Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/32

 

 

           

 

 

 

  

     2022            1              4                                          2022/ДШМ/32                             

 

Я.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

хохирогч “Б т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ,

шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Б.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/1121 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1808 04817 0717 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Ягийн Б, ..... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ...................... д төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ном судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт .................. дүүргийн ... дугаар хороо, .................. дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........................../

Шүүгдэгч Я.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “Б т” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В м” сүлжээ дэлгүүрийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсаны улмаас бусдад нийт 8.433.550,10 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Я.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ягийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Бд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бийн цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Бээс 8.433.550 /найман сая дөрвөн зуун гучин гурван мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулж, “Б т” ХХК-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бээс 800.000 төгрөг гаргуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /Төрийн сан 1009 0001 2005 тоот данс/-д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.Б давж заалдах гомдолдоо: “...Миний эрүүл мэндийн байдлын хувьд 2015 онд сахарын өвчний 2 дугаар хэв шинжээс үүдэлтэй артерийн даралт ихсэх өвчин, зүрхний титэм судасны нарийсал өвчнөөр оношлогдсон. Одоо сахарын тариаг өдөрт 2 удаа, мөн метморфин, галвус, энап-10 эмийг өдөрт 2 удаа тогтмол уудаг. Даралт байнга ихсэж 140-240 хооронд хэлбэлзэж байдаг. Иймд 2 шатлалын эмнэлгийн эмчийн хяналтад байх шаардлагатай юм. Давж заалдах шатны шүүх хурал болох хүртэл хохирол төлбөр болох 8.433.550 төгрөгийг төлж барагдуулна. Надад гэмт хэрэг үйлдэх, бусдыг хохироох бодол санаа огт байгаагүй. Бодлогогүйгээсээ болж ийм байдалд хүрлээ. Иймд хохирол төлбөрөө нөхөн төлсөн болон эрүүл мэндийн байдлыг минь тус тус харгалзан үзэж надад итгэл үзүүлэн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Я.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ар гэрт асуудал гараад хохирол төлбөрөө төлж амжаагүй. Хохирол төлбөр төлөхөөр ар гэрийнхэнтэйгээ холбогдсон боловч 2022 оны 2 дугаар сараас төлөх боломжтой.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэх боломжтой байсан. Гэвч шүүгдэгчийн ар гэрээс байгууллагад учруулсан хохирлыг төлж амжаагүй байна. Анхан шатны шүүхээс хорих ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулсан тул түүнээс доош ял оногдуулж өгөхийг хүсэхэд учир дутагдалтай. Харин шүүгдэгчийн сахарын өвчтэй, титэм судасны нарийсал гэх хүнд өвчин зэрэг эрүүл мэндийн байдал болон насны байдлыг нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр торгох ял буюу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хохирлоо барагдуулаагүй тул торгох ял оногдуулах боломжгүй, ял оновчтой, зөв байх ёстой тул хорих ялын хамгийн бага хэмжээг оногдуулсан гэж дүгнэсэн. Я.Бийн ар гэрийнхэн нь 2 дугаар сараас төлөх боломжтой гэж ярьж байх тул үүнийг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн ар гэрээс надтай холбогдсон зүйл байхгүй.” гэв.

 Хохирогч “Б т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь хохирол төлбөрөөс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн орлогогүй байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулсан гэж тодорхой тайлбарласан тул шийтгэх тогтоолыг дэмжин оролцож байна.” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд 2015 оноос хойш сахарын өвчнөөс үүдэлтэй артерийн даралт ихсэх өвчин, мөн зүрхний титэм судасны нарийсал өвчнөөр өвчилж оношлогдож байсан талаар гомдолдоо дурдсан байна. Хэрэг 2018 оны 9 дүгээр сарын 22-ноос 2018 оны 10 дугаар сарын 15-ны хооронд үйлдэгдсэн. Шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр шүүх хуралдаан болсон. Энэ хугацаанд шүүгдэгчийг ямар нэг сахарын өвчтэй, артерийн даралт ихсэх, зүрхний титэм судасны нарийсал өвчнөөр өвчилж байсан, мөн оношлогдож байсан талаарх баримт мөрдөн байцаалт, прокурор аль ч шатанд авагдаж байгаагүй, ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч нь хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүссэн байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс үүнийг хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Я.Бийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Я.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “Б т” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В м” сүлжээ дэлгүүрийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа борлуулсны орлого нийт 8.433.550,10 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр залилан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

Хохирогч “Б т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болд-Эрдэнийн “...“Б т” ХХК-ийн 22-ын товчооны зам дагуу байрлах “Вэлл март” сүлжээ дэлгүүрт зохион байгуулагч албан тушаалтай 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс Я.Б ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс тус оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хоорондох дэлгүүрийн бэлэн мөнгөний орлогыг банканд тушаалгүй хувьдаа завшсан. Я.Б 2018 онд хохирлоо төлнө гэж явж байгаад алга болчихсон. Хилээр гарахын өмнө уулзаж, хэлж, ярьж байсан удаагүй. 2018 онд төлж барагдуулна гэж хэлж, ярьж байсан ба тэрнээс хойш төлөхөө илэрхийлж, баталгаа гаргасан зүйл байхгүй. Манай компанид эцсийн байдлаар нийт 8.433.550,10 төгрөгийн хохирол учирсан байгаа...” /2 хх 87/,

шүүгдэгч Я.Бийн “...Би 2012 оны 12 дугаар сард “Б т” ХХК-д менежерээр буюу эрхлэгчээр орж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “В м” супер маркетад очиж хариуцан ажиллах болсон. Миний ажил нь супер маркетын ажлыг зохион байгуулах, бараа материал захиалах, хүлээж авах, орлогыг хүлээн авч банканд тушаах зэрэг бүхий л ажлыг хариуцан явуулдаг байсан. Би 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан... 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буцаж ажилдаа орж ажилласан. Би тэр үед Франц улсад төвтэй “Finance credit” нэртэй олон улсын байгууллага санхүүгийн зээл олгоно гэсэн мэдээлэл фэйсбүүк дээр байхыг олж хараад тухайн хаягаар нь холбогдож мэдээллийг нь аваад зээл хүсэхэд зээл авах боломжтой гэсэн болохоор түүнээс хойш холбогдож тухайн газрын шаардлагатай гэсэн мэдээллийг болон мөнгийг шилжүүлэх болсон. Би анхандаа өөрөөс мөнгө төгрөг гаргаж шилжүүлж байсан боловч сүүлдээ мөнгө төгрөггүй болсон тул супер маркетын бэлэн мөнгөний орлогоос авч шилжүүлэх болсон... Тэр үед надад бэлэн мөнгө хэд хоногоор тушаагдахгүй төвлөрч байдаг байсан учраас нийт 7.088.510 төгрөгийг өөртөө авсан байсан. Би авсан мөнгөө “Finance credit” байгууллага руу шилжүүлэх, үлдэгдэл цөөн мөнгийг өөртөө зарцуулах зэргээр хэрэглэсэн. Мөн манай дэлгүүрт хүнсний зүйл болох мах, гурил, ундаа, ус, лаазалсан бүтээгдэхүүн зэрэг зүйлүүд ирдэг болохоор өөрийн хэрэгцээнд 42.850 төгрөгийн үнэ бүхий хонины мах, 7 шуудай гурил, 55.280 төгрөгийн үнэ бүхий лаазалсан бүтээгдэхүүн, 1.050.000 төгрөгийн үнэ бүхий ус, ундаа зэргийг авч хэрэглэсэн, тиймээс би нийт 8.433.550 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Би энэ хэргийнхээ хохирлыг барагдуулах гээд мөнгө хайж байхад Турк улсад байдаг найз маань хүрээд ир гэхээр нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр яваад тус улсад ажил хийж байгаад 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ирсэн байгаа. Би айгаад хувийн баталгаа авчихсан байхад нь мэдэгдэлгүйгээр хилээр гарчихсан юм...” /хх 68-69, 2 хх 82/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Б т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/04/194 тоот тушаалаар Я.Бийг “Б т” ХХК-ийн “22-ын товчоо” салбарт салбарын менежерээр 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн томилсон байна. Мөн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан байна. Шинжилгээнд ирүүлсэн салбарын менежер буюу дэлгүүрийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод байгууллагын бэлэн мөнгө, эд хөрөнгийг бие дааж зарцуулж, гүйлгээ хийнэ гэсэн заалт тусгагдаагүй байна. “Б т” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17/35 тоот тогтоолын хавсралт 5-аар батлагдсан Бэлэн мөнгө хүлээн авах, зарцуулах журмын 2.2.1-д “Кассын өдөр бүрийн орлогыг тухайн өдөртөө багтаан Капитал банкны мөнгө хураагчид баримтын дагуу хүлээлгэн өгсөн. Эсвэл дараа өдрийн өглөөний 10.00 цагаас өмнө өөрийн харилцах банкны дансанд тушаасан байна...” гэж тусгасан байна. Шинжилгээгээр “Б т" ХХК-ийн “В м” сүлжээний “22-ын товчоо” салбар дэлгүүрийн зохион байгуулагч Я.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ноос 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 6 өдрийн орлого нийт 7.088.510,10 төгрөгийн борлуулалтын орлогыг компанийн төв кассад тушаагаагүй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Б т” ХХК-ийн “В м” сүлжээний “22-ын товчоо” салбар дэлгүүрийн зохион байгуулагч Я.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ноос 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хоорондох хугацаанд дэлгүүрийн орлогыг төв кассад тушаагаагүй бэлэн мөнгө 7.088.510,10 төгрөг, бараа материал 1.345.040 төгрөг, нийт 8.433.550,10 төгрөгийн дутагдал гаргасан байна...” гэсэн дүгнэлт /хх 47-50/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Я.Бийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нь “Б т” ХХК-д учруулсан хохирол төлбөрөө төлөөгүй үндэслэлээр шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй талаар дүгнэсэн дүгнэлт нь үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд уг нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, хохирол төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн тэрээр эрүүл мэндийн байдал муу, эмчийн хяналтад байх шаардлагатай гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт цуглараагүй байх тул шүүгдэгч Я.Бийн гаргасан “...хохирол төлбөрөө төлж барагдуулна, эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг” албан тушаалын байдлаа ашиглаж завшсан бол ...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...” хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой талаар хуульчилсан байх тул шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Я.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/1121 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 56 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/1121 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ              

           

 

                        ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ