Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/00773

 

                                                                    Г.Алтантөгс, Г.Долгион нарын                                                                           нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6864 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 711 дүгээр магадлалтай,

Г.Алтантөгс, Г.Долгион нарын нэхэмжлэлтэй,

“Мэнд оршихуй” ХХК-д холбогдох           

            Түрээсийн гэрээний үүрэгт 13.840.750 төгрөг гаргуулах тухай үндсэн, талбайн түрээсийн болон халаалтын хөлсөнд илүү төлсөн 22.494.468 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Нэхэмжлэгч Г.Алтантөгс, Г.Долгион нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн        

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Алтантөгс, хариуцагчийн төлөөлөгч З.Байгаль, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

             Нэхэмжлэгч Г.Алтантөгс, Г.Долгион нарын нэхэмжлэл болон тайлбарт: “2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 49 дүгээр байрны 4 дүгээр давхрын 288 м.кв талбай бүхий өөрийн эзэмшлийн байрыг ажлын байрны зориулалтаар “Мэнд оршихуй” ХХК-д 1 сарын 3 500 000 төгрөгийн төлбөртэй ашиглуулах түрээсийн гэрээ байгуулсан. 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг 4 000 000 төгрөг болгож гэрээг шинэчилсэн. Түрээслэгч “Мэнд оршихуй” ХХК бидэнд мэдэгдэлгүй түрээсийн байрнаас өөрсдийн эд зүйлсийг авч байхад нь таарч байрыг 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээж авсан ба гэрээг урьдчилан мэдэгдэлгүй цуцалсан талаар гомдол санал гаргаагүй. “Мэнд оршихуй” ХХК нь түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлдөггүй, 2 cap 10 хоногийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 9 337 600 төгрөг байна. Түрээсийн байрыг хүлээн авахад түрээслэгч байрны эд зүйлсийг гамтай хэрэглээгүйгээс чанар байдлыг илт муутгаж, зарим зүйлсийг эвдэж, гэмтээж 2 279 150 төгрөгийн хохирол учруулсан. Иймд түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу 2014 оны 2, 3 дугаар саруудын түрээсийн төлбөр 8 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 10 хоногийн түрээсийн төлбөр 1 337 600 төгрөг, гэрээний 7.1-д зааснаар төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги 2 124 000 төгрөг, гэрээний 5.2-т зааснаар түрээслэгчийн буруу үйл ажиллагаанаас түрээсийн байранд учирсан хохирол 2 279 150 төгрөг, үнэлгээний компанийн ажлын хөлс 100 000 төгрөг, нийт 13.840.750 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Мэнд оршихуй” ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Г.Долгион, Г.Алтантөгс нартай түрээсийн гэрээ байгуулж “Зохиомж” дээд сургуулийн 4 дүгээр давхрын 13 өрөөг сарын 3.500.000 төгрөгөөр, ашиглалтын зардлыг өөрсдөө төлөхөөр тохиролцон түрээсэлсэн. Түрээсийн байранд анх ороход засвар хийсэн байсан бөгөөд дараа жилээс нь дээврээс дулаан алдаж, цас, бороо ороход ус гоожиж, халуун усгүй, байрны зүүн талын жигүүрт ус ирэхдээ муу, бохир үнэртэж, бөглөрөх зэрэг хүндрэлүүд гарч эмнэлгийн зориулалтаар ашиглах шаардлагыг хангахгүй байсан. Энэ талаар тухай бүрт нь албан бичгээр болон биеэр мэдэгдэж байнга үзүүлж, танилцуулж байсан бөгөөд “хавар, намраас дахин дээвэр болон давхар фасад хийж ирэх жилээс сайхан дулаан болгож өгье” гэдэг боловч засагдаагүй. Энэ байдал нь эмнэлэгт муугаар нөлөөлж өвчтөн хэвтэхгүй, хэвтсэн ч тух муутай, бүх өрөөнд тень тавьж өвлийг өнгөрөөсөн. Үүнээс болж төлбөрийг хугацаандаа өгөх боломжгүй байсан. Г.Долгион, Г.Алтантөгс нар бидний байдлыг ойлгож “2013 оны 12, 1, 2 нийт 3 сарын түрээсээс 600 000 төгрөгийг хасаж тооцьё” гэж байсан ч хасаагүй. Борооны ус хана дагаж гоожиж, гэрлийн монтаж руу ус орж, ариун цэврийн өрөөний болон зарим нэг өрөөний гэрлийг шатаах, хана таазны шохой, шавар нурж, хагарах зэрэг гэмтэл биднээс шалтгаалаагүй учир байрны гэмтэл, хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анх байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан, дахин гэрээ хийлгүй өөрсдийн байраа зарна гэж зар өгсөн байсан. 2014 оны 3 дугаар сард 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөрийг 4 000 000 төгрөг болгосон гэрээг ширээн дээр тавьсан байсан. Энэ гэрээг би Мэргэжлийн хяналтын газраас ажлын байрны дүгнэлт гаргуулах зорилгоор өөртөө ашиглахаар гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсныг Г.Алтантөгс надаас авч миний эсрэг хуулийн баримт болгон ашиглаж байна. Г.Алтантөгс “байрыг 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор сулласан байгаарай, дахин тайлбар сонсмооргүй байна” гэж утсаар хэлсэн учраас байрыг чөлөөлсөн. Г.Долгион өөрсдийн эзэмшлийн халаалт, ус, цахилгааны төлбөрийг манай эмнэлгээр 29 cap төлүүлж байсан. Бид 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 96 869 000 төгрөг Г.Долгион, Г.Алтантөгс нарт төлсөн талаар маргах зүйл алга, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

           Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Г.Долгион, Г.Алтантөгс нар бидэнд түрээсэлж байсан байраа 288 м.кв бүхий 14 өрөө гэдэг бөгөөд бид энэ хэмжээгээр түрээсийн төлбөр, халаалт, ус, цахилгаан, бохир усны төлбөр зэргийг төлсөөр ирсэн. Гэтэл дээрх объект 288 м.кв талбай бүхий 14 өрөө бус 229.186 м.кв талбай бүхий 13 өрөө гэдгийг мэдсэн. Иймд бид 13 өрөө бүхий 229.816 м.кв талбайтай гэх мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэвэл түрээсэлж байсан талбайн зөрүү 58.184 м.кв болж байна. Бид түрээсийн хугацаандаа гэрээний дагуу түрээсийн төлбөрт 21 211 515 төгрөгийг, халаалтын төлбөрт 1 282 953 төгрөгийг тус тус илүү төлсөн. Энэ тооцоонд бид хэрэглэсэн ус, цахилгааныхаа тооцоог оруулаагүй. Иймд Г.Долгион, Г.Алтантөгс нараас түрээсийн болон халаалтын төлбөрт илүү төлсөн төлбөр болох нийт 22 494 468 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Нэхэмжлэгч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: “Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээг байгуулах үед буюу 2011 оны 11 дүгээр сард бид түрээсийн гэрээний нөхцөл болон ашиглалтын зардлыг харилцан тохиролцсон бөгөөд гэрээг жил болгон сунгаж, сайжруулалт хийн тухай бүрт нь түрээслэгчид мэдэгдэж, харилцан тохиролцсон учраас 29 сарын турш түрээслэгч нь өөрийн хүсэлтээр гэрээг сунгаж, үргэлжлүүлэн өөрийн үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулж байсан. Түрээсийн гэрээнд төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв-аар болон өрөөний тооноос хамааруулж тогтоогоогүй, тухайн давхарт байрлах түрээслүүлэх талбайн хэмжээг түрээслэгчид тодорхой зааж харилцан тохиролцож, ойлголцсоны үндсэн дээр тэрхүү талбайг түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Тийм ч учраас гэрээнд түрээсийн төлбөрийг тухайн талбайнд зориулан тогтмол тогтоож, cap болгон төлж байхаар гэрээнд тусгасныг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр түрээслэгч үйл ажиллагаа явуулж ирсэн. Иймд “Мэнд оршихуй” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6864 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 298.2.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар “Мэнд оршихуй” ХХК-иас 13 840 750 төгрөгийг гаргуулах тухай Г.Долгион, Г.Алтантөгс нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Г.Долгион, Г.Алтантөгс нараас 1 282 953 төгрөгийг гаргуулж “Мэнд оршихуй” ХХК-д олгож, “Мэнд оршихуй” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээс 21 211 515 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Долгион, Г.Алтантөгс нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 290 төгрөгийг, “Мэнд оршихуй” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 422 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Г.Долгион, Г.Алтантөгс нараас 35 340 төгрөгийг гаргуулж “Мэнд оршихуй” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 711 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6864 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Г.Алтантөгс, Г.Долгион нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6864 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 1610 дугаар магадлалыг гаргасан болно. Магадлалыг танилцуулахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч байгууллагаас 2.279.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн талаар уншиж сонсгосон нь магадлал нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийг зөрчиж 1610 дугаар магадлалд энэ талаар огт дурдаагүй байсан тул Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатанд гомдол гаргасан боловч Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 001/ХТ2016/00104 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож байгаа тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасан болно. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 711 дүгээр магадлал гаргасан бөгөөд магадлалыг эс зөвшөөрч, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхэд дараах гомдол гаргаж байна. Үүнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлзэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэж байна. 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17700 дугаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн /хуучнаар/ шүүгчийн захирамжаар шинжээч томилж, шинжээчээс 3 асуулт тавьсан болно. Шинжээчид тавьсан 3 дахь асуулт буюу шүүгчийн 17700 дугаар захирамжийн 2.3-д “Обьектын дээврийн дулаан алдалт, цас, борооны усны гоожилт байгаа эсэх, тийм бол хэдий үеэс эхэлсэн болох, хохирол учирч болох эсэхийг тодруулах, энэ обьектын 4 дүгээр давхарт /капитал/ засвар хийгдсэн эсэх, цэвэр, бохир ус, дулааны шугам, хэрэглэлийг сольсон эсэх, засварын чанар байдалд үнэлэлт өгөх” гэсэн асуултанд шинжээч “Дээврийн дулаалга хангалтгүйгээс өвлийн улиралд дээврийн хөндийд цантаж, цас хайлан хана дагаж урсдаг байна. 2011 онд байшингийн зохион байгуулалтыг өөрчилж засвар хийснээс хойш засвар хийгээгүй. Хийсэн засвар нь ашиглалтын хугацаанд элэгдэл үүссэн” гэж хариулж хэдий үеэс үүссэн болох, ямар хохирол учирч болох эсэх талаар огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-дэх заалт нь хэдий үеэс ашиглах боломжгүй болсон эсэхийг тогтоох шаардлагатай байсан бөгөөд шинжээч хэдий үеэс ашиглах боломжгүй болсон эсэхийг тогтоож өгөөгүй байхад гэрээ байгуулагдсан үеэс буюу шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцох нь хууль зүйн үндэслэлгүй байсан болно. Шүүх өөрийн захирамжаар шинжээчээс бүрэн хэмжээний дүгнэлт аваагүй байсан тул шүүх хуралдаанд оролцуулж дээрх обьектын дулаан алдалт, борооны ус гоожилт хэдий үеэс эхэлсэн эсэхийг мөн ямар хохирол учирч болох байсныг тодруулах шаардлагатай байсан бөгөөд дээрх дүгнэлт нь хэдий үеэс хэдий үеийг хамруулан дүгнэсэн эсэхийг тодруулсны эцэст буюу хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч тал дээрх байдлыг тодруулах нь зөв гэж үзэн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх оролцуулалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн заалтыг зөрчиж нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учруулсан. Хариуцагч тал болох “Мэнд оршихуй” ХХК нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсан шаардлагыг албан ёсоор нэхэмжлэгч талд тавиагүй бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тухайн байрыг хүлээлгэн өгч гэрээг дуусгавар болгосон учраас энэ хугацааны хөлсний төлбөрийг Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар 9.337.000 /есөн сая гурван зуун гучин долоон мянган/ төгрөгийг төлөх ёстой байтал төлөхгүйгээр шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Харин хариуцагч тал хүйтэн байгаа тул 2013 оны 1, 2, 12 саруудын түрээсийн төлбөрөөс хасч өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу түрээсийн төлбөрөөс нийт 600.000 төгрөг хасч өгч байсан болохоос биш Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсан шаардлагыг албан ёсоор тавьж байгаагүй болно. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6864 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 711 дүгээр магадлалыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 178.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Г.Долгион, Г.Алтантөгс нар хариуцагч “Мэнд оршихуй” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 2014 оны 2, 3 дугаар сарын 8 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 10 хүртэл 10 хоногийн 1 337 600 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 2 124 000 төгрөг, гэрээний 5.2-т зааснаар түрээсийн эд зүйлд учирсан хохирол 2 279 150 төгрөг, хөрөнгө үнэлгээний хөлс 100 000 төгрөг, нийт 13 840 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хариуцагч “Мэнд оршихуй” ХХК дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, түрээсийн байрыг эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар ашиглах боломжгүй, халуун хүйтэн ус хангалтгүй, дулаан алддаг, дээврээс ус гоождог доголдлууд байсан, сарын төлбөрийг 4 000 000 төгрөг болгосныг зөвшөөрөхгүй, алданги төлөхгүй гэж маргаж, гэрээнд зааснаас 58.184 м.кв талбай дутуу байснаас түрээсийн төлбөрт 21 211 515 төгрөг, халаалтын хөлс 1 282 953 төгрөг бүгд 22 494 468 төгрөг илүү төлөгдсөнийг буцаан гаргуулна гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч нар эс зөвшөөрчээ.

      Зохигчдын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 4 давхарт байршилтай 14 өрөөг, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар, нэг сарын 3 500 000 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулагджээ.

       Дээрх гэрээг 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан,  2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг шинэчлэхдээ 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 1 жилээр хугацааг сунгах, түрээсийн сарын төлбөрийг 4 000 000 төгрөг болгохоор өөрчилж, талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулсанд тооцогдоно, нэхэмжлэлийн шаардлагыг дээрх гэрээний нөхцөлөөр тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн боловч хариуцагч тал гэрээнд заасан хугацаанаас өмнө буюу 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн байрыг чөлөөлж, гэрээг дуусгавар болгосон шалтгаан, нөхцөлийг тодорхойлохдоо шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1 дахь заалтыг буруу хэрэглэж, “...хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон үйл баримт тогтоогдсон”  гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  үзлээ.

Хариуцагч “Мэнд оршихуй” ХХК нь 2014 оны 04 сарын 10-ны өдөр түрээсийн зүйл болох байрыг нэхэмжлэгч Г.Долгион, Г.Алтантөгс нарт суллан хүлээлгэж өгснөөр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болсон, “Мэнд оршихуй” ХХК нь түрээсийн гэрээний хугацаанд  нийт 101.614.666 төгрөг төлөхөөс нийт 96.269.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан түрээсийн төлбөр төлсөн баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул үлдэх 5 345 666  төгрөгөөс гэрээний хөнгөлөлт гэж үзсэн 600 000 төгрөгийг хасч, хариуцагч “Мэнд оршихуй” ХХК-иас 4 745 666  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт нийцнэ. Харин хугацаа хэтрүүлсний алданги 2 124 000 төгрөг, гэрээний 5.2-т зааснаар түрээсийн эд зүйлд учирсан хохирол 2 279 150 төгрөг, хөрөнгө үнэлгээний хөлс 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг зөв хэрэглэсэн байна.

         “Мэнд оршихуй” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний 1.1-д зааснаар түрээсийн зүйлийг “...12 дугаар хороолол, 49 дүгээр барилгын 4 давхрын 14 өрөө бүхий байр”, 3.1-д “...гэрээний зүйл болох байрыг дагалдах эд зүйлийн хамт эзэмшиж ашигласны эцэст нэг сарын төлбөр 3 500 000 төгрөг...” гэж, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний 1.1-д “...4 дүгээр давхрын хэсэгт байрлах 288 м.кв талбай бүхий байр”, 3.1-д “... нэг сарын төлбөр нь 4 000 000 төгрөг...” гэж тус тус тохирсон байна. Үүнийг түрээсийн төлбөрийг тухайн байрны талбайн хэмжээ болон өрөөний тоонд ногдох хэсэгт хамааруулж тогтоосон гэж үзэхгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй тул илүү төлсөн гэж тооцон нэхэмжилсэн 21 211 515 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

         Харин түрээслүүлэгч нарын эзэмшиж байсан нэг өрөөний ашиглалтын зардал нь хариуцагчийн төлбөр төлөх үүрэгт хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэлээс 1 282 953 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Г.Алтантөгс, Г.Долгион нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 711 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6864 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар “Мэнд оршихуй” ХХК-иас 4.745.666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Алтантөгс, Г.Долгион нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  9 095 084 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “ ... Г.Долгион, Г.Алтантөгс нараас 35.340 төгрөг гаргуулж “Мэнд оршихуй” ХХК-д олгосугай.” гэсний дараа “... “Мэнд оршихуй” ХХК-иас 90.881 төгрөгийг гаргуулж Г.Долгион, Г.Алтантөгс нарт олгосугай” гэж нэмэлт оруулж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.Долгионы хяналтын журмаар гомдол гаргахдаа 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.500 /хоёр зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Х.СОНИНБАЯР

                                                  ШҮҮГЧ                                               Д.ЦОЛМОН