Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/00345

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 17 өдөр                       Дугаар 183/ШШ2024/00345                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 4 дүгээр баг, Хүрэнбулаг 00, 0 дүгээр байр, 00 тоотод оршин суух, Б овогт П.О (РД:00000000)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, стадион оргил Махатма ганди гудамж-00, Романа резидэнс 00 дугаар давхар, Жигүүр гранд групп оффисын төв байранд байрлах, Жигүүр гранд групп ХХК (РД:000000)-д холбогдох,

 Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 000 дүгээр байрны 0 дугаар давхарт байрлах 000 м.кв талбай бүхий 000 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгах,

П.О болон “Жигүүр гранд групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000000 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох,

Уг гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10%-аар тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

Гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 89,625,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 Нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Жигүүр гранд групп ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 000 дүгээр байрны 0 дугаар давхарт байрлах 000 м.кв талбай бүхий 000 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, П.О0г болон “Жигүүр гранд групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000000 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10%-аар тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 89,625,600 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1.“Жигүүр гранд групп ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000000 тоот барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Парк од молл худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах 000 м.кв талбай бүхий 000 тоот үйлчилгээний талбайг 179,251,200 төгрөгөөр захиалсан. Уг гэрээг хадам ээж болох Д.Б-ас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн байгуулсан. Уг гэрээний 3.1-д зааснаар “Жигүүр гранд групп” ХХК нь үйлчилгээний талбайг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан захиалагч талд хүлээлгэн өгөх боловч 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, 20 сар 28 хоног буюу 636 хоногийн хугацаа хэтрүүлэн хүлээлгэж өгсөн. Одоог хүртэл өмчлөх эрхийг шилжүүлээгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

1.2.Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3.4-т “Гэрээний 3.1-д заасан хугацааг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулж болохгүй. Хугацаа хойшилсон тохиолдолд 4 дэх сараас эхлэн гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10%-аар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх алдангийг тооцож захиалагчид төлнө” гэж заасан. “Жигүүр гранд групп” ХХК нь дээрх нөхцөл бүхий гэрээг бусад захиалагч нартай ижил байгуулж байгаа, өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн тул би санал болгосон гэрээний нөхцөлийг бүхэлд нь зөвшөөрөхөөс өөр сонголтгүй байсан. Энэ нь захиалагч талд илт хохиролтой бөгөөд шударга бус юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр заасан байхад гэрээний талуудын алданги тооцох үнийн дүнг захиалагч талд хохиролтой байдлаар тусгасан. Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний 3.4 дэх заалтын дээрх нөхцөлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.

1.3.Дээр дурдсанаар гэрээний стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам алданги тооцвол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 639 хоногийн алданги 114,541,516.8 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцвол 89,625,600 төгрөг гэж тодорхойлжээ.

 2.Хариуцагч Жигүүр гранд групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэгдүгээрт өмчлөгчөөр тогтоолгох гэж байна. Манайх анх н.Б гэх хүнтэй гэрээ хийсэн харин П.О гэх хүнтэй захиалгын гэрээ хийгээгүй. Энэ нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 00000 дугаартай барилгад хөрөнгө оруулах гэрээг н.Б-тай хийсэн. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн, 26 дугаар хороонд байрлах Парк од, үйлчилгээний зориулалтай, 00 дүгээр блок, /хаягаараа/ 0 давхрын 000 тоот /гэрээнд 3 давхрын 19/ гэрээ хийсэн. Энэ нь 00 м.кв талбайг захиалан бариулах. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр захиалагч төлбөрөө бүрэн барагдуулна. Бид нар тогтсон хугацаандаа ажлаа гүйцэтгээд явах тохироотой хийсэн. н.Б нь гэрээний 1.1-д зааснаар талбайн төлбөрт нийт 186,720,000 төлөх байсан. Үүнээс манай компани 7,468,800 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Ингээд 179,221,200 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Ингээд захиалагч маань 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 5 хувааж төлсөн. Нэгэнт төлбөр тооцооны үлдэгдэлгүй, гэрээний үүргээ биелүүлсэн учраас эхний шаардлага буюу өмчлөгчөөр тогтоолгоход гүйцэтгэгчийн хувьд татгалзах зүйл байхгүй.

2.2.Бид нарын хувьд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад ганцхан банкны барьцаа чөлөөлсөн бичиг дутуу байсан. Банкны хувьд манайхтай маргаантай учраас уг бичгийг хийж өгөхгүй гэдэг хатуу байр суурь дээр байсан учраас бид нарт маш хэцүү байсан. Гэхдээ бид нар захиалагч нараа харилцагч гэсэн үүднээс гэрчилгээг гаргаж өгөх ямар боломж, гаргалгаа байгааг судлаад өөрсдөө зохион байгуулаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариуг хөөцөлдөж гаргасан. Энэ нь хэдийгээр барьцаатай байгаа боловч нэг талаараа урагшилсан. Нэгдүгээрт Ү дугаараа аваад өмчлөгчөөр баталгаажиж байгаа, хоёрдугаарт барьцаатай ч гэсэн бусдад худалдах, захиран зарцуулах эрх нь нээгдэж байгаа. Хэрэв банк, бус санхүүгийн байгууллага зөвшөөрөхгүй бол давхар барьцаалах эрх нээгдэж байгаа гэх мэтчилэн захиалагч нараа аль болох чирэгдүүлэхгүйн тулд хичээж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Барьцаанаас чөлөөлсөн бичгээс бусад бүх бичиг баримтыг манайхаас гаргуулахад чөлөөтэй, шууд авч болно. Ганцхан барьцаа чөлөөлсөн бичгийг бид нар авч чадахгүй байгаа. Өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг зөвшөөрч байна. Гэхдээ хаалтад дотор барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн бичиг гэсэн үүнээс бусад баримтыг гаргаж өгье харин барьцаа чөлөөлсөн бичгийг гаргаж өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.3.Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэгдүгээрт уг гэрээг барилга, хөрөнгө оруулалтын гэрээг стандарт нөхцөлтэй гэрээ болохыг тогтоолгох шаардлага байсан. Үүнийг манайх зөвшөөрөхгүй яагаад гэвэл гэрээний нөхцөлтэй ирж танилцаад, хүлээн зөвшөөрч болно гэсний үндсэн дээр захиалагч маань гарын үсэг зурсан байгаа. Түүнээс бид нар зур гэж хүчилж зуруулаагүй. Манайх ийм ийм нөхцөлтэй байна, та яах вэ? гэсэн танилцаад хүлээн зөвшөөрөөд тохироод гарын зурсан учир одоо нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2.4.Гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрт 4 дэх сараас эхлэн 10 хувиар тооцож гэснийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч П.О гэх хүн 2023 оны 6 сард авсан гэж байна. Уг харилцаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд гүйцэтгэх харилцаа биш худалдах, худалдан авах харилцаа үүссэн. Яагаад гэвэл бүх баримтаа бэлэн болгосон талбайг бэлэн болсон хойно нь ирж үзсэн. Тийм учир худалдах, худалдан авах харилцаа, ажил гүйцэтгэх харилцаа эрх зүйн хувьд хоёр өөр юм. Тийм учраас ингэх байсан, тэгэх байсан гэдгийг нэхэмжлэгч гаргах эрх зүйн үндэслэлгүй байгаа юм. Хэрэв гаргадаг юм бол н.Б гаргах байсан. Мөн хугацааны асуудал дээр барилгын том төсөл хэрэгжүүлж байгаа үед нааш, цааш хэдэн сар байдаг. Энэ нь гадаадаас бараа татан авах, тээвэр, гааль, туслан гүйцэтгэгч, валютын үнэ, ханш өсөлт гээд олон хүчин зүйл байдаг учраас анхнаасаа бид нар наашаа, цаашаа 3 сарын хугацаа байгаа. Харин 4 дэх сараас бид нар алданги төлье гэдгээ гэрээнийхээ заалтад оруулж өгсөн. Гэрээний 3.1, 3.4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгнө, цаад хугацаа нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгөх ёстой байсан. Гэтэл 2020 онд цар тахлын үе байсан. Гэрээний 6.3 дахь хэсэгт ажил гүйцэтгэх үед янз бүрийн хорио цээр, өвчин зовлон таарвал сунгагдана гэсэн заалт бий. Иймд бид хугацаа хоцорч өглөө гэдэг тайлбарыг зөвшөөрөхгүй. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэхэд комисст өгөхөд бэлэн болсон.

2.5.Нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 11 дүгээр сарын 23, 2019 оны 03 дугаар сарын 31, 2019 оны 06 дугаар сарын 30 өдөр хугацаандаа төлсөн. Сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл 22,406,404 төгрөгийг төлнө гэж заасан. Гэтэл сүүлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн. Иймд төлбөрөө төлөөгүй, гэрээгээ дүгнээгүй үлдэгдэлтэй байж алданги нэхэмжилж болохгүй. Харин манайх эсрэгээрээ алданги тооцох байсан. Гэвч манайх огт алданги яриагүй. Хэрэв гэрээний 2.2-д төлбөрөө графикийн дагуу хугацаандаа төлөөгүй бол төлөх ёстой төлбөрийн 0,1 хувиар захиалагч алданги төлөх заалт бий.  Үүний дагуу бид бодсон бол 243 хоног хэтрүүлсний алданги 5,444,7565 төгрөгийг төлөх ёстой байсан. Ийм учраас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн гэрээний 2.9 дахь хэсэгт захиалагч энэхүү гэрээний 2.1-д заасан график төлбөрөө хугацаа хожимдуулж төлж байсан, хөнгөлөлт авсан, бартераар авч байсан тохиолдолд орон сууц ашиглалтад орох хугацаанаас хоцорсон талаар алданги, торгууль төлөхгүй гэдгийг анхнаасаа тохирсон гэв.

3.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт П.О иргэний үнэмлэхийн хуулбар, П.О болон “Жигүүр гранд групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000000 дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төлбөрийн тооцоо” гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Б болон “Жигүүр гранд групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0000000 дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “төлбөрийн тооцоо” гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Худалдаа үйлчилгээний талбай хүлээлцэх акт” гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Гранд Грэйн” ХХК болон Д.Б нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Хөрөнгийн менежментийн үйлчилгээний гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагчаас хавтаст хэрэгт Худалдаа хөгжлийн банк болон “Жигүүр гранд групп” ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2021/00000 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 000000 дугаар “Хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 11 дүгээр сарыг 03-ны өдрийн 000000 дугаар дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, худалдаа үйлчилгээний талбай хүлээлцэх актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч П.О нь хариуцагч “Жигүүр гранд групп” ХХК-нд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 00 дүгээр байрны 0 дугаар давхарт байрлах 000 м.кв талбай бүхий 00 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, П.О болон “Жигүүр гранд групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00000 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10%-аар тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 89,625,600 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Жигүүр гранд групп ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000000 тоот барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Парк од молл худалдааны төвийн 0 дугаар давхарт байрлах 000 м.кв талбай бүхий 000 тоот үйлчилгээний талбайг 179,251,200 төгрөгөөр захиалж, үйлчилгээний талбайг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээж авсан боловч одоог хүртэл өмчлөх эрхийг шилжүүлээгүй, гэрээний 3.4 дэх заалт нь захиалагч талд илт хохиролтой бөгөөд шударга бус, гэрээний талуудын алданги тооцох үнийн дүнг захиалагч талд хохиролтой байдлаар тусгасан тул дээрх нөхцөлүүдийг хүчин төгөлдөр бус. Гэрээний зүйлийг хугацаа хэтрүүлж хүлээлгэж өгсөн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 639 хоногийн алданги 114,541,516.8 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцвол 89,625,600 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 3.Хариуцагч Жигүүр гранд групп ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийн хувьд Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлөх тухай баримт бичгээс бусад баримт бичгийг гаргаж өгөх боломжтой. Харин гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн “...4 дэх сараас эхлэн ..., 10%ар тооцно... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд захиалагч тухайн үедээ өөрөө гэрээний нөхцөлтэй танилцаад, гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжтой байсан тул хүлээн зөвшөөрөхгүй мөн алданги гаргуулах шаардлагын хувьд сүүлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, гэрээний 2.9 дэх хэсэгт захиалагч энэхүү гэрээний 2.1-д заасан график төлбөрөө хугацаа хожимдуулж төлж байсан, хөнгөлөлт авсан тохиолдолд орон сууц ашиглалтад орох хугацаанаас хоцорсон талаар алданги, торгууль төлөхгүй гэдгийг анхнаасаа тохирсон тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Иргэн Д овогтой Б болон “Жигүүр гранд групп ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 00000 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Park-Odүйлчилгээний зориулалттай барилгад “0 дугаар давхар, 00 тоот, 0 м.кв,00 үйлчилгээний зориулалттай талбайд 1 м.кв талбайг 4,800,000 төгрөгөөр үнэлж, нийт 186,720,000 төгрөг, үүнээс 4 хувийн хөнгөлөлт болох 7,468,800 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, 179,251,200 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, уг хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 50 хувь болох 89,625,600 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 23, 12.5 хувь болох 22,406,400 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 30, 12.5 хувь болох 22,406,400 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 30, 12.5 хувь болох 22,406,400 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 30, 12.5 хувь болох 22,406,400 төгрөгийг түлхүүр гардан авах үед тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

4.2.Дээрх гэрээний дагуу 89,625,600 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 23, 12.5 хувь болох 22,406,400 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 30, 12.5 хувь болох 22,406,400 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 28, 12.5 хувь болох 22,406,400 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 30, 12.5 хувь болох 22,406,400 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус тус төлж барагдуулсан байна.

4.3.Нэхэмжлэгч П.О нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ”-ний дагуу Д.Бүжинлхамаас дээр дурдсан Д.Бүжинлхам болон “Жигүүр гранд групп ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан 00000 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний захиалагчийн эрхийг 186,720,000 төгрөгөөр шилжүүлэн авч, энэ талаар хариуцагч Жигүүр гранд групп ХХК-нд хүсэлт гаргаж, 2018 оны 12 дүгээр сарын 22-ны өдрийн огноо бүхий 000000 дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-г дахин байгуулсан байна.

4.4.Иргэн Д.Б болон “Жигүүр гранд групп ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан 000000 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”, П.О болон “Жигүүр гранд групп ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 12 дүгээр сарын 22-ны өдрийн огноо бүхий 000000 дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” тус бүрийн 3.4 дэх заалтад “Гэрээний 3.1-д заасан хугацааг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулж болохгүй. Хугацаа хойшилсон тохиолдолд 4 дэх сараас эхлэн Гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10%-иас хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх алдангийг тооцож Захиалагчид төлнө” гэж заажээ.

4.5.П.Онь “Жигүүр гранд групп ХХК-тай 2018 оны 12 дүгээр сарын 22-ны өдрийн огноо бүхий 0000000 дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-г байгуулах үед тухайн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 6 давхар үйлчилгээ, 2 давхар зоорьт байрлах 311 автомашины зогсоол хүчин чадал бүхий үйлчилгээ, автозогсоолын зориулалттай барилга, байгууламж нь 2020 оны 11 дүгээр сарын 03ы өдөр ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан.

4.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бусад захиалагч нартай байгуулсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-үүд нь П.Оюунбилэгтэй байгуулсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний нөхцөлтэй ижилхэн, маргахгүй гэж тайлбарласан.

 5.Нэхэмжлэгч П.О нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ”-ний дагуу Д.Б болон “Жигүүр гранд групп ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан 000000 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний захиалагчийн эрхийг Д.Б 186,720,000 төгрөгөөр шилжүүлэн авч, энэ талаар хариуцагч Жигүүр гранд групп ХХК-нд хүсэлт гаргаж, 2018 оны 12 дүгээр сарын 22-ны өдрийн огноо бүхий 00000 дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-г дахин байгуулсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж заасанд нийцсэн бөгөөд мөн зүйлийн 123.6 дахь хэсэгт “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж заасны дагуу уг гэрээтэй холбоотой “Жигүүр гранд групп” ХХК-нд шаардлага гаргах эрхтэй байна.

6.Өөрөөр хэлбэл, Д.Б захиалагчийн эрх П.Огт шилжсэнээр тэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардлага гаргах эрхтэй.

7.Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар болон гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг хүлээн авч, түүнийг эзэмшиж ашиглаж байгаа талаар маргаагүй хэдий ч хариуцагч Жигүүр гранд групп ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн, өөрт давуу байдал олгосон гэрээний заалтаар гэрээг байгуулсан гэж маргаж байна.

8.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.О нь хүсэл зоригийн дагуу тухайн үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор мэдэлдээ авч Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 000 дүгээр байрны 3 дугаар давхарт байрлах 00м.кв талбай бүхий 000 тоот үйлчилгээний талбайг өмчлөх эрхтэй этгээд болсон байна.

 9.Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0000 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичигт ...Дээрх бүхэлдээ барьцааны эрх нээлттэй байгаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол, Нийслэлийн хүрээ өргөн чөлөө гудамж, 751, 752, 753, 754, 756, 757, 759 хаягт байрлах, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэсэгчлэн захиалагч, хөрөнгө оруулагч, худалдан авагчдын өмчлөлд шилжүүлэн бүртгэх нь зүйтэй байх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу захиалан бариулсан, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нотлох баримт, зураг төсөл, гэрэл зураг, эрх бүхий байгууллагаас олгосон хаяг, орон сууц үл хөдлөх эд хөрөнгө захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсарган Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүлнэ үү гэжээ.

10.Дээрхээс дүгнэхэд хариуцагч Жигүүр гранд групп ХХК нь нэхэмжлэгч П.О гэрээгээр авсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 000 дүгээр байрны 0 дугаар давхарт байрлах 000 м.кв талбай бүхий 000 тоот үйлчилгээний талбайтай барилгыг бүхэлд нь Худалдаа хөгжлийн банк ХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч нь тухайн барьцаа хөрөнгөд ноогдох зээлийн төлбөрийг төлснөөр дээрх барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх үндэслэлтэй юм.

Тодруулбал, шүүх дээрх шаардлагыг хангаснаар 2019 оны 06 дугаар сарын 13ы өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээ”-ний хүчин төгөлдөр байдалд болон гэрээний талуудын эрх, ашигт сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй болно.

11.Иймд “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 00 дүгээр байрны 0 дугаар давхарт байрлах 000 м.кв талбай бүхий 000 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

12.Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж зааснаар П.Оюунбилэг, “Жигүүр гранд групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 12 дүгээр сарын 22-ны өдрийн огноо бүхий 181122 дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний 3.4 дэх заалтын “...4 дэх сараас эхлэн..., 10%-аар тооцон...” гэх хэсэг нь хариуцагч “Жигүүр гранд групп” ХХК-аас санал болгосон, иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тодотгосон, байнга буюу “Жигүүр гранд групп” ХХК-тай барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулагч тус бүртэй байгуулагддаг байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон гэрээний стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлтэй байна.

 13.Түүнчлэн уг стандарт нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12-т “үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан” агуулгатай байх тул шүүх П.Оюунбилэг, “Жигүүр гранд групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 12 дүгээр сарын 22-ны өдрийн огноо бүхий 181122 дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний 3.4 дэх заалтын “...4 дэх сараас эхлэн..., 10%-аар тооцон...” гэх хэсэг нь хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл гэж үзлээ.

 14.Иймд нэхэмжлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181122/в дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-г стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, уг гэрээний 3.4 дэх заалтын “...4 дэх сараас эхлэн..., 10%-аар тооцон...” гэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 15.Харин гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 89,625,600 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

16.Учир нь П.О, “Жигүүр гранд групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 12 дүгээр сарын 22-ны өдрийн огноо бүхий 00000 дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний 2.9-д “Захиалагч нь гэрээний 2.1-д заагдсан графикт төлбөрөө хугацаа хэтрүүлэн төлж байсан, хөнгөлөлттэй нөхцөлөөр төлбөрийг төлсөн, бартерын гэрээ байгуулсан тохиолдолд Гүйцэтгэгч тал гэрээний 3.4-т заасан үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан байх бөгөөд Захиалагч буюу Д.Б нь хөнгөлөлттэй нөхцөлөөр төлбөрийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаангүй буюу нийт 186,720,000 төгрөгийн үнийн дүнгээс 4 хувийн буюу 7,468,800 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, үлдэх 179,251,200 төгрөгийг төлсөн байх тул гэрээний зүйлийг хугацаа хэтрүүлэн хүлээлгэж өгсний алдангийг нэхэмжлэгч П.О нь шаардах эрхгүй юм.

 17.Дээр дурдсан үндэслэлээр “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 759 дүгээр байрны 3 дугаар давхарт байрлах 00 м.кв талбай бүхий 000 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр П.О тогтоож, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, П.Оюунбилэг болон “Жигүүр гранд групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0000 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, уг гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10%-аар тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 89,625,600 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 18.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.6, 123.8, 343 дугаар зүйлийн 343.1, 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.2.12, П.О болон “Жигүүр гранд групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181122 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 2.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.О Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 759 дүгээр байрны 0 дугаар давхарт байрлах 000 м.кв талбай бүхий 000 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч “Жигүүр гранд групп” ХХК-д даалгаж, П.О болон “Жигүүр гранд групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0000 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, гэрээний 3.4 дэх заалтын 4 дэх сараас эхлэн..., 10%-аар тооцон... гэх стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 89,625,600 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,941,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жигүүр гранд групп ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,194,606 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.О олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Г.ТӨРБОЛД