Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/00695

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/00695

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * аймаг *тоотод оршин суух, * овогт *ын Э

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо* дугаар хороолол * тоотод бүртгэлтэй ИТ ХХК

Гэрээний үүрэг 9,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н нар оролцов. /Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч ИТ ХХК-нд холбогдуулж гэрээний үүргийн биелэлтэд 9,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 7,000,000 төгрөг шаардсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э нь ИТ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж * дүүрэг * дугаар хороо * * гудамж * байр * тоот хаягт байршилтай орон сууцыг сарын 800,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Түрээслэгч нь байрыг эмийн сангийн зориулалтаар түрээслэж түрээсийн төлбөрийг хугацаандаа төлж байсан боловч 2020 оны 05 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрөө төлөөгүй. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 20-дын үеэр хажуугийн түрээслэгчид түлхүүрээ үлдээгээд байраа хүлээлгэж өгөлгүй орхиод явсан. Б.Э нь *т амьдардаг тул хөл хорионы улмаас хотод ирээгүй байж байгаад 2021 оны 01 дүгээр сард очиж түрхүүрээ авсан. Түрээсийн төлбөрөө төлөхийг олон удаа шаардсан боловч төлөөгүй. Түрээсийн гэрээний 6.2-д зааснаар түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,05 хувиар торгууль хүлээнэ гэж заасан. ИТ ХХК-ийн захирал нь компаний эрхийг худалдаж авахдаа өр төлбөр байгаа эсэхийг шалгах ёстой. Компанийн эрхийг шилжүүлж авсан тул өр төлбөрийг төлөх ёстой. Нэхэмжлэгч нь хариуцагч ИТ ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан тул ИТ ХХК-ийг хариуцагчаар татсан. Талууд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч хариуцагч эзэмшиж үйл ажиллагаа явуулсан тул эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар зохицуулдаг журамтай. Нэхэмжлэгч нь төлбөр 6,400,000 төгрөг, гэрээнд зааснаар торгууль 3,200,000 төгрөг нийт 9,600,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгчтэй зөвшилцөн торгууль нэхэмжилсэн дүнг багасгаж торгуульд 600,000 төгрөг нэхэмжилж байна. Иймд хариуцагч ИТ ХХК-наас 7,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ИТ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Э болон ИТ ХХК-ийн хооронд 2019 оны 09 сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн 01 гэрээнд тухайн үеийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал О.Ц гэрээ байгуулан тус обьектийг түрээслэсэн байна. Мөн түүнчлэн тус түрээсийн гэрээний 4.3-т заасны дагуу гэрээний үйлчлэх хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байна. Миний хувьд тус компанийн эрхийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тухайн үеийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал С.Б-оос 100 хувь эрхийг шилжүүлж авсан. Тухайн үед компанийн эрхийг шилжүүлж авахад албан ёсны шалгах боломжтой санхүү татвар, шүүхийн шийдвэрийн өр төлбөрийг шалган шилжүүлж авсан. Манай компанийн хувьд би өөр дээрээ шилжүүлэн авснаас хойш тус обьектод үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд уг гэрээний талаас огтоос мэдэх боломжгүй учир тухайн өр төлбөрийг төлөх боломжгүй юм. Иймд компанийн хувьд уг нэхэмжлэлээс бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж байна. Тухайн гэрээний өр төлбөрийн асуудал байдаг бол уг гэрээний мөнгөн төлбөрийг О.Ц-аас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа,

4. Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь ИТ ХХК-тай 2019 онд 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. 2020 оны 05-12 дугаар саруудын төлбөрөө төлөлгүй түлхүүрийг орхиод явсан. Компаний эрхийг бүхэлд нь худалдаж авсан тул ИТ ХХК-наас төлбөр гаргуулна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь Б.Этай ИТ ХХК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал гэрээ байгуулж обьектыг түрээслэж гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дууссан ба 09-нд нь компаний эрхийг шилжүүлж авсан. Эрх шилжүүлж авахад өр төлбөрийн асуудал байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралданаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч ИТ ХХК-ийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2 жилийн хугацаатай * дүүрэг *дугаар хороо *, * гудамж * дугаар байр* тоот хаягт байршилтай орон сууцыг түрээслүүлэх Түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

Гэрээгээр талууд 1 сарын түрээсийн төлбөрийг 800,000 төгрөгөөр тохирч түрээслэгч ИТ ХХК нь гэрээний 3.1, 5.2.3-т зааснаар төлбөрийг сар бүрийн эхний 10 хоногт багтаан сар бүр төлөх үүрэг хүлээсэн байна.

4.2. Хариуцагч ИТ ХХК-ийн захирал Н.Т* компаний эрхийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлж авахад өр төлбөр байгаагүй, уг гэрээг мэдэх боломжгүй, тухайн обьектод үйл ажиллагаа явуулаагүй тул төлбөрийг төлөх боломжгүй гэсэн тайлбар гаргасан боловч 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр компаний гүйцэтгэх захирлаар томилогдон бүртгэгдсэн нь өмнөх гүйцэтгэх удирдлагын хийсэн гэрээг хариуцахгүй гэх үндэслэл болохгүй тул тайлбарыг хүлээн авах боломжгүй.

4.3. Нэхэмжлэгч нь Түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй гэж тайлбарлан Иргэний хуулийн 287 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө эзэмшиж ашигласны хөлс шаардсан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж түрээсийн төлбөр, торгуульд 7,000,000 төгрөг шаардсан.

Зохигч Түрээсийн гэрээний 6.2-т түрээслэгч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.05 хувийн торгууль хүлээхээр тохиролцсон, хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй тул эд хөрөнгө ашигласны хөлс 6,400,000 төгрөг, торгууль 700,000 төгрөгийн хамт төлөх үндэслэлтэй.

5. Иймд хариуцагч ИТ ХХК-наас 7,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

6. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хангасан үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч ИТ ХХК-наас 7,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ИТ ХХК-наас 126,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА