараад нэгж хүчин чадлын норматив, үнэлгээний аргын тооцооллыг хийсэн байгаа. Өртгийн хандлагаар тухайн хөрөнгийг үнэлэхэд 1,623,778,352 төгрөгөөр үнэлэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа үнэлгээний олон улсын стандартад заасан илтгэлцүүрүүдийг хэрэглэж байгаа. Илтгэлцүүрүүдийг хэрэглэхдээ Барилга хот байгуулалтын сайдын 203 , 207 дугаар тушаалыг барьсан. Газрыг бол Засгийн газрын 182 дугаар тогтоол дээр нэг га газрын суурь үнэлгээгээр гаргасан байгаа. Зах зээлийн хандлагыг хэрэглэхдээ нийтэд арилжаалагдах жишиг зүйлсийн аргаар хөрөнгийн үнэлгээг хийсэн. Ингээд 3 объекттой жишиж үзэж, үнэлгээний олон улсын стандартын 105.30-д заасны дагуу ялгаатай талуудыг илтгэлцүүрүүдийг гаргасан. Эцсийн байдлаар 948м2 үл хөдлөх хөрөнгө нь нэгж талбайн үнэ 2,607,042 төгрөг буюу нийтдээ 2,471,475,816 төгрөгөөр гарсан. Үнэлгээний ажлын зорилго, хамрах хүрээнээсээ хамаараад нийтэд арилжаалагдах жишиг зүйлсийн арга буюу зах зээлийн хандлагад 100%-ийн ач холбогдол өгсөн. Зах зээлийн хандлагын 100%-ийн ач холбогдол өгөөд 2,471,475,816 төгрөг гарсан. Хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулиас гадна Шүүх шинжилгээний тухай хуулийг шинжээчид сануулдаг. Шүүх шинжилгээний тухай хуулиар бид нар хэргийн оролцогчид ямар нэгэн асуулт тавих эрх байхгүй. Эрх бүхий томилсон этгээдийн зөвшөөрлөөр ямар нэгэн асуултыг тавьж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоно. Өөрөөр хэлбэл, шинжээч талуудын гаргаж өгсөн мэдээлэл дээр үнэлгээ хийх нь Шүүх шинжилгээний тухай хуулиар хориотой. Ингээд миний бие хөрөнгийн үнэлгээний тайланг Монгол Улсын хуулиудыг баримталж хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргасан байгаа... гэв.

 

5. Гомдол гаргагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн гомдол, хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, хөрөнгө хураах тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, үнийн санал өгөх мэдэгдэл, шинжээч томилох тухай тогтоол, үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай, хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээний тайлан баримт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхийн шийдвэр магадлал, албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдэл, 2023.12.27-ны өдрийн төлбөрийн баримт /хэргийн 1-56, 152-153, 172 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

6. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн итгэмжлэл, хариу тайлбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд /хэргийн 67-150, 162-163, дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх гомдол шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Д.П- ..төлбөрт хураагдсан хөрөнгийг 2 471 475 816 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах... тухай гомдол гаргаж, шаардлагын үндэслэлээ ... талуудад үнийн саналаа өгөх, төлбөрт хураагдсан үнийн талаар тохиролцох боломжоор хангаагүй, шинжээчийн хувьд бидэнтэй уулзаж хөрөнгийн талаар мэдээлэл аваагүй, өмчлөгчийн эрх ашигт илт хохиролтой үнэлсэн.. гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч НШШГГ эс зөвшөөрч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбар нотлогдохгүй байна... гэж, хариуцагч С ХХК ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой ямар нэг тайлбар хэлэхгүй, үнэлгээ бол хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, шинжээч дүгнэлт гаргахдаа талуудтай уулзахыг хуулиар хориглосон байдаг...гэж тус тус тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2021 оны 06 сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01527 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр С ХХК, Д.П- нараас 365 698 735.42 төгрөг гаргуулан О ББСБ-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлаххаягт байрлах, нэгж талбарын 0000000000 дугаар бүхий 8798 м кв аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ? тоот хаягт байрлах 948 м кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга хөрөнгийг тус тус худалдсан үнээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн, 2021 оны 08 сарын 06-ны өдрийн дугаар 1203 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээг 434 809 240 болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. /хэргийн 51-56, 73-84 дугаар тал/

 

2021 оны 11 сарын 10-ны өдрийн 102/ШЗ2021/1114 дугаар тус шүүхийн шүүгчийн захирамж гарч дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоож, гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хэргийн 69-72 дугаар тал/

 

2023 оны 04 сарын 14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэх, эд хөрөнгө битүүмжлэх, хураах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн, эдгээр ажиллагааны талаар талууд ямар нэг гомдол гаргаагүй байна. /хэргийн 4-9, 85-92 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу битүүмжилж хураан авсан, төлбөр төлөгчийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлаххаягт байрлах, нэгж талбарын 0000000000 дугаар бүхий 8798 м кв аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ? тоот хаягт байрлах 948 м кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга хөрөнгийн санал болгох үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нартай харилцан тохиролцож үнийн саналаа 2023.09.04-ний өдрийн дотор ирүүлэхийг 2023 оны 08 сарын 29-ний өдөр төлбөр төлөгч нарт 2023.08.29-ны өдрийн №4-141/15875 тоот мэдэгдлээр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байна. Мөн 2023.09.21-ний өдөр төлбөр төлөгч нарт дахин хураагдсан хөрөнгийн талаарх үнийн саналаа 2023.09.25-ны өдрийн дотор ирүүлэх, тогтоосон хугацаанд санал ирүүлээгүй, мөн харилцан тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхийг мэдэгдсэн байна. /хэргийн 10,12, 93-100 дугаар тал/

 

2023.09.25-ны өдөр төлбөр төлөгч С ХХК төлбөр хураагдсан 2 хөрөнгийг нийт 6 295 000 000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн, Д.П- үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй шинжээч томилох хүсэлт гаргажээ. /хэргийн 101-102 дугаар тал/

 

Төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар талууд тохиролцоогүй гэж үзэн шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 09 сарын 25-ны өдөр С ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч дээрх үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн хандлагын аргаар 2 471 475 816 төгрөг гэж үнэлж тайланг 2023.09.27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгчээ. /хэргийн 13-48, 103-144 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Д.П-д шинжээчийн хөрөнгийн үнэлгээний талаар 2023.09.28-ны өдөр мэдэгдэж, тэмдэглэл үйлджээ. /хэргийн 147-148 дугаар тал/

 

2023.11.07-ны өдөр дугаар 12/47 тоот шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч төлбөр төлөгч Д.П-д 2023.11.10-ны өдөр 4/233324 тоот мэдэгдлээр мэдэгджээ. /хэргийн 152-153 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.П-гийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу түдгэлзүүлсэн ба энэ хугацаанд буюу 2023.12.27-ны өдөр төлбөр төлөгч С ХХК төлбөрт 349 825 773 төгрөг төлсөн байна. /хэргийн 172 дугаар тал/

 

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй

 

5. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Д.П-гийн гомдол үгүйсгэгдэж, гомдлын шаардлага үндэслэл тайлбар баримтаар тогтоогдохгүй байна гэж үзнэ.

 

6. Тодруулбал төлбөр төлөгч Д.П-д төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар үнийн саналаа ирүүлэх тохиролцох, тогтоосон хугацаанд саналаа ирүүлээгүй бол шинжээч томилж үнэлгээ тогтоохыг шийдвэр гүйцэтгэгч мэдэгдсэн нь 2023.08.29-ны өдрийн №4-141/15875 тоот мэдэгдэл, 2023.08.29-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.09.21-ний өдрийн № 4-141/17939 тоот мэдэгдэл, 2023.09.22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хариуцагчийн тайлбар баримтуудаар тогтоогдож байх тул гомдол гаргагчийн ... төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь харилцан тохиролцох ямар нэгэн ажиллагаа явагдаагүй байхад шууд үнэлгээ хийгдсэн.. гэх тайлбар үгүйсгэгдэж байна. /хэргийн 12,68, 83-99 дүгээр тал/

 

С ХХК хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо үнэлгээний олон улсын стандарт, МУ-ын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу хөрөнгийн мэдээлэл буюу барилгын бүтээц хийц, зориулалт байршил, шугам сүлжээ, ашиглалтад орсон байдал, талбайн хэмжээ, өмчлөл, зарах үнийн санал, худалдааны нөхцөл, нэгж талбайн үнэ зэрэг хөрөнгийн шинж байдал, онцлог, зориулалт шинж байдлуудыг бусад хөрөнгүүдтэй харьцуулан жишиж судлан өртгийн хандлагын аргаар 1 623 778 352 төгрөгөөр, зах зээлийн хандлагын аргаар 2 471 475 816 төгрөгөөр тооцон зах зээлийн хандлагын аргад 100 хувь ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 2 471 475 816 төгрөг гэж тооцсон шинжээчийн үнэлгээ тайлан, хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...зах зээлийн хандлагыг хэрэглэхдээ 3 объекттой жишиж үнэлгээний ажлын зорилго, хамрах хүрээнээсээ хамаараад нийтэд арилжаалагдах жишиг зүйлсийн арга буюу зах зээлийн хандлагад 100%-ийн ач холбогдол өгсөн, ... шүүх шинжилгээний тухай хуулиар бид нар хэргийн оролцогчид ямар нэгэн асуулт тавих эрх байхгүй... гэх тайлбар баримтуудаар гомдол гаргагчийн ...хөрөнгийн өмчлөгчөөс хөрөнгийн талаар ямар нэгэн мэдээлэл авахгүйгээр үнэлгээ гүйцэтгэсэн, мөн хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний орлого, зарлага, зах зээлийн хандлагын 3 аргаар үнэлгээг тус бүр гаргаад үнэлгээ бүрд ач холбогдлын хувьд эцсийн үнийг тогтоох аргачлалыг баримтлаагүй үнэлгээ хийсэн, өмчлөгчийн эрх ашигт илт хохиролтой үнэлсэн... гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

7. Иймд Д.П-гийн гомдол үндэслэлгүй байх тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар Д.П-гийн Н, С ХХК-д холбогдуулан гаргасан төлбөрт хураагдсан газар, барилга үл хөдлөх хөрөнгийг 2 471 475 816 төгрөгөөр үнэлсэн С ХХК-ийн тогтоосон шинжээчийн дүгнэлт үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

8. Итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдааны явцад ...эрх бүхий байгууллагаар дахин үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлүүлэх... гомдлын шаардлагаасаа татгалзсан болно.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Д.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

10. 2023.10.04-ны өдөр гомдол гаргагчаас А.У-д олгосон итгэмжлэл, 2023.10.30-ны өдөр №1-14/496 хариуцагч НШШГГ-аас Г.Х, М.Э нарт олгосон итгэмжлэл, 2024.02.14-ний өдрийн №16 тоот хариуцагч С ХХК-аас Г.О-т олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 49, 67, 162 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч С ХХК, Нт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай Д.П-гийн гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гомдол гаргагч эрх бүхий байгууллагаар дахин үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлүүлэх тухай гомдлын шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ