Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2024/01472

 

 

 

 

 

 

 

 

2024 03 18 101/ШШ2024/01472

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,  ХХК /регистр:0/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Х -нд холбогдох,

Гэрээний үүрэгт 4,940,712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Манай компани хариуцагч К-той 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс хойш гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд нийт 9 албан хаагч 24 цагаар нэг сарын 8,100,000 төгрөгийн төлбөр бүхий гэрээ байгуулсан. Хариуцагч талаас гэрээний үнийг сар болгон төлж байсан боловч сүүлдээ СӨХ-ны дарга солигдож 2022 оны 7 сарын сүүлээс 15 хоногийн ажлын хөлсийг дараа сарын эхэнд өгнө гэсэн боловч өгөөгүй. Бусад сарын төлбөрийг цаг тухайд нь өгдөг байсан. хариуцагч тал тогтоосон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс дуусгавар болгосон. Мөн 2023 оны 2 сарын 02-ны өдөр тооцоо барагдуулах хуваарийн дагуу төлбөр тооцоогоо бас хийгээгүй. Иймд хариуцагчаас 15 хоногийн ажлын хөлс 4,364,664 төгрөг, алданги 576,048 төгрөг нийт 4,940,712 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаачлан СӨХ-ны дарга солигдож Д гэдэг хүн шинээр даргаар томилогдсон. Дт орон сууцны оршин суугч нар хотхонд архи уусан хүмүүс их хонох боллоо гэсэн шаардлага тавьж, энэ асуудлыг шийдэж өгөх талаар нэхэмжлэгч талд шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй тул СӨХ нь гэрээг цуцласан.

Манай талаас нэхэмжлэгч талын үзүүлж байгаа үйлчилгээ хангалтгүй байсан боловч 15 хоногийн төлбөрийг өгөхгүй гээгүй. Төлбөрийг өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ СӨХ нь өөр харуул хамгаалалтын газартай хамтарч ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн хүндрэлээс болж нэхэмжилсэн мөнгийг нэг удаагийн байдлаар төлөх боломжгүй байна. СӨХ-ий эрх зүйн байдлыг бодож сар сард нь төлөх боломжиг шүүх сар сардаа төлөх боломжийг харгалзаж үзнэ үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс компанийн дүрэм гэрчилгээ, байгууллагын нэхэмжлэх, Гэрээт харуул хамгаалалтын хамтран ажиллах гэрээ, талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах хуваарь, хариуцагчаас, итгэмжлэл, гэрчилгээ, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч К-нд холбогдуулан 4,940,712 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг харуул хамгаалалтын гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл төлбөр /15 хоногийн/ 4,364,664 төгрөг, алданги 576,048 төгрөг нийт 4,940,712 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.

2.Хариуцагчаас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин ажлын хөлсийг санхүүгийн бололцоогоороо төлөх болно гэж тайлбарыг гаргасан.

3.Талууд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Гэрээт харуул хамгаалалтын хамтран ажиллах гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч И ХХК нь гэрээгээр тохиролцсон харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, хариуцагч К нь ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 9-14 дүгээр тал/

4.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг үзүүлэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, хүсэл зоригын илэрхийлэл зэргээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар, хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

5.Нэхэмжлэгчээс 15 хоногийн ажлын хөлс болох 4,364,664 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд хариуцагчаас 15 хоногийн ажлын хөлсний хэмжээ болон төлөөгүй байгаа үйл баримттай маргаагүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-т хамгаалалтын албаны нэг сарын нэг албан хаагчийн хөлс 900,000 төгрөг байна. Нийт 9 албан хаагч 8,100,000 төгрөг байхаар талууд тохиролцсон байна.

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 4,364,664 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

6.Нэхэмжлэгчээс алдангид 576,048 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан

Талууд гэрээний 5.2, 5.3 дахь хэсэгт ажлын хөлсийг дараа сарын 25-ны өдрийн дотор төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд үнийн дүнгийг 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөрөө тохиролцсон байх хэдий ч СӨХ-ний эрх зүйн байдлын онцлог болон талууд төлбөр төлөхөөр тооцоо нийлсэн акт үйлдэж байсан үйл баримтуудыг дүгнээд нэхэмжлэгчийн алдангид 576,048 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

7.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч К-оос 4,364,664 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 576,048 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч К-с 4,364,664 төгрөг /дөрвөн сая гурван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун жаран дөрөв/-ийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 576,048 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч К-с 51,273 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА