Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0597

 

2023 07 21 128/ШШ2023/0597

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц******* А******* /РД: ШБ7*******/,

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.А*******ийн шилжин ажиллах хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан болон тогтоол гаргаагүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. Нэхэмжлэгч Ц.А******* нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгчээр ажилладаг байх ба Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ажиллах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргажээ.

2.2. Тус хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дэмжихээс татгалзсан шийдвэрийг хуралдааны тэмдэглэлээр гаргасныг нэхэмжлэгч Ц.А*******ээс эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

3. Процессын түүх:

3.1. Нэхэмжлэгч Ц.А*******ээс шүүхэд анх Шүүгч Ц.А*******ийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас адил шатны дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээс татгалзсан Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас адил шатны дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхтэй холбоотой тогтоолыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргаагүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, ахин хуралдаж, саналыг илээр хурааж, үндэслэл бүхий шийдвэр гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах гэж,

3.3. Мөн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.А*******ийн шилжин ажиллах хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан болон тогтоол гаргаагүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах гэж эцсийн байдлаар өөрчилсөн.

4. Нэхэмжлэгч Ц.А******* нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. Ц.А******* миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр томилогдон нийт 3 жил, 9 сар шүүгч, ерөнхий шүүгчээр ажилласан.

4.2. Манайх ам бүл 6-уулаа, нөхөр 4 хүүхэд маань Улаанбаатар хотод, би ганцаараа Сэлэнгэ аймагт 2 тусдаа 3 жил, 9 сар ажиллаж амьдарч байна. Миний бие гэр бүлийн хамт амьдрах зайлшгүй шаардлагын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн томилуулахаар хүсэлт гаргасан боловч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 8 удаагийн татгалзсан хариу авсан.

4.3. Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд шүүгчийн өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн орон тоо дутуу байгаа адил шатны шүүхэд, адил шатны шүүхэд орон тоо байхгүй бол доод шатны шүүхэд шилжүүлэн томилж болно" гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шилжүүлэн томилуулах асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

4.4. Учир нь дээрх зүйл, заалт нь шүүгчийн хараат бус байдал, түүний баталгааг хангах бүлэгт хамаарч байгаа зохицуулалт бөгөөд шилжүүлэн томилуулах эрхийг нь хязгаарласан зохицуулалт биш юм. Өмнө үйлчилж байсан 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.7 "шүүхийг татан буулгах, эсхүл өөрчлөн зохион байгуулахтай холбогдуулан өөр шүүхэд шилжүүлэхээс шүүгч өөрөө татгалзсан, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.3 дахь хэсэгт: "өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр албан тушаалд болон өөр шүүхэд шилжүүлэхийг хориглох" гэсэн зохицуулалтаас үзвэл, шүүгчийг шилжүүлэх гэсэн ойлголт нь тухайн шүүгчийн албан тушаалыг нь бус харин харьяалагдан ажиллаж байгаа шүүхийг нь өөрчлөх явдал гэж тодорхойлж болохоор байна.

4.5. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно., Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй, 44.3 Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно, 44.5 Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн 44.5 ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална.

4.6. Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 6-д: "...албан хаагч зөвшөөрсөн... " гэдгийг сэлгэн ажиллуулахын өмнө төрийн албан хаагчийн зөвшөөрлийг авсан байх гэсэн нөхцөлийг хэрэглэхтэй холбоотойгоор тайлбарласныг дурдах нь зүйтэй. Энд зааснаар албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүй, төрийн албан хаагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгох бөгөөд зөвшөөрөл нь бичгийн хэлбэртэй байна" гэж дэлгэрүүлэн тайлбарлажээ.

4.7. Өмнөх хуулийг хүчин төгөлдөр үйлчилж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Дээд Шүүхээс 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 6-д: "...сэлгэн ажиллуулж..." гэдгийг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасантай адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлж томилох гэж ойлгоно" гэж тайлбарлажээ. Ийнхүү Улсын Дээд Шүүх "сэлгэн ажиллуулах" болон "шилжүүлж томилох" гэсэн ойлголтуудыг Ижил утгатай нэг ойлголт тайлбарласан байна.

4.8. Шүүгч нь Монгол Улсын иргэн, төрийн тусгай албан хаагч тул Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хуулийг чандлан сахиж, ёсчлон биелүүлж, төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан, гагцхүү хуульд захирагдан ажилладаг.

4.9. Харин одоо үйлчилж буй хуулиар шүүгч аль нэг шүүхэд томилогдсон бол адил шатны өөр шүүх рүү шилжин ажиллах ямар ч боломжгүй болсон мэтээр Шүүхийн ерөнхий зөвлөл тайлбарлаж бидний эрхийг хязгаарлаж байгаа нь буруу байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн албан тушаал хашсаны төлөө өөр адил түвшний шүүхэд шилжин ажиллах боломжгүй болсон байна. Шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд л шилжүүлэн томилуулах санал гаргахаар хуульчилсан байна. Энэхүү тохиолдол нь Шүүх байгуулах тухай хууль шинэчлэгдсэн тохиолдолд хэрэгжинэ.

4.10. Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-т "Шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд шүүгчийн өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн орон тоо дутуу байгаа адил шатны шүүхэд, адил шатны шүүхэд орон тоо байхгүй бол доод шатны шүүхэд шилжүүлэн томилж болно" гэсэн шүүгчийн хараат бус байдлыг хангах баталгаа болсон зүйл, заалтыг буруу тайлбарлан ойлгон хэрэглэж, шүүгчийн шилжин ажиллаж эрхийг хязгаарлаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж шүүгч Ц.А*******ийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас Улаанбаатар хот дахь адил шатны дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох асуудлыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээс татгалзсан Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

4.11. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-т "Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байх бөгөөд хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна" гэхээр хуралдаанаас заавал Тогтоол гаргах ёстой байна. Мөн зүйлийн 79.2-т "...гишүүдийн олонхын ирцтэйгээр асуудлыг хэлэлцэн ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэнэ" гэжээ. Хуралдааны тухайн өдрийн тэмдэглэлээс үзэхэд хэн ямар саналтай байсан нь мэдэгдэхгүй байх бөгөөд санал хураалт илээр явуулсан эсэхэд эргэлзээ төрж байна.

4.12. Мөн зүйлийн 79.5.-т "Ерөнхий зөвлөлийн дарга гарын үсэг зурж, тамга дарснаар энэ хуулийн 79 1-д заасан тогтоол хүчин төгөлдөр болно" гэжээ. Тэгэхээр хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг надад танилцуулсан байна. Мөн зүйлийн 79.6.-д "Ерөнхий зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана" гэжээ. Ерөнхий зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрсөн аливаа этгээд нь шүүхэд хандаж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх боломжтой байхаар хууль тогтоогч тогтоосон байна. Гэтэл тогтоол гаргахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн маргах боломжийг зориуд санаатайгаар хязгаарлаж байна.

4.13. Шүүгчийн хараат бус, халдашгүй байдлын үндсэн зарчмаас хамааран шүүгчийн хувийн буюу иргэний эрхэд зохих хязгаарлалтыг хуулиар тогтоож болдог ба Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1.-д "улс төрийн намд харьяалагдах", 53.1.2.-т "улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллага болон иргэдэд улс төр, шашны асуудлаар байр сууриа илэрхийлэх", 53.1.3.-т Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан дээрхээс бусад эрхийг баталгаатай эдлэх эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т "төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй хэмээн заасан.

4.14. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д "өргөдөл" гэж ... төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно" гэжээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжин ажиллах хүсэлтээ захиргааны байгууллагад гаргасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1.-д "Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:", 3/өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх" хэмээн заасан. Гэтэл өргөдөлд дурдсан асуудал бүрийг хянан үзээгүй гэдэг нь хуралдааны тэмдэглэл болон шүүхэд гаргасан хариу тайлбараас харагдаж байна. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хууль болон мөн хуульд заасан үндэслэл бүхий хариу өгөх үүргээ захиргаа биелүүлсэнгүй.

4.15. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-т "Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байх бөгөөд хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна." гэжээ. Тэгэхээр хуралдаанаас гаргасан шийдвэрийг албажуулж байгаа баримт бичиг нь тогтоол тул тогтоол гаргахаас татгалзаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус болно.

4.16. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-т заасан зохицуулалт бол хууль тогтоох байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор захиргааны санаачилгаар шүүгчийг шилжүүлэх зохицуулалт болохоос шүүгч өөрийн хүсэлтээр шилжин ажиллах хүсэлтийг нь хязгаарласан хязгаарлалт хэмээн үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн хэсгээр шүүгчид иргэнийх нь хувьд олгогдсон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4/-т заасан "ажлаа чөлөөтэй сонгох", 18/-д заасан "түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхийг нь хязгаарлах боломжийг захиргаанд олгосон хязгаарлалт хэмээн ямар ч тохиолдолд үзэх боломжгүй юм.

4.17. Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн талаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.-т хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн", 70.2.-т "Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:, 70.2.2.-т шүүхийг хүний нөөцөөр хангах" хэмээн заасан шүүгчийн эрх ашгийг хамгаалаагүйгээс гадна шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан эс үйлдэхүйг захиргаа гаргасан хэмээн үзэж байна.

4.18. Хариу тайлбарт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад "хүний нөөцийн бүртгэл, судалгаа, төлөвлөлт, хуваарилалт, шүүхийн захиалга, судалгаанд үндэслэн шүүхийн хүний нөөцийн хөдөлгөөнийг удирдах" чиг үүргийг тус зөвлөл хэрэгжүүлэхээр хуульчлагдсан. Иймд нэхэмжлэгчийн шилжин ажиллах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар нэгэнт хэлэлцэж, шүүгчийг шилжин ажиллуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоол батлахаас татгалзаж шийдвэрлэсэн тул уг асуудлаар дахин хуралдаж шийдвэрлэх хуулийн боломжгүй бөгөөд энэ шийдвэрийн талаар нэхэмжлэгчид хариу мэдэгдсэнийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. Нэрлэн буй, хүний нөөцийн бүртгэл судалгаа төлөвлөлт хуваарилалт судалгаа огт байхгүй болох нь хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Тэгэхээр ямар ч судалгаагүйгээр буюу үндэслэлгүйгээр татгалзсан болохоо хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байна.

4.19. Хариу тайлбарт Дээр дурдсанчлан ШЕЗ хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүй байхгүй, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснээс гадна хуульд заасан үндэслэл бүрдээгүй тохиолдолд нэхэмжлэгчийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх хуулийн боломжгүй юм гэжээ. Хуулиар хүлээсэн үүргээ захиргаа биелүүлсэн бол Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3-ыг хэрэглэх боломж хариуцагчид байсан ч хэрэглээгүй тул нэхэмжлэгч нь шүүхэд хандаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэж байгаа болно.

4.20. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.А*******ийн шилжин ажиллах хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан болон тогтоол гаргаагүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.А******* нь Шүүхийн ерөнхий зөвлөлд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр "... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд шүүгчийн өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн орон тоо дутуу байгаа адил шатны эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлэн томилж өгөхийг хичээнгүйлэн хүсье... гэх утга бүхий хүсэлтийг гаргасан.

5.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйл, Тавин нэгдүгээр зүйлд тус тус зааснаар хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчийг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэнтэй ч үл хуваалцах чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах юм.

5.3. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хууль, түүнд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас эхлэн мөрдөж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйл, 72 дугаар зүйлийн 72.1.3 дахь заалтад зааснаар шүүгчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, санал уламжлах, өргөн мэдүүлэхтэй холбоотой чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Ц.А*******ийн хүсэлтийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, шилжүүлэн ажиллуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх хууль зүйн үндэслэл, нөхцөл бүрдээгүй тул шилжих хүсэлтийг дэмжээгүй татгалзаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/354 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдээлэл хүргүүлсэн.

5.4. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3 дахь заалтад "шүүгчийг томилуулах, шилжүүлэх, албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх" гэж заасан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан боловч тус заалтад заасан шилжүүлэх, тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх" чиг үүргээ мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн тохиолдолд шүүгчийн өөрийнх нь зөвшөөрлийн дагуу хэрэгжүүлэх зохицуулалттай бөгөөд энэхүү бүрэн эрх, чиг үүрэгт аливаа албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд хөндлөнгөөс оролцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй юм.

5.5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд: "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "Шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд шүүгчийн өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн орон тоо дутуу байгаа адил шатны шүүхэд, адил шатны шүүхэд орон тоо байхгүй бол доод шатны шүүхэд шилжүүлэн томилж болно" гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шилжүүлэн томилуулах асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байна." гэжээ.

5.6. Дээрх хуулийн заалтад заасан шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан гэх үндэслэл, нөхцөл нь Монгол Улсын Их хурлаас Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталж, шүүхийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тохиолдолд үүсэх юм. Харин тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд гэх нөхцөл нь Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 42 дугаар тогтоолоор баталсан шүүгчийн орон тооны хязгаарт өөрчлөлт орж тухайлсан нэг шүүхийн шүүгчийн орон тоог бууруулах, эсхүл тухайн тогтоолыг хүчингүй болгож, шүүх тус бүрийн орон тоог шинэчлэн баталснаас шалтгаалан аль нэг шүүхийн шүүгчийн орон тоог цөөрүүлж, шүүгчийн орон тоо хасагдсан байх нөхцөлийг ойлгохоор байна.

5.7. Шүүгчийн сул орон тоо гарсныг орон тоо цөөрсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тухайн орон тоо нь шинээр шүүгч томилогдсоноор нөхөгдөх боломжтой юм.

5.8. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 44.5 дахь хэсэгт заасныг иш татаж энэ агуулгаар шилжүүлэн томилуулах асуудлыг шийдвэрлэх боломжтой байдлаар тайлбарлан бичжээ. Шүүгч нь хэдийгээр Төрийн албаны тухай хуульд заасан төрийн тусгай албан хаагчийн ангилалд хамаарах боловч Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан болзол шаардлагыг хангаж, Шүүхийн тухай хуульд заасан журмын дагуу томилогддог тусгай субъект бөгөөд шүүгчийг сэлгэн, шилжүүлэн ажиллуулах, томилуулах, чөлөөлүүлэх саналыг өргөн мэдүүлэх асуудлыг тус хуулийн дагуу шийдвэрлэдэг.

5.9. Мөн хуулийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдал, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан бөгөөд шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдлыг гагцхүү энэ хуулиар тодорхойлох тул Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шүүгчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах асуудлыг шийдвэрлэх хуулийн боломжгүй юм.

5.10. Мөн нэхэмжлэгч Ц.А*******ийн гаргасан нэхэмжлэлээс үзвэл түүнийг адил шатны шүүхэд шилжүүлэн ажиллуулахаас татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох эсэх, эсхүл шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох эсэх, нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулахаас татгалзсан шийдвэрийн улмаас түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж хөндөгдсөн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

5.11. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т "Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байх бөгөөд хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна." гэжээ. Тэгэхээр хуралдаанаас заавал "Тогтоол" гарах ёстой байна." гэх үндэслэлийн тухайд, Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хуралдаан хийж, хэлэлцсэн асуудлаар гаргасан шийдвэр нь тогтоол хэлбэртэй байхаар хуульчлагдсан. Мөн зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар Ерөнхий зөвлөл хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоох юм. Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар тогтоолоор "Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг"-ийг баталсан байдаг. Тус дэгийн 3.11-т "хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар гаргах шийдвэр нь Ерөнхий зөвлөлийн тогтоол хэлбэртэй байна. Хуралдаанд танилцуулсан асуудлаар даалгавар, үүрэг, чиглэл өгөх тэмдэглэл гаргаж болно." гэж мөн дэгийн 3.12-т "хуралдаанаас тогтоол баталж гаргахаар шийдвэрлэсэн бол хуралдаан даргалагч тогтоолын төсөл уншиж сонсгон тогтоолын төслийн эцсийн найруулгыг санал хураалтаар батална." гэж тус тус заасан.

5.12. Дээрх заалтаас үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл тодорхой асуудлыг хэлэлцэж тогтоол батлах эсэхийг санал хураалтаар шийдвэрлэх бөгөөд тогтоол батлан гаргаагүй бол тодорхой асуудлаар тэмдэглэлд тусгуулж даалгавар, үүрэг, чиглэл өгөх боломжтой байна. Нэхэмжлэгч Ц.А*******ийн ирүүлсэн хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд тус хуралдааныг тус зөвлөлийн дарга Р.Онончимэг даргалж, тогтоолын төслийг уншиж сонсгосон байна.

5.13. Тогтоолын төслийн уншиж сонсгосон хэсгийн тэмдэглэлийн хэсгийг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан нотлох баримтаар өгсөн болно. Тогтоолын төслийг уншиж сонсгосны дараа шүүгч шилжүүлэн томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай тогтоолын төслийг батлахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад 2 гишүүн дэмжиж, 8 гишүүн татгалзсанаар уг тогтоол батлагдаагүй байна. Энэ тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.

5.14. Иймд дээрх нөхцөл байдлаас үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, тус хуульд заасны дагуу баталсан дэгийн дагуу тогтоол батлан гаргаагүй нь хууль зөрчөөгүй юм. 2.Мөн зүйлийн 79.2-т .... гишүүдийн олонхын ирцтэйгээр асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулж хуралдаанд оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэнэ" гэжээ.

5.15. Хуралдааны тухайн өдрийн тэмдэглэлээс үзэхэд хэн ямар ил саналтай байсан нь мэдэгдэхгүй байх бөгөөд санал хураалт илээр явуулсан эсэхэд эргэлзээ төрж байна. гэх үндэслэлийн тухайд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхой асуудал хэлэлцэж ил санал хураалт явуулж, олонхын саналаар шийдвэрлэхээр хуульчилсан. Мөн хуулийн 79.3 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 62 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн ерөнхий Зөвлөлийн хуралдааны дэгийн 3.9.4 дэх дэд заалтад хуралдаан даргалагч хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулна. Санал хураалтыг илээр явуулах бөгөөд гишүүд "зөвшөөрсөн, эсхүл "татгалзсан саналын аль нэгийг өгнө. ... гэж заасан.

5.16. Нэхэмжлэгчийн ирүүлсэн хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шилжүүлэн томилох саналыг МУ-ын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоолын төслийг батлах эсэх асуудлаар илээр санал хурааж гишүүдийн олонх дэмжээгүй тул тогтоол батлагдан гараагүй юм. Нэхэмжлэгч Ц.А*******ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу тус маргааныг хянан шийдвэрлэхэд түүний хүсэлтийн дагуу шийдвэрлэхийг дэмжсэн, эсхүл татгалзсан гишүүний нэр буюу хэн дэмжсэн нь ач холбогдолгүй бөгөөд тухайн хуралдааны ирц тэмдэглэлээс тодорхой харагдах юм. Иймд тус шаардлага үндэслэлгүй байна.

5.17. Мөн зүйлийн 79.5-т "Ерөнхий дарга гарын үсэг зурж тамга дарснаар энэ хуулийн 79.1-д заасан тогтоол хүчин төгөлдөр болно." гэжээ. Тэгэхээр хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг надад танилцуулсан байна гэх асуудлын тухайд, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгд зааснаар тухайн хэлэлцэж байгаа асуудлаар тогтоол батлах, эсхүл батлахаас татгалзах эрх тус зөвлөлийн гишүүний бүрэн эрхэд хамаарч байна.

5.18. Тогтоол батлагдан гараагүй талаар болон нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шилжүүлэхээс татгалзсан талаарх мэдээллийг хүсэлт гаргагчид хүргүүлэх нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны хийгээд нийт төрийн байгууллагын үүрэг юм. Иймд тус хуралдаанаар тогтоол батлахыг татгалзаж шийдвэрлэсэн талаар албан бичиг хүргүүлсэн нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг хүргүүлсэн гэж ойлгоно.

5.19. Мөн зүйлийн 79.6-д Ерөнхий зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана" гэжээ. Ерөнхий зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрсөн аливаа этгээд нь шүүхэд хандаж эрх хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх боломжтой байхаар хууль тогтоогч тогтоосон байна. Гэтэл тогтоол гаргахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй бөгөөд эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн маргах боломжийг зориуд санаатайгаар хязгаарлаж байна гэх үндэслэлийн тухайд,

5.20. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг нэхэмжлэгчид албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тус албан бичиг захиргааны байгууллагын шийдвэр тул Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн гэж үзэж байна. Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгд заасны дагуу хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэж, өөр шүүхэд шилжүүлэн томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоолыг батлахыг гишүүдийн олонх дэмжээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.А*******ийн шилжин ажиллах хүсэлтийг дэмжихээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ажиллах хүсэлтийг нь дахин хэлэлцэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэлээ.

2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь Сум Дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.А*******ийн гаргасан шилжин ажиллах хүсэлтийг хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхийг дэмжихээс татгалзсан шийдвэрийг гаргасан болох нь хуралдааны тэмдэглэлээс тогтоогдсон, энэ асуудлаар тухайлан тогтоол гаргаагүй байна.

3. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ц.А*******ээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шилжин ажиллах хүсэлтийг нь үндэслэлгүйгээр татгалзсан болон тогтоол гаргаагүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон ...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт нь хууль тогтоох байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор захиргааны санаачилгаар шүүгчийг шилжүүлэх зохицуулалт болохоос шүүгч өөрийн хүсэлтээр шилжин ажиллах хүсэлтийг шийдвэрлэх зохицуулалт биш, ... шүүгч нь төрийн тусгай албан хаагч учраас шилжүүлэх асуудлыг Төрийн албаны хуулийг хэрэглэн шийдвэрлэх боломжтой... гэсэн үндэслэлээр маргажээ.

4. Харин хариуцагчаас хүсэлтийг дэмжихээс татгалзсан үндэслэлээ шүүхэд:

4.1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зөвхөн шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд шүүгчийг шилжүүлэн томилохоор заасан бөгөөд хуульд заасан тохиолдол үүсээгүй учраас шүүгч Ц.А*******ийн хүсэлтээр шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх хуулийн зохицуулалт байхгүй,

4.2. Шүүгч нь хэдийгээр Төрийн албаны тухай хуульд заасан төрийн тусгай албан хаагчийн ангилалд хамаарах боловч шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдлыг гагцхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулиар тодорхойлох тул Төрийн албаны тухай хууль хэрэглэгдэхгүй,

4.3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар шүүгчийн сул орон тоо гарсан бол сонгон шалгаруулалтын журмаар нөхөхөөс биш шүүгчийг шилжүүлэх байдлаар сул орон тоог нөхөх хууль зүйн боломжгүй гэж тайлбарлаж байна.

5. Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Ц.А*******ийн шилжин ажиллах хүсэлтийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй эсэх, энэ тохиолдолд Төрийн албаны тухай хууль хэрэглэгдэх эсэх хуулийн хэрэглээний асуудлаар талууд маргажээ.

6. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-д Шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд шүүгчийн өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн орон тоо дутуу байгаа адил шатны шүүхэд, адил шатны шүүхэд орон тоо байхгүй бол доод шатны шүүхэд шилжүүлэн томилж болно. гэж заасан зохицуулалт нь шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн нөхцөлд шүүгчийг хэрхэн, ямар шүүхэд шилжүүлэхийг журамласан агуулгатай, харин үүнээс бусад тохиолдолд, тухайлбал шүүгч өөрөө адил шатны өөр шүүхэд шилжин ажиллахаар гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэхийг хуулийн тус заалтаар зохицуулаагүй байна.

7. Гэтэл энэ маргааны тухайд дээрх тохиолдол бий болоогүй буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг хэрэглэх нөхцөл үүсээгүй байхад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуулийг буруу хэрэглэж, шүүгч Ц.А*******ийн шилжин ажиллах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул ...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаас өөр үндэслэлээр шүүгчийг шилжүүлэхийг хуулиар зөвшөөрөөгүй... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

8. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3-д зааснаар шүүгчийг шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх бүрэн эрх Шүүхийн ерөнхий зөвлөлд олгогдсон байхад ...бүтэц, орон тоо өөрчлөгдөхөөс бусад тохиолдолд шүүгчийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлд олгогдоогүй... гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

9. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдлыг тус хуулиар тодорхойлох бөгөөд мөн хуулийн 53 дугаар зүйлээр шүүгчийн албан тушаал эрхэлж буй иргэний эрхэд тавих хязгаарлалтыг тогтоосон, үүнд шүүгчийн адил шатны өөр шүүхэд шилжин ажиллах эрхэд хязгаарлалт тогтоогоогүй учраас шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрснөөс бусад тохиолдолд шилжин ажиллахыг хуулиар хориглосон гэж үзэхгүй, иймд шүүгч нь адил шатны өөр шүүхэд шилжин ажиллах эрхтэй.

10. Нэхэмжлэгч Ц.А******* нь өөрийн хүсэлтээр шилжин ажиллах хүсэлтийг гаргасан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан үндэслэлээс өөрөөр шүүгчийг шилжүүлэх тохиолдлыг тус хуулиар зохицуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ... гэж заасны дагуу тус маргааныг ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэж хянан шийдвэрлэхээр байна.

11. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-т Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно. гэж, 13 дугаар зүйлийн 13.1.-д Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна:, 13.1.1.-д Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор; гэж зааснаар шүүгч нь төрийн тусгай албан хаагчид хамаарах тул Монгол Улсын шүүхийн тухай хуулиар нарийвчлан зохицуулагдаагүй шүүгчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхэд ерөнхийлөн зохицуулсан хууль нь Төрийн албаны тухай хууль юм.

12. Түүнчлэн мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6.-д Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөх асуудлыг холбогдох хуулиар зохицуулна. гэж зааснаас үзвэл, шүүгчийг томилох, чөлөөлөх асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хуулиар зохицуулах, харин төрийн тусгай албан хаагчийнх нь хувьд Монгол Улсын шүүхийн тухай хуулиар зохицуулагдаагүй асуудлыг Төрийн албаны тухай хуулиар шийдвэрлэх боломжтой.

13. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, ... шилжүүлэн ажиллуулж болно. хэмээн төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн томилох асуудлыг зохицуулсан, нэхэмжлэгч Ц.А*******ээс өөрийн хүсэлтээр ...шүүгчийн орон тоо дутуу байгаа шүүх болох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ажиллах...-аар хүсэлт гаргасан байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус хуулийн дагуу хүсэлтийг шийдвэрлэх ёстой байжээ.

14. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд шүүгчийг хэрхэн шилжүүлэх харилцааг зохицуулсан, энэ нь зөвхөн шүүгчийг шилжүүлэх нэг нөхцөлийг л тодорхойлсон зохицуулалт бөгөөд харин үүнээс бусад тохиолдолд шүүгчийг шилжүүлэх асуудлыг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

15. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь Сум Дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.А*******ийн гаргасан шилжин ажиллах хүсэлтийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэн дэмжихээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус, шүүгчийн шилжин ажиллах эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан байхаас гадна шилжүүлэх асуудлыг Төрийн албаны тухай хуулийг хэрэглэж шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

16. Харин нэхэмжлэлийн даалгах шаардлагын тухайд, нэхэмжлэгч Ц.А*******ээс ...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах гэж тодорхойлсон, гэвч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн дагуу шүүгч Ц.А*******ийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх боломжтой эсэх асуудлыг хэлэлцээгүй, ...шүүгчийг шилжүүлэх зохицуулалт хуульд байхгүй... гэсэн үндэслэлээр хүсэлтийг дэмжихээс татгалзсан, шүүхээс тус татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар нэхэмжлэгчийн хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй татгалзал, гаргуулахыг шаардаж буй захиргааны акт нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой, гэтэл нэхэмжлэгч Ц.А*******ээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо[1] Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэлэлцээгүй асуудлаар шийдвэр гаргуулахаар шаардсан энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгч Ц.А*******ийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах боломжгүй.

18. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1.-д зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь хүний нөөцийн бүртгэл, судалгаа, төлөвлөлт, хуваарилалт, шүүхийн захиалга, судалгаанд үндэслэн шүүхийн хүний нөөцийн хөдөлгөөнийг удирдах бүрэн эрхтэй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт нэхэмжлэгч Ц.А*******ийн шилжин ажиллах хүсэлтэд дурдсан үндэслэл хамаарах эсэхийг шийдвэрлэх эрх нь Шүүхийн ерөнхий зөвлөлд байна.

19. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж, нэхэмжлэгч Ц.А*******ийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ажиллах хүсэлтийг дахин хэлэлцэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэлээ.

20. Хариуцагчаас ...шүүгчийн сул орон тоо гарсан бол сонгон шалгаруулалтын журмаар нөхөхөөс биш шүүгчийг шилжүүлэх байдлаар сул орон тоог нөхөх хууль зүйн боломжгүй... гэх тайлбарын тухайд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлд хуульчдаас шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулах харилцааг журамласан болохоос сул орон тоог хэрхэн нөхөхийг зохицуулаагүй бөгөөд нэгэнт шүүгч болсон, шүүгчээр ажиллаж байгаа хуульчийн хувьд энэ зохицуулалт хамааралгүй байна.

21. Нэхэмжлэгчээс ...Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоол гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлох боловч Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Ц.А*******ийн хүсэлтийг хэлэлцээд дэмжихээс татгалзаж, олонхын саналаар шийдвэр гаргасан, ингэхдээ тогтоол гаргаагүй болох нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй. Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн тус хуралдаанаас тогтоол гаргаагүйн улмаас нэхэмжлэгчийн ямар нэг эрх хөндөгдөхгүй төдийгүй шүүхээс нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоол гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг тусад нь шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн хувьд ач холбогдолгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.6, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.А*******ийн шилжин ажиллах хүсэлтийг дэмжихээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ажиллах хүсэлтийг нь дахин хэлэлцэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

 

 

 

 

[1] Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг удаа, дараа тодруулсан