| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2023/04986/И |
| Дугаар | 102/ШШ2024/00857 |
| Огноо | 2024-02-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/00857
| 2024 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2024/00857 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *дүүрэг * дугаар хороо * * дугаар гудамж * тоотод оршин суух, * онд төрсөн * настай, * овогт Д-ийн О
Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо *дугаар байр * тоотод оршин суух, * онд төрсөн * настай,* овогт Ч-ийн Э
Хариуцагч: * дүүүрэг * дугаар хороо* дүгээр хороолол * тоотод бүртгэлтэй хаягтай ГКМ ХХК
7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч ГКМ ХХК-ийн захирал Ч.Э, өмгөөлөгч Б.Л, гэрч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч ГКМ ХХК, Ч.Э нарт холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 7,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
1.1. Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.О нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр АГ ломбардаас мөнгөн тоногтой их гарын эмээл, өөр бас нэг эмээлийн хамт 7,500,000 төгрөгөөр худалдаж авч, төлбөрийг ломбардны эзэн Ч.Эын Хаан банкны дансанд шилжүүлсэн. Ломбарднаас эмээлийг П.Б худалдаж авсан боловч мөнгийг Д.О шилжүүлсэн. Эмээлийг цааш нь өөрийн хамаатан н.Б-д худалдсан. Гэтэл 2020 оны 10 дугаар сард тухайн худалдаж авсан эмээл нь хулгайн эмээл гэх үндэслэлээр н.Боос * дүүргийн Цагдаагийн хэлтэс хурааж авсан. н.Б эмээлийн мөнгөө авахаар Д.Од холбогдуулж *дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүссэн. Ломбард эмээлийг барьцаанд авахдаа хулгайн эд зүйл гэдгийг шалгаж аваагүй, мэдээгүй зарсан гэж тайлбарладаг боловч эд хөрөнгө эрхийн зөрчилтэй эсэхийг шалгаж авах үүрэгтэй байсан. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд цахим мэдээллийн санд бүртгэгдсэн буюу хулгайлагдсан эд зүйлийг барьцаанд авахыг хориглосон. Хэрэв барьцаалсан тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй байдаг. Үүнтэй холбоотой стандарт ч бий. Тухайн стандартын 6 дугаар зүйлийн 2-т барьцаанд тавьж байгаа үнэт зүйлс, алт мөнгөн эдлэл, гар утас, цахилгаан бараа, гэр ахуйн болон бусад эд хөрөнгийн эзэмшигч болохыг нотолсон баримт бичгийг шаардсанаар тухайн эд зүйлийг ломбард барьцаанд авах үүрэгтэй байдаг. Ломбардны буруутай энэ үйл ажиллагаанаас болж Иргэний хуульд заасан худалдан авагч хохирсон. Иймд хариуцагч ГКМ ХХК, Ч.Э нараас 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ГКМ ХХК, Ч.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь Д.О бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Барьцаанд тавьсан 2 эмээлийг П.Б 7,500,000 төгрөгөөр худалдаж авсан. П.Б худалдаж аваад цааш нь 13,000,000 төгрөгөөр худалдаж өөртөө ашиг олж авсан. П.Б бидний хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэнээс хойш Цагдаагийн байгууллага намайг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, мэдүүлэг авч гэмт хэрэгт холбогдолгүй гэж хаасан. Би эмээлийг П.Б гэж хүнд худалдсан талаар мэдүүлсэн. Тухайн эмээлийг 6,500,000 төгрөгний барьцаанд авч 6 сар хадгалаад, барьцаанд авсан хүмүүс ирэхгүй, утас нь холбогдохгүй болохоор нь 7,500,000 төгрөгөөр худалдсан гэв.
3. Нэхэмжлэгчээс Д.О-ний Хаан банкны дэлгэрэнгүй хуулга,
4. Хариуцагчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Ш, С.А нарт холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлт, тус хэрэгт Д.О, Ч.Э, н.Б нар иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогдоогүй тухай албан бичгээр хариу авч, гэрчээр П.Бг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авах зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь ломбарднаас 2 эмээл худалдан авч мөнгийг шилжүүлсэн. Хариуцагч нь хулгайн эд зүйлийг шалгалгүйгээр барьцаалан авсан гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь эмээлийг П.Б худалдан авсан, Д.Отэй огт уулзаагүй, бидний хооронд гэрээ байгуулагдаагүй гэх үндэслэлээр няцаасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч нь ГКМ ХХК-ний АГ нэртэй ломбарднаас мөнгөн тоногтой их гарын эмээлийг өөр нэг эмээлийн хамт худалдан авсан, хариуцагч хулгайн эд зүйл гэдгийг шалгалгүй авч худалдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан боловч шүүх хуралдаанд тайлбарласан хариуцагчийн тайлбар, гэрч П.Бгийн мэдүүлгээр худалдах худалдан авах гэрээ П.Бтэй байгуулагдан, худалдан авагч эмээлийг хүлээн авсан болох үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал гэрч П.Б нь Ч.Эын ломбарднаас эд зүйл авдаг байсан бөгөөд худалдах эмээл байна гэснээр өөрөө үзэж худалдан авахаар тохиролцож хүлээн авсан талаараа мэдүүлсэн тул П.Б хариуцагч Ч.Э нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.
4.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээжээ.
Нэхэмжлэгч Д.О нь үнийг шилжүүлэн төлсөн, доголдолтой эд хөрөнгө худалдсан гэх үндэслэлээр гэрээг цуцлаж 7,500,000 төгрөгийг шаардсан боловч зохигчийн хооронд гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
5. Гэрээний зүйл болох 2 эмээлийг нэхэмжлэгч нь худалдсан, тухайн хөрөнгө нь хулгайн эд зүйл байсантай холбоотой шүүхийн шатанд хэрэг хянагдаж байгаа нь яллах дүгнэлт, талуудын тайлбараар тогтоогдож байгаа боловч тайлбар, баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй.
6. Иймд хариуцагч ГКМ ХХК, Ч.Э нарт холбогдох 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.О-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч ГКМ ХХК, Ч.Э нарт холбогдох 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.О-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА