Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шонхойн Оюунтуул |
Хэргийн индекс | 102/2024/00177/И |
Дугаар | 102/ШШ2024/01411 |
Огноо | 2024-03-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/01411
2024 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2024/01411 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Б-ын Б-ий нэхэмжлэлтэй,
хариуцагч: Б-ын Т-т холбогдох,
3 117 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
хариуцагч Б.Т нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Т-т холбогдуулан хохирол 3 117 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Нэхэмжлэгч Б.Б- нь эхнэр Б.Г-ийн хамт 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ертөнц амьтны дэлгүүрээс муурыг 2,500,000 төгрөгөөр иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тусгагдсаны худалдан авсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд Ертөнц амьтны дэлгүүрээс муурыг аваад удаагүй байтал муур хэт нозоорлын байдалтай байсан тул өвдөх зовиур илэрч байна гэж үзээд Жонон мал эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч тухайн байгууллагын мэдээлсний дагуу муурыг анхнаасаа өвчин зовиургүй байсан гэх үгэнд бүрэн итгэж найдан өөрийн худалдаж авсан муурны зовиурыг эдгээхийн тулд мал эмнэлгээр тасралтгүй үйлчилж эмчилгээ хийлгэсэн хэдий ч 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үхсэн тул Н гэх оршуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хандаж чандарлуулсан байдаг. Муур худалдан авснаас хойш үхэх хүртэлх хугацаанд тасралтгүй эмчилгээ хийлгэсэн бөгөөд эмчлэгч эмчийн зүгээс өмнө нь ходооны өвчтэй байх магадлалтай талаар гэр бүлийхэнд нь мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгчийн хувьд муур хэдий үхсэн хэдий ч бичиг баримтыг нь авья гэж бодон нас барсан нас барсныг мэдээллэхгүйгээр удаа дараа бичиг баримтыг байгаад авч танилцсан. Гэтэл уг муур 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр туулгалт өвнөөр эмчилгээ хийлгэж байсан талаар тодорхой бичсэн байдаг. Хариуцагчийн хувьд муурыг өвчтэй байсныг анхнаасаа мэдэж байсан хэдий ч доголдолтой бүтээгдэхүүнийг шууд илрэх боломжгүйг нь далимдуулж худалдаалсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256.1, 254.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж өөрт учирсан бодит хохирлоо хариуцагч талаас нэхэмжилж байна. Муур худалдах, худалдан авах гэрээний дагуу 2,500,000 төгрөг, муурын эмчилгээний зардал Жонон мал эмнэлгийн тооцоолол 227,000 төгрөг, Н ХХК-ийн муур чандарлуулах үйлчилгээний төлбөр 390,000 төгрөг, нийт 3,117,000 төгрөг болсон байна. Манай зүгээс байгууллагын захиралтай утсаар хобогдоод муур нас барсан талаар мэдэгдэхэд хандах ёстой байгууллагаар нь яв гэж хэлээд утсаа тасалсан. Иймд хариуцагчийн харьяалах шүүхээр дамжуулан нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү... гэв.
3.Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...муурыг оруулж ирэх үед хоол идэж байгаа байдал, ерөнхий хилэмжийг хараад замд ирэх үед унаанд явснаас үүдээд гэдэс өвдөж гүйлгэхийг өвчтэй гэж тооцдоггүй. Тийм энгийн асуудал байдаг. Худалдан авагч нарын хувьд мэргэжлийн байгууллага буюу мал эмнэлэг дээр тухайн үед очоод үзүүлэхэд нээлттэй. Энэ нөхцөл байдлын хувьд нуун дарагдуулсан санаатай үйлдэл бол огт байхгүй. Бичиг баримтыг тэр өдөр өгөөгүйг, дараа өгснөөрөө муур өвчтэй гэсэн үг биш. Жонон мал эмнэлгийн тайлбар дээрээс харахад пабро вирус мууранд байсан бол нэхэмжлэгч яриад байгаа үндэслэлтэй байж болно. Тус вирусаар өвчилсөн байж магадгүй гээд эмчилгээ хийлгээд 7 гаруй хоносон юм шиг байна. Хэрвээ пабро вирусаар өвчилсөн бол тус бага насны муур тэгж удаан наслах боломжгүй байдаг. Миний зүгээс нэхэмжлэгч тал муурыг хоолны хорлогод оруулаад түүнийгээ мэдэхгүй байж байгаад үхүүлсэн байж магадгүй гэж харж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч авсан өдрөөсөө өвчтэй юм шиг сул харагдсан бол авч ирээд өгөх бүрэн боломжтой. Түүнчлэн бага насны бус том муур хүртэл орчин, эзэн, нөхцөл байдал солигдох үед стрессддэг онцлогтой амьтан хамгийн багадаа авсан өдрийн орой эсвэл маргааш нь хоолоо идэж эхэлдэг. Манайхаас өвчтэй амьтныг нуун дарагдуулж бусдад худалдах шаардлага байхгүй. Дэлгүүрийн утсыг бол байнга аваад холбогдоод байх боломж байхгүй. Ажилчид ажил ихтэй завгүй байдаг... гэв.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл2023.10.03-ны өдрийн 01/174 Н ХХК-ийн муур чандарласан төлбөр 390 000 төгрөг төлсөн тухай баримт, эмчилгээний төлбөр төлсөн баримт, амьтны паспорт баримтын 12 хуудас орчуулсан баримт, Б ХХК-ийн эмчилгээ хийсэн, төлбөр 235 000 төгрөг төлөгдсөн тухай тайлбар баримт, муур амьтны паспорт баримтууд, /хэргийн 1-7, 26, 38-39, 41, 53-54 дүгээр тал/,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн муур амьтны паспорт баримтыг орчуулсан 2 хуудас баримтуудыг /хэргийн 58-59 дүгээр тал/ шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ...муур амьтан худалдан авсан үнэ 2500 000 төгрөг, эмчилгээний зардал 227 000, оршуулгын зардал 390 000 төгрөг нийт 3 117 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...муурыг анхнаасаа өвчин зовиургүй байсан гэх үгэнд итгэж найдан худалдан авсан муурны зовиурыг эдгээхийн тулд мал эмнэлгээр тасралтгүй эмчилгээ хийлгэсэн боловч үхсэн, анхнаасаа муурыг өвчтэй байсныг мэдсээр байж худал мэдээлэл өгч шууд илрэх боломжгүйг далимдуулж худалдсан... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...энэ нөхцөл байдлын хувьд нуун дарагдуулсан санаатай үйлдэл бол огт байхгүй, нэхэмжлэгч тал муурыг хоолны хорлогод оруулаад түүнийгээ мэдэхгүй байж байгаад үхүүлсэн байж магадгүй гэж харж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч авсан өдрөөсөө өвчтэй юм шиг сул харагдсан бол авч ирээд өгөх бүрэн боломжтой байсан гэж маргаж байна.
3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 2023 оны 09 сарын 10-ны өдөр хариуцагчийн ажиллуулдаг Ертөнц амьтны дэлгүүрээс 2500 000 төгрөгөөр муур амьтан худалдан авчээ.
Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.
Нэхэмжлэгч муур амьтны үнэ 2500 000 төгрөгийг хариуцагчид төлж муураа хүлээн авсан.
Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
4. Худалдан авалт хийсэн өдөр муур амьтан нозоорлын байдалтай, өвдөх зовиур илэрсэн шалтгааны улмаас нэхэмжлэгч муурыг Б ХХК мал амьтны эмнэлэгт үзүүлж хяналтад орсон, 2023.09.11-ны өдөр үзлэгээр гэдэс хямарсан бөөлжсөн, чацга алдсан, хоолны дуршилгүй оноштой эмчилгээ хийж, давтан эмчилгээ хийлгэсэн боловч амьтны биеийн ерөнхий байдал сэргээгүй 2023.09.24-ны өдөр нас барж чандарласан болох нь Б ХХК-ийн эмчилгээ хийсэн тайлбар баримт, эмчилгээний төлбөрийн баримт, амьтан чандарлаж оршуулсан тухай баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-7, 38-39, 53-54 дүгээр тал/
5. Зохигчид худалдах худалдан авах гэрээг амаар тохирч байгуулсан ба баталгаат хугацаа тогтоогоогүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасны дагуу баталгаат хугацаа 6 сар гэж тооцно.
6. Хуульд заасан баталгаат хугацааны дотор муур амьтан бөөлжих, гүйлгэх өвчний улмаас биеийн байдал сэргэлгүй үхсэн учир Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д зааснаар худалдан авагчид эрсдэл шилжих үед доголдол байсан буюу муур амьтан өвчтэй байсан гэж үзнэ.
7. Нэхэмжлэгч худалдан авсан амьтны үнэ 2500 000 төгрөг бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн тул хариуцагч ямар нэг өвчин зовиургүй эрүүл муур амьтан худалдах үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлээгүй болох нь дээр авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
8. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас 3 117 000 гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
9. Хариуцагч муур амьтныг худалдах үедээ дагалдах баримт бичгийг өгөөгүй, ...ямар нэг асуудалгүй, санаа зоволтгүй, итгэж болно... гэсэн худалдагчийн аман тайлбарт итгэж нэхэмжлэгч худалдан авалт хийсэн атал тухайн амьтан өвчтэй байсан нь тогтоогдож байх тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай гэж үзнэ.
Мөн хариуцагч худалдсан муур амьтан Монгол улсын хилээр орж ирэхдээ эрүүл байсан гэж тайлбарлаж байгаа боловч түүний тайлбар татгалзал хангалттай эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй.
10. Хариуцагч муур амьтны паспорт дагалдах баримт бичиг гэх баримтыг ирүүлсэн боловч тухайн баримт гадаад хэл дээр, 2 хуудас орчуулгын баримтад Искра нэртэй муур амьтанд туулгалт, галзуу өвчин, бусад вакцинжуулалт хийсэн, тээвэрлэх боломжтой гэх утга бүхий гадаад улсын байгууллагын тэмдэг тэмдэглэгээ дарагдсан боловч нэхэмжлэгчид худалдсан муур амьтны бичиг баримт мөн эсэх, Монгол Улсын хилээр хэзээ орж ирсэн, нэхэмжлэгчид тухайн муур амьтныг худалдах үед ямар нэг өвчин зовиургүй байсныг нотлохгүй байна. Иймд хариуцагчийн тайлбар татгалзал нотлогдоогүй, үндэслэлгүй, хэрэгт авагдсан дээрх баримтуудаар үгүйсгэгдсэн гэж үзснийг тайлбарлах нь зүйтэй.
11. Хариуцагч нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ түүнтэй холбоотой баримтыг үгүйсгэж маргаагүй болно.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 64822 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
13. 2023 оны 10 сарын 10-ны өдрийн нэхэмжлэгчээс Б.Баярчимэгт олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Төмөрбаатараас хохирол төлбөр нийт 3 117 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 64822 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ