| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/02024/И |
| Дугаар | 101/ШШ2023/04491 |
| Огноо | 2023-10-17 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2023/04491
2023 10 17 101/ШШ2023/04491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух бүртгэлтэй, тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******1/-т холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.******* /Ү№/,
Хариуцагч Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч М.*******ийн хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие М.******* нь анх 2010 оны сүүлээр Т.*******тэй танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болсон. Ингээд бид 2011 оны 6 сард нэг гэрт орж хамтын амьдралаа эхлүүлсэн.
Бидний дундаас 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү *******ийн Д, 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүү *******ийн Д нар төрсөн. Анх бид хоёр айл гэр болж хүүхдүүдээ төрөх үед миний бие хөдөө орон нутгийн харьяалалтай байсан тул тухайн үедээ хоорондоо ярилцаад хоёр хүүхдээ эхийнх нь нэрээр овоглосон юм.
Т.******* бид 2014 оны хавар хоорондоо таарамжгүй харилцаатай болж хамт амьдрах боломжгүй болж хоёр тийшээ болж салсан юм. Ийнхүү тусдаа амьдрахдаа хоёр хүүхдээ нэг нэгээр нь буюу том хүү У.Д миний асрамжинд, бага хүү У.Д ээжийнхээ асрамжинд үлдсэн.
Бид хүүхдүүдээ бодоод 2022 оны 11 сард буцаж хамт амьдарсан боловч бидний амьдралд хандах хандлага, хувь хүний үзэл бодол, өөрсдийн хувийн зан авир, харилцаа зэрэг зөрчлөөс болж 1 сар гаруй хугацаанд хамт амьдраад эргээд салсан.
Түүнээс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд эргэж хамт амьдраагүй, одоо буцаж хамт амьдрах боломжгүй болсон тул миний бие хүү У.Д, У.Д нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэл гаргасан юм.
Гэвч хүүхдүүдийнхээ саналыг хүндэтгэн үзээд энэхүү нэхэмжлэлийнхээ шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна.
Миний бие хүү У.Дыг өөрийн асрамжинд авч, хүү У.Дийг эхийнх нь асрамжинд байлгана, хүүдээ эхээс нь тэтгэлэг авахгүй, бага хүүдээ тэтгэлэг өгөхгүй. Харин бага хүүдээ хэрэгцээтэй боломжтой бүх зүйлээр нь туслаад явна. Хүүгээ дүү болон ээжтэйгээ уулзахад татгалзах зүйлгүй, харин бага хүүгээ ахтайгаа, аавтайгаа уулзахад татгалзахгүй байхыг хүсч байна.
Иймд дээрх байдлаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
2. Хариуцагч Т.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
Миний бие Т.******* нь 2010 онд М.*******той танилцаж, 2011 оны 6 сараас хамт амьдарсан. Бидний дундаас 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү У.Д, 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүү У.Д нар төрсөн. М.******* нь 2 хүүгийн минь эцэг мөн.
Би энэ хүнтэй амьдрах үед 4 настай охинтой байсан учир 2 хүүгээ өнчрүүлэхгүй гэхдээ түүний зан авирыг тэвчиж, олон удаа хөөгдөж байсан бөгөөд миний аав, ээж рүү золбин хүүхэдтэй хүүхнээ ав гээд залгаж дарамталдаг байсан. Ар гэрийнхэн маань ирж авдаг байсан боловч би 2 хүүхдээ бодоод буцаад гэртээ ирдэг байсан. Уг нь миний охиныг аав, ээж хоёр минь өсгөсөн.
2013 онд аав минь намайг байнга хөөгдөж ирээд, буцаад очих юм гээд гэр барьж өгөөд бид хамтдаа жил гаруй хугацаанд амьдарсан. Гэтэл гэрээ, хүүхэнтэйгээ ав гээд дүүтэйгээ өдөр шөнөгүй утсаар залгаад байхаар нь гэрээ буцааж авчраад өөрсдийн хашаандаа барьж өгөөд энд амьдар гэсэн боловч хамт амьдраагүй.
Бага хүү У.Д 1 нас арай хүрээгүй байхад 2014 оны 2 сарын сүүлд бид хоёрыг шөнө гэрээсээ хөөсөн тул аавынхаа гэрт алхаж ирсэн. Ингэж хөөгдсөнөөс хойш дахин эргэж очоогүй, түүнд цөхөртлөө гомдсон. Түүнээс хойш том хүүгээ өөрөө авах гэж их гуйсан, маш их доромжлуулсан. Энэ хугацаанд хүү маань зам тээврийн осолд орж, хагалгаанд орсон. Энэ хагалгаанаас өмнө 2 ч удаа хагалгаанд орсон байсан, ослын дараа хүүгээ асрах үед М.******* хэсэг хугацаанд хамт амьдарсан, гэвч тэрээр охиныг минь энд нь үлдээгээд, 4 үүлээ хамт амьдарна гэхэд нь зөвшөөрөөгүй. Том хүүгээ өөрийнхөө асрамжинд авмаар байгаа боловч хүүхдүүдийнхээ саналыг хүндэтгэж байна. Том хүүгээ дүүтэй нь хэд хоног цуг байлгая гэхээр өгдөггүй юм. Гэвч тэрээр одоо уулзуулна гэсэн тайлбар гаргаж байгаа юм байна, бага хүүг уулзуулахад татгалзах зүйлгүй боловч өөрөө ерөөсөө хүүгээ тоодоггүй юм.
Иймд М.*******ийн том хүү У.Дыг өөрийнхөө, бага хүү У.Дийг миний асрамжинд байлга гэдгийг зөвшөөрч байна. Том хүүдээ тэтгэлэг өгөхгүй, хэрэгцээтэй бүх зүйлийг нь авч өгч байна, бага хүү У.Дид эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1. нэхэмжлэгчээс ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүү У.Д, хүү У.Д нарын төрсний гэрчилгээний хуулбар, М.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын, болон Эрүүл оршихуй Өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмч нарын, Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн сургалтн менежерийн тодорхойлолтууд, М.******* болон өмгөөлөгч М.******* нарын хооронд 2023.03.14-ний өдөр байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчийн хүүхдүүдийн саналыг асуулгах хүсэлт /хх-ийн 2-9, 25-26, 32/,
3.2. хариуцагчаас ирүүлсэн: Т.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, Т.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, -ийн Бизнесийн сургуулийн 2023.05.11-ний өдрийн 8/145 дугаар тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11, 17-22/
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн хүү У.Д, хүү У.Д нарын саналыг асуусан тэмдэглэл /33-34/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Т.*******т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хүү У.Дыг өөрийн, хүү У.Дийг эхийн асрамжинд байлгах болгон өөрчилсөн, уг шаардлагын талаар хариуцагч маргаагүй.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. М.******* болон Т.******* нар 2009 онд танилцан, гэрлэлтээ бүртгүүлэлгүй 2010 оноос хамт амьдарсан, тэдний дундаас 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү У.Д, 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүү У.Д нар төрсөн, зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй тул хүүхдүүдийг эх Т.*******ээр овоглон төрсний гэрчилгээ авсан, хүүхэд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн №Г-1181, №Г- дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, болон Эрүүл оршихуй Өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4,7-9/
4. Зохигч нь хоорондын таарамжгүй байдлын улмаас 2014 оноос тусдаа амьдарсан, үүнээс хойших хугацаанд хүү У.Д нь эцэг М.*******ийн, хүү У.Д нь эх Т.*******ийн асрамжинд тус тус хамт амьдарч байгаа талаар тайлбарласан, үүнтэй талууд маргаагүй болно.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т:Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т:Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасны дагуу зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтад заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч М.*******ийн, хүү У.Дыг өөрийн асрамжинд, хүү У.Дийг эх Т.*******ийн асрамжинд байлгах шаардлагын талаар хариуцагч маргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-т:Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр хүү У.Д, хүү У.Д нарын саналыг өмгөөлөгч байлцуулан асуусан, энэ талаар тэмдэглэл үйлдсэн, хүүхдүүдийн асрамжийн талаар маргахгүй байгааг зохигч хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна. /хх-ийн 33-34/
6.1. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүү У.Дыг эцэг М.*******ийн, хүү У.Дийг эх Т.*******ийн асрамжинд тус тус байлгахаар шийдвэрлэв.
6.1.1. Хүүхдүүдийн асрамжийг дээр дурдсан байдлаар шийдвэрлэсэн нь тэдний эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах үндэслэл болохгүйгээс гадна хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлж буй үндэслэл биш бөгөөд энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эх харилцан бие биедээ саад болох учиргүй юм.
6.1.2. Зохигч нь тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдах нь зүйтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,
Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгох тул улсын тэмдэгтийн хураамжид илүү төлөгдсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан
2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү У.Дыг нэхэмжлэгч М.*******ийн асрамжинд,
2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү У.Дийг хариуцагч Т.*******ийн асрамжинд тус тус үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т заасныг баримтлан хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч М.*******, хариуцагч Т.******* нар дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан бие биедээ саад учруулахгүй байхыг дурдсугай.
4. Зохигч нь хүү У.Д, хүү У.Д нарт тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, улсын орлогоос 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.*******ид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс үлдэх 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ