Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 439

 

Б.А, Н.В нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Ц.Итгэл, Б.Тэнгис, шүүгдэгч Н.В, түүний өмгөөлөгч А.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 766 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 714 дүгээр магадлалтай, Б.А, Н.В нарт холбогдох 201625013566 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух,

Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 296 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Т х овогт Б А,

2. Монгол Улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух хаягтай боловч хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын задгайд түр оршин сууж байсан, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Н В.

Б.А- нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн уурын зуухны ахуйн өрөөнд хохирогч С.Г-н нүүр рүү гараараа цохиж унагаан гавал тархины битүү гэмтэл учруулж санаатай алсан,

Н.В- нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч Б.Э-г гүтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Н.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

Б.А-ийг хүнийг алах гэмт хэрэг, Н.В-г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-т 10 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.В-д 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.В-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ийн цагдан хоригдсон нийт 593 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.А-аас 6,500,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаад олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А- түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ц.Итгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А- гаргасан гомдолдоо “...Шүүхийн шийдвэрүүд хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн материалыг үндэслэн хүнийг хилсээр шийтгэсэн учраас хэргийг дахин нарийвчлан шалгуулж, дахин шинэчилсэн мөрдөн байцаалт явуулж, хилс хэргээс өөрийгөө цагаатгуулах хүсэлтэй байна. Б.Э-г шалгалгүйгээр гэрч болон намайг цагдан хорьсноос хэргийн бодит байдал алдагдсан. Гэрч, шүүгдэгч Н.В- анхны мэдүүлэгтээ гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан, нөхцөлийг бодитой тогтоож болохуйц “Э мотор янзалсан уу гэхэд талийгаач би тэрийг чинь ганцаараа янзлах юм уу, чадахгүй гэхэд, янзлахгүй юугаа хийгээд байгаа юм бэ гээд зүүн гараараа талийгаачийг цохисон. Талийгаач унаад босч ирээгүй” гэх зэргээр мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд ч энэ мэдүүлгээ тогтвортой өгсөөр ирсэн. Прокурор, шүүх энэ мэдүүлэгт ач холбогдол өгөлгүйгээр зөвхөн Б.Э-г гүтгэсэн хэмээн хийсвэр дүгнэлт хийж, Н.В-г торгох ялаар шийтгэсэн шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь харагддаг.

Торгох ялыг хэрхэн хэрэглэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс буюу орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” хэмээн маш тодорхой хуульчилсан байдаг. Гэтэл Н.В- нь цалин хөлс, орлого олох байтугай өөрийн гэсэн гэр бүл, орох оронгүй, айл айлд зарцлагдаж амьдардаг. Ийм хүн 500,000 төгрөгийн торгуулийг шүүхээс тогтоосон хугацаанд төлж дуусах нь эргэлзээтэй. Шүүхийн шийтгэх тогтоол нь биелүүлэхэд эргэлзээгүй байна гэсэн хуулийн зөрчигдөж байна.

Энэ хүний удаа дараа өгч байсан тогтвортой мэдүүлгүүдийг үндэслэн Б.Эрдэнэбатыг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүй. Шүүгдэгч миний шат шатны шүүхээс хүсэх ганц зүйл бол хэрэг гарах үед хамт байсан Б.Э-г миний адил Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөөч гэсэн удаа дараагийн хүсэлт байна.

Мөн нэг шалтгаан нь миний бие залуу насандаа алдаж, онож амьдралынхаа тодорхой хугацааг өргөст торны цаана өнгөрөөсөн. Хожуухан гэр бүлийн амьдрал зохион үр хүүхэдтэй болж бусдаас дутахааргүй сайхан амьдарч байсан. Хилс хэрэгт гүтгэгдэж хүүхдүүдээ алуурчны хүүхэд гэж хэлүүлэхвий гэхээс шоронд хоригдохоос ч илүү айж явдаг. Хэргийг эхнээс нь шалгуулахыг хүсэж байна. Хэрэв ямар нэгэн үр дүн гарахгүй, гэм зэмгүй хүнийг гүтгэсэн нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээхэд гомдох зүйлгүй” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шийтгэх тогтоол болон магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар  “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол”, 1.4-т “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “Гэмт хэргийг хэн үйлдсэн” талаарх нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй.

Гэрч В-н Сэтгэцийн №708 дугаар дүгнэлт /2хх 221-223 хуудас/, 2018.01.04-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /3хх 122 хуудас/, 2018.02.21-ний өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх 155 хуудас/, 2017.05.09-ний өдрийн шүүх хуралдаанд /2хх 115-149 хуудас/, 2017.10.23-ны өдрийн шүүх хуралдаанд /3хх 73-121 хуудас/, 2018.05.29-ний өдрийн шүүх хуралдаанд /4хх 30-46 хуудас/ В-н мэдүүлгүүдээс үзэхэд өмгөөлөгчгүй байцаалтад мөрдөгчийн өмнө мэдүүлэг өгөхдөө “А талийгаачийг цохьсон мэтээр” харин өмгөөлөгчтэй, олон оролцогчтой байхад өгсөн шүүх сэтгэцийн болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Эрдэнэбат талийгаач Г-г цохьсон” гэж мэдүүлж байгаагаас үзэхэд В нь мөрдөн байцаалтад худал мэдүүлэг өгсөн үү, шүүхийн шатанд худал мэдүүлэг өгсөн үү гэдгийг нягталж үзэлгүйгээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Мөн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд В “Э талийгаачийг цохьсон гэж мэдүүлсний дагуу шүүхээс мөрдөн байцаалтад буцаан шалга гэсэн боловч Э-г холбогдуулж тодруулалгүй орхигдуулсан нь мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьж явагдсан нь харагдаж байна. 

Шүүгдэгч, гэрч В-н мэдүүлгүүд нь Б.А-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхэд эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, ялтанд ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасныг анхаарч үзэлгүй орхигдуулсан.

А нь бэртэлтэй байсан гараараа хүний амь насыг хохиртол нь цохьсон нь үнэн эсэх хэрвээ тийм бол биед нь учирсан тэр олон удаагийн гэмтлийг хэзээ хэрхэн авсан эсэх нь эргэлзээтэй байдаг.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Ц.Итгэл хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Хууль хяналтын байгууллага тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ А өмнө нь ял шийтгэл эдэлж байсан учраас гэсэн хандлагаар хандсан. Гэтэл шүүгдэгч А нь гэр бүлтэй, хэдийгээр ял шийтгэл эдэлж байсан ч амьдарлаа авч явж байсан хүн юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.В-гийн өмгөөлөгч А.Ганбат хэлсэн саналдаа “В нь энэ хэрэгт анх худлаа мэдүүлэг өгсөн нь үнэн. Харин сүүлд үнэнгээ мэдүүлж эхэлсэн болохоо өөрөө ч мэдүүлдэг. Тэнгис өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Б.А-, Н.В- нарт холбогдох хэрэг 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн. Тухайн хэрэг гарснаас хойш мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн. В.А-н гэм бурууг Н.В-гийн мэдүүлгээр нотлоогүй. Энэ талаар түүний өмгөөлөгч ташаа зүйл ярьж байна. Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн амины хэрэгт буруутгахдаа дан ганц Ванчинсүрэнгийн мэдүүлгээр буруутгасан зүйл байхгүй.

Шүүгдэгч Н.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч В.А-н үйлдэл нь дан ганц Н.В-гийн мэдүүлэг бус хэрэгт цугларсан бусад нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон.

Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.А-, Н.В- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А- нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн уурын зуухны ахуйн өрөөнд хохирогч С.Г-н нүүр рүү нь гараараа цохиж унагаан гавал тархины битүү гэмтэл учруулж санаатай алсан, Н.В- нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч бусдыг гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн талаар шалгавал зохих асуудлыг гүйцэд шалгаагүй, бүрэн дүүрэн хөдөлбөргүй, нотлогдоогүй байхад шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Гэтэл хэргийн бодит байдал буюу хохирогч С.Г-н амь насыг хэн хохироосон  болохыг хөдөлбөргүй тогтооход онцгой ач холбогдолтой байж болох нотлох баримтууд харилцан зөрүүтэй, цаг хугацааны явцад өөрчлөгдсөн байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, Б.А-ийг буруутгасан нотлох баримтыг түүвэрлэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь учир дутагдалтай болжээ.

Энэхүү хэргийн хувьд онцгой ач холбогдол бүхий мэдүүлэг өгч, хэргийн үйл баримтыг шууд гэрчилж буй Н.В-гийн мэдүүлэг яагаад хоорондоо эрс зөрүүтэй байгаа, энэ нь ямар хүчин зүйлстэй холбоотой байж болох, тухайн хувь хүний сэтгэцийн онцлогийг судалж, шинжлэх ухааны тусгай мэдлэг, арга хэрэгслээр дамжуулан мэдүүлж буй зүйлийн аль нь зөв болохыг тогтоох зэрэг ажиллагааг хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 766 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 714 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН