Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 156/ШШ2024/00182

 

2024 04 10 156/ШШ2024/00182

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2024/00134/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн .................................. тоотод оршин суух, Боржигон овогт Н. О.

Хүсэлтийн шаардлага: Төрөлтийг бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.О.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.О. нь төрөлтийг бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Н.О. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1975 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн. Миний эцгийг Цэндийн Н., эхийг Оросын С. гэдэг. Миний төрсний гэрчилгээ шатаж үрэгдсэн ХААТР-1Б маягтын лавлагааны, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийн лавлагаа иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтанд байгаа. Төрсний гэрчилгээнд миний овог нэр, төрсөн огноо, хүйс зөв бичигдсэн байсан. Батноров сумын улсын бүртгэлийн ажилтанд хандаж төрсний гэрчилгээ шатаж устсан учраас өөрийн төрсний лавлагааг авах гэтэл таны төрсний бүртэл нэр, хүйс, төрсөн сар, өдөр зөрөөд байна гээд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас лавлахад мөн зөрүүтэй байна гэж хэлсэн. Миний ээж өндөр насны тэтгэвэр тогтоолгох гээд нийгмийн даатгалын байцаагчид төрүүлсэн хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг бүрдүүлж өгөх гэхэд нь миний төрсний лавлагаа гарахгүй бүртгэлгүй байсан. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивын 1975 оны бүртгэлээс шүүлгэхэд гар бүртгэл дээр Н. Э., эр 1975.05.29-ны өдөр төрсөн гэж бүртгэсэн байна. Миний нэрээр бүртгэл байхгүй бид эцэг эхээс зургуулаа бөгөөд би 1975 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, миний дүү О. 1976 онд, эгч 1973 онд тус тус төрсөн. Манай гэр бүлд Э. нэртэй хүүхэд байхгүй. Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчид хандахад 1/321 тоот албан бичгээр Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасны дагуу шүүхээр шийдвэрлүүл гэж хариу өгсөн. Төрсний бүртгэл гарахгүйгээс болж өөрийн төрсний лавлагаа мэдээллээ гаргуулж авах боломжгүй эрх ашиг зөрчигдөж, мөн миний ээж өндөр насны тэтгэврээ тогтоолгоход саад болж байна. Иймд төрөлтийг бүртгүүлсэн байдлыг тогтоолгох гээд нэхэмжлэл гаргасан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.О. нь төрөлтийг бүртгүүлсэн байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

1. Хүсэлт гаргагч Н.О.ын нэр дээрх иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),

2. Хүсэлт гаргагчийн нэр дээрх байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-ийн 7 тал),

3. Хэнтий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 518 дугаартай албан бичиг (хх-ийн 9 тал),

4. Хэнтий аймаг Бэрх хотын захирагчийн ажлын албаны 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2/820 дугаартай албан бичиг (хх-ийн 10 тал),

5. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1/321 дугаартай ...таны гаргасан хүсэлтийн дагуу төрсний бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд шүүж үзэхэд тухайн овог, нэрээр төрсний мэдээлэл олдохгүй байгаа бөгөөд төрсөн эхийн мэдээллээр хайхад 1975 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, хүйс эрэгтэй Э. нэртэй мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь Н.О.ын өөрийн нэр, төрсөн сар, өдөр, хүйстэй зөрж байгаа тул Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээ зүйлийн 21.4-т заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх албан бичиг (хх-ийн 11 тал),

6. Хүсэлт гаргагч Н.О.ын нэр дээрх Иргэний үнэмлэх авах өргөдлийн ХААТР-21Б маягт (хх-ийн 12-13 тал),

7. Хүсэлт гаргагч Н.О.ын нэр дээрх ХААТР-1Б маягт (хх-ийн 14-18 тал),

8. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/185 дугаартай албан бичиг (хх-ийн 25 тал),

9. 2024 оны 4 дүгээр сарын 01-ний СҮL2423000001001496-СҮL2423000001001507 дугаартай төрөл садангийн лавлагаа (хх-ийн 26-37 тал),

10. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Ц.Н., О.С. нарын нэр дээрх ХААТР-1А маягтын лавлагаа (хх-ийн 37-40 тал),

11. Хүсэлт гаргагч Н.О.ын нэр дээрх Иргэний үнэмлэх авах өргөдлийн ХААТР-21А маягт (хх-ийн 41-44 тал),

12. Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 02/335 дугаартай албан бичиг (хх-ийн 44 тал),

13. Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 03-05/1683 дугаартай 2000 оны хүн амын тооллогын лавлагаанд ...тэргүүлэгч өөрөө Н. Г. 1969 онд төрсөн, охин/хүү Э.ийн Г. 1991 онд төрсөн, охин/хүү Г.Р.д 1995 онд төрсөн, эх/эцэг Ц.н Н. 1947 онд төрсөн, эх/эцэг О.ын С. 1949 онд төрсөн, эгч/ах/дүү Н. О. 1978 онд төрсөн, эгч/ах/дүү Н. О. 1976 онд төрсөн, бусад төрөл төрөгсөд О.ын Мөнхцэцэг 1998 онд төрсөн гэжээ (хх-ийн 45 тал),

14. Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 03-05/1681 дугаартай 2000 оны хүн амын тооллогын лавлагаанд ...тэргүүлэгч өөрөө Найманзугийн О. 1975 онд төрсөн, охин/хүү Б.Б. 1998 онд төрсөн гэжээ (хх-ийн 47 тал),

15. Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 03-05/1680 дугаартай 2000 оны хүн амын тооллогын лавлагаанд ...эхнэр/нөхөр О.ын С. 41 настай эмэгтэй, охин/хүү Н. О. 12 настай эмэгтэй, охин/хүү Н. О. 13 настай эмэгтэй, охин/хүү Н. Г. 19 настай эмэгтэй, охин/хүү Н. О 10 настай эрэгтэй, охин/хүү Н. О. 15 настай эмэгтэй, тэргүүлэгч өөрөө Ц. Н. эрэгтэй гэжээ (хх-ийн 48 тал),

16. Гэрч О.С.гийн шүүхэд өгсөн ...би Н.О.ын ээж нь. Манай өвгөнийг Ц.ийн Н. гэдэг. Манай өвгөн бид хоёр хүүхэд байхын бие биеэ таньдаг байсан. Бага наснаасаа үерхэж нөхөрлөсөн юм. 1967-1969 онд цэргийн алба хааж бид гэр бүл болж ирэхэд би том охин болох Н. Г.ыг 1969 оны 9 дүгээр сарын 8-нд төрүүлсэн. 1971 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүү Н. О.г, 1973 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин Н. О.ыг, 1975 оны 2 дугаар сарын 12-ны өдөр охин Н. О.ыг төрүүлсөн. Охин Н.О. нь тухайн үед шинийн нэгний өдөр төрж байсан. Мөн 1976 оны 8 дугаар сарын 22-ны өдөр охин Н. О.ыг, 1978 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр охин Н. Ог, 1980 оны 11 дүгээр сард охин Н.О.г тус тус төрүүлсэн. Би нийт 9 хүүхэд төрүүлснээс 1967 онд, 1982 онд төрсөн хоёр хүү эндсэн ба төрсний гэрчилгээ аваагүй. Мөн 1980 онд төрсөн охин Н.О. 1 ой өнгөрөөд эндэж байсан. Төрсний гэрчилгээ авч байсан. Н.О. нь миний 4 дэх хүүхэд юм. Төрсний гэрчилгээг нь төрөөд л шууд авсан. Аав нь авч байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 50-51 талавагджээ.

Хүсэлт гаргагч Н.О. нь 1975 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ............ тоот регистрийн дугаар авсан болох нь хэрэгт авагдсан түүний нэр дээрх иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэх авах өргөдлийн ХААТР-21Б болон ХААТР-1Б маягтууд, гэрч О.С.гийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...манайд Э. нэртэй хүн байхгүй, намайг Э. гэж бүртгэсэн, мөн миний хүйс болон төрсөн сар, өдрийг буруу бичсэн байна хэмээн тайлбарласан бөгөөд хүсэлт гаргагч Н.О.ын 1975 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрснийг бүртгэсэн бүртгэл улсын бүртгэлд байхгүй болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1/321 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

Иргэний гэр бүлийн бүртгэлд иргэний төрсөн сар өдөр, хүйс, нэр буруу бичигдсэн байдлыг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага нь бүртгэлд залруулга хийхээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/321 дугаартай албан бичиг (хх-ийн 11 тал)-ээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Н.О.ын эцгийг Ц.н Н., эхийг О.ын С. гэх бөгөөд тэдгээрийн дундаас:

1969 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр охин Н. Г.,

1971 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүү Н. О.,

1973 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин Н. О.,

1975 оны 2 дугаар сарын 12-ны өдөр охин Н. О.,

1976 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин Н. О.,

1978 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр охин Н. О,

1980 оны 11 дүгээр сард охин Н.О. нар төрсөн болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн СҮL2423000001001496-СҮL2423000001001507 дугаартай төрөл садангийн лавлагаа (хх-ийн 26-37 тал)-ууд, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Ц.Н., О.С. нарын нэр дээрх ХААТР-1А маягтын лавлагаа (хх-ийн 37-40 тал), Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 03-05/1683, 03-05/1681, 03-05/1680 дугаартай 2000 оны хүн амын тооллогын лавлагаанууд, гэрч О.С.гийн шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Харин хүсэлт гаргагч Н.О.ын эцэг Ц.Н., эх О.ын С. нарын дундаас 1975 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Н. Э. нэртэй, эрэгтэй хүүхэд байхгүй болох нь мөн дээрх баримтуудаар нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудаар 232840900779 тоот иргэний бүртгэлийн дугаартай, төрсний бүртгэлд Цэндийн Н., О.ын С. нарын дундаас 1975 оны 2 дугаар сарын 12-ны өдөр охин Н. О. төрсөн ба түүнийг 1975 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, нэр-Э. гэж буруу бүртгэгдсэнийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд ............................ регистрийн дугаартай, 1975 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эмэгтэй, нэр-О. хэмээн бүртгэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн байгууллага бүртгэлд залруулга хийх ёстой байдаг тул шийдвэр хүчин төгөлдөр болмогц иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэхийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар 232840900779 тоот иргэний бүртгэлийн дугаартай төрсний бүртгэлд Ц.Н., О.ын С. нарын дундаас 1975 оны 2 дугаар сарын 12-ны өдөр охин Н.О. төрсөн, түүнийг 1975 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, нэр-Э. гэж бүртгэгдсэнийг ........... регистрийн дугаартай, 1975 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эмэгтэй, нэр-О. гэж иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болмогц иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэхийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-дУлсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МАРИНА