Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/31

 

 

 

 

 

 

   2022             1             4                                           2022/ДШМ/31                             

 

 

Ж.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Ж.С, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Г.Оюунболд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/1186 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Сын өмгөөлөгч О.Анхбаяр, Г.Оюунболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Ст холбогдох эрүүгийн 1906 07505 0165 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овогт Жы С, ....... оны .... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Э п” ХХК-ийн захирал ажилтай байсан, ам бүл 6, эхнэр, 2-11 насны хүүхдүүдийн хамт .......................... дүүргийн .... дугаар хороо, ................. хотхоны .... дүгээр байрны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:......................../;

Шүүгдэгч Ж.С нь иргэн Х.М-Ээс “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дэд станц барих гэж байгаа надад мөнгө зээлээч хэмээн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр 15.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 10.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “ХААН” банкинд эзэмшдэг 5003860592 тоот дансаар 30.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр бэлнээр 6.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр бэлнээр 4.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөгийг буюу нийт 100.000.000 төгрөгийг бэлнээр болон “ХААН” банкинд эзэмшдэг 5003860592 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, “Т б” ХХК-тай байгуулсан гэрээний ажлын гүйцэтгэлийн төлбөр орж ирээгүй, төрийн сан хаагдсан гэх шалтгаанаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч хохирогч Х.М-Ээс 100.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э овогт Жы Сыг үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг хуурч залилан их хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Жы Сыг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ст оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Ст оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Залилах гэмт хэргийн үндсэн шинж бол гэмт этгээдийн гэмт үйл ажиллагааны улмаас хохирогч нь төөрөгдөлд орж улмаар өөрийн сайн дураар хөрөнгөө шилжүүлэн өгдөг. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд хохирогчийг төөрөгдөлд оруулахын тулд хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулах зэрэг аргуудыг ашигладаг. Гэтэл шүүгдэгч Ж.Ст холбогдох хэргийн тухайд хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр, бас бичгийн нотлох баримтуудаас харахад Ж.С нь хохирогчийн мөнгийг авахдаа анхнаасаа дэд станц барихаар барилгын ажил явуулж байгаа болох, уг ажилдаа зориулан мөнгийг нь зээлж байгаа гэдгээ хохирогчид тайлбарлан хэлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Жишээ нь: Хавтаст хэргийн 8 дугаар талд Х.М-Э хамгийн анх хохирогчоор мэдүүлэхдээ “...Улмаар Ж.С нь надад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дэд станц барих гэж байгаа юм надад мөнгө зээлээч гэсний дагуу...” мөнгө өгсөн болохоо мэдүүлж байжээ. Дээрх мэдүүлгээс дүгнэхэд Ж.С нь хохирогчийг хуурч, бодит байдлыг нууж, аль эсвэл зохиомол байдлыг зориудаар үүсгэж төөрөгдөлд оруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хавтаст хэргийн 37 дугаар талд Ж.С нь М.Отай байгуулсан гэрээ авагдсан бөгөөд уг гэрээний 1.2.1-т “...3 ширхэг дэд станцын барилга угсралт болон тоноглолыг угсарч суурилуулах, тохируулах” ажлыг хийж гүйцэтгэхээр заасан байна. Энэхүү гэрээ нь бодитоор байгуулагдсан болохыг хавтаст хэргийн 93 дугаар талд авагдсан гэрч М.Оын мэдүүлгээр давхар нотлогддог ба тэрээр мэдүүлэхдээ “...2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаартай гэрээний дагуу барилгын гадна цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан үүргээ бүрэн хангалттай биелүүлээгүй ажлын гүйцэтгэл нь 60-70 хувьтай явж байгаа...” хэмээн хэлж байжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудыг нийтэд нь дүгнэхэд Ж.С нь хохирогчид үнэн учир байдлаа хэлсэн буюу мөнгийг ямар зорилгоор юунд хэрэглэхээр авч байгаа тухай бодит нөхцөл байдлаа хэлсэн байх бөгөөд үүнийг давхар гэрч болоод бичгийн баримтууд нотолж байна. Бас прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...Яллагдагч Ж.Сын үйлдсэн иргэн Х.М-Ээс “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дэд станц барих гэж байгаа надад мөнгө зээлээч” хэмээн... 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч... “Т б” ХХК-тай гэрээний ажлын гүйцэтгэлийн төлбөр орж ирээгүй, төрийн сан хаагдсан гэх шалтгаанаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч хохирогч Х.М-Ээс 100.000.000 төгрөг залилан авч...” хэмээн дүгнэжээ. Шүүгдэгч Ж.С нь хохирогчоос 200.000.000 төгрөг аваагүй, харин нэг л удаа дэд станц барих зорилгоор 100.000.000 төгрөгийг цувуулж авсан байдаг. Гэтэл прокуророос Ж.С нь хохирогчийн мөнгийг авсныхаа дараа бодит байдлыг нууж, хуурч дахиад 100.000.000 төгрөг авсан гэж ойлгогдохоор логик алдаатай, бодит байдлыг илтэд гуйвуулж дүгнэсэн байдаг.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн хөрөнгийг өөртөө шилжүүлэн авснаар бүрэн төгс үйлдэгдэж төгсдөг байтал прокуророос Ж.Сыг яллахдаа бусдын мөнгийг авчихаад дараа нь хохирогчид мөнгийг эргүүлэн төлөөгүй гэдэг байдлаар ялласан нь залилах гэмт хэрэг хэзээ эхэлж, хэзээ төгсдөг болохыг огт анхаарч үзэхгүй байна хэмээн өмгөөлөх тал, яллах талтай мэтгэлцэж байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулсан билээ. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад шүүх нь өмгөөлөгчийн саналыг яагаад хүлээж аваагүй талаараа няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заавал тодорхойлох хэсэгт дурдах ёстой байтал энэ талаар тогтоолд юу ч бичээгүй байна.

Мөн шийтгэх тогтоолын 8 дугаар талд “...Шүүгдэгч Ж.С нь хохирогч Х.М-Эд зээлсэн мөнгөө төлөхөөр амлаж итгүүлэн мөнгийг шилжүүлэн авч төлбөр тооцоо хийхгүй их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.” дүгнэжээ. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ж.С нь анхан шатны шүүх хурал болох өдрийг хүртэл хугацаанд хохирогчид нийтдээ 37.793.333 төгрөгийг цаг хугацааны хувьд дараалалтайгаар цувуулж төлсөн байдаг. Энэ нь шүүгдэгч анхнаасаа хохирогчийн мөнгийг буцааж өгөхгүй гэсэн шунахайн сэдэл, зорилгогүй байсныг давхар илтгэдэг. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй дүгнэлтийг хийсэн буюу шүүгдэгч анхнаасаа мөнгийг нь авахдаа хохирогчийг төөрөгдөлд оруулаагүй байхад, мөн үйлдэл нэгэнт төгсчихөөд байхад дараа нь өрнөж буй үйл явдлыг үндэслэн ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Сыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхээс шүүгдэгч Ж.Сыг үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг хуурч залилан их хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгч нь гэмт буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана....” гэж заасныг үндэслэн Ж.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь, хавтаст хэрэгт миний үйлчлүүлэгч Ж.С нь хохирогч Х.М-Ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас шинжлэн үзэхэд тогтоогдохгүй байдаг. Дурдвал, хавтаст хэргийн 6, 8, 10, 26, 27, 28, 29, 31, 32, 37-51, 58, 61, 67, 69, 145-147 дугаар талд нотлох баримтаар авагдсан баримтууд нь Ж.Сыг гэм буруугүй болохыг хангалттай нотолдог боловч шүүхээс гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг тал бүрээс нь шинжлэн судлах үүргээ биелүүлээгүй хайнга хандаж хэт нэг нэг талыг барьж хэргийг шийдсэнд туйлын гомдолтой байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Хэргийг шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгч Ж.Сыг үргэлжилсэн үйлдлээр хохирогч Х.М-Эийг хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж 100.000.000 төгрөгийг залилсан хэмээн дүгнэсэн. Хуурч гэх үгний ойлголт нь бусдыг эд хөрөнгө түүний өмчлөх эрхийг хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлдэг.

Бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулах гэдэг нь бусдыг элдэв аргаар төөрөгдөлд оруулж, өөрийн хийж чадахгүй биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх буюу бодит байдалд биелэгдэх баталгаагүй боломжгүй зүйлийг амлах, итгэл үнэмшил төрүүлэх, өөрийн эрхэлж буй тодорхой ажил орлогогүй байдлаа нуун дарагдуулах худал мэдээлэх зэрэг хэлбэрээр илэрч гардаг.

Ж.Сын тухайд хохирогчоос 100.000.000 төгрөгийг зээлж авахдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дэд станц барих гэж байгаа гэж үнэн бодит байдлаа хэлээд мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан байдаг. Энэ тухай хохирогч Х.М-Э, миний үйлчлүүлэгч Ж.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэн хэн нь тогтвортой мэдүүлдэг бөгөөд ийм нөхцөл байдлыг бүрдүүлээгүй тодорхой ажил хийж гүйцэтгэж байгаа тухайгаа хэлж хөрөнгө дутаад байгаа болохоор л зээлээч гэж хэлээд л авсан байдаг.

Мөн бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад гэм буруутай хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоох үүргээсээ няцаж, шүүх хуралд 2 талын байр суурь болоод тэгш байдлыг хангах зарчмаас хазайж хохирогчийн эрх ашгийг хэт дээгүүр тавьж хэргийг шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1186 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Х.М-Э ахаас мөнгө зээлж авсан бөгөөд зээлсэн мөнгөө төлж барагдуулсан. Түүнээс авсан мөнгөө эмнэлгийн гаднах дэд станц барих ажилд зарцуулсан нь баримт нотолгоотой, ямар нэг байдлаар хуурч, мэхэлсэн зүйл байхгүй тул намайг цагаатгаж өгнө үү.” гэв. 

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.Сыг үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч хохирогч Х.М-Ээс 100.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт дурдагдсан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Ж.Сын үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх шийдвэр гаргахдаа ямар нэг байдлаар хууль зөрчсөн, хэт нэг талыг барьсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байх тул өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Залилах гэмт хэргийн тухайд, Ж.С нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч гэж яллах дүгнэлт үйлдсэн. Учир нь, залилах гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхдээ бусдаас шилжүүлж авсан өмчлөх эрхийг буцааж ямар нэг байдлаар төлөхгүй гэсэн санаа зорилгоор илэрдэг. Ж.С нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тендерт шалгарч, гэрээний ажлыг гүйцэтгэж байгаа гэж хэлж байгаа боловч хохирогч Х.М-Ээс шилжүүлж авсан мөнгийг буцаан төлөхдөө төрийн сан хаагдсан, гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр орж ирээгүй гэх шалтгаанаар хохирогчоос зээлж авсан мөнгөө буцааж төлөхөөс зайлсхийсэн нь уг гэмт хэргийн санаа зорилго илэрсэн гэж дүгнэхээр байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Сын өмгөөлөгч О.Анхбаяр, Г.Оюунболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.С нь иргэн Х.М-Ээс “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дэд станц барих гэж байгаа надад мөнгө зээлээч” хэмээн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр 15.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 10.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “ХААН” банкинд эзэмшдэг 5003860592 тоот дансаар 30.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр бэлнээр 6.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр бэлнээр 4.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөгийг буюу нийт 100.000.000 төгрөгийг бэлнээр болон “ХААН” банкинд эзэмшдэг 5003860592 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, “Т б” ХХК-тай байгуулсан гэрээний ажлын гүйцэтгэлийн төлбөр орж ирээгүй, төрийн сан хаагдсан гэх шалтгаанаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч хохирогч Х.М-Ээс 100.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Х.М-Эийн “...Би Ж.С гэх хүнийг таньдаг болоод 1 жил болж байна. Ж.С нь надад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дэд станц барих гэж байгаа юм надад мөнгө зээлээч” гэсний дагуу анх 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр манай ажил болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа Хөгжлийн” банкинд 15.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ байж байхдаа бэлнээр 10.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өөрийн “Голомт” банкны 1105144385 тоот данснаас Ж.Сын “ХААН” банкны 5003860592 тоот данс руу 30.000.000, 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Ж.Ст ажил дээрээ байхдаа бэлнээр 6.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр өөрийн эзэмшлийн “ХААН” банкны 5007331881 тоот данснаас Ж.Сын “ХААН” банкны 5003860592 тоот данс руу 5.000.000, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ажлын байран дээр байхдаа Ж.Ст бэлнээр 4.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн “ХААН” банкны 5007331881 тоот данснаас Ж.Сын “ХААН” банкин дахь 5003860592 тоот данс руу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны салбараас Ж.Сын “ХААН” банкны 5003860592 тоот данс руу 30.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Ж.С нь тухайн өдрөөс хойш хоёр удаагийн шилжүүлгээр уг зээлсэн мөнгөний хүү гэж 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр миний эзэмшлийн “ХААН” банкны 5007331881 тоот данс руу 10.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “ХААН” банкны 5007331881 тоот данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үеэс хойш миний мөнгийг өгөхгүй надаас зугтааж, гар утас руу нь залгахаар авахгүй эсвэл блоклосон байдалтай байгаа. ...надад нийт 100.000.000 төгрөгийн хохирол учирсан. Надад өгсөн 30.000.000 төгрөг нь хүүний мөнгөнд орж байгаа юм. Бид хоёр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, аман хэлцлээр тохиролцсон...” /хх 8, 154/,

гэрч М.Оын “...“Э п” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр анх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 055 дугаартай гэрээний дагуу “Барилгын гадна цахилгааны ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан үүргээ Ж.С нь бүрэн хангалттай биелүүлээгүй, ажлын гүйцэтгэл нь 60-70 хувьтай явж байгаа. Уг гэрээний дагуу нийт 600 сая төгрөгийн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон боловч одоог хүртэл ажлаа дуусгаагүй. Манай компанийн зүгээс “Э п” ХХК-ийн захирал Ж.Ст одоогийн байдлаар 460.000.000 төгрөгийг бэлнээр, 30.000.000 төгрөгийг зээлээр, бартер хийх журмаар 190.000.000 үнэлгээтэй “Ланд-200” маркийн автомашиныг ашиглалтын журмаар өгсөн. Өвөрхангай аймагт 50.700.000 төгрөгийн 2 өрөө байр зэргийг шилжүүлж өгсөн. Энэ бүгд баримтаар нотлогдож байгаа. ...Манай компанийн зүгээс гэрээний дагуу ажил гүйцэтгүүлэхээр мөнгийг бүрэн өгсөн байгаа...” /хх 93/,

шүүгдэгч Ж.Сын “...Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Анх 2018 онд Х.М-Э гэх хүнтэй танилцаж байсан. Яагаад гэхээр би өөрөө “Э п” ХХК-ийг байгуулж удирдаж ажилладаг ба уг компани маань эрчим хүчний угсралт тохируулгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Ингээд манай компани Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн гадна цахилгааны дэд станц нөөцийн генераторын ажлыг авч хийж эхэлсэн. Уг ажилд хөрөнгө санхүүжилтийн асуудал гарч ирсэн ба энэнд мөнгө хэрэг болоод Х.Монгол- Эрдэнэ ахаас 100.000.000 төгрөгийг зээлж авахаар болоод цувуулж авсан. Ингээд би өөрийн “ХААН” банкны 5003860592 тоот дансаар 33.000.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгийг нь тодорхой он саруудад манай нягтлан Гансүх бэлэн мөнгөөр нь очиж авч байсан. Энэ зээлж авсан мөнгө бол манай байгууллагын барьж байгаа дэд станцын барилгын ажилд орсон. Энэ хийж байгаа ажил маань 3 ширхэг дэд станц , нөөцийн генератор 2 ширхэг нийт 600.000.000 төгрөгөөр уг ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан. Манай нягтлан Гансүхийн танил нь байсан. Энэ утгаараа Гансүх надад хандаж “Х.М-Э гэх хүнээс хүүтэй мөнгө зээлж болохоор байна, яах уу” гэхээр нь би зөвшөөрөөд мөнгө зээлж аваад хийж байгаа ажлаасаа мөнгө орж ирэхээр нь эргүүлэн өгөхөөр тохирсон байсан. ...Уг мөнгийг нягтлан маань хүлээн авч цааш нь хуваарилан хангамжийн менежер шаардлагатай тоног төхөөрөмж бараа материал авахад зарцуулдаг байсан. ...би анх “Т б” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр барилгын цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил эхэлж байсан. Гэрээний дагуу “Т б” ХХК нь 600.000.000 төгрөгөөр уг ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээнд тусгагдсан байсан...” /хх 146-147/ гэх мэдүүлгүүд,

“Э п” ХХК-ийн захирал Ж.Сын авсан зээл, зээлийн хүүгийн тооцооны талаарх баримт /хх 12/,

мөнгө шилжүүлсэн болон хүлээн авсан баримт /хх 13-25/,

“ХААН” банк дахь Ж.Сын эзэмшлийн /5003860592/ дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 26-32/,

Х.М-Э болон Ж.С нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх 58/,

Х.М-Ээс Нийслэлийн Прокурорын газарт хандаж гаргасан гомдол /хх-ийн 65 дугаар тал/,

“Т б” ХХК-иас “Э п” ХХК-д шилжүүлсэн мөнгөний талаарх баримт /хх 94-101/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба анхан шатны шүүхээс уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг хуурч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон нь үндэслэлтэй байх хэдий ч шийтгэх тогтоолд хуульд заасан нэр томьёог буруу хэрэглэж “их хэмжээнээс дээш хэмжээний хохирол” учруулсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Тодруулбал, “...их хэмжээ хохирол...” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Ж.Сыг “үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг хуурч залилан их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, Г.Оюунболд нар нь “...хохирогчоос 100.000.000 төгрөгийг зээлж авахдаа Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт дэд станц барих гэж байгаа гэж үнэн бодит байдлаа хэлээд мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээний биелэлтийг дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй.

Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Хэдийгээр анхан шатны шүүх хуралдаан болох өдрийг хүртэл хугацаанд хохирогчид нийтдээ 37.793.333 төгрөгийг цаг хугацааны хувьд дараалалтайгаар цувуулж төлсөн, залилах санаа зорилго байгаагүй гэх тайлбарыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гаргаж байх боловч хохирогч Х.М-Эийн “...2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Ж.С өөрөө утсаар залгаж надтай ярьсан. Ингэхдээ гомдлоо татаад авчихаач хоёулаа дахиад гэрээ хийе, 4 дүгээр сард миний ажил эхлэхээр урьдчилгаа мөнгө орж ирнэ тэгэхээр таны хохирлыг 100 хувь төлж барагдуулна гэж ярьсан...” /хх 154/, гэрч М.Оын “...“Э п” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр анх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 055 дугаартай гэрээний дагуу “Барилгын гадна цахилгааны ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан...” /хх 93/ гэх мэдүүлгүүд, “Т б” ХХК-иас “Э п” ХХК-д “2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 490.649.626 төгрөг” шилжүүлсэн мөнгөний жагсаалт /хх 94-101/ зэрэг баримтаас дүгнэвэл шүүгдэгчийн өмгөөлөгч  О.Анхбаяр, Г.Оюунболд нарын гаргасан давж заалдах гомдлууд няцаагдаж байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, Г.Оюунболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/1186 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...их хэмжээнээс дээш хэмжээний хохирол...” гэснийг “...их хэмжээний хохирол...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Сын өмгөөлөгч О.Анхбаяр, Г.Оюунболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ              

           

 

                        ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ