Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 422

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Д,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б Б д холбогдох эрүүгийн 1703 0000 10002 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, бэр, хүү, ач нарын хамт Б дүүрэг, 0 дугаар хороо, хороолол, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б Б, /РД:/,  

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны 10:35 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сандей худалдааны төвийн баруун замд Тоёота Марк 2 маркийн 83-92 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улсаас явган зорчигч Г.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хойшоо савж унаагүй. Зүгээр толь руу цохигдоод доошоо суусан. Тэгээд цагдаа, түргэн дуудсан. Гомдлыг нь бүгдийг барагдуулсан хохирогч гомдол саналгүй гэсэн гэв.

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн орчимд Сандэй худалдааны төвийн баруун талын явган хүний гарцаар зам хөндлөн ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй гарахдаа эхлээд урдаасаа хойшоогоо чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээнд явж байсан хар өнгийн суудлын автомашин нь надад зам тавьж өгөлгүй миний баруун талын хөлний тавхайн дээгүүр гарчих шиг болсон тэгээд би хойшоогоо савагдаж газар унасан...” гэх мэдүүлэг. /хх 29-32 дугаар хуудас/,

Гэрч Д.Наранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн орчим манай нөхөр Б Т.Марк 2 маркийн 83-92 УБЯ улсын дугаартай автомашиныг жолоодон би жолоочийн хойд талын суудал дээр 4 настай зээ охины хамт сууж байсан. Тухайн үед явган хүний гарцны наана түгжирээд байсан, манай машин хөдлөх үед зүүн тийшээ хараад зогсож байсан хүн манай машины зүүн талын толинд ирээд мөргүүлчихсэн...” гэх мэдүүлэг. /хх 35-36 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹8619 дүгнэлтэд “биед тархи доргилт, бүсэлхийн 3-р нугаламын сэртэнгийн далд хугарал, баруун шагайн үе, тавхайн, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, нуруу, зүүн тавхайн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх 46 дугаар хуудас/,

Согтуурал шалгасан магадлалаар Б.Б Г.Б нар нь согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогджээ /хх 12 дугаар хуудас/,

Замын цагдаагийн газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн № 272 дүгнэлтэд “Т.Марк 2 маркийн 83-92 УБЯ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулагдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэжээ /хх 53 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 60 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа /хх 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны 10:35 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сандей худалдааны төвийн баруун замд Тоёота Марк 2 маркийн 83-92 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улсаас явган зорчигч Г.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн,гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн,гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Б ял оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 451 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.