| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 102/2022/03698/И |
| Дугаар | 101/ШШ2023/04311 |
| Огноо | 2023-10-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2023/04311
| 2023 10 04 | 101/ШШ2023/04311 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт С******* Б******* /регистрийн дугаар:УК*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, Х******* овогт Б******* Ж******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох,
3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б*******, хариуцагч Б.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 7 дугаар саын 20-нд авто засварын чиглэлээр түрээслэх гараж хайж байгаад Үнэгүй.мн сайтнаас Б.Ж******* гэдэг хүний авто гараж түрээслүүлнэ гэсэн зарын дагуу дугаарт холбогдож, 7 сарын 20-нд барьцаа болох 1,000,000 төгрөгийг Б.Ж******* руу шилжүүлсэн. 7 дугаар сарын 22-ны өдөр Б.Ж******* залгаад гаражаа зарахаар болсон түрээслүүлэхгүй гээд 7 дугаар сарын 22-ны орой 20:25 цагт 1,000,000 төгрөг буцааж өгсөн.
Б.Ж******* 7 дугаар сарын 27-ны өдөр над руу залгаад дахих түрээслэх санал тавиад гаражаа зарахаа больсон гэсэн. 7 дугаар сарын 28-ны өдөр 4 цагт уулзахаар тохирсон ч 5 цагийн үед дахин зарахаар боллоо, түрээслүүлэхээ болилоо гэж нөхөр нь дугаараас залгаж хэлсэн. 7 дугаар сарын 29-ний өглөө Б.Ж*******ын нөхөр нь өглөө 09:52 цагт мессеж бичиж залгаад гараж түрээслэх санал тавьсан. Би 7 дугаар сарын 29-ний өдөр хуучин газраасаа гарах байсан болохоор 7 дугаар сарын 29-ний өдөр 11:55 цагт Хаан банкны дансанд барьцаа 1,500,000 төгрөг, 7 дугаар сарын түрээс 1,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Миний бие 7 дугаар сарын 29-ний өдөр Б.Ж******* гэдэг хүнд гараж түрээслэхээр 3,000,000 төгрөг дансаар хийгээд 7 дугаар сарын 30-ны өдөр 12:39 цагт гаражаа түрээслэхээ больсон, мөнгөө буцааж авах тухайгаа хэлсэн боловч мөнгө өгөхгүй, гаражийн түлхүүрээ буцааж авахгүй байсан.
Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1,500,000 төгрөгөө буцааж авсан тул үлдсэн 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2022 оны 7 дугаар сарын 20ны өдөр С.Б*******тэй утсаар ярьж Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горький 12-284 тоот 128 м.кв гаражийг түрээслүүлэхээр тохиролцсон бөгөөд 1 сарын 1,500,000 төгрөг, барьцаа 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг эхний ээлжинд авч оруулахаар тохиролцсон. С.Б******* нь 2022 оны 7 дугаар сарын 29-нд орон, тэр өдрөө тооцоо хийгээд ороё, тар өөр хүнд түрээслүүлж болохгүй шүү, манайх яг одоо байгаа газраасаа хөөгдөөд хэцүү байдалтай байна гэж гуйсан. Уг нь 20-ны хавьцаа шууд ороё гэсэн 2 өөр хүн байсан ч С.Б******* манайх 2-3 жил болно, асуудалгүй мөнгөө өгч байна гээд байсан болохоор би 10-аад хоног хүлээж байгаад 29-нд түлхүүрээ өгөөд 3 сая төгрөг дансаар авсан. Тэгээд 8 дугаар сарын 01-нд уулзаж, нотариат орж гэрээ хийнэ гээд тохирсон байсан. 7 дугаар сарын 30-ны хавьцаа над руу яриад хуучин байрандаа үлдхээр боллоо мөнгөө авъя гэсэн. Тэр үед нь мөнгө нь зарлагдаад дууссан байсан тул анхнаасаа ажлаа зохицуулахгүй яасан юм бэ өөр хүмүүс орохоор байхад, хүлээлгэж байгаад орсон, тар нар түрээслүүлээд мөнгөө гаргаад ав гэж хэлсэн.
Цаашид түрээслэхгүй гэсэн тул барьцаа 1,500,000 төгрөгийг С.Б*******гийн Хаан банкны тоот дансанд буцааж хийсэн. Түрээсийн 1,500,000 төгрөгийг буцааж өгөх боломжгүй. Түрээслэнэ гээд түлхүүрээ аваад, үзэж хараад болно гээд авсан атлаа дараа нь үзэж хараагүй мэт, намайг луйвардсан мэт үзэж байгаад гайхаж байна.
Би ерөнхийдөө хүмүүст гаражаа түрээслүүлж байсан. Ерөөсөө гэрээ байгуулдаггүй. Гэрээ байгуулъя гэхээр иргэний үнэмлэх байхгүй. Гадаад пасспорттой гээд гэрээ байгуулах дургүй байдаг. Зарим нь хууль бусаар байдаг юм уу. Хууль ёсоор ч байдаг юм уу гэдгийг мэдэхгүй. Тэгээд яриад өмнө 2-3 удаа хүмүүс орж байсан. Тэгээд 1-2 жил болоод гараад явдаг. Тэгээд эд нар гээд байхаар нь гайгүй найдвартай байдаг юм чинь гэж бодоод ийм юм болчихсон гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч Б.Ж*******д холбогдуулан, түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн барьцаа 1,500,000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчаас барьцаа 1,500,000 төгрөгийг буцаан авсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нь барьцаа 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн, 1 сарын түрээсийн төлбөрийг буцаан олгохгүй, нэхэмжлэгч гаражийг түрээслэхээр тохиролцоод мөнгөө шилжүүлсний маргааш нь түрээслэхээ болилоо гэсэн, гаражийн түлхүүрийг буцааж өгөөгүй, ойролцоох дэлгүүрт орхисон байхад нь түлхүүрээ авсан хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй үндэслэлээ тайлбарласан.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсээ С Б******* эзэмшигчтэй, Хаан банк дахь тоот дансны 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртлэх хугацааны дэлгэрэнгүй хуулга болон зохигч талуудын хэн альны тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч Б.Ж*******д 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөгийн дүнгээр хоёр удаа буюу нийт 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба Б.Ж*******ын гэх гаражийг түрээслэхээр харилцан тохиролцсон, барьцаа гэх 1,500,000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөр гэх 1,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, С.Б******* нь 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гаражийг түрээслэхээс татгалзаж, мөнгөө буцаан шаардсан, шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш Б.Ж******* нь барьцаа гэх 1,500,000 төгрөгийг С.Б*******д буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдов.
5. Зохигч талуудын хэн альны тайлбраас үзэхэд, талууд Түрээсийн гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлж байжээ.
Иргэний хуулийн 27 дугаар бүлэгт Түрээсийн талаар зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
мөн зүйлийн 318.2.-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ.,
мөн зүйлийн 318.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж тус тус хуульчилсан.
6. Зохигч талууд гараж буюу үл хөдлөх эд хөрөнгийг дээр дурьдсанаар түрээслэх, түрээслүүлэхээр харилцан тохиролцохдоо түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан тул дээр дурьдсан Түрээсийн гэрээнд тавигдах шаардлагыг хангаагүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4.-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж зохицуулсан тул талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй буюу түрээсийн гэрээний дагуу шаардах эрх, хүлээх үүрэг хэн алинд нь үүсэхгүй.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүрэг үүссэн эрх зүйн харилцаа байхгүй буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, эзэмшсэнээс үүсэх үүрэгтэй холбоотой харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл бүрджээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар нэхэмжлэгч С.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчид 1,500,000 төгрөгийг буцаан шилжүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасантай нийцэж байна.
8. Дээр дурьдсан үндэслэлүүдээр, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын 1,500,000 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч нь 1,500,000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж, хариуцагч Б.Ж*******аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 1,500,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын 1,500,000 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч нь 1,500,000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж, уг 1,500,000 төгрөгийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Ж*******аас 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж*******аас улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА