| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03164/И |
| Дугаар | 184/ШШ2024/02191 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2024/02191
| 2024 оны дөр | 4 сар 24 р 184/ШШ2024/02191 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б***** *** **** /РД: *******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, **** дугаар хороо, **** тоот
Цэргийн алба хаасан болохоо тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ****, нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ***** миний бие 1985 оноос 1988 онд Хилийн цэргийн 0129 дүгээр ангид 3 жилийн алба хаасан. Миний цэргийн алба хаасан бүртгэл, халагдсан бүртгэлийг тусгай архивын газар Хилийн цэргийн 0129 дүгээр анги ирүүлээгүй байна. Иймд намайг 1985 оноос 1988 он хүртэл Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.
****** нь Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, **** тоотод оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт болон түүний иргэний үнэмлэхээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсгүүдэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр заажээ.
***** нь Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын 0129 дүгээр ангид алба хаасан, 1985-1888 онд тухайн ангид татагдсан болон халагдсан цэргийн бүртгэл архивт хадгалагдаагүйгээс алба хаасан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан, цэргийн алба хаасан байдлаа тогтоолгосноор ажилласан хугацаанд тооцуулах, цаашид тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарласан.
Хүсэлт гаргагч ***** нь 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Хилийн цэргийн 0129 дүгээр ангид 3 жил алба хаагаад 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр халагдсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын ***** тоот лавлагаа, гэрчийн мэдүүлэг, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байна.
Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын ***** тоот лавлагаанд цэрэгт татагдсан болохыг дурджээ.
Гэрч ******/РД: *****/ нь хүсэлт гаргагч ***** хамт 1985-1988 онд Хилийн цэргийн 0129 дүгээр ангид хамт алба хааж байснаа, гэрч ***** /РД: ********/ нь тус цэргийн ангид салаан даргаар ажиллаж байснаа мэдүүлсэн, мэдүүлэг нь хүсэлт гаргагчийн тайлбартай, мөн хэрэгт авагдсан бичгийн баримттай тохирч байна. Гэрчийн мэдүүлгийг хуульд заасан арга, журмын дагуу авсан болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байна.
Иймд хүсэлт гаргагч *********** 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хилийн цэргийн 0129 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ***** ***** /РД: *********/-ыг 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хилийн цэргийн 0129 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ