Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/00090

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/00090 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 0 дугаар байр 0 тоот хаягт оршин суух Т х овогт Б.Д (РД:00000000)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион оргил0 дүгээр байр, 000 тоот хаягт оршин суух Ж овогт Б.Б (РД:00000000),

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион оргил 0 дүгээр байр, 000тоот байрлах ......... ХХК (РД:000000) нарт холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 138,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 Нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээж авав.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.Б, Р.и ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 138,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Б-тай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч Ковид-19 цар тахлын улмаас зээл төлөх хугацааг амаараа хэлэлцэн тохирч өөрчилсөн. Гэтэл зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 63,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 138,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Тодруулбал, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эхний сарын хүү 1,750,000 төгрөг өгөх ёстой байсныг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 11 хоног хоцроож, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү 1,750,000 төгрөг өгөх ёстой байсныг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буюу 23 хоног хэтрүүлсэн, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгөх ёстой хүүгээ 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр буюу 31 хоног хэтрүүлсэн, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгөх ёстой хүүгээ 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу 185 хоног хэтрүүлсэн, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгөх ёстой байсан хүүгээ 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу 156 хоног хэтрүүлсэн, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгөх ёстой байсан хүүгээ 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буюу 339 хоног хэтрүүлсэн. Үндсэндээ 2020 оны 06 дугаар сарын 25 гээд зээл авсан өдрөөс 6 сарын дараагаас огт хүү өгөөгүй. Гэрээний 3.7 дахь хэсэгт гэрээний хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.025 хувийн алданги төлнө гэж заасан. Энэ алдангиа 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хэтэрсэн хоног тутамд бодсон. Эхний 6 сар хүү өгснийг хугацаа хэтрүүлсэн хоногоор нь бодоод түүнээс хойшихыг нь өгөөгүй учраас тухайн сараас нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тооцоод 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлж үндсэн зээлээ өгөөгүй гэж үзэж үүнийг гүйцэтгээгүй үүргийн дүн гэж тооцож бодоход 21,620,481 төгрөг гарсан гэжээ.

 2.Хариуцагч бөгөөд хариуцагч Р.и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13:30 цагт товлогдсон шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлэхдээ тухайн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж дурдсан. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13:30 цагт товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаар шүүхэд мэдэгдээгүй болно.

 3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт Б.Д болон Р.и ХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан 1691 дугаар зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Д болон Р.и ХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 1712 дугаар барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 0000000, 0000000 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 25, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн огноо бүхий Хаан банкны Орлогын мэдүүлэг гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгснийг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 2.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.Б, Р.и ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 138,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Б-тай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч Ковид-19 цар тахлын улмаас зээл төлөх хугацааг амаараа хэлэлцэн тохирч өөрчилсөн. Гэтэл зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 63,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 138,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.

 3.Хариуцагч бөгөөд хариуцагч Р.и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг харгалзан хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 4.1.Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Р.и ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлэх зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. (хавтаст хэргийн 3 дахь тал) 

4.2.Дээр дурдсан зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар Хаан банк дахь Д.Н гэх эзэмшигчтэй 0000000000 дугаар дансанд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлүүлэв гэх утгаар 20,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Р.И ХХК-ТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ДАГУУ гэх утгаар 30,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

 4.3.Зээлдэгч буюу хариуцагч Р.и ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр зөвхөн зээлийн хүү 1,750,000 төгрөгийг төлж, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээл болон үлдэгдэл зээлийн хүүг төлөх үүрэг хүлээжээ.

 4.4.Хариуцагч Р.и ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эхний сарын хүү 1,750,000 төгрөгийг 11 хоног хэтрүүлж, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2 дахь сарын хүүг 23 хоног хэтрүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 3 дахь сарын хүүг 31 хоног хэтрүүлж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4 дэх сарын хүүг 185 хоног хэтрүүлж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5 дахь сарын хүүг 156 хоног хэтрүүлж, 6 дахь сарын хүүг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буюу 339 хоног хэтрүүлж төлсөн.

 5.Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд Зээлдэгч:...000000 регистрийн дугаартай Р. и ХХК-г төлөөлж үүсгэн байгуулагч, захирал... Б.Б бид харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэж дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч Б.Д болон хариуцагч Р. и ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 6.Иймд хариуцагч Б.Б-ын ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй... гэх татгалзал үндэслэлтэй буюу нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-аас дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг төлөхийг шаардах эрхгүй, харин хариуцагч Р.и ХХК-аас зээл, зээлийн хүү, алдангийг шаардах эрхтэй байна.

 7.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Ковид-19 цар тахлын улмаас зээл төлөх хугацааг амаараа хэлэлцэн тохирч өөрчилсөн... гэж тайлбарлах боловч хэдний өдрийг хүртэлх хугацаагаар өөрчилсөн талаар шүүхэд мэдүүлээгүй, баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 8.Иймд нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний 3.3-т ...1 сарын 3.5%-ийн хүүтэй, 3.6-д ...хүүг сар бүрийн 25-ны өдөр зээлдүүлэгчид төлнө. Гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийг сүүлийн сарын хүүгийн хамт төлнө гэж тус тус зааснаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны хүү болох 21,000,000 (50,000,000*3.5%/100*12=21,000,000) төгрөг, үндсэн зээл 50,000,000 төгрөг нийт 71,000,000 төгрөгийг хариуцагч Р.и ХХК-аас шаардах эрхтэй буюу гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүүг шаардах эрхгүй юм.

 9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч Р.и ХХК-аас зээлийн гэрээний хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 5 удаагийн төлөлтөөр 8,750,000 төгрөг төлснийг зээлийн хүүгээс хасаж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 1,750,000 төгрөгийг үндсэн зээл 50,000,000 төгрөгөөс тус тус хасаж тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасанд нийцэх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 48,250,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 12,250,000 төгрөг төлөгдөөгүй байна.

 10.Түүнчлэн зээлийн гэрээний 3.7-д ...гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.025 хувиар алданги төлнө гэж зааснаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хариуцагч Р.и ХХК нь зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүйн алдангид 590,899.5 төгрөг төлөх үүрэг үүсжээ.

 11.Мөн зээлдэгч буюу хариуцагч Р.и  ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 50,000,000 төгрөг, үндсэн хүү 12,250,000 төгрөг, нийт 62,250,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй боловч 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,750,000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тайлбарласан тул тус өдрийг хүртэлх 147 хоногийн алданги 2,287,687.5 (62,250,000*0.025%/100*147=2,287,687.5) төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх 779 хоногийн алданги 11,782,375 (60,500,000*0.025%/100*779=11,782,375) төгрөг, нийт 14,070,062.5 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.

 12.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Р.и ХК-аас үндсэн зээлийн төлбөрт 48,250,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 12,250,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйн алданги 590,899.5 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд төлөөгүйн алданги 14,070,062.5 төгрөг, нийт 75,160,952 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 62,839,048 төгрөгийн хэсгийг болон Б.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 847,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 533,754.8 төгрөгийг хариуцагч Р.и ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Р.и ХХК-аас 75,160,952 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 62,839,048 төгрөгийн хэсэг болон Б.Б холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 847,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 533,754.8 төгрөгийг хариуцагч Р.и ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД