Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/04293

 

 

 

 

 

 

2023 10 04

 

101/ШШ2023/04293

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин байрлах, ******* ХХК/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* М*******/регистрийн дугаар: *******/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.М*******, нэхэмжлэгч талыг төлөөлж, П.******* ажиглагчаар (итгэмжлэл шаардлага хангаагүй), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 02 дугаар сард, бидний танил Б.М******* нь -ийн, Д, аймгийн нутаг дахь Тосон толгойн газрын тосны 27 дугаар блокын хөрөнгө оруулалт, хайгуулын ажлын эрхийг авчихлаа, хамтран ажиллъя гэж санал тавьсан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ,,,,,,гэх компанийг захиалагчаар, манай ******* ХХК-ийг гүйцэтгэгчээр оролцуулж, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахаасаа өмнө буюу 02 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 02 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг оффисын засвар үйлчилгээнд мөнгө хэрэгтэй байна, зээлээч гээд өөрийн төрсөн охин н. данс руу шилжүүлүүлж авсан. Мөн 3,000,000 төгрөгийг өөрийн биеэр хүлээн авч, нийт 15,000,000 төгрөгийг зээлж авсан. Удалгүй хамтран ажиллах асуудал бүтэлгүй болж, ажлын эрхийг авсан мэтээр бидэнд худалд хэлж, гэрээ хийсэн байсан.

Зээлсэн 15,000,000 төгрөгийг нэхэхээр удахгүй өгнө, ажил эхэлнэ гэсээр сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Баянгол дүүргийн шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж, олдохгүй байсаар 2022 оны 02 дугаар сард цагдаа олсон.

Иймд Б.М*******ээс 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-иас авсан 15,000,000 төгрөгийг Г. гэдэг хүнд залилуулсан бөгөөд хуулийн байгууллагад хандахад түүнээс мөнгийг гаргуулж надад олгох шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр мөнгөө аваад ******* ХХК-д 15,000,000 төгрөгийг төлнө. Миний хувьд орлогогүй байгаа болохоор төлж чадаагүй. Мөнгө авсан нь үнэн болхоор эргүүлж төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.М*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй боловч төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдалд байгаа хэмээн шүүхэд тайлбарласан.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Талууд 2016 оны 02 дугаар сард хэлцэл хийж, зээлдүүлэгч ******* ХХК нь зээлдэгч Б.М*******ийн заасан данс болох тоот данс руу 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг, мөн оны 02 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, Б.М*******т 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь хээгт авагдсан Голомт банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Пүрэвдорж *******н эзэмшдэг Хаан банк дахь дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч Б.М*******ийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.

Хариуцагч Б.М******* нь ******* ХХК-иас зээлж авсан нийт 15,000,000 төгрөгийг буцааж төлөөгүй шалтгаанаа орлогогүй, бусдаас авах авах авлагаа хүлээж байгаа гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар буцаан төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийг төлөөлж П ******* гэх хүн шүүх хуралдаанд ирсэн боловч ******* ХХК-иас түүнд олгосон итгэмжлэл нь огноо, дугааргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь тодорхойгүй байсан тул шүүх хуралдаанд ажиглагчаар оролцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.М*******ээс 15,000,000 төгрөг (арван таван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******ээс улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА