Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/01386

 

 

 

 

 

 

         2024        03         29  

      182/ШШ2024/01386

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Д.С-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ай Би И Капитал ББСБ ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ай Би И Капитал ББСБ ХХК-иас итгэлцлийн гэрээний төлбөрт 657,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 54,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д,

Гэрч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК-д холбогдуулан итгэлцлийн гэрээний төлбөрт 657,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ******* нь “Ай Би И Капитал” ББСБ ХХК-тай 2020 оноос хойш Итгэлцлийн гэрээний дагуу хамтран ажиллаж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон байдаг.

Тус компанид 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 180,000,000 төгрөг,

2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 320,000,000 төгрөг,

2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөг нийт 540,000,000 төгрөгийг тус банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд тэдний зүгээс төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа тухай 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22/109 дугаартай албан бичгээр “2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр хамтын ажиллагаа дуусгавар болж байна. Ийнхүү дуусгавар болж байгаа тул сүүлийн 6 сар төлөгдөөгүй хүү болох 54,000,000 төгрөг, үндсэн зээл 540,000,000 төгрөг, нийт 594,000,000 төгрөгийг Д.******* 474006405 тоот Худалдаа хөгжлийн банкны дансанд нэг удаа бөөн дүнгээр шилжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцсон” гэх агуулга бүхий албан бичгийг ирүүлсэн байдаг.

Банк бус санхүүгийн байгууллагын 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Итгэлцлийн үйлчилгээ” гэж итгэл хүлээлгэгчийн актив /бэлэн мөнгө, зээл, бусад актив/-ыг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагааг хэлнэ гэж заасан бөгөөд банк бус санхүүгийн байгууллага нь тодорхой хугацаанд авч ашигласан бэлэн мөнгийг буцаан өгөх үүрэг хүлээдэг.

Иймээс *******ос шилжүүлсэн 540,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл 13 сарын хүү 117,000,000 төгрөг, нийт 657,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 1.2. ******* нь Ширнэндорж гэдэг хүнтэй харилцаагүй. ******* нь “Ай Би И Капитал” гэдэг банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй компанитай харилцсан. Компанид энэ мөнгийг шилжүүлж байгаа. Компанид мөнгө шилжүүлэхэд  компанийн гүйцэтгэх захирал кассаар биш өөрийнх нь данс руу хийх хүсэлтийг тавьсан. ******* нь Булган руу шилжүүлээд Булган нь Ширнэндорж руу шилжүүлсэн гэж яриад байгаа. Энэ бүгд мөнгөн кассын гүйлгээний л асуудал. Түүнээс  Солонго Булганд өгөөд, эсвэл Булган нь Ширнэндорж гэдэг хувь хүнд мөнгө шилжүүлээд байгаа өөр харилцаа огт  биш юм. Итгэлцлийн гэрээ гэж яригдаад байгаа боловч үндсэндээ харилцааг нь дүгнээд үзэх юм бол тэр тусгай зөвшөөрөл болон бичгээр олгогдсон итгэлцлийн гэрээг байгаа эсэхээс үл хамаараад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үндсэн шинжийг харуулаад байгаа. Хүүтэй итгэлцэл гэдэг бол мөн ялгаагүй Иргэний хуулийн 281.1-т заасны дагуу зээлийн гэрээ мөн. Зөвхөн банк санхүүгийн байгууллагад энэ зээл авч өөрийнхөө хөрөнгийг  бүрдүүлж байдаг процессыг л банк санхүүгийн байгууллагын тухай гэдэг юм уу, хэлцлийн гэрээ гэдэг нэр томьёо нь гарчихсан болохоос цаад мөн чанартай бол зээлийн гэрээ юм. Иргэн болон хуулийн этгээдүүд зээлийн гэрээ байгуулах эрхтэй. Үүний дагуу бол зээлийн гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

2. Хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Ай Би И Капитал ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким Ил Гон /Kim Il Gon/ бөгөөд 2016 оноос хойш зээлийн үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд юм. Мөн Ай Би И Капитал ББСБ ХХК нь “Итгэлцлийн үйлчилгээ” үзүүлэх тусгай зөвшөөрлийг 2022.05.25-ны өдөр авсан байдаг.

******* нь нэхэмжлэлдээ Ай Би И Капитал ББСБ ХХК-тай 2020 оноос хойш итгэлцлийн гэрээний дагуу хамтран ажиллаж байсан, нийт 540,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн нь үндэслэлгүй юм.

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын зүгээс нотлох баримтууд шүүхэд гаргаж ирсэн. Энэ явцад 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 178,000,000 төгрөгийг Ай Би И Капитал ББСБ ХХК-ийн дансанд шилжиж орсон үйл баримт  тогтоогдсон юм. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа  180,000,000 төгрөг төлсөн гэдэг байдлаар илэрхийлж  байна. Гэтэл 10 дугаар сарын 9-ний өдөр бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байсан. Яагаад гэхээр энэ 2020 оны 01 дүгээр сарын 22-ны агуулга огтхон ч дурдагдаагүй, өөрөөр хэлэх юм бол 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс мөнгө төгрөгөө шилжүүлсэн гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байсан. Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгчийн хувьд нийт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр энэ кассаас орлого гэсэн утгатай мөнгө нь тухайн үед ******* орж ирсэн гэж тогтоогдохгүй байсан юм. Яагаад гэхээр кассаас орлого гэдэг агуулгаар орж ирсэн байсан. Энэ 178,000,000 төгрөг Ай Би И Капитал” банк бус санхүүгийн байгууллагад 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр орж ирсэн юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. 

2.3. Талуудын хооронд  бичгээр албан ёсоор зээлийн гэрээ байгуулагдаагүй. Мөн итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх энэ тусгай зөвшөөрлийн асуудал бол 2022 оны 5 сарын 25-ны өдөр албан ёсоор Санхүүгийн зохицуулах хорооноос авсан байсан. Өөрөөр хэлэх юм бол нэхэмжлэгчийн дурдаад байгаа 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, 5 дугаар сарын 17-ны өдөр гэдэг  энэ цаг хугацаанд Ай Би И Капитал” банк бус санхүүгийн байгууллага нь ямар нэгэн байдлаар итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага байгаагүй юм. Тийм ч учраас талуудын хооронд хууль ёсны, хуульд нийцсэн ямарваа нэгэн зээлийн гэрээ болон итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаагүй. Тийм учраас хариуцагч 54,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Энэ үнийн дүнгээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж байгаа. Өөрөөр хэлвэл үндсэн шаардлагаас 178,000,000 төгрөг орж ирснийг  хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс 54,000,000 төгрөгийг буцаан  шилжүүлсэн гэдэг. Энэ агуулгаар бол нийт үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 124,000,000 төгрөгийг зөвшөөрч байна гэдэг байдлаар хариу тайлбараа шүүх хуралдаанаар илэрхийлж байна. 320,000,000 төгрөг гэдэг дүнг бол Ширнэндоржийн дансанд шилжүүлсэн, Ширнэндоржийн данснаас ямар нэгэн байдлаар Ай Би И Капитал” банк бус санхүүгийн байгууллагууд орлого орж ирээгүй. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 124,000,000  төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК нь нэхэмжлэгч *******д холбогдуулан  54,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

3.1. Нэхэмжлэгч ******* болон Ай Би И капитал ББСБ ХХК нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ огт байгуулагдаж байгаагүй. Харин нэхэмжлэгч ******* нь Г.Ширнэндоржийн хувийн дансанд мөнгө шилжүүлж байсан байх ба, Г.Ширнэндорж нь Д.******* шилжүүлсэн мөнгөнөөс 178,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ай Би И Капитал ББСБ ХХК-ийн Хаан банкны 5178010816 тоот дансанд 9 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн байна. Г.Ширнэндорж нь тухайн үед “Ай Би И Капитал” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан учраас түүний хэлсний дагуу *******д Ай Би И Капитал ББСБ ХХК-иас 2021 оны 01-р сарын 25-ны өдөр 9,000,000 төгрөг, 2021 оны 04-р сарын 22-ны өдөр 9,000,000 төгрөг, 2021 оны 06-р сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021 оны 10-р сарын 22-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021 оны 10-р сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 12-р сарын 27-ны өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 01-р сарын 24-ний өдөр 9,000,000 төгрөг, 2022 оны 06-р сарын 27-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг хүү гэх нэрийдлээр шилжүүлсэн байна.

3.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага яагаад гарах болсон гэхээр 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нийт 20,000,000 төгрөгөөр 9 удаагийн шилжүүлэг байдаг. Сүүлийнх нь 18,000,000 төгрөг байдаг. Энэ 178,000,000 төгрөг бол *******д хамаарах орлого байна гэж үзсэн. Гэтэл талуудын хооронд бичгээр байгуулсан, зээлийн гэрээ болон итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаагүй учраас ******* ямар нэгэн хүү авах эрх үүсэхгүй. Тийм учраас 178,000,000 төгрөг байгууллагын дансанд орж ирсэн, нийт 8 удаагийн шилжүүлгээр 54,000,000 төгрөгийг *******д буцааж өгсөн нь тогтоогдсон гэж үзэж байгаа. Энэ нь 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд энэ гүйлгээнүүд шилжсэн байдаг. Зарим тохиолдолд 9,000,000 төгрөг,  3,000,000 төгрөг, 6,000,000 төгрөгөөр нийт 54,000,000 төгрөгийг *******д буцаан олгосон байна гэж үзэж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний  хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийн дагуу  хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, өөрөөр хэлбэл хүү үүсэх, хүү төлөх үүрэг үүсээгүй, эсвэл үүрэг хожим дуусах болсон буюу хүчин төгөлдөр бус болсон үндэслэлээр  нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл үндсэн шаардлагатай хамааралтай гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардсан байсан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байхын тулд талуудын хооронд ямар ч гэрээний харилцаа болон бусад харилцаа үүсээгүй байхыг шаарддаг.  Манай талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаас авч үзэх юм бол зээлийн эргэн төлөлт, итгэлцлийн гэрээ гэдэг үг, өгүүлбэр дурдагддаг. Үүний дагуу банк бус санхүүгийн байгууллагаас 54,000,000 төгрөг орж ирсэн. Ямар ч харилцаагүй байж банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө авсан зүйл биш юм. Энэ бол 2020 оноос хойш зээлийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөнгө оруулсан. Үүнийхээ үр шимийг сар болгон авдаг байсан. Талуудын хооронд итгэлцлийн болон зээлийн гэрээний харилцаанд хүү явуулах үед тасралтгүй үргэлжилж байсан гэдгийг харуулах зорилгоор Ай Би И Капитал Солонгод сар болгон хүүгээ төлдөг байсан. Харин сөрөг нэхэмжлэлд дурдсаны дагуу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй юм.

Бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй гэх агуулгаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж тайлбарлаж байгаа. Иргэн болон хуулийн этгээдийн хоорондын харилцаа хэлцэл хэлбэрээр хийгдсэн. Ингээд бодитоор биелүүлээд явж байсан. Хожим энэ хэлцэлд буюу амаар хийсэн хэлцлийг бичгээр байгуулж, баталгаажуулсан. Заавал 2 тал гарын үсэг зурж байгуулагдсан хэлцлийг бичгийн гэрээ гэхгүй. Бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Өмнө хэлэлцэн тохиролцсон хэлцлийг хожмоо албан бичгээр гарын үсэг, тамга тэмдэг зурж баталгаажуулснаараа хүчин төгөлдөр болж илэрхийлэгдэж байгаа юм. Иймд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, зээлийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1. Итгэмжлэл /хх 5/

5.2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/

5.3. Ай Би И Капитал ББСБ ХХК-ийн 2022.11.19-ний өдрийн 22/109 дугаар албан бичиг /хх 6/

5.4. Ай Би И Капитал ББСБ ХХК-ийн 2022.02.17-ны өдрийн 22/22 дугаар албан бичиг /хх 7/

5.5. Төрийн банкны шилжүүлгийн баримт, дансны хуулга /хх 8-9/,

5.6. Хасбанкны дансны хуулга /хх 10-11/,

5.7. Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 72-84, 104/.

 

6.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

6.1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм /хх 21-23/,

6.2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 24-26/,

6.3. Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ /хх 27-29/,

6.4. Итгэмжлэл /хх 18, 57/,

6.5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 92/

6.6. Хаан банкны дансны хуулга /хх 93/.

 

7. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд *******аас гэрчийн мэдүүлэг авсан болно.

 

 Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Солонгын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ай Би И Капитал ББСБ ХХК-тай итгэлцлийн гэрээний үндсэн дээр жилийн 20 хувь, сарын 1.6 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцсоны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 180,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 320,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөг, нийт 540,000,000 төгрөгийг олгосон, хариуцагч нь буцаан төлөх үүргээ биелүүлээгүй учир үндсэн зээл 540,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сараас хойшхи 13 сарын хүү 117,000,000 төгрөг, нийт 657,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

1.2. Хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлагаас 124,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсэгт маргаж байх бөгөөд татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчийн зээл олгосон гэх хугацаанд Ай Би И Капитал ББСБ ХХК нь итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх эргүй байсан, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 180,000,000 төгрөгөөс 178,000,000 төгрөг Г.Ширнэндоржоос манай дансанд орж ирснээс 54,000,000 төгрөгийг буцаан төлсөн учир 124,00,000 төгрөгийн хүрээнд маргахгүй. Өөрөөр *******ос Ай Би И Капитал ББСБ ХХК-ийн дансанд мөнгө огт орж ирээгүй, талуудын хооронд хууль ёсны, хуульд нийцсэн ямарваа нэгэн зээлийн гэрээ болон итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаагүй учир зээл болон хүү төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 180,000,000 төгрөгийг “*******-с Итгэлцлийн зээл” гэх утгатай, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 320,000,000 төгрөгийг “итгэлцлийн зээл Ай Би И Капитал ББСБ-д” гэх утгатай, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөгийг “Solongo” гэх утгатай, нийт 540,000,000 төгрөгийн зарлага хийсэн.

Тус зарлагаас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 180,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөгийг хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Гочоогийн Ширнэндоржийн Хаан банкны 5176012725 тоот дансанд шилжүүлсэн болох нь Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байна.  /хх 8-9, 11, 104/

2.2. “Ай Би И Капитал ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Kim Il Gon / Ким Ил Гон / байх бөгөөд тус байгууллагыг гүйцэтгэх захирлаар Гочоо овогтой Ширнэндорж томилогдсоныг 2015.07.29-ний өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, түүнтэй 2020.01.01-ний өдөр №01 дугаар “Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээг байгуулан ажиллуулсан байна. Улмаар 2023.02.14-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар С.Гэрэлтуяа томилогдсон болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмээр тогтоогдож байна. /хх 21-23/

 

Дээрх хугацаанд Г.Ширнэндорж компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримтад хариуцагч маргаагүй.

 

2.3. Хариуцагч “Ай Би И Капитал ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2022.03.30-ны өдрийн 22/03 дугаартай шийдвэрээр Ай Би И Капитал ББСБ ХХК-ийн шинэчилсэн дүрмийг баталж, тус банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үйл ажиллагаа, итгэлцлийн үйлчилгээг хугацааг явуулахаар дүрэмдээ тусгажээ. /хх 22-23/

Улмаар хариуцагч “Ай Би И Капитал ББСБ” ХХК нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2022.05.25-ны өдрийн №279 тоот тогтоолоор “Итгэлцэл” үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг авсан байх бөгөөд нэхэмжлэгч *******ос зээл авснаас хойшхи хугацааг хамаарч байна. /хх-ийн 21, 24-26/

 

3. Хариуцагчийн талуудын хооронд хууль ёсны, хуульд нийцсэн ямарваа нэгэн зээлийн гэрээ болон итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаагүй буюу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэжээ.

 

Тодруулбал: Хариуцагч Ай Би И капитал ББСБ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22/22 дугаартай Баталгаа гаргах тухай албан бичигт: “Тус компани нь иргэн Давгадорж овогтой Солонго /РД:ХВ84061406/-с 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 320,000,000 төгрөгийг жилийн 20% хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийг гүйцэтгэх захирал Г.Ширнэндоржийн хаан банкин дахь 5176012725 тоот төгрөгийн дансанд авсан болно. Зээлийн хүүгийн төлбөрийг улирал бүрийн тухайн зээл буюу 320,000,000 төгрөг орж ирсэн өдрөөр Худалдаа хөгжлийн банкин дахь Д.******* 474006405 тоот төгрөгийн харилцах данс руу шилжүүлэхээр тохиролцов. Дээрх иргэний хувийн зайлшгүй шаардлагаас үүдэн зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг тохиролцсон хугацаанаас өмнө эргүүлэн татах тохиолдолд тухайн хүсэлтээ 15 хоногийн өмнө мэдэгдэх бөгөөд хүүг сарын 0.5% хувиар тооцон нэг удаагийн үндсэн төлөлтийг 100,000,000 төгрөг байхаар хоёр тал харилцан тохиролцсон болно. Зээлдүүлэгч Д.******* зээлдүүлсэн мөнгөн хөрөнгө нь тус компанийн бусад төлбөр тооцооноос тэргүүн ээлжинд төлөгдөх бөгөөд аливаа эрсдэл, давагдашгүй хүчин зүйлийн улмаас эрсдэлд орох эс орохоос үл хамааран “Ай Би И Капитал” ББСБ ХХК бүрэн хариуцан хамтран ажиллах болно” гэжээ.

 

Дээрх бичгийн баримтад нэг талаас ******* зээл олгох, нөгөө талаас Ай Би И капитал ББСБ ХХК зээлийг гүйцэтгэх захирал Г.Ширнэндоржийн хаан банк дахь дансаар хүлээн авах, мөн зээлийг буцаан төлөх хугацаа, хүүгийн хэмжээ зэргийг тусгаж, гүйцэтгэх захирал Г.Ширнэндорж гарын үсэг зурж, компанийн тамга дарсан байна. Үүнийг бичгийн хэлцэл хийгдсэн байна гэж үзнэ.

Улмаар 1 хоногийн дараа буюу 2022.02.18-ны өдөр нэхэмжлэгч *******ос 320,000,000 төгрөгийг шилжүүлжээ.

 

Мөн нэхэмжлэгч *******ос Г.Ширнэндоржийн данс руу хийсэн гүйлгээний утга, хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК-ийн Хаан банкны 5178010816 тоот, гүйцэтгэх захирал Г.Ширнэндоржийн Хаан банкны 5176012725 тоот данснаас нэхэмжлэгч Д.******* Худалдаа хөгжлийн банкны 474006405 тоот данс руу “ай би и капитал хүү” гэх утгаар мөнгөн гүйлгээнүүд хийгдсэн байна.

 

Мөн  шүүх хуралдаанд гэрч ******* “... Ай Би и капитал ББСБ нь 2022 оны 05 сараас итгэлцлийн үйлчилгээгээр хөрөнгө татах болсон. 2020 онд хувь хүмүүсээс хүүтэй зээл авч байсан. *******ос эхлээд 2020 он 1 сард 180,000,000 төгрөг авсан. 2022 оны 02 сард 320,000,000 төгрөг, 05 сард 40,000,000 төгрөг авсан. Хөрөнгө оруулалт маягаар зээлж байна гэж авсан. Жилийн 20%-ийн хүүтэй авдаг байсан. Хугацаа нь бол өөр байсан. 320,000,000 төгрөг дээр  бол 6 сар байсан. 180,000,000 төгрөг дээр 2 жилийн хугацаатай 20%-ийн хүүтэй байсан. 40,000,000 төгрөгийг  6 сарын хугацаатай, 20%-ийн хүүтэй байсан. Энэ мөнгөнүүдийг банк бус санхүүгийн байгууллагад орно л гэж авч байсан. Хөрөнгө оруулалт татах шийдвэрийг гүйцэтгэх захирал гаргасан. “Ай би и капитал ББСБ ХХК-иас Солонгод хүүгээ үйл ажиллагаа хэвийн байхдаа тогтмол төлж байсан. Улиралд нэг удаа төлж байсан …” гэж мэдүүлсэн.

 

Дээрхээс дүгнэхэд Ай Би И капитал ББСБ ХХК-ийг гүйцэтгэх захирал Г.Ширнэндорж төлөөлсөн гэх ойлголтыг нэхэмжлэгчид төрүүлэхээр нөхцөл бүрдүүлсэн байх тул нэхэмжлэгч нь Ай Би И капитал ББСБ ХХК Г.Ширнэндоржид итгэлцлийн болон зээлийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон эсэхийг шалгах үүрэггүй.

 

 Иймд хариуцагчийн талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, Г.Ширнэндоржийн дансанд орсон мөнгийг компани аваагүй, хариуцахгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийг 282.3-т заасан шаардлагыг хангасан  гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Хариуцагч Ай Би И капитал ББСБ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22/109 дугаартай Зээлийн эргэн төлөлтийн хуваарь хүргүүлэх тухай албан бичигт “Тус компани нь иргэн Давгадорж овогтой Солонготой /РД:ХВ84061406/ 2020 оноос хойш итгэлцлээр амжилттай хамтран ажилласан бөгөөд энэхүү хамтын ажиллагаа 2023 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болж талууд сунгагдах асуудал хөндөхгүй болж байна. Тиймээс 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сүүлийн 6 сар төлөгдөөгүй хүү болох 54,000,000 төгрөг, үндсэн зээл 540,000,000 төгрөгийн хамт нийт 594,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкин дахь Д.******* 474006405 тоот төгрөгийн харилцах данс руу нэг удаа бөөн дүнгээр шилжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцсон болно” гэж бичсэнээс үзэхэд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023.01.22-ны өдрөөр дуусч, энэ өдөр хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг хийх, хүү болон үндсэн зээл нийт 594,000,000 төгрөг болох талаар талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн байна.

 

Ийнхүү тооцоо нийлж, гэрээг дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл хүү тооцон шаардаж буйг үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд хариуцагч Ай Би И капитал ББСБ ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 594,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 63,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

5.1. Ай Би И Капитал ББСБ ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ талуудын хооронд бичгээр байгуулсан, зээлийн гэрээ болон итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаагүй учраас ******* ямар нэгэн хүү авах эрх үүсэхгүй. Хүү гэх утгаар 54,000,000 төгрөгийг *******д буцааж өгсөн нь тогтоогдсон учир Иргэний  хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

            5.2. Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч байгууллагаас хэлэлцэн тохиролцсоны дагуу зээлийн хүүнд төлсөн, талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, зээлийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл байхгүй гэж маргаж байна.

 

            6. Шүүхээс дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүү төлөх талаар харилцан тохиролцсон байна гэж дүгнэсэн.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2021.01.25-ны өдрөөс 2022.06.27-ны өдрийн хооронд хийгдсэн 54,000,000 төгрөгийн гүйлгээ хамаарч байна.

 

Харин талууд 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тооцоо нийлж, хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК нь хүү болон үндсэн зээлд нийт 594,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсоноо 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22/109 дугаартай Зээлийн эргэн төлөлтийн хуваарь хүргүүлэх тухай албан бичгээр баримтжуулсан байна.

 

Иймээс нэхэмжлэгч Д.Солонгыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7. Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 3,442,950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 427,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,127,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК-иас 594,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК-ийн гаргасан 54,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,442,950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 427,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК-иас 3,127,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА