Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 218/МА2019/00014

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 03 өдөр                             Дугаар 218/МА2019/00014                                           Сайнцагаан сум

 

 

 

Өы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 сарын 9-ний өдрийн 502 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Өы нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд                        гаргасан тайлбартаа: Оргодолын Ө миний бие Дундговь аймгийн Хулд сумын “Бүлээн” бригадад 1985-1990 онд мал маллаж байсан. 1985-1986, 1989-1990 онуудад мал маллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй учир ажилласан жилийг тодорхойлж өгнө үү гэжээ

         Анхан шатны шүүх

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Хулд овогт Оргодолын Өыг 1986 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Хулд сумын Бүлээн бригадад ажилласныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1985 онд ажилласныг тогтоолгохтой холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 сарын 9-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр намайг малчинаар ажиллаж байсныг тогтоох байтал ажилчин гэж тогтоосноор малчинаар тэтгэвэрт гарч чадахгүй байна. 1986 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-ний хооронд Хулд сумын Бүлээн бригадад мал маллаж байсныг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Өы давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг үндэслэн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах үүднээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

            Дундговь аймаг дахь сум дундын шүүх Өы нэхэмжлэлтэй улсад ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2010 оны 11 сарын 9-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байна. Тухайн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа хэтэрсэн хэдий ч шүүхээс ажилласан байдлыг тогтоохдоо ямар ажил хийж байсныг тогтоогоогүй орхигдуулж иргэнийг хохироосон нь давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэл болсон талаар дурдаад давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн захирамж гаргажээ.

 

 Шүүхээс ийнхүү захирамж гаргаж нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн нь иргэний эрхийг хангах, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хуульд заасан зарчимд нийцсэн байх тул Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дундговь аймаг дахь сум дундын шүүх 2010 оны 11 сарын 9-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр Өыг Хулд сумын Бүлээн бригадад ажилласан болохыг тогтоосон бөгөөд ямар ажил хийж байсныг тогтоогоогүй нь шүүхийн шийдвэр биелэгдээгүй төдийгүй, нэхэмжлэгч хууль ёсны  эрхээ эдлэх  боломжгүй нөхцөл байдлууд үүссэн байна.

Өы шүүхэд хандаж гаргасан нотлох баримтанд “малчинаар” ажиллаж байсан нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгчийн гомдол хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 сарын 9-ний өдрийн 502 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Хулд сумын Бүлээн бригадад ажилласныг тогтоож” гэснийг “...Хулд сумын Бүлээн бригадад малчинаар ажиллаж байсныг тогтоож” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

 

                                      ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ  

 

                                                                                     Ц.ОТГОНЦЭЦЭГ