Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/MA2017/0493

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0493

Улаанбаатар хот

А.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/415 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор А.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/415 дугаар шийдвэрээр: “Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.3-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн № 20, 21 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий А.Эрдэнэсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр давж заалдах гомдолдоо: “Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 49 дүгээр зөрчлийг хэрэгсэхгүй болгосон магадлалыг үндэслэж 20 дугаар тогтоол гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, хууль дээдлэх, шударга ёсны зарчим”, 16 дугаар зүйлийн 9-д заасан “Иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх”, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4 дэх заалтыг зөрчсөн бөгөөд энэ хууль бус тогтоолд үндэслэн “Дахин сонгууль явуулах тухай” 22 дугаар тогтоолыг гаргасан нь төлөөлөгч А.Эрдэнэсайханы эрхийг ноцтой зөрчлөө.

 ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зарчим, мөн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасныг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан, зарчмын шинжтэй ололтоос ухарсан шийдвэр боллоо. ... Анхан шатны шүүхийн дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-28.1.6-д заасан заалтуудын алинд нь ч хамаарахгүй тул сонгуулийн байгууллага нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд хуулийн 28.1-д зааснаас бусад тохиолдолд заавал оролцоог нь хангаж, сонсох ажиллагаа явуулах ёстой. А.Эрдэнэсайханыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасуулах Монгол Ардын намын өргөдлийг шийдвэрлэхдээ оролцоог хангах ажиллагаа хийгээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 415 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Эрдэнэсайханаас “Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “А.Эрдэнэсайханыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 20, “Дахин сонгууль явуулах тухай” 21 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр магадлалаар нэр дэвшигч А.Эрдэнэсайханыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 /мөнгө, эд зүйл тараах/, 70.5.10 /сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, цалин хөлс, урамшуулал, тэтгэлэг олгох/-д заасан зөрчил гаргасныг тогтоожээ. Гагцхүү тэрээр захиргааны зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр захиргааны шийтгэлээс чөлөөлөгдсөн байна.

Анхан шатны шүүх захиргааны шийтгэл ногдуулахаас чөлөөлөгдсөн нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 /Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ/-т заасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл буюу Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэх үндэслэл болохгүй талаар зөв дүгнэлт хийжээ.

Нэр дэвшигч А.Эрдэнэсайханыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоохдоо түүнээс болон холбогдох этгээдүүдээс тайлбар авах, холбогдох нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллагааг явуулсан, улмаар тухайн асуудлыг эрүүгийн хэргийн шүүх хэлэлцэн сонгуулийн хууль зөрчсөнийг тогтоосон тохиолдолд нэр дэвшигч А.Эрдэнэсайханыг нэрийн жагсаалтаас хасахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 /Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ/-т заасан сонсох ажиллагааг заавал явуулаагүй гэж хариуцагч Баянзүрх дүүргийн сонгуулийн хороог буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч А.Эрдэнэсайхан Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь дээрх байдлаар тогтоогдсоныг үндэслэн түүнийг нэрийн жагсаалтаас хасч дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны шийдвэр Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 160 дугаар зүйлийн 160.4 /Төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгч нэр дэвшигчийнхээ хувьд нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явагдана/-д нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Д.БАТБААТАР