| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2026/0132/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/139 |
| Огноо | 2026-03-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2026/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2026/0132/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг,
Улсын яллагч Э.Улаанаа,
Шүүгдэгч .... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт .... холбогдох эрүүгийн 2618000000085 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ... оны .... дугаар сарын ....-ны өдөр ... аймгийн ....суманд төрсөн, ....настай, ...., .... боловсролтой, .... мэргэжилтэй, Дархан-Уул аймаг дахь .....ажилтай, ам бүл .... хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, .... дүгээр баг, ... дугаар хороолол, “.... байрны ....тоотод оршин суух хаягтай,
.... ургийн овогтой .... (РД: ....)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч .... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 дугаар тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 5-6 дугаар тал), хохирогч .... мэдүүлэг (хх-ийн 9-10, 12, 14 дүгээр тал), гэрч ..... мэдүүлэг (хх-ийн 16-17, 19 дүгээр тал), гэрч .... мэдүүлэг(хх-ийн 21 дүгээр тал), Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31-34 дүгээр тал), хохирогч ... өвчний түүх (хх-ийн 40-73 дугаар тал), яллагдагч .... мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“шүүгдэгч .... нь .... оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум, ... дугаар баг, “....”-ны автомашины зогсоол дээр өөрийн эхнэртэй хардсан, эхнэрийн биед зөвшөөрөлгүй хүрсэн гэх шалтгаанаар .... толгой хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод хана, хоншоорын баруун талын сэртэл, хамар яс, хамрын таславч, баруун талын хоншоор ясны урд хана, ар хана дотор хананы хугарал, баруун нүдний эргэн тойрон, баруун хацар, хоншоор, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хохирол санаатай учруулсан” үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 дугаар тал),
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 5-6 дугаар тал),
- Хохирогч .....: “...Би ... оны 01 дүгээр сарын 08-ны өдөр .... сумын хөдөө алслагдсан айлуудаар үзлэг хийхээр ажлын газрын 4-5 хүний хамт явсан. Орой 18 цагийн үед Дарханаас гараад .... хавьцаа .... нарын хамт ажлынхнаараа 2 шил 0,75 литрийн цэнхэр экс нэртэй архийг хувааж ууцгаасан. Дарханы төв рүү орж ирээд .... ах бид хоёр үйлчилгээний төв дээр буусан. Үйлчилгээний төв дээр нягтлан бодогч ... эгчтэй таарсан. Бид хоёр .... эгчийн машинд суугаад дэлгүүрээс 0,75 литрийн ногоон экс нэртэй архийг авч тус дэлгүүрийн гадна машинд бид гурав архиа хувааж уусан. Тэгээд ах .... нь нэлээн согтсон бололтой харилаа гээд машинаас буугаад алхаад явсан. Тэгээд .... эгч бид хоёр цааш яваад Шинэ .... зогсоол дээр очиж зогссон. Тэгээд ... эгч цааш согтуу машин барих гээд байхаар нь би UB сав дуудах талаар ярилцаж байтал гэнэт жолоочийн эсрэг талын хаалгыг гаднаас нэг хүн онгойлгоод намайг машинаас татаж буулгаад зодсон. Миний бодлоор ... эгчийн нөхөр хардсаны улмаас намайг зодсон байх. Эхлээд машинаас гаргаад гараараа толгой руу цохих үед би газарт унасан. Тэгээд миний дээрээс хөлөөрөө олон удаа толгой руу дэвссэн юм.
...Улаанбаатар хотод очиж хамрын хагалгаа, мэдрэлийн судсаа үзүүлэх шаардлагатай байгаа. Би 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нэгдсэн эмнэлэгт нүүрний яс хадуулах хагалгаанд орсон.
...эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эм тариа авсан, хагалгаанд орсон гээд нийт 5,000,000 төгрөгийн хохирол авсан. Оролцогч бүгдийг нь нөхөж барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10, 12, 14 дүгээр тал),
- Гэрч ....: “Би 2025 оны 01 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед ажлаа тараад гэр рүү харьж явтал манай ажлын газрын .... гэх залуу над руу залгаад бид хоёр уулзаад Парк тауны зогсоол дээр миний машинд юм ярилцаж байтал манай ажлын лаборант ажилтай дүү .... нь над руу залгаад "Би .... ахтай хамт үйлчилгээний төв дээр байна, та хүрээд ирээч" гэж хэлсэн. Тэгээд .... бид хоёр миний машинтай үйлчилгээний төв дээр очсон. Тэгээд .... хоёртой уулзаад байж байтал .... харилаа гээд явсан. Тэгээд .... бид гурав "...." гэх хаягтай үйлчилгээний газар караокены өрөөнд нь орж дуулсан. Дараа нь тус караокеноос гараад .... нь гэр рүүгээ харьсан. Харин .... нь миний машины арын суудалд суугаад би жолооны ард суусан. Тэгээд би жолоо бариад Хаан банкны урд талын зогсоол дээр машинаа байрлуулж зогссон. Тэгээд бид хоёр юм ярилцаад .... намайг арын суудалд суучих гээд татаад байсан. Тэр үед манай нөхөр .... гэнэт гарч ирээд машины зүүн хойд талын хаалгыг гаднаас нь татаж онгойлгоод .... машинаас татаж буулгасан. Тэгээд шууд нөхөр .... нь .... гараараа болон хөлөөрөө олон удаа толгой хэсэг рүү нь цохиод байсан.
....... хаана буух юм, би явлаа гээд ярилцаад нээх удалгүй араас хувцаснаас татаад миний хөх хэсэгт зөвшөөрөлгүй хүрсэн чинь нөхөр ... хаалга татаад ороод ирсэн.” мэдүүлэг (хх-ийн 16-17, 19 дүгээр тал),
- Гэрч ....: “...... хойд талын хаалгаар нь нэг залууг чирээд гаргаж байсан, тэгээд ноцолдоод байх шиг болохоор нь би бууж очоод .... татаж авахад тэр залуу та буруу ойлгоод байна гэж хэлээд газар хэвтэж байгаад босоод яваад өгсөн. .... зууралдаад заамдалдаад л зогсож байсан. Тэр залуугийн зүүн хамраас нь цус гарчихсан байсан. Би .... асуусан чинь эхнэр татаж чангаагаад байж байсан гэж хэлэхээр нь би нэмж юм асуугаагүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр тал),
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн .... оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .... дугаартай “.... биед баруун нүдний ухархайн доод хана, хоншоорын баруун талын сэртэл, хамар яс, хамрын таславч, баруун талын хоншоор ясны урд хана, ар хана дотор хананы хугарал, баруун нүдний эргэн тойрон, баруун хацар, хоншоор, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31-34 дүгээр тал),
- Яллагдагч ..... мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ..... үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Энэхүү үйл баримтаар шүүгдэгч .... нь хохирогч .... биед баруун нүдний ухархайн доод хана, хоншоорын баруун талын сэртэл, хамар яс, хамрын таславч, баруун талын хоншоор ясны урд хана, ар хана дотор хананы хугарал, баруун нүдний эргэн тойрон, баруун хацар, хоншоор, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтэл нь хүндэвтэр хохиролд хамаарч байгаа нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .... дугаартай дүгнэлт (хх-ийн 31-34 дүгээр тал)-ээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь өөрөө хүсэж үйлдсэн, ухамсарт үйлдэл мөн ба уг үйлдлийн улмаас хохирогч .... биед хүндэвтэр хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч .... хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зөв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч .... нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 88 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 99 дүгээр тал) зэргээр тогтоогдож байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “Шүүгдэгч .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1800 нэгж буюу 1,800,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч .... нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч З.Мандахын эмчилгээний зардал, бусад хохирол төлбөрт нийт 24,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр заасан.
Шүүгдэгч .... хууль бус үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,341,898 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 75 дугаар тал)-ээр тогтоогдож байх тул уг зардлыг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогтой .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..... 1800 нэгж буюу 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ..... оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Шүүгдэгч .... нь эмчилгээний зардал, бусад хохирол төлбөрт нийт 24,000,000 (хорин дөрвөн сая) төгрөгийг хохирогч ..... төлсөн бөгөөд хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар .... 3,341,898 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ..... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ