Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/03

 

Б.Ц, Я.Ч нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/00003

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Я.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц, Я.Ч нарын гаргасан давж заалдах гомдлоор тэдгээрт холбогдох эрүүгийн 2139000000201 дугаартай 3 хавтас 634 хуудас бүхий хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Улаанбаатар хотод 1980 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард Аюушийн 5 дугаар гудамж 139 тоотод оршин суух,

 Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

Төв аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 04 сар 04 хоногийн хорих ялаар,

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жил 11 сар 20 хоногийн хорих ялаар,

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хорих ялаар,

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 387 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар тус тус ял шийтгэгдсэн, Ш овогт Я-н Ч

Улаанбаатар хотод 1979 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Баамын 9-02 тоотод оршин суух,

  Нийслэлийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 02 сар 01 хоногийн хорих ялаар,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус ял шийтгэгдсэн, Ж овогт Б-н Ц

- Шүүгдэгч Я.Ч нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 17-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг Эрчим 40-02 тоотод байрлах хохирогч Ц.Б-ны эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу амьдарч байсан байшингийн цонхоор нэвтэрч, Самсунг А-8 маркийн гар утас, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 09 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Б9-6 тоотод байрлах С.Б-н Монгол гэрийн бүслүүрээс цоожилсон байсан түүний эзэмшлийн 770.000 төгрөгийн үнэ бүхий МОССО брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хорихын 9а-01 тоот хашаанд байрлах П.О-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхоор нэвтэрч, цонхон дээр байсан 10-85 ХЭА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 20.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хорихын 9а-01 тоот хашаанд байрлуулсан П.О-н эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу 10-85 ХЭА улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч Д.М-н эзэмшлийн 324.000 үнэ бүхий “Samsung S-8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 324.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг Элит зоогийн газар-т байрлах ширээн дээрээс А.С-н эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-11 маркийн газар утас, 70.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа маркийн газар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, 5 дугаар баг, Өлзийт толгойн 4-13 тоотод байрлах иргэн Т.Б-н эзэмшлийн хүн байнга амьдрах орон байр буюу монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, улмаар авдар дээр байсан 45.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

- 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т-10 дугаар байрны гадна орчноос хохирогч Д.П-н эзэмшлийн HUAWEI Y6 маркийн гар утас, Lenova l5 маркийн нөүтбүүк зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч Д.П-д нийт 1.210.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Б.Ц-тэй бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 1-07 тоотод оршин суух иргэн Д.Н-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалгыг эвдэж хууль бусаар нэвтэрч 6 тооны суран хазаар, сураар хийсэн олом 1 ширхэг, мяндсаар хийсэн олом 1 ширхэг, 2 тооны чөдөр, 1 тооны даруулгын олом, 2 тооны суран бугуйл, эвхээтэй сур, судар зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Д.Н-т 903.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

            Хэнтий аймгийн прокурорын газраас Б.Ц, Я.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Ж овогт Б-н Ц, Ш овогт Я-н Ч  нарыг бүлэглэн  хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц-г 2 /хоёр /  жилийн  хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Я.Ч-г  4/ дөрөв/ жилийн хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ч-с  90.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Э-т, 30.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.Х-т тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ч-н  цагдан хоригдсон 91 /ерэн нэг/  хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцохоор  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие гэмт хэрэг үйлдээгүй, Я.Ч-тай ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Миний өгсөн мэдүүлэгт итгээгүй хэрнээ Я.Ч-н үгэнд итгэж байгаад гайхаж байна. Би Я.Ч-н талаар сайн мэдэхгүй, шоронд мэндийн зөрүүтэй явдаг байсан. 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Я.Ч манайд ирээд бид хоёр Жаргалтхаан сум руу явсан. Бид хоёр нэг шил архи уух гээд гол явж байтал Я.Ч нэг монгол гэр рүү заагаад “энэ миний мал хардаг байсан айлын гэр, мал дээр хэрэглэж байсан юм аа авна” гээд байсан. Тэр гэр рүү  Я.Ч түрүүлээд орсон, намайг араас нь ороход тэр айл гэрэлгүй харанхуй байсан. Би Я.Ч-д хандан “юу хийгээд байгаа юм бэ, хулгай хийгээгүй биз дээ” гэхэд Я.Ч “үгүй ээ, мал дээр хэрэглэж байсан юм аа авч байна” гэж хэлсэн. Я.Ч хорихын өнчин цагаан гэдэг байшинд очсон хойноо хулгайн юм гэдгийг хэлсэн. Би уурлаад өшиглөсөн чинь зугтаагаад явсан. Би араас нь хөөсөн. Энэ камерт бичигдсэн байсан. Би Я.Ч-н хулгайлж авсан зүйлийг өөрт нь өгч болохгүй гэж бодоод гэр рүү гээ авч явсан. Болсон явдлын талаар эхнэртээ хэлэхэд эхнэр хулгайн юм гэртээ хонуулахгүй гээд 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр цагдаа руу ярьсан. Цагдаагийн жижүүр наадмын амралттай байгаа 1 дэх өдөр ирж асуудлаа шийдүүл гэж хэлсэн. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Я.Ч цагдаа дагуулаад гэрт орж ирсэн. Тэгээд Я.Ч-н хулгайлж авсан зүйлсийг цагдаад гаргаж өгөөд цагдаагийн газарт очиж байцаалт өгсөн. Б, М гэдэг хоёр байцаагч надаас ээлжилж байцаалт авч байсан. Сүүлд Б өөр нэг цагдаатай ирээд “энэ хулгай хийчихээд мэдээгүй гээд байгаа юм, өөр хулгайн үйлдэл байна уу” гэж хэлээд шууд цохиод авахгүй байж янаглаж зодоод байсан. Би энэ талаар эхнэртээ утсаар хэлсэн. Би намайг эрүүдэн шүүсэн гэж үзэж байна. Намайг хилс хэрэгт гүтгэж байна. Эхнэрээ өр зээлтэй, бага насны хүүхдүүдтэй, өвлийн хүйтэнд түлээгүй орхисондоо санаа зовж байна. Иймд миний холбогдсон хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Я.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Миний биеийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс  оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Я.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “ Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 4 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрч байна. Харин 4 жилийн нээлттэй хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр дэглэм өөрчилж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Ц-н өмгөөлөгч Н.М давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Ц  чин санаасаа гэмшиж байгаа, хохирогч Д.Н-н эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан ч 2016 оноос 2021 оны 07 дугаар сарын 15-нийг хүртэл хугацаанд хэрэг зөрчилд холбогдож байгаагүй нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял болгож хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоол  үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Я.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Я.Ч  2021 оны 07 дугаар сарын 16-с 17-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Хэнтий аймаг, Хэрлэн сумын 4 дүгээр баг “Эрчим” 40-02 тоотод байрлах Ц.Б-ы байшингийн цонхоор нэвтэрч, Самсунг А-8 маркийн гар утас, ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 09 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Б9-6 тоотод байрлах С.Б-н  гэрийн бүслүүрээс цоожилсон байсан түүний эзэмшлийн “МОССО” брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2021 оны 07 дугаар сарын 16-с 17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хорихын 9а-01 тоот хашаанд байрлах П.О-н байшингийн цонхоор нэвтэрч цонхон дээр байсан 10-85 ХЭА улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 20.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2021 оны 07 дугаар сарын 16-с 17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хорихын 9а-01 тоот хашаанд байрлуулсан П.О-н эзэмшлийн 10-85 ХЭА улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч Д.М-н “Sumsung S-8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 324.000 төгрөгийн хохирол учруулсан,        

            - 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Элит зоогийн газар”-т ширээн дээрээс А.С-н эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-11” маркийн гар утас, 70.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа” маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, нийт 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -  2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг Өлзийт толгойн 4-13 тоотод байрлах Т.Б-н гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, улмаар авдар дээр байсан 45.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

            - 2021 оны 07 дугаар сарын 31-с 08 сарын 01-нд шилжих шөнө  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т-170 дугаар байрны гадна орчноос Д.П-н эзэмшлийн “HUAWEI Y6” маркын гар утас, “Lenova I5” маркийн нөүтбүүкийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан, нийт 1.210.000 төгрөгийн хохирол учруулсан,

             - шүүгдэгч Я.Ч, Б.Ц нар бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 1-07 тоотод оршин суух Д.Н-н монгол гэрийн хаалгыг эвдэж хууль бусаар нэвтэрч суран хазаар 6 ширхэг,  сураар хийсэн олом 1 ширхэг, мяндсаар хийсэн олом 1 ширхэг,  чөдөр 2 ширхэг, даруулгын олом 1 ширхэг, суран бугуйл 2 ширхэг , эвхээтэй сур, судар зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 903.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            - мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.С-н: “...2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед “Элит зоогийн газар”-ын ширээний ард талд байсан улаан өнгийн “Самунг А-11” маркийн гар утас, улаан өнгийн “Нокиа” маркийн гар утас, бичиг баримтын хамт хулгайд алдсан,Самсунг А-11 утсаа 2021 оны 5 сарын үеэр Улаанбаатар хотоос шинээр нь 750.000 төгрөгөөр худалдаж авсан. Харин Нокиа гар утас нь хуучин утас байсан...” гэх мэдүүлэг /1-хх 204-205/

- хохирогч Ц.Б-ны: “...2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад Самсунг А-8 маркийн гар утас, виза карт алдсан байна. Намайг гэрт  унтаж байхад манай гэр лүү ороод гар утсыг  хулгайлсан би  гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-хх 9-10/,

- хохирогч Д.М-н: “..Би 2021 оны 07 дугаар сарын 16-ны шөнө байшингийн цонхоо онгорхой хоносон. Цонхны давцан дээр машины түлхүүр тавьсан байсныг аваад приус-20 маркийн авто машинд байсан “Самсунг С-8” маркийн гар утсыг хулгайлаад машины түлхүүрийг байшингийн ард талд хаясан байсан, би гар утсаа  олж авмаар байна гомдолтой  байна.” гэх мэдүүлэг /1-хх- 148-149/, 

            - хохирогч С.Б-н: “Би 2021 оны 07-р сарын 17-ны...11 цагийн орчимд гэртээ ирсэн чинь гэрийн баруун талын дунд 2 дахь бүслүүр тасарчихсан, унадаг дугуй минь алга болсон болохоор цагдаагийн газарт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1-хх 72-73/,

            - хохирогч Ч.Б-н:... Я.Ч манай гэрт 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ирсэн. Би 07 дугаар сарын 25-ны өдөр хөдөө хайрга ачиж ирэхээр явсан, гэрт ирэхэд гэрийн хаалга онгорхой, цоож нь эвдэрсэн, манай гэрээс авдар дээр байсан 45.000 төгрөг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2-хх 73-74/,

- хохирогч Д.П-н: “...Тэгээд нэг мэдсэн би сондгой 16 давхрын байрны орцонд сэртэл гэгээ орчихсон байхаар нь гадаа гартал сандлын хажууд миний цүнхэнд байсан CD-г хараад нөүтбүүк, гар утсаа үзтэл байхгүй байхаар нь ойр орчмоор хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 117-118/,

- хохирогч Д.Н-н:  “...2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд эзэнгүй байх хооронд Хэрлэн сумын 1 дүгээр баг Хэрлэнгийн 1-07 тоот хашаанд байсан гэрийн хаалга эвдэж ороод 6 тооны суран хазаар, сураар хийсэн олом 1 ширхэг, мяндсаар хийсэн олом 1 ширхэг , 2 тооны чөдөр, 1 тооны даруулгын олом, 2 тооны суран бугуйл, эвхээтэй сур, судар зэрэг эд зүйл алдсан.” гэх мэдүүлэг /2-хх 20- 21/,

- гэрч Г.М-н: “...А.С гэх хүний ширээний ард талд байсан “Самсунг А-11” маркийн гар утас, “Нокиа” маркийн гар утас, бичиг баримтын хамт хулгайд алдсан.” гэх мэдүүлэг /1-хх 213-214/

- гэрч Х.Н-н: “...Я.Ч нь н.Э-г утас авахгүй биз гээд улаан өнгийн “Самсунг А-11” маркийн гар утас гаргаж ирээд өгсөн. Хэдээр, яаж өгөх гэж байгаа юм бэ гэсэн 60.000 төгрөгөөр өгнө гээд Эрдэнэчимэгт зарсан. Я.Ч нь ахиад нэг улаан өнгийн “Нокиа” маркийн гар утас аваад явж байсан...” гэх мэдүүлэг /1-хх 217-218/,

- гэрч П.О-н: “...2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр машины түлхүүрийг байшингийн цонхоо онгойлгоод, цонхны давцан дээр тавиад унтсан. 07 дугаар сарын 17-ны өглөө машины түлхүүр байхгүй байсан. Тэгээд гараад машинаа үзэхэд машинд байсан манай эхнэр М-н “Самсунг С-8” маркийн гар утас байхгүй байсан. Машиныхаа түлхүүрийг байшингийн хойд талаас олсон...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 157-158/,

- насанд хүрээгүй  гэрч Б.Е-н:  “...манай аав Б унадаг дугуй алга болчихлоо, дунд бүслүүр тасдаад аваад явчихсан байна гэж байсан. Тэгээд цагдаа нар ирээд надаас юм асууж байгаад Ч гэх хүний зургийг харуулахад манай гэрийн үүдэнд зогсож байсан халзан толгойтой ах мөн байсан...” гэх мэдүүлэг /1-хх 75-76/,

- гэрч Э.М-н: “...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Т.Б хөдөө хайрга ачиж ирэхээр явсан..., мөн өдөр Я.Ч 14 цагийн орчимд манай гэрт ирээд амарч байгаад явсан. Би гэрээ цоожлоод гарсан...хэсэг хугацааны дараа Т.Б утсаар залгаад гэрийн хаалга онгорхой байна гэж хэлсэн... гэрт очиход хаалганы цүү газарт хэвтэж байсан... гэрээс 45.000 төгрөг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2-хх 79-80/,         

- гэрч  Д.С-н:  “...00 цаг 20 минутын үед манай нөхөр орж ирэхдээ цэнхэр өнгийн баринтагтай судар бариад орж ирэхээр нь юун судар юм бэ гэхэд Ч-н судар гээд унтсан. Өглөө сэрээд Ч баахан хазаар хулгай хийчихсэн очиж авахгүй бол Ч очоод авчихна гээд гараад явсан, эрээн цүнхэндээ хазаар зэрэг дан суран эдлэл авч ирсэн...гэх мэдүүлэг /2-хх 32-33/,

- иргэний нэхэмжлэгч Г.Э-н: “...Ч гэх залуу улаан өнгийн “Самсунг” маркийн А-11 утас гаргаж ирээд “та энэ утсыг авах уу” гэж асуусан. Тэгээд би авахаар болоод Хаан банкны АТМ-ээс карт уншуулаад 60.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 60.000 төгрөгөө нэхэмжилж байна... саарал өнгийн “Самсунг” маркийн эс-8 маркийн гар утас гаргаж ирээд “та энэ утсыг авах уу” гэж асуусан, 30.000 төгрөгөөр авахаар болсон. Гомдолтой байна 30.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-хх 209-210,153-154/,

 - иргэний нэхэмжлэгч Р.Х-н: “...зүс таних Ч гэх залуу орж ирээд нөүтбүүк, гар утас зарна, бэлэн мөнгөөр бол 40.000 төгрөгөөр өгнө гэсэн. Тэгэхээр нь би авъя гээд бэлэн 40.000 төгрөг өгөөд нөүтбүүк, гар утсыг нь худалдан авсан...” гэх мэдүүлэг /2-хх 122-123/,

- Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны “Samsung A-8  маркийн гар утсыг  300.000 төгрөг, Хаан банкны виза картыг 10.000 төгрөг, Моссо  унадаг дугуй  1.100.000 төгрөг, Samsung А11 маркийн гар утас 250.000 төгрөг,  Nokia 150 маркийн гар утас 70.000 төгрөг, цоож  25.000 төгрөг, Huawei Y6 гар утас, Lenova I5 маркийн  нөтэбүүк  1.210.000 төгрөг, Samsung S-8 маркийн гар утас 324.000 төгрөг, Prius-20 маркийн машины түлхүүр  20.000 төгрөг, хазаар, монгол гэрийн хаалганы цүү 2000 төгрөг, олом чөдөр,бугуйл, сур, судар зэргийн үнэлгээ 903000 төгрөг байх боломжтой.”гэсэн №254,305,252,253,257,303,287,255,306,307 дугаартай дүгнэлтүүд /1-хх 43-45, 27-29, 32-34, 227-229, 234-236, 90-91, 91-93, 134-136,171-173, 176-178/,

            - яллагдагч Я.Ч-н: “...Элит цайны газар луу  хоол идэхээр орсон юм. Тэгээд кассных нь  лангуун дээр  2 ширхэг  утас байхаар нь  аваад гарчихсан юм. Улаан хүрээтэй мэдрэгчтэй утсыг нь  45.000 төгрөгөөр  тэр таксины жолоочид зарсан... хаалга нь онгорхой  байшин дотор нэг хүн орон дээр  унтаж байсан, үүдний ширээн дээр  хавтгай дэлгэцтэй  хар өнгийн утас байхаар нь халаасандаа хийгээд  гарсан...тэр байшингийнх нь  цонх онгорхой  байхаар нь цонхоор нь  шагайгаад  харахад байшин  дотор хүмүүс унтаж  байсан, цонхны дотор  талын тавцан дээр машины  түлхүүр байхаар нь  уг түлхүүрээр  машиныг нь онгойлгоход таарч байсан.  Тэгээд суудлын голд байсан  бор шаргал өнгийн  гэртэй утсыг  аваад  зүүн хойшоо явсан, нэг таксины  жолоочид 30.000 төгрөгөөр зарчихсан... Элит цайны  газраас  авсан  улаан хүрээтэй утсыг таксины жолоочид  зараад архи уусан тэгээд тэр  өдрөө  Н өвгөнийд  архи ууж байгаад зүүн  талын айлын  бүслүүрээс  уяатай  байсан цагаан  саарал  дугуйг хулгайлж  аваад унаад явсан...Б-н  гэрийнх нь  хаалганы цүүг  гараараа мулт  татаж ороод баруун хойно  байрлах  гүнгэрваан  дотор байсан 45.000 төгрөг авсан...цүнхэн  дотор нөтэбүүк, гар утас байхаар  нь гэрт  байсан  эмэгтэйд нөгөө  утсыг үзүүлээд  энийг 2 шил  архины  мөнгөөр  авчих  гээд нөтэбүүк  утастай  нь 40.000 төгрөгөөр  авъя  гэхээр нь  шууд  өгчихсөн... хашаагаар нь  явж ороод гэрийнх  нь хаалгыг  эвдэж байхад Ц  миний араас хашаа  давж орж  ирснээ  юу хийгээд байгаа юм гэхээр нь  зүгээрээ би  энэ айлыг таньдаг  юм.  Энэ айлаас  юм авах  ёстой юм гэж хэлээд  Ц надтай  хамт тэр  айл руу  орсон.  Тэгээд би  баруун  талд  нь  өлгөөтэй  нэлээн олон  тооны хазаар, мөн  авдар  дээр нь  байсан судрыг  аваад  Ц-д өгсөн...” гэх мэдүүлгүүд / 1-хх 246, 42,185,126,  2-хх 99, 143-144, 60/,       

- яллагдагч Б.Ц-н: “...би  энэ айлын малыг  малладаг юм, миний юмнууд энэ айлд  байгаа  тэрийгээ авах гэсэн юм гээд тэр  айлын хашааг даваад  орсон тэгээд   би араас нь ороход  тэр айлын цоожийг   хөшөөд зогсож байхаар нь   наадах чинь   эзэнгүй  айл  ингэж болох юм уу  гэхэд зүгээрээ  эднийд  юу ч байхгүй   миний л хэдэн юм байгаа гээд  ороод явчихсан, тэгээд Ч-н өгсөн юмнуудыг  бариад явж байхад  газар  ойчихоор нь  авсан чинь Ч наадхаа хаяаа бушуухан явья  гээд байхаар нь  хулгайн юм байна гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /2-хх 56-57/, хохирогч Ц.Б, С.Б, Д.М, А.С, Д.Н, Т.Б, Д.П нарын цагдаагийн газарт  гаргасан гомдол /1хх 3, 52, 139, 195, 2хх 10, 107/,  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 4,  52, 140, 196 2хх 9, 67/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 57, 62-64, 2хх 70/,  эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /1хх 67, 143, 199, 2хх 14-15, 110-111/, эд зүйлийг  хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 5, 68, 200, 2хх 16, 112/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 53-56, 2хх 68-69/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч Я.Ч “ял хөнгөрүүлэх”,  шүүгдэгч Б.Ц “хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү, би хэрэг хийгээгүй” гэх  агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргасан ба шүүх хуралдааны шатанд  шүүгдэгч Я.Ч “4 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж өгнө үү”,  шүүгдэгч Б.Ц “гэм буруугаа хүлээж байна, ял хөнгөрүүлж өгнө үү” гэж гомдлын агуулгаа тус тус өөрчилсөн ба шүүгдэгч нарын гаргасан  дээрх давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдсон,  тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан,  анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч Б.Ц, Я.Ч нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Б.Ц-д 2 жил, Я.Ч-д 4 жилийн хорих  ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулах ялын хэмжээ, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэхдээ шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Я.Ч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг  хоёр түүнээс дээш удаа үйлдсэн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараах үеийн ажил амьдралын зан төлөв, дадал зуршил,  биеэ авч яваа байдал зэргийг харгалзан үзжээ.

Иймд шүүгдэгч нарт оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-н гаргасан “ял хөнгөрүүлэх”,  шүүгдэгч Я.Ч-н  гаргасан “хорих ангийн дэглэм өөрчлүүлэх” тухай давж заалдах гомдлуудыг тус  тус хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Б.Ц, Я.Ч нарын цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

 

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

 

                                                                                               Г.БОЛОРМАА