| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/02318/И |
| Дугаар | 101/ШШ2023/04694 |
| Огноо | 2023-10-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2023/04694
| 2023 10 27 | 101/ШШ2023/04694 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт Г******* О******* /регистрийн дугаар*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт М******* Г*******/регистрийн дугаар:*******/-т холбогдох,
1,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О*******, хариуцагч М.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 49 байр 20 тоот орон сууцыг зарын дагуу М.Г*******т хөлслүүлсэн. 2014 оны 9 дүгээр сраас эхлэн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жилийн хугацаатай, сарын 500,000 төгрөгөөр харилцан тохиролцож байраа түүнд хүлээлгэн өгсөн. Төлбөрөө сар бүр төлөхөөр тохиролцсон. М.Г******* нь 2015 оны 8 дугаар сар хүртэл суугаад байраа хүлээлгэж өгөхгүй явсан. Сүүлийн 4 сарын төлбөр 2,000,000 төгрөг төлөөгүй ба 2021 оны 5 дугаар сард 750,000 төгрөгийг өгсөн. Сүүлд мөнгө өгөхдөө үлдэгдэл мөнгийг нь ойрын хугацаанд өгнө гэж баталгаа гаргаж өгсөн боловч өгөөгүй. Иймд М.Г*******оос 1,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дтай тохиролцож, уг байранд 2014 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн орсон ба барьцаа төлбөр болох 1,000,000 төгрөгийг байршуулсан, сар бүр 500,000 төгрөг төлж байхаар тохиролцож, 2015 оны 6 дугаар сар хүртэл амьдарсан. 2015 оны 6 дугаар сард уг байрнаас явахад нэг сарын түрээс үлдсэн байсан бөгөөд барьцаа төлбөрөө суутгаад таарна гэж тооцоолсон.
Би 2015 оны 9 дүгээр сар хүртэл Г.О*******ын байранд амьдраагүй. Г.О******* нь байрны мөнгөө өгөлгүй 2 хоноход л хөөж, асуудал үүсгэдэг байсан тул тухай тухайн үед нь төлөөд явж байсан. 2021 онд Г.О******* намайг цагдаагаар эрэн сурвалжлуулж, машин журмын хашаанд хийлгэж тухайн үед 900,000 төгрөг нэхэмжилж байсан ба би бөгжөө ломбарданд тавьж 750,000 төгрөг өгч, 150,000 төгрөг үлдэж байсан.
1,250,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь барьцаа мөнгө таарсан. 2021 онд цагдаагаар эрэн сурвалжлуулахад нь ажил, цаг зав бага дээрээс нь тухайн үед сандарсандаа мөнгө өгсөн.
Харин одоо тухайн үед буюу 2021 онд өгнө гэж нэлсэн 150,000 төгрөгийг л төлье. Өөрөөр ямар ч мөнгө төлөхгүй. 2015 оны 6, 7, 8 сард монголд байгаагүйг гэрчлэх баримт болгож, хүүгийнхээ төрсний гэрчилгээг хавсаргасан гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд. Нэхэмжлэгч талаас:нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний эрүүгийн харицлага хүлээж байсан эсэ тухай Г.О*******ын тотдорхойлолт, Г.О*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, М.Г*******ийг эрэн сурвалжлууах тухай Ж.Дгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр арын 02-ны өдрийн дугаар шийдвэр,
Хариуцагч талаас: хариуцагчийн хариу тайлбар, Г. төрсний гэрчилгээний хуулбар (нотариатаар гэрчлүүлээгүй), амны хаалт зүүсэн 2 эрэгтэй хүний фото зураг, нэхэмжлэгч Г.О*******, хариуцагч М.Г******* болон эрэгтэй хүний хамт авхуулсан фото зураг,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэжмлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г.О******* нь хариуцагч М.Г*******т холбогдуулан, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 1,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2014 оны 9 дүгээр сраас эхлэн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жилийн хугацаатай, сарын 500,000 төгрөгөөр харилцан тохиролцож байрандаа оруулсан, хариуцагч нь сүүлийн 4 сарын төлбөр 2,000,000 төгрөг төлөөгүй ба 2021 оны 5 дугаар сард 750,000 төгрөгийг өгсөн. Сүүлд мөнгө өгөхдөө үлдэгдэл мөнгийг нь ойрын хугацаанд өгнө гэж баталгаа гаргаж өгсөн боловч өгөөгүй хэмээн М.Г*******оос 1,250,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нь орон сууц хөлсөлж суухдаа барьцаа болгож өгсөн 1,000,000 төгрөгийг тухайн орон сууцнаас гарах үед төлөгдөх төлбөрт тооцно гэж бодоод байрнаа гарсан, уг төлбөр төлөгдөөгүй асуудлаар эрэн сурвалжлагдаж, цагдаад саатуулагдахдаа 750,000 төгрөг төлж, үлдэгдэл 150,000 төгрөгийг дараа төлнө гэж тохиролцсон тул 150,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж шүүхэд тайлбарласан.
4. Талууд 2014 оны 9 дүгээр сард, тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг хөлслөх, хөлслүүлэхээр тохиролцсон, хөлслөгч М.Г******* нь төлбөрийг сар бүр төлөхөөр тохиролцсон гэх үйл баримтын талаар зохигчид хэн аль нь тайлбарлаж байна.
5. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д зааснаар, орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
6. Дээр дурьдсан орон сууц хөлслөх гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэхээргүй байна.
7. Хариуцагч М.Г******* нь н.Д гэх хүнтэй хэлэлцэж тохирсон гэх ба нэхэмжлэгч Г.О*******тай орон сууц хөлслөхөөр хэлэлцэж тохирсон зүйлгүй, н.Д гэгч нь М.О*******ын нөхөр мөн эсэх талаар зохигч талууд маргаагүй боловч тухайн орон сууц нь н.Д болон Г.О******* нарын өмчлөлийн орон сууц мөн эсэх, ямар хугацаанд хариуцагч оршин суусан, төлбөрийн үлдэгдэл чухам хэдэн төгрөг байсан нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. гэж зохицуулсан.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлд Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг зохицуулсан бөгөөд дараахь үндэслэлээр Иргэний эрх зүйн харилцаа үүснэ:
8.1.1.-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл;
8.1.2.-т иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр;
8.1.3.-т хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр;
8.1.4.-т оюуны үнэт зүйл бүтээх;
8.1.5.-д гэм хор учруулах;
8.1.6.-д үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших;
8.1.7.-д иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох;
8.1.8.-д иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл.
Хариуцагч М.Г******* нь орон сууц хөлслөн суусан гэх үйл баримтын талаар шүүхэд тайлбарлаж, нэхэмжлэгч Г.О*******ын гэр бүлийн хамаарал бүхий хүн гэх н.Дгийн талаар тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Г.О*******, хариуцагч М.Г******* нарын хооронд хуульд заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй.
8. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй буюу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтаар нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан, хариуцагч М.Г*******оос 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.О*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА