Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/01519

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/01519

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сдүүрэг * дүгээр хороо *дүгээр хороолол * дугаар байр * тоотод оршин суух, * онд төрсөн * настай, * овогт Л-ын М

Хариуцагч:Бдүүрэг * дугаар хороо * дүгээр хороолол * байр * тоотод оршин суух, * онд төрсөн * настай, М-ын Д

17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.М, өмгөөлөгч Л.Б, хариуцагч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч М.Дд холбогдох 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хаан банк дахь данснаасаа М.Дын данс руу 3 удаагийн гүйлгээгээр 18,000,000 төгрөг шилжүүлсэн. 02 дугаар сарын 22-ны өдөр буцааж 1,000,000 төгрөг авсан. Би өөрөө койн худалдаж авч чадахгүй, энэ талаар мэдлэггүй байсан учир М.Дд мөнгөө шилжүүлж койны данс нээлгэж нууц үг, нэвтрэх хаягаа тэмдэглэж, дансаа яаж шалгахыг заалгасан. Надад койн ашигтай, мөнгөө өсгөх боломжтой гэж ятгаад байхаар нь итгээд боломж гарсан дээр нь мөнгөө өсгөөд авъя гэж бодоод койны данс нээлгүүлж, койн худалдаж мөнгө оруулсан. Энэ компанид мөнгөө оруулснаар ямар ч эрсдэл гарахгүй хэмээн итгүүлсэн тул М.Дд итгэж койнд орсон. Би Э-ийн салбарт 35 жил ажиллаж тэтгэврийн 36 сарын тэтгэмжний мөнгөнөөсөө М.Д руу шилжүүлсэн байсан. Мөнгөө өснө гэж итгэсэн. Койноос би ашиг авч үзээгүй. Иймд М.Даас 17,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч М.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.М эгч тухайн үед өөрийн хүсэлтээр койнд орж данс нээгээд мөнгө байршуулаад өг гэсэн хүсэлт тавин 18,000,000 төгрөг шилжүүлж, 1,000,000 төгрөгөө буцаан авсан. Анх 3,000,000 төгрөг орж ирсэн өдөр нь * Дижитал Эксчейнж Монголиа дансанд шилжүүлж тухайн өдрийн ханшаар кок токен криптовалют худалдан авч Л.Мгийн Кок платформын цахим дансанд хийсэн. Дараа нь 14,000,000 төгрөг нэмж шилжүүлж хийгээд өг гэхээр нь хүний их мөнгийг алдчих вий гэж айгаад арай туршлагатай А.О-ийн дансанд шилжүүлж А.О мөн л дансанд нь орсон өдөр Дижитал Эксчейнж Монголиа дансанд шилжүүлж тухайн өдрийн ханшаар кок токен криптовалют худалдан авч Л.Мгийн Кок цахим дансанд хийж өгсөн. Намайг бодвол А.О туршлагатай учир түүнд мөнгийг нь шилжүүлж хийлгүүлсэн юм. Би өөрөө ч амьдралд хэрэгтэй, мөнгөө өсгөөд авъя гэж данс нээлгэсэн. Ер нь манай * даяар криптовалют худалдан авч байсан. Би Л.М эгчийн мөнгийг хувьдаа аваагүй. Өөрөө дансаа нээлгээд нууц үгээ бичиж аваад дансаа шалгаж явсан. Энэ хүн өөрөө л нууц үгээ хийж шалгана уу гэхээс өмнөөс нь хэн нэг нь шалгаад үзэх эрхгүй. Биднийг мөнгөө хийснээс хойш койны ханш нилээн хэд хэдэн удаа өсөж байсан. Тухайн үед Л.М эгч шалгаж явсан. Энэ үед мөнгөө авъя гэж хэлсэн бол койнд оруулсан мөнгийг нь өссөн үед нь аваад өгч болох байсан. Өссөн үед нь бид нар койноо зараад хэрэглээний мөнгөө гаргаж ашиглаж байсан. Койны мэдлэгтэй хүмүүс нь ханш өссөн үед нь зараад ашгаа хүртсэн. Бид мэдлэггүйн улмаас мөнгөө илүү их өсөхийг хүлээсээр байгаад алдсан. Л.М эгч шалгахгүй явсаар аппликейшны нууц кодоо мартсан байсанг нь оролдсоор байгаад нууц үгийг нь олж өгч байсан. Койн нь одоо аппликейшн дотор байгаа Кок токен нь одоогийн байдлаар дэлхийн Coin market cup дээр *-д эрэмбэлэгдэж 1 кок койн $* ханштай байгаа. Тухайн кон токен нь *ын Medium хэмээх блокчайн компаний хөгжүүлэлтийг дэмжих цахим мөнгө бөгөөд өнөөдөр хүртэл хөгжүүлэлт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Блокчайны талаарх мэдлэг ойлголт хүн бүхэнд дутуу тул хүмүүс өөрсдөө сонсож, ойлгож, өөрсдөө л шийдвэр гаргах нь чухал байдаг. Бид энэ компаний төсөл амжилттай болж ханш нь өссөн үед мөнгөө гаргаж авахаар хүлээж байна гэв.

3. Нэхэмжлэгчээс Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

4. Хариуцагчаас Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус баримтаар гаргаж өгсөн байна.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Би өөрөө койн худалдаж авч чадахгүй, энэ талаар мэдлэггүй тул М.Дд мөнгөө шилжүүлж койны дансандаа хийлгэсэн, нууц үг, нэвтрэх хаягаа тэмдэглэж, дансаа яаж шалгахыг заалгасан. Надад койн ашигтай, мөнгөө өсгөх боломжтой гэж ятгасан тул боломж гарсан дээр нь мөнгөө өсгөөд авъя гэж бодсон. М.Дд мөнгөө шилжүүлсэн тул түүнээс буцааж авна гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч өмнө нь койны апликейшн татуулж суулгуулаад койны дансаа нээлгүүлсэн байсан. Дансаа нээлгээд койны дансандаа мөнгөө байршуулж чадахгүй байна мөнгө байршуулаад өг гэсэн хүсэлт тавьж над руу койн болгох мөнгөө шилжүүлсэн. Хүсэлтийнх нь дагуу мөнгийг нь байршуулсан. Өөрөө койн өссөн үед мөнгөө буцааж авах боломжтой байсан гэх үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан дансны хуулга, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Л.М нь койны данс нээж, цахим дансандаа криптовалют худалдан авах зорилгоор М.Дд 17,000,000 төгрөг шилжүүлж М.Д нь нэхэмжлэгчийн кок платформын цахим дансанд койныг байршуулсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар, мөнгө шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдож талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь койноос ашиг аваагүй гэх үндэслэлээр хариуцагч М.Дт шилжүүлсэн 17,000,000 төгрөгөө буцаан гаргуулахыг шаардсан боловч тээрээр өөрийн цахим дансанд өөрийн нэрийн өмнөөс мөнгийг байршуулах зорилгоор шилжүүлж хариуцагч нь тухайн өдрийн ханшаар кок токен криптовалют худалдан авч нэхэмжлэгчийн даалгаснаар цахим дансанд нь байршуулсан тул нэхэмжлэгч нь дээрх үндэслэлээр мөнгөө эргүүлэн шаардах эрхгүй.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар тодорхой үйлдэл хийх үүргийг хүлээхээр заасан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь өөрөө койн худалдаж авч чадахгүй байсан учир М.Дд мөнгөө шилжүүлж койн авсан, нууц үгээр нэвтэрч дансаа шалгадаг байсан талаар тайлбарласан тул хариуцагчийг үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

4.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 402 дугаар зүйлийн 402.1-т заасан үндэслэлээр учирсан хохирол гэж тайлбарлан хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч хариуцагч М.Дын буруутай үйлдлээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Иймд хариуцагч М.Дд холбогдох Л.Мгийн нэхэмжлэлийн шаардлага 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1-т заасныг баримтлан хариуцагч М.Дд холбогдох 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Л.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА