Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/01265

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/01265

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: ТТ ХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: М- ХХК, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Л-,

хариуцагч: Б овогт Ц-ийн Д- нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэг 302 139 878.76 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т,

хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Ц.Л- нар оролцож,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ТТ ХК-аас хариуцагч М- ХХК, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Л-, Ц.Д- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 302 139 878.76 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... М- ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Л-, хамтран зээлдэгч Ц.Д- нар нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулан ажлын байрыг дэмжих зориулалтаар 250,000,000 төгрөгийг жилийн 3%-ийн хүүтэй, 10 жилийн хугацаагаар зээлсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус компани болон иргэн Ц.Л- нартай барьцааны гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэгт байрлах тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 468м2 талбайтай, хувийн орон сууц үл хөлөх хөрөнгө газрын хамт барьцаанд тавьсан. Гэрээний дагуу ТТ ХК-аас 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр М ХХК-ийн ТТ дахь харилцах дансанд 250,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдол М- ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ц.Л- нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн батлан даалтын гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож барьцаалсан өөрийн өмчлөх эд хөрөнгийн эрхээр үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хариуцан барагдуулах талаар батлан даалтын гэрээ байгуулсан. Тус зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх байсан боловч 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Иймд банкны зүгээс энэ талаар өөрт нь утсаар болон уулзаж мэдэгдэл, шаардлага гардуулж, зөрчлөө арилгах талаар удаа дараа сануулж байсан. Ингээд зөрчлөө арилгаагүй тул 3 сарын дараа буюу 2022 оны 8 сарын 13-ны өдрөөс хойш сарын хүүг 1,7% буюу жилийн 20,4%-ийн хүүгээр тооцож ирсэн. Банкны зүгээс М ХХК-ийн хувьцаа эзэмшигч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Л-д гэрээний үүргээ биелүүлж зээлийг хугацаанд нь төлөх талаар албан бичиг, шаардлага гардуулж өгөх, утасны дугаараар нь ярих зэргээр зээлээ төлөхийг шаардаж, хэрхэн төлөх талаар хамтран санал солилцох, уулзалтын цаг товлох зэргээр санаачилга гаргаад ажилласан боловч үр дүнд хүрээгүй. Ингээд банктай хамтран ажиллахаас зайлсхийж гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргахгүй банкийг хохироосоор ирсэн. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш үндсэн зээл 16,666,666.66 төгрөг, зээлийн хүү 4,930,081.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 132,162 төгрөг, нийт 21,728,910 төгрөгийн төлөлт хийсэн. Одоо бол хугацаа хэтэрсэн 100%-ийн чанаргүй, муу ангилалд орсон зээл байгаа. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 233,333,333.34 төгрөг, хүү 63,977,580.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,828,965.25 төгрөг, нийт 302,139,878.76 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд дээрх мөнгөн төлбөрийг гаргуулж өгнө үү. Мөн төлбөрийг төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч М- ХХК, Ц.Д- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...хариуцагч М- ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ТТ ХК-аас ажлын байрыг дэмжих зорилгоор 250,000,000 төгрөгийн зээл авсан.  Уг зээлийн 2.1.4 дэх хэсэгт сарын 1,25%,  жилийн 3% хүүтэй байна. Мөн 2.1.5 дэх хэсэгт Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолын дагуу зээлдэгчийн зээлд жилийн 6%-ийн хүүгийн дэмжлэгийг Засгийн газраас хариуцаж төлнө гэж заасан байдаг. Засгийн газрын тогтоолд тухайн батлагдсан хүрээнд банк санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх  ажлын байрыг дэмжих зээлд хамрагдах, аж ахуй эрхлэх зориулалтаар зээлд хамрагдах зээлдэгчийн төлөх нийт зээлийн хүүгийн 7,65 нэгж хувийг 2021 онд, 10,65 нэгж хувийг 2022 онд Засгийн газраас хариуцан төлнө гэсэн байдаг. Зээлийн гэрээний 2.1.5 дэх хэсэгт заасан хүүгийн дэмжлэгийг цуцалж, зээлийн дээд хүү болох 1,7 жилийн 20,4 хувиар тооцож зээл  олгосон өдрөөс эхлэн тухайн хүүгээр зээлийн хүүг нөхөж хуримтлуулж төлүүлнэ гэж заасан байдаг. ТТ ХК-аас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манайх руу явуулсан мэдэгдэлд төлбөрөө мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрөө барагдуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсье гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээч гэдэг л мэдэгдэл ирүүлж байснаас гэрээ цуцалж байна гэдэг мэдэгдэл манайх руу нэг ч явуулж байгаагүй. Энэ гэрээ нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай, одоог хүртэл хугацаа нь одоо дуусаагүй хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа зээлийн гэрээг цуцалъя гэдгээ шаардлагадаа тусгаагүй. Мөн манайх руу гэрээг цуцлах талаар мэдэгдэл явуулж байгаагүй. Энэ нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэсэн байдаг. Мөн зээлийн гэрээний 6.2.1 дэх хэсэг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээг аваагүй бол гэрээг цуцлах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ТТ ХК-аас хариуцагч талд гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй гэж үзэж байгаа. Мөн зээлийн гэрээний 2.1.11 дэх хэсэгт зээлийг анхны нөхцөлөөр тодорхойлсон хугацаа хэмжээ, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулахгүй. 2.2.3 дэх хэсэгт зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж байгаа. Ингээд ноцтой зөрчсөн гэж үзээд гэрээний 6.1.1 дэх хэсэгт дараах нөхцөл байдал үүссэн, үүсэж болзошгүй болох нь нотлогдсон тохиолдолд банк энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө буюу нэг талын санаачилгаар цуцална. Мөн 6.2.1 дэх хэсэгт зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгч удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй. Тийм учраас энэ гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа. Иймд анх авсан буюу 2.1.4 дэх хэсэгт зааснаар жилийн 3% буюу сарын 0,29% -аар тооцохоор 2022 оны 8 сарын 13-ны өдрөөс 2023 оны 8 сарын 13-ны өдрийг хүртэл 7,000,000 төгрөг, 2023 оны 8 сарын 13-ны өдрөөс 2023 оны 11 сарын 27-ны өдрийг хүртэл 3 сар 14 хоног байгаа бөгөөд сарын 0,29%-аар тооцохоор 2,022, 222 төгрөг буюу нийт 9,022,222 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлээ төлөөгүй шалтгаанаа Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргаж өгсөн шинжээчийн дүгнэлтээр тайлбарлаж байгаа. Хариуцагч Ц.Д-, Ц.Л- нарын хувьд уг зээл бол М- ХХК-ийн данс руу орсон. Энэ дээр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гүйцэтгэх захирал Ц.Л- гарын үсэг зурсан байдаг. Гэтэл өнөөдөр Ц.Д-ыг хамтран хариуцагчаар татсан байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Зээлийн гэрээний 3.1.1 дэх хэсэгт зээлдэгч гэрээ болон барьцааны гэрээг холбогдох эрх бүхий байгууллагад бүртгүүлж хүчин төгөлдөр болмогц гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэхийг банкнаас шаардан авах эрхтэй гэж заасан. Мөнгөн хөрөнгө нь М- ХХК-ийн дансанд шилжсэн бөгөөд хамтран хариуцагч Ц.Д-ы дансанд ямар ч мөнгө шилжиж ороогүй. Энэ нь Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаас үзвэл хариуцагч Ц. Д- нь зээлдэгч биш. Өнөөдөр М- ХХК нь алдагдалтай ч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд Ц.Л-, Ц.Д- нарыг хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Хариуцагч Ц.Л- хариу тайлбартаа: ...тайлбар байхгүй... гэв. 

 

5. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М- ХХК-ийн ТТид гаргасан хүсэлт, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн мемориалын баримт, барьцааны гэрээ, газар, хувийн сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, зээл хүүгийн тооцооны хуудас, харилцагчийн хуулга, М- ХХК-ийн гэрчилгээ компанийн дүрэм, зээлдэгч, хамтран зээлдэгчийн анкет, хаягийн мэдээлэл,зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, утсаар ярьсан тэмдэглэл баримтууд /хэргийн 1-37 дугаар тал/

 

6. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн компанийн дүрэм, итгэмжлэл, 0026837, 0001274 тоот сертификат зэрэг баримтуудыг /хэргийн 46-48, 66-67 дугаар тал/ шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

 2. Нэхэмжлэгч ...зээлийн гэрээний үүрэг 302 139 878.76 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...гэрээгээр тохирсон хугацаанд мөнгийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарлав.

 

Хариуцагч М- ХХК, Ц.Д- нарын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч үндэслэлээ ... нэхэмжилсэн үнийн дүнгээс 57,979,875.2 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, анх авсан жилийн 3% буюу сарын 0,29% -аар зээлийн төлбөрийг төлнө, Ц.Д-ы дансанд ямар ч мөнгө шилжиж ороогүй, Ц.Л-, Ц.Д- нарыг хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй, гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй... гэж тайлбарлан маргаж байна.

 

Хариуцагч Ц.Л- ... М- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гэрээ хэлцэл байгуулаагүй гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч М- ХХК, хамтран зээлдэгч Ц.Д- нар 2021 оны 08 сарын 13-ны өдөр Дугаар MN370034102801852973 тоот Зээлийн гэрээг нэхэмжлэгч ТТ ХХК-тай байгуулан, 250 000 000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэй, жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ажлын байрыг дэмжих зориулалтаар зээлжээ.

 

Зээлдэгч гэрээний үүргийг эхний 6 сарын хугацаанд зээлийг ашигласан хоногоор хүү төлөх, дараагийн сараас эхлэн зээлийн хүүг, үндсэн төлбөрийн хамтаар төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна. /хэргийн 9-13, 21-29 дүгээр тал/

 

4. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

5. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 250 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

7. Гэрээний 2.1.3-т заасны дагуу 250 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2021 оны 08 сарын 16-ны өдөр хариуцагч М- ХХК-ийн эзэмшлийн ТТны дансанд шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. Хариуцагч энэ талаар маргаагүй. /хэргийн 13,18, 19 дүгээр тал/

 

8. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 08 сарын 13-ны өдөр дуусгавар болох хэдий ч хариуцагч мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй 2022 оны 03 сараас эхлэн доголдож, 2022 оны 05 сараас хойш огт төлөлт хийгдээгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 233 333 333.34 төгрөг, хүү 63 977 580.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 828 965 25 төгрөг нийт 302 139 878.76 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсаныг нэхэмжлэгч нэхэмжилнэ гэжээ. /хэргийн 18-20 дугаар тал/

 

9. Нэхэмжлэгч хариуцагч нарыг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг хариуцагч нараас шаардсан байна.

 

10. Хариуцагч зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүрэг биелүүлэхийг мэдэгдэж байсан эсэх талаар маргаагүй.

 

Харин зээлийн төлбөрийн тооцоолол буюу үндсэн зээл 233 333 333 төгрөг, хүү жилийн 3 хувийн хүүгээр тооцож 9 022 222 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 804 444.4 төгрөг төлөхийг зөвшөөрч 57 979 875.2 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

11. Хариуцагч дээрх тооцоотой холбоотой тайлбараа баримтаар нотлоогүй, энэ талаар шүүхэд баримт ирүүлээгүй, ямар хугацааны хүүг хэрхэн тооцож 9 022 222 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 804 444.4 гэж тооцож байгаа нь ойлгомжгүй, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.6.1-д зээлдэгч зээлийн төлбөр /зээлийн үндсэн эсхүл хүүгийн төлбөр/-ийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн бол энэхүү гэрээний 2.1.5-д заасан зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, цаашид энэ зээл олгогдох үеийн үхшен-ийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийн дээд хүү болох сарын 1.7 хувь жилийн 20.4 хувиар тооцно гэсэн талуудын тохиролцоогоор хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна. Иймд хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

Мөн хариуцагч зээлийн гэрээ цуцлаагүй гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээний 6.2, 6.2.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгаагүй бол банк зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна.

 

12. 2022 оны 05 сараас эхлэн зээлийн гэрээгээр тохирсон хуваарь зөрчигдөж огт төлөлт хийгдээгүй байгаа, зөрчлөө арилгахыг хариуцагч нарт утсаар, мэдэгдэл баримтаар тус тус мэдэгдэж байсан ба хариуцагч зөрчлөө арилгаагүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь утсаар ярьсан тэмдэглэл, мэдэгдэл, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 31-37 дугаар тал/

 

13.Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээний 6.2, 6.2.1-д зааснаар нэхэмжлэгч нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан гэж үзнэ.

 

14. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагч М- ХХК, хамтран зээлдэгч Ц.Д- нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 302 139 878.76 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч М- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Л-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

15. Хариуцагч М- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Л-, ТТ ХК нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул түүнээс гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй гэж тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Хариуцагчийн ...Ц.Д-ы дансанд ямар ч мөнгө шилжиж ороогүй тул хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй... гэх тайлбар зээлийн гэрээний 3.2.14, 3.3-т заасан ...хамтран зээлдэгч гэрээний дагуу зээлийн төлбөр, ...зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүрэгтэй, ...хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүрэг хүлээнэ ... гэсэн талуудын тохиролцоогоор үгүйсгэгдэж байгаа тул зээлийн гэрээний үүргээс Ц.Д-ыг чөлөөлөгдөх үндэслэлгүй.

 

17. Нэхэмжлэгч ТТ ХК, хариуцагч М- ХХК, хамтран зээлдэгч Ц.Д- нарын хооронд байгуулагдсан дээрх 2021 оны 08 сарын 13-ны өдөр Дугаар MN370034102801852973 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2021 оны 08 сарын 13-ны өдөр Дугаар MN370034102801852973 Барьцааны гэрээгээр иргэн Ц.Л-ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэгт байрлах 0 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай 468.75м кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 00000000000000 дугаарт бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаарт бүртгэлтэй, 305 м кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж, барьцааны гэрээг М- ХХК-тай бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хэргийн 14-17 дугаар тал/

 

18. Иргэн Ц.Л-аас өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалах эрхийг хариуцагч М- ХХК-д олгосон эсэх нь тодорхойгүй энэ талаар хэрэгт баримт авагдаагүй, тухайн барьцааны гэрээний үүргийг нэхэмжлэгч Ц.Л-аас шаардаж байна гэж тайлбарласан боловч хариуцагчаар Ц.Л-ыг тодорхойлоогүй зэргээс барьцааны зүйлийг худалдсан үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг шаардах эрхээ нэхэмжлэгч нотлоогүй гэж үзнэ.

 

19. Барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талуудаас ямар нэг нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.

 

20. Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2, 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар М- ХХК-д /иргэн Ц.Л-аас/ холбогдуулан гаргасан барьцааны гэрээний зүйлийг худалдсан үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 668 650 төгрөг, 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М- ХХК, Ц.Д- нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 668 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

22. 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 01/5509 тоот нэхэмжлэгчээс Г.Тамир, С.Энхбаатарт олгосон итгэмжлэлээр /эвлэрэхээс бусад/, 2024.01.25-ны өдөр хариуцагч Ц.Д-аас, 2024.01.05-ны өдрийн 24/05 тоот хариуцагч М- ХХК-аас тус тус Б.Уртнасанд олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4, 47, 51 дүгээр тал/

 

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч М- ХХК, Ц.Д- нараас зээлийн гэрээний үүрэг нийт 302 139 878.76 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТТ ХК-д олгож, хариуцагч М- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Л-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2, 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар М- ХХК-д /иргэн Ц.Л-аас/ холбогдуулан гаргасан барьцааны гэрээний зүйлийг худалдсан үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэгч ТТ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 668 650 төгрөг, 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М- ХХК, Ц.Д- нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 668 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ