| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/00166/И |
| Дугаар | 102/ШШ2024/01390 |
| Огноо | 2024-03-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/01390
| 2024 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2024/01390 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Ж.Кульдана, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Т-ын У-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: П-ийн Э-ад холбогдох
хохирол 790 150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
нэхэмжлэгч Т.У-а,
хариуцагч Д.Э-,
иргэдийн төлөөлөгч Ө.А нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.У-а хариуцагч П.Э-ад холбогдуулан гэм хорын хохирол зардал нийт 790 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай дээд айлын бохирын шугамаас ус алдаж үүдний хэсгийн хана, тааз норж, шохой эмульс хууларч шарласан. Тухайн үед дээд айлд танайхаас ус алдаад байна гэж хэлээд дуудлага дуудаж засвар хийсэн ба бохирын шугам задарсан байсан. Ингээд Ашид билгүүн ХХК-аар үнэлгээ хийлгүүлэхэд засвар үйлчилгээнд 790,150 төгрөг болно гэсэн дүгнэлт гарсан. Дээд айл манайх энийг төлөхгүй сууц өмчлөгчдийн холбоонд хамаарна гэдэг. Сууц өмчлөгчдийн холбооноос манайд хамааралгүй гэдэг хариу өгсөн. Иймд хариуцагчаас 790,150 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ...тухайн өдөр манайхаас ус алдаад дуудлага өгөөд тэр даруй засвар хийгээд янзалсан. Бохирын шугам бол манайд хамааралгүй. Сууц өмчлөгчдийн тухай хуульд сууц өмчлөгчдийн холбоонд хамаардаг гэсэн байсан. Том өрөөний таазаа бас солино гэсэн уг нь бол үүдний хана, тааз л ус нэвтэрсэн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Манайд огт хамааралгүй... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, орон сууцны инженерийн шугам сүлжээнд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлсон дүгнэлт, хохирлын үнэлгээний тайлан, төлбөр төлсөн баримт,нэхэмжлэгчийн маргаан бүхий орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /хэргийн 1-13 дугаар тал/ баримтууд,
5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн иргэний үнэмлэх, хариу тайлбар, гэрэл зураг тайлбар, СӨХ төлбөр төлсөн баримт /хэргийн 27-29 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...790 150 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагчийн ариун цэврийн өрөөнөөс ус алдсаны улмаас манай гэрийн үүдний хэсгийн тааз, хана норж эд хөрөнгөд хохирол учирсан... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...сууц өмчлөгчдийн холбоо хариуцна, манайд хамааралгүй, дундын өмчлөлийн бохирын шугам элэгдэлд орж цоорсноос ус алдсан... гэж маргажээ.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч П.У-а Баянгол дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь өмчлөх эрхийн гэрчилгээ, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 13 дугаар тал/
2023 оны 11 сарын 12-ны өдөр дээд айл болох хариуцагчийн эзэмшлийн орон сууцны 00 өрөөний бохирын шугамаас ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн орон сууц хөрөнгийн үүд коридорын хэсгийн тааз хана усанд норж эмульс шохой хууларсан, ариун цэврийн өрөө /00 өрөө/, угаалгын өрөөний /ванн гэх/ ханын эмульс шохой хууларч шарлан нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэмтэл хохирол учирсан нь 2023 оны 11 сарын 15-ны өдрийн №86 Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-9-ийн Орон сууцны инженерийн шугам сүлжээнд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлсон дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна.
4. Энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.
Тодруулбал 2023 оны 11 сарын 12-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн орон сууц хөрөнгийн ариун цэврийн өрөөний бохирын шугамаас ус алдаж нэхэмжлэгчийн орон сууц хөрөнгөд хохирол учирсан талаар хариуцагч маргаагүй.
5. Хариуцагч ариун цэврийн өрөөний бохирын шугамаас ус алдсны улмаас учирсан хохирлыг хариуцан төлөх үүрэггүй гэж маргаж үндэслэлээ ...ариун цэврийн өрөөний бохирын босоо шугам олон жилийн ашиглалтын явцад элэгдэлд орсон, тухайн шугам хөрөнгө нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар СӨХ-ны дундын өмчлөлийн хөрөнгө тул хохирлыг СӨХ хариуцан төлөх ёстой... гэж маргаж байна.
6. Хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
7. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1, 4.1.5-д дангаар өмчлөх сууцны сууцны бус зориулалттай хэсэг гэж тухайн сууцны ...ариун цэврийн болон угаалгын өрөө... гэж ойлгоно гэжээ.
8. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д хэрэглэгч өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, мөн хуулийн 15.1.9-д өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээнд гэмтэл учруулсан бол шаардагдах засварын өөрөө бололцоогүй бол хангагчаар хийлгэх, гарсан зардлыг төлөх, 15.1.12-т өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй байна.
9. Хуульд заасны дагуу хариуцагч өөрийн орон сууцны сууцны бус зориулалттай хэсэг болох ариун цэврийн өрөөний бохирын шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцах үүргийн дагуу тухайн шугам хоолойг засаж сайжруулсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрэл зураг баримтаар тогтоогдож байна.
10. Хариуцагч дангаар өмчлөх орон сууцны сууцны бус зориулалттай хэсэг болох ариун цэврийн өрөөний бохирын шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцах үүргийг зохих ёсоор биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас бохирын шугам задарч ус алдаж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэмтэл хохирол учирсан гэм буруутай гэж үзнэ.
11. Зохигч талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсээгүй, зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт заасан гэм хор учруулсны улмаас үүсэх үүрэг шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлов.
12. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчаас хохирол зардал 790 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
13. Иргэдийн төлөөлөгч талуудын аль аль нь мэдээгүй байхад ус алдаж хохирол зардал гарсан тул хохирлын хэмжээний талаар талууд тохиролцох боломжтой гэж дүгнэсэн болно.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23514 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 23 514 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч П.Э-аас эд хөрөнгөд учирсан хохирол төлбөрт 790 150 гаргуулан нэхэмжлэгч Т.У-ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23514 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 23 514 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ
ШҮҮГЧИД Ж.КУЛЬДАНА
Ч.МӨНХЦЭЦЭГ