| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/00711/И |
| Дугаар | 102/ШШ2024/01266 |
| Огноо | 2024-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/01266
| 2024 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2024/01266 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч:Т ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Л ХХК,Н-ийн Н,
хариуцагч: Н-ын С- нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт нийт 382 006 906.86 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Э, Б.А, Ц.Б,
хариуцагч Н.С- нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХК-аас хариуцагч Л ХХК, Н.С-, Н.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 382 006 906.86 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...хариуцагч Л ХХК, Н.С-, Н.Н нар нь Т ХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 9403 тоот зээлийн гэрээ байгуулж 500,000,000 төгрөгийг зээл авсан боловч зээлээ төлөхгүй 1 жил гаран хугацаа хэтрүүлсэн учраас гэрээгээ цуцалж, шүүхэд хандсан байгаа. Иймд хариуцагч нараас 382,006,906.86 төгрөгийг гаргуулах, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан... гэв.
3. Хариуцагч Н.С- хариу тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрээгээ зөрчсөн нь үнэн, би төлнө. Зээлийн төлбөр 382,006,906.86 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг зөвшөөрч байгаа... гэв.
4. Хариуцагч Н.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... Н.Н миний бие нь Тны нэхэмжилж буй 382 006 906,86 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь миний бие дээрх зээлийн мөнгийг авч ашиглаагүй бөгөөд зөвхөн Л ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд С- захирлын гуйлтын дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болно. Би зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.
5. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Т ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримт, Н.С-гийн хувийн сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Л ХХК-ийн гэрчилгээ дүрэм, Н.С-гийн иргэний үнэмлэх, Н.Нийн иргэний үнэмлэх, мемориалын баримт, Л ХХК-ийн хүсэлт, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, утсаар ярьсан тэмдэглэл, зээлийн дансны харилцагчийн хуулга, харилцах дансны харилцагчийн хуулга, зээл хүүгийн тооцоолол, итгэмжлэл, Л ХХК-ийн хүсэлтүүд, дамжуулан зээлдүүлэх гэрээ баримтууд /хэргийн 1-45, 63-82 дугаар тал/,
6. хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Л ХХК-ийн хариу тайлбар, Н.Н-ийн тайлбар /хэргийн 57-59 дүгээр тал/ баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзнэ.
2. Нэхэмжлэгч ...зээлийн гэрээний үүрэгт нийт 382 006 906.86 төгрөг гаргуулах барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...зээлийн гэрээний хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үүргээ зөрчсөн... гэж тайлбарлав.
Хариуцагч Н.С- нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч маргаагүй.
Хариуцагч Н.Н ...зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарласан.
3. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч нартай 2019 оны 01 сарын 02-ны өдөр Дугаар 94.03 тоот Зээлийн гэрээг нэхэмжлэгч Т ХК-тай байгуулан, 500 000 000 төгрөгийг сарын 0.66 хувийн хүүтэй, жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлжээ.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2019 оны 01 сарын 02-ны өдөр Дугаар 94.03 Барьцааны гэрээгээр хариуцагч Н.С-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэгт 0 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай 414 м кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Зээлдэгч гэрээний үүргийг эхний 12 сарын хугацаанд зээлийг ашигласан хоногоор хүү төлөх, дараа сараас эхлэн үндсэн зээлийг хүүгийн хамтаар төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна.
2020.04.13-ны өдрийн хариуцагчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн эргэн төлөлт үндсэн зээлийн төлбөрийг 6 сарын хугацаагаар хойшлуулж төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. /хэргийн 8, 10-28 дугаар тал/
4. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1 дэхь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэхь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
5. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 500 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.
7. Зээлийн гэрээний 2.1.3-т заасны дагуу 500 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2019 оны 01 сарын 04-ний өдөр хариуцагч Л ХХК эзэмшлийн Тны 000000000000 дугаарын данс руу шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нь Мемориалын баримт, харилцах дансны харилцагчийн хуулга баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 23, 43 дугаар тал/
8. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2028 оны 12 сарын 15-ны өдөр дуусгавар болох хэдий ч хариуцагч нар мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хугацаа хэтрүүлж, үндсэн зээл 360 268 325.85 төгрөг, хүү 21 324 423.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 364 657.50төгрөг нийт 381 957 406.86 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсныг нэхэмжлэгч нэхэмжилжээ. /хэргийн 38-45 дугаар тал/
9. Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд, тохирсон хүүгийн хамт буцаан төлөх гэрээ болон хуулийн дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, төлбөрийн үлдэгдэлтэй нь хэрэгт авагдсан дээрх баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар баримтуудаар тус тус тогтоогдож байх бөгөөд гэрээний хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүрэг биелүүлэхийг нэхэмжлэгч мэдэгдэж байсан, нийт зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээ, төлбөрийн тооцооллын талаар хариуцагч нар маргаагүй.
10. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 381 957 406.86 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
11. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.
Иймд хариуцагч нар мөнгөн төлбөр төлөх дээрх үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хариуцагч Н.С-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэгт 0 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай 414 м кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.
12. Нэхэмжлэгч нотариатын зардал 49 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба зохигч нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлнэ гэсэн хуульд заасан үүргээ биелүүлсэнтэй холбоотой зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзснийг тайлбарлах нь зүйтэй.
13. Хариуцагч Н.Нийн ...зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх тайлбар зээлийн гэрээний 3.3-т заасан ...хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүрэг хүлээнэ ... гэсэн талуудын тохиролцоогоор үгүйсгэгдэж байгаа тул гэрээний 3.2.1, 3.2.4-т заасан зээлсэн мөнгийг тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт эргүүлэн төлөх зээлийн гэрээ болон хуульд заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэв.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 138 184 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 137 937 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
15. 2024.01.17-ны өдрийн 19/55 тоот, 2024.02.29-ны өдрийн 19/146 тоот нэхэмжлэгчээс У.Э, Б.А, Ц.Б нарт олгосон итгэмжлэлээр /эвлэрэхээс бусад/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 6-7, 9, 63 дугаар тал/
16. Хариуцагч Н.Н-т хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигч талуудын хүсэлтээр түүний эзгүйд талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л ХХК, Н.С-, Н.Н нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 381 957 406.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч нар мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч Н.С-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэгт 0 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай 414 м кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 138 184 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 137 937 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ