Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/30

 

 

         

 

 

 

   2022             1              4                                         2022/ДШМ/30                             

 

 

А.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

өсвөр насны шүүгдэгч А.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.А нарын өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/593 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Хурцын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 49 дугаартай эсэргүүцлийг үндэслэн А.Эд холбогдох эрүүгийн 2110 00000 0654 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт Ан Э, ..... оны ... дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуульд сурдаггүй, ам бүл 8, өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, дүүгийн хамт ..................... дүүргийн .... дүгээр хороо, ................. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:.............................../; 

Өсвөр насны шүүгдэгч А.Э нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ................. дүүргийн .... дүгээр хороо, .................. тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эмээ Ц.Дг мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар нүд рүү нь гараараа цохиж зүүн нүдний алимын битүү гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, өмнөд хоргын цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Эий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч М овгийн Ан Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт, мөн зүйлийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Эд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Эий хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, мөн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч ээж Д.А нарт тус тус даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч А.Э бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг А.Эд сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Хурц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журмыг хуульчилсан бөгөөд 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өсвөр насны хүнд 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ...” гэж заасан байхад 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаагаар авч өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаагаар авсугай” гэснийг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч А.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.А нарын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийг агуулгаар нь ойлговол мөн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг давхар хэрэглэж болохоор байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. А.Эий төрсөн эх Д.Ан эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж тогтоосон зүйл байдаггүй. Өмгөөлөгчийн хувьд энэ хэрэгт шүүхийн шатнаас оролцсон.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Б.Хурцын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 49 дугаартай эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх буюу өсвөр насны шүүгдэгч А.Эий хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчсөн гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/593 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Эд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын нэг хэсэг нь “...хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог...” бөгөөд уг зорилтод нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүр /мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх/-т тус хуулийг хэлбэрэлтгүй сахих ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг;”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно.”, 4 дэх хэсэгт “хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Харин хавтаст хэрэгт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлсэн А.Эий өвчний түүхэнд “...Удамд сэтгэцийн өвчтэй хүн /ээж оюуны хомсдолтой/...” /хх 66/, “...Төрсөн эх нь оюуны хомсдолтой гэх өгүүлэмжтэй...” /хх 69/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 657 дугаартай дүгнэлтэд “...төрсөн эх оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй...” /хх 162/ гэх баримтууд авагдсан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад тус нөхцөл байдлыг шалгаж тодруулалгүй, өсвөр насны шүүгдэгч А.Эий хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эх Д.Аг тогтоож, анхан шатны шүүхээс А.Эийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эх Д.Ад даалгаж шийдвэрлэсэн нь өсвөр насны шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөж болзошгүй, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөл байдал тогтоогдож байна.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/593 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өсвөр насны шүүгдэгч А.Эд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Өсвөр насны шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг нээлттэй явуулж болно.” гэж заасан байх бөгөөд улсын яллагч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч А.Эд холбогдох хэргийг нээлттэй хэлэлцүүлсэн болохыг цаашид анхаарвал зохино.  

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан өсвөр насны шүүгдэгч А.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, прокурор Б.Хурцын бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/593 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өсвөр насны шүүгдэгч А.Эд холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол өсвөр насны шүүгдэгч А.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ