Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0585

 

2023 07 05 128/ШШ2023/0585

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П******* овогтой П.Н******* /РД: *******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Гуравдагч этгээд: Нийслэлийн Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х*******, М.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 03 дугаар сарын 313 тоот мэдэгдэх хуудас, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар бүрэн дунд боловсролын сургуулийн чанх ар талд байрлах нэхэмжлэгч П.Н*******ийн эзэмшлийн ******* тоот гараашийг гараашийг зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр доорх газрыг нь чөлөөлөх шийдвэр гаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

2.2. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч П.Н*******оос өөрийн гараашийг зөвшөөрөлтэй баригдсан гарааш бөгөөд доорх газрыг нь эзэмших эрхтэй байхад Нийслэлийн Засаг даргаас хууль бус захирамж гаргаж, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлснийг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч П.Н******* нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Иргэн П.Н******* миний бие Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Засаг даргын ******* тоот тушаалаар газар чөлөөлөхтэй холбоотой өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэр болох Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар бүрэн дунд боловсролын сургуулийн чанх ар талд байрлах №******* тоот гараашийг эзэмшиж, өмчилдөг билээ.

3.2. Уг гарааш /барилга/ нь нийслэлийн Засаг даргын 1993 оны А/86 тоот захирамжийн дагуу үүний дагуу 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн нийслэлийн Засаг дарга Тамгын газрын 6в/892 тоо Ерөнхий архитектор Т.Жамбаагийн газрын зөвшөөрлийн дагуу АЯА хувиараа эрхлэх аж ахуй буюу компани нь 2 дугаар сургуулийн хашааны зүүн талд 23 гарааш, мөн ард талд 24 гарааш гэх мэтээр нийт 105 гараашууд баригдсан билээ.

3.3. Тодруулбал АЯА компани нь бидний өмчилж байгаа гарааш /барилга/-ыг дээрх эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрөлтэйгөөр барьсан, уг компаниас барьсан гарааш /барилга/-аа иргэдэд худалдан борлуулж, иргэний арилжаа гүйлгээнд оруулсан, иргэд бид зах зээлийн зарчмын дагуу худалдан авч, эзэмшиж, өмчилж байна.

3.4. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Д.С*******ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот захирамжид болон Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Т.Мөнхцогтын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зөвшөөрөлгүй баригдсан гараашуудын тоонд оруулан албадан буулгахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн болон бидний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах өмчлөх эрхэнд ноцтой халдсан гэж үзэж байна.

3.5. Газрын тухай хуулийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө., 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна. гэж заасан.

3.6. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар Засаг дарга нь дараах 2 үндэслэлээр газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авна гэж ойлгож байна. Үүнд:

1. Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан:

2. Бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн.

3. Нэг л удаа олгосон хуулийн хугацаа нь дууссан.

Гэтэл бидний эзэмшиж, өмчилж байгаа гарааш нь зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан байдаг.

3.7. Түүнчлэн иргэд бид газрыг болон уг гараашийг дур мэдэн эзэмшсэн зүйл байхгүй болно. Зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан гараашийг худалдан авч, эзэмшиж байгаа болно. Уг гараашийг худалдан авахаасаа өмнө газрын албан дээр очиж тодруулахад газрын төлбөрөө төлөөд, нэр дээрээ шилжүүлэн авна гэсэн захиргаа /газрын алба/ -ны үйл ажиллагааны дагуу гараашийг худалдан авч, хувийн хэрэгцээндээ эзэмшиж, өмчилж байгаа билээ.

3.8. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 "Газрыг энэ хуульд заасан зориулалт, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.. 36.4-т Эрхийн гэрчилгээ олгох, бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгуулахад төлөх хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно. Мөн тус хуулийн 30.1-т заасан газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.

3.9. Гэтэл миний бие гараашийн төлбөрийг тогтмол тасалдалгүй 2019 он хүртэл төлж явсан нь баримтаар нотлогдох ба мөн кадастрын зургийг 2018 оныг хүртэл тухайн он оныхоо газрын төлбөрийг өмнөх гараашийн эзэн болох Л.Ганчимэг /ИЕ*******041405/ нь барагдуулж байж надад гараашаа зарсан билээ. 1994 онд баригдсан гараашид 15 жилийн хугацаа нь 2009 онд дуусгавар болох ёстой хэдий ч аль аль талаас ямар нэгэн гэрээг цуцлах талаар мэдэгдэл гаргаагүй тул уг хуулийн заалтаар нэг удаадаа 40 жилээс илүүгүйгээр сунгагдсан гэж үзэх олон улсын жишиг болон хуулийн дагуу болсон билээ.

3.10. Газрын тухай хуулийн 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно." гэж заасан ба мөн хуулийн 34.1-т заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, хорооны газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. гэсэн. Үүнээс үзэхэд газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газрын алба "эзэмших гэрчилгээ олгох ёстой байдаг билээ.

3.11. 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/39 захирамж нь Газрын тухай хууль батлагдахаас өмнө гарсан. Харин Газрын тухай хууль батлагдан гарахад ямар нэгэн дагаж мөрдөх журмын хуулиар урьд барилга, байгууламж барих зориулалтаар олгосон зөвшөөрөл, шийдвэр нь хүчингүй болох талаар заагаагүй болно. Тиймээс уг захирамжийг Газрын тухай хуулийн 33.1-т заасантай дүйцнэ гэж бид үзэж байна.

3.12. Иймд иргэд бид шударгаар олж авсан хөрөнгө болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороолол, 7-р хороо, Д. Сүхбаатарын нэрэмжит 2-р бүрэн дунд сургуулийн ард байрлалтай гараашийг зөвшөөрөлгүй баригдсан барилгад оруулан буулгахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 57.3, 57.4-т нийцэхгүй, иргэний шударгаар худалдан авсан үл хөдлөх хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

3.13. Бидний зүгээс нийслэл, дүүргийн захиргаанаас нийтийн эрх ашгийн төлөө явуулж байгаа үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж байгаа ба гагцхүү хууль дээдлэх зарчмын хүрээнд, иргэний эрхийг дордуулахгүйгээр, иргэдтэй зөвшилцөн, сонсох ажиллагаа явуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т хамаарч байгаа болно. Учир нь Нийслэлийн засаг даргын ******* тоот захирамжийн хавсралт нь ямар нэгэн кадастрын зураггүй гарсан ба 2-р дунд сургуулийн хойд талын бүх гараашууд гэж албадан буулгах талаар заасан байна. Харин эдгээр гараашууд нь буюу манай ******* тоот гарааш нь зөвшөөрөлтэй баригдсан гарааш бөгөөд үүнийг захиргаанаас нарийвчлан судлахгүйгээр бүгдийг буулгахаар шийдвэрлэсэн зөвшөөрөлтэйгөөр баригдсан гарааш эзэмшигч, өмчлөгчдийн эрхэд халдсан ноцтой үйл явдал юм. гэжээ.

4. Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай ******* дугаар захирамжийг гаргасан болно.

4.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гараашууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай ******* дугаар захирамжид тусгасан болно.

4.3. Иймд нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарын гаргаж байна.

5.1. Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 3/02 дугаар тогтоолоор дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд тус төлөвлөгөөний 13 дахь заалт, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7/32 дугаар тогтоолоор 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус баталсан ба төлөвлөгөөний 1 дүгээр бүлгийн 30 дахь заалтад нийтийн эдэлбэр газар, гудамж, зам талбайд байрлуулсан зөөврийн байгууламжууд, авто болон явган хүний зам хааж байрлуулсан хашаа, хайс, объектуудыг буулгах, газрыг чөлөөлж зөрчлийг арилган уг газарт олон нийтэд зориулсан ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх боломжийг бүрдүүлэхээр тодорхойлон баталсан.

5.2. Дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй баригдсан 1000 гаруй гараашаас тухайн хороодын болон оршин суугч, олон нийтээс ирүүлсэн хүсэлт, сургууль цэцэрлэгийн ойр орчим болон орон сууцны хороолол дундах автомашины хөдөлгөөн ихтэй газруудад иргэдийн аюулгүй байдлыг хангах, явган хүний зам тавих, ногоон байгууламж, тохижилт хийх, инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурваст барьсан байршлуудыг харгалзан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар нэг бүрчлэн хэлэлцүүлэн 2022 оны төсөв, санхүүгийн хүрэлцээ, хангамжаас шалтгаалан 551 гараашийн газрыг 2022, 2023 онуудад чөлөөлөхөөр нийслэлийн Засаг даргын 2022 оны ******* дугаар захирамжаар шийдвэрлэсэн.

5.3. Тус албанаас 2022 болон 2023 онуудад буулгах гараашуудад Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалт болон Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсвэл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө"-т заасны дагуу тухайн гараашууд дээр хугацаатай мэдэгдэх хуудсыг хүргүүлэн газрыг чөлөөлөөгүй тохиолдолд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна"-т заасны дагуу газар чөлөөлөх тухай иргэдэд мэдэгдсэн.

5.4. Иймд тус дүүргийн 7 дугаар хороо Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар дунд сургууль-ийн чанх ард талд байрлах гараашуудын газрыг энэ онд чөлөөлөхөөр төлөвлөн ажиллаж байна. гэжээ.

6. Гуравдагч этгээд Нийслэлийн Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

6.1. Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний 6 дугаар зорилт "Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах бодлого"/-ын 6.1.16-д "Их багтаамжийн давхар зогсоол шинээр барьж менежментийг сайжруулна" гэж заасны дагуу их тойрууд их багтаамжийн авто зогсоол барьж байгуулах байршлыг тодорхойлох суурь судалгааны ажлууд хийгдэж, авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дээр дурдсанаар орон сууцны хороолол дундах "Их багтаамжийн олон давхар авто зогсоол"-ын төслийг бид хэрэгжүүлэн ажиллаж байна.

6.2. Нийслэлийн засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь, орц, гарц, явган хүний зам хааж хөдөлгөөнд саад учруулж байгаа 188 байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан.

6.3. Үүний дагуу Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дээрээ тохижилт бүхий авто зогсоолын зориулалт бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврыг дээрх байршилд батлан гаргаж хэрэгжүүлэхээр ажиллаж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар сургуулийн арын хэсэг үүнд хамаарч байсан.

6.4.Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газарт иргэдээс гарааш чөлөөлсөн талбайд зогсоол бариулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу авто зогсоол бариулах хүсэлтийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/982 дугаартай албан бичгээр нийт 2500 иргэдээр бөглүүлсэн авсан саналыг цаасан хувилбарын хамт манайд ирүүлсэн.

6.5. Олон давхар авто зогсоол барих төслийг хэрэгжүүлэх суурь судалгаа инженерийн шугам сүлжээ болон газар эзэмшлийн төлөв байдал зэргийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсгийг 2022 оны 08 сарын 11-ний өдрийн А/1042 захирамжаар байгуулж төвийн зургаан дүүрэг бүрээс холбогдох албан тушаалтнуудыг гишүүнээр оруулан санал солилцож төсөл хэрэгжүүлэх боломжит байршлыг тодорхойлон гаргасан ба үүнд Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар сургуулийн арын хэсгийг хамруулсан. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1214 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2168 м.кв газрыг авто зогсоолын төсөл хэрэгжүүлэгч манай байгууллагад олон давхар гараашийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд дээр дурдсан ажлын хэсгийн санал болон иргэдийн саналыг үндэслэн одоогоор Сүхбаатар дүүргийн 2, 7 дугаар хороонд их багтаамжийн авто зогсоол барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

6.6. Үүний хүрээнд Нийслэлийн засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/145 дугаар захирамжаар дээрх байршилд их багтаамжийн авто зогсоол барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар зохион байгуулахаар болж, 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр тендер зарлаж, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан.

6.7. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, олон нийтийг эрх ашгийг хангах зорилгоор хэрэгжүүлж буй их багтаамжийн авто зогсоолын ажлыг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай.

6.8. Нэхэмжлэгчийн тухайд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 хэсэг "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.", 27.3 дахь хэсэг "Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна." шаардлагыг хангахгүй байгаагаас гадна 27.4 дэх хэсэг "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно." гэснийг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгаж, газар чөлөөлөх байршлуудыг баталсан, үүнд нэхэмжлэгч П.Н*******ийн эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар бүрэн дунд сургуулийн хойно байрлах гараашийг зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр доорх газрыг нь чөлөөлөх байршлаар баталсан.

3. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр явган хүний болон авто машины замын зорчих хэсэг, орц гарцыг хаасан, нарийсгасан нийтийн эзэмшлийн зам талбайд гарааш барьсан болохыг мэдэгдэж, 14 хоногийн дотор газар чөлөөлөхийг шаардсан... мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

4. Нэхэмжлэгчээс дээрх үйл ажиллагааг эс зөвшөөрч, ...нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 дугаар захирамжаар олгогдсон газарт нийслэлийн Ерөнхий архитектор Т.Жамбаагийн 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6в/892 дугаартай зөвшөөрлийн дагуу АЯА хувиараа эрхлэх аж ахуй буюу компанийн барьсан гараашийг худалдан авч, газрыг төлбөрийг жил бүр төлж ирсэн байхад зөвшөөрөлгүй гарааш гэж албадан буулгахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй... гэж маргасан.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Барилгын байршилт тогтоох тухай А/36 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2 дугаар сургуулийн зүүн талд 0,05 газарт авто машины гарааш барихыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан байх ба Нийслэлийн Ерөнхий архитекторын 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6в/892 дугаартай шийдвэрээр ...Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 тоот захирамжаар 2 дугаар дунд сургуулийн хашааны зүүн талд 23 машины гарааш барих шийдвэрийг оршин суугчдын хүсэлт, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн байршлыг нь өөрчлөн 2 дугаар дунд сургуулийн хашааны хойд талд 24 машины гарааш барих-ыг зөвшөөрсөн, тус газарт баригдсан гараашийг нэхэмжлэгч П.Н******* нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Гарааш худалдах, худалдан авах гэрээ-ээр Л.Ганчимэгээс шилжүүлэн авч ашиглаж байгааг хариуцагч нараас үгүйсгэн маргаагүй.

6. Харин нэхэмжлэгч П.Н******* нь бусдаас гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авахдаа доорх газарт холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэн авахаар, эсхүл газрыг шинээр эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй, гараашийн газрыг эзэмших боломжтой эсэх талаарх хүсэлтийг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргаагүй байна.

7. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;, 3.1.4.-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийг газар эзэмших, ашиглах эрхгүй этгээд гэж ойлгоно.

8. Нэхэмжлэгч П.Н*******ийн эзэмшиж буй гарааш нь Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Барилгын байршилт тогтоох тухай А/36 дугаар захирамжаар олгогдсон зөвшөөрлийн үндсэн дээр баригдсан хэдий ч нэхэмжлэгч П.Н*******, түүнээс өмнөх гарааш эзэмшигч нь гараашийн зориулалтаар ашиглаж буй газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших, ашиглах эрх аваагүй, гэрээ байгуулаагүй, түүнд газар эзэмших эсхүл ашиглах эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар зөвшөөрөлгүйгээр газрыг эзэмшиж байгаа үндэслэлээр гараашийн газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

9. Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д Иргэн ... газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана., 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж зааснаар иргэн газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаж, газар эзэмшүүлэх шийдвэр гарсан бол эрх бүхий этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулж, зөвхөн эрхийн гэрчилгээгээр газар эзэмших эрх үүсэхээс газар дээр үл хөдлөх эд хөрөнгө баригдсанаар, газрыг төлбөр төлөгдсөнөөр газар эзэмших эрх олгосон гэж үзэхгүй.

10. Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэгч П.Н******* нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар бүрэн дунд сургуулийн хойно байрлах гараашийн газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байсан гэж үзэх тул түүний гараашийг албадан буулгахаар шийдвэрлэсэн захиргааны үйл ажиллагааг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.

11. Дээрх үндэслэлээр маргаан бүхий актууд Газрын тухай хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Н*******ийн Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 03 дугаар сарын 313 тоот мэдэгдэх хуудас, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ