| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/05202/И |
| Дугаар | 101/ШШ2024/01548 |
| Огноо | 2024-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2024/01548
2024 03 20 101/ШШ2024/01548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ХХК /РД:0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот /РД:0/-нд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,408,013.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Ж.Ж нар оролцов.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Т.Э нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийн зээл авч Iphone 13 Promax загварын гар утсыг I watch S7 загварын цагны хамт Ант онлайн молл дэлгүүрээс худалдан авсан байдаг.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч гэрээ байгуулсан өдрөөс өнөөдрийг хүртэл зээлэндээ нийт 1,433,010 төгрөг төлсөн ба 2022 оны 8 сард эргэн төлөлт хийснээ хойш өнөөдрийг хүртэл төлөлт огт хийгээгүй 341 хоног болсон байна.
Манай зүгээс удаа дараа холбогдсон боловч зээлээ төлөөгүй.
Иймд 2023 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,281,893.83 төгрөг, хүү 1,907,033 төгрөг, торгууль 219,087 төгрөг нийт 7,408,014 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс: 2022 оны 3 сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь, Т.Э гэх гарын үсэг бүхий Э Г ББСБ-нд гаргасан хүсэлт, бараа олгох зөвшөөрлийн хуудас, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Э Г ББСБ ХХК нь хариуцагч Т.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,408,013.96 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчид шүүхэд дуудах мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр албадан ирүүлэн захирамж гарган ирүүлж, нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гардуулж, эрх үүрэг тайлбарлан хэргийн материалтай танилцуулсан байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/21/0 дугаартай зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 5,281,893 төгрөг, зээлийн хүү 1,907,033 төгрөг, хүүгийн торгууль 219,087 төгрөг нийт 7,408,014 төгрөгийг гаргуулана гэж тодорхойлж байна.
Зохигчдын хооронд 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/21/0 тоот зээлийн гэрээ байгуулагдан 6,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээл төлөлтийн график зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-10 дугаар тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байна.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.
3.Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 5,281,893 төгрөг, хүүгийн төлбөрт 1,907,033 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 219,088 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,
Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгчид зээлийг олгосон байх бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү төлөх гэрээгээр тохиролцсон графикийг зөрчсөн, зээлийн гэрээний үүрэгт 1,433,010 төгрөг төлсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан үйл баримт тогтоогдож байна.
Мөн хариуцагчаас нэхэмжлэлийг гардаж аваад хуулийн хугацаанд хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуулийн зохицуулалттай байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч Т.Э-гээс зээлийн үлдэгдэл төлбөрт 5,281,893 төгрөг, зээлийн хүү 1,907,033 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 219,087 төгрөг, нийт 7,408,014 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Г ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч Т.Эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Эгээс 7,408,014 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Г ББСБ ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Т.Эгээс 133,478 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э Г ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА