Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/01264

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 12 өдөр

 

Дугаар 102/ШШ2024/01264

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Ю овогт Н-ын О-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: М ХХК, Б овогт Т-ын Б- нарт холбогдох

 

2022 оны 10 сарын 27-ны өдрийн орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 64 209 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг Б.Сувд хөтлөв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан 2022 оны 10 сарын 27-ны өдрийн орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 64 209 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: ... 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, уг гэрээний төлбөрт төлсөн 64,209,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Н.О- нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эх У-ээр дамжуулан хариуцагч М ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулж, уг гэрээгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Б хороолол орон сууцны 00 дугаар байранд 37,77м2 нэг өрөө орон сууцыг захиалсан. Гэрээний төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гүйцэтгэгч компанийн Голомт банкны 0000000000 тоот төгрөгийн дансанд гэрээний төлбөрийг бүхэлд нь шилжүүлсэн. Уг гэрээгээр гүйцэтгэгч компани нь 37,77м2 нэг өрөө орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан бүрэн дуусгаж, захиалагчид түлхүүрийг хүлээлгэж өгөх ийм нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс болон түүний эх У-ийн зүгээс Б Өргөө орон сууцын хорооллын 00 дугаар барилгын явцтай удаа дараа очиж танилцахад барилгын явц ерөөсөө баригдаагүй, суурь нь цутгагдаагүй байсан. Харин ижил төрлийн ойролцоох 37 дугаар байранд цутгалтын ажлууд хийгдсэн. Энэ асуудлуудаар хариуцагч компанийн удирдлагуудтай холбогдоод барилгын үйл явцын талаар шаардахад эхэндээ барилгын ажил үргэлжилж байгаа хугацаандаа оруулна гэдэг байсан боловч сүүлдээ компанийн хаяг тодорхойгүй, холбогдож чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч орон сууц захиалгаар бариулах гэрээтэй холбоотой асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаад гомдол гаргасан боловч Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2988 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг хаах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй, иргэд хоорондын гэрээ, хэлцлийн шинжтэй ийм харилцаа байна гэж үзээд хаасан. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол дээр тухайн орон сууцыг зуучлалаар борлуулсан Ремакс компанийн зуучлагчийн мэдүүлэг болон хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Б.Б-ий өгсөн албан бичигт орон сууц захиалгын гэрээг цуцлахад татгалзах зүйл байхгүй. Гэхдээ дурдсан орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулаад үнийн дүнгээс нэхэмжлэгчид төлбөрийг олгоно гэдэг ийм агуулга бүхий тайлбараа өгсөн байдаг. Нэхэмжлэгч гэрээний төлбөрөө бүрэн төлж дуусгасан, орон сууц огт баригдаж эхлээгүй байгаа. Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа хэрэг маргаан манай хэрэгтээ огт хамааралгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлага Т.Б- рүү удаа дараа холбогдох гэж үзсэн боловч ерөөсөө утсаа авдаггүй, дуудлага хүлээж авдаггүй өнөөдрийг хүрсэн. Хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... иргэн Н.О-ээс манай компанид холбогдуулан жаран дөрвөн сая есөн зуун мянган төгрөг шаардсан нэхэмжлэлийг гардан авч танилцаад доорхи хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэлд манай компанитай 2022/10/27 байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалж жаран дөрвөн сая есөн зуун мянган төгрөг /64209000/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээг цуалхаар болсон тохиодолд гэрээний 10 дугаар заалтаар компанид урьдчилж 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр төлнө, захиалагчийн төлсөн мөнгийг буцаан олгохдоо байрыг өөр худалдан авагчид худалдан борлуулж төлбөрийг нь хүлээн авснаас хойш ажлын 3 хоног дотор буцаан олгоно гэж талууд тохиролцсон. 2. Борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан Н.Болормаа нь гэмт хэрэг үйлдэн хоёр тэрбум гаруй төгрөгний хохирол учруулсан тул компани гомдол гарган хэрэг бүртгэлийн 000000000 дугаартай хэрэг нээгдэж компани хохирогчоор тогтоогдож 2023/7-р сараас эхлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст мөрдөгч Б дээр шалгагдаж байгаа болно. 3.Санхүүгийн зохицуулах хорооны 2023/12/15 өдрийн 765 дугаартай шийдвэрээр манай компанийн орон сууц худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан иймд эрүүгийн хэрэг шалгагдаж дуусаагүй тохиолдолд орон сууцны төлбөрийг буцаан олгох боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-4 дүгээр тал/

Орон сууц захиалгын гэрээ /хэргийн 5-11 дүгээр тал/

М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 12 дугаар тал/

Т.Б-ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 13 дугаар тал/

0 дугаарт Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хэргийн 14 дүгээр тал/

Б хороолол план зураг /хэргийн 15 дугаар тал/

М ХХК-ийн 58 тоот Баталгаа /хэргийн 16 дугаар тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хэргийн 17 дугаар тал/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2988 тоот тогтоол /хэргийн 18-19 дүгээр тал/

10924 дугаарт Итгэмжлэл /хэргийн 20-21 дүгээр тал/

Хаан банк, банк хоорондын шилжүүлгийн баримт /хэргийн 22 дугаар тал/ нотлох баримтууд,

 

5. Хариуцагч М ХХК-ийн шүүхэд ирүүлсэн

М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний /хэргийн 26 дугаар тал/

Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ /хэргийн 30-31 дүгээр тал/

М ХХК-ийн хариу тайлбар /хэргийн 32 дугаар тал/

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс албан тоот /хэргийн 33 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ...орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг буюу орон сууцны үнэд шилжүүлсэн 64 209 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй хэзээ баригдаж эхлэх нь тодорхойгүй эзэнгүй болсон тул гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн төлбөрөө буцаан шаардаж байна... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...гэрээ цуцлахаар болсон тохиолдолд 7 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж тохиролцсон, компаний ажилтан гэмт хэрэг үйлдэж компанид хохирол учруулсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж шалгагдаж байгаа, санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр манай компаний орон сууц худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан, эрүүгийн хэрэг шалгагдаж дуусаагүй тохиолдолд орон сууцны төлбөрийг буцаан олгох боломжгүй ... гэж тайлбарлажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч буюу худалдан авагч Н.О- 2022 оны 10 сарын 27-ны өдөр №21/01/154 тоот Орон сууц захиалгын гэрээг хариуцагч буюу худалдагч М ХХК-тай байгуулж, Баянзүрх дүүрэг, 8 хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Б хороолол 38-р блокын байранд 11 давхарт 37 77м кв талбай бүхий 1 өрөө орон сууц хөрөнгийг нийт 64 209 000 төгрөгөөр худалдан авах, худалдагч орон сууц хөрөнгийг 2023 оны 1-р улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь орон сууц захиалгын гэрээ, 2022.10.27-ны өдрийн №58 тоот М ХХК-ийн Баталгаа, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-11, 16, 32 дугаар тал/

 

 4. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

5. Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

6. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

        

 7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй 37.77м кв талбай бүхий 1 өрөө орон сууц хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж орон сууц хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

 

8. Орон сууц захиалан бариулах гэрээний 1.2, 2.1-т зааснаар Н.О- гэрээний төлбөр орон сууцны үнэ 64 209 000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь гэрээ, баталгаа, Хаан банкны шилжүүлгийн баримт, зохигчийн тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5, 16, 22 дугаар тал/

 

9. Хариуцагч М ХХК гэрээний 3.1.1, 3.1.4, 3.1.5-д заасны дагуу хариу үүрэг буюу орон сууц хөрөнгийг 2023 оны 1-р улиралд багтаан /2023.03.31-ны өдрийн дотор/ батлагдсан зураг төслийн дагуу барьж гүйцэтгэн чанарын болон эрхийг доголдолгүй орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгчид уг орон сууцыг өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгөх үүрэг хүлээсэн.

 

11. Хариуцагч дээрх хариу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... Б Өргөө орон сууцын хорооллын 00 дугаар барилгын явцтай удаа дараа очиж танилцахад барилгын явц ерөөсөө баригдаагүй, суурь нь цутгагдаагүй байсан... гэх тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан ...санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр манай клмпаний орон сууц худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан... гэх хариу тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 32 дугаар тал/

 

12. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...гэрээ цуцлахаар болсон тохиолдолд 7 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж тохиролцсон, компаний ажилтан гэмт хэрэг үйлдэж компанид хохирол учруулсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж шалгагдаж байгаа, санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр манай компаний орон сууц худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан, эрүүгийн хэрэг шалгагдаж дуусаагүй тохиолдолд орон сууцны төлбөрийг буцаан олгох боломжгүй... гэж тайлбарласан.

 

13. Хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

14. Тодруулбал талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан, гэрээнд заасан орон сууц хөрөнгө өнөөдрийг хүртэл хугацаанд баригдаж эхлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа, мөн хариуцагч компаний орон сууц худалдан борлуулах тусгай зөвшөөрлийн эрх цуцлагдсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд гэрээний үүрэг биелэгдэхгүй бодит нөхцөл байдал бий болсон нь тогтоогдож байна. Энэ нь ямар нэг үр дүн гарахгүй болох нь илт байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал бий болсон гэж үзнэ.

 

Мөн хариуцагч компаний ажилтан гэмт хэрэг үйлдэж хариуцагчид хохирол учруулсан үйлдэлд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байхгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч М ХХК-аас орон сууц захиалгын гэрээний төлбөрт шилжүүлсэн 64 209 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Харин орон сууц захиалгын гэрээ нэхэмжлэгч Н.О-, хариуцагч М ХХК-ийн хооронд байгуулагдсан ба хариуцагч Т.Б- нэхэмжлэгч нарын хооронд эрх зүйн харилцаа, үүрэг үүсээгүй тул Т.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478 995 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 478 995 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

20. Хариуцагч хөдөө орон нутаг руу явсан шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн боловч хүсэлттэй холбоотой ямар нэг баримтыг ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М ХХК-аас 64 209 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож, хариуцагч Т.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478 995 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 478 995 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ