Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 433

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч И.А,

шүүгдэгч, хохирогч С.О, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт С О, Б овогт С Б нарт холбогдох эрүүгийн 1706 0000 00007 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Сын О, /РД:/,

2. Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ын дарга ажилтай, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт С Б, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.О, С.Б нар нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66.с байрны 2 дугаар орцны 1 давхарт харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч С.О мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 26-ны 12 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн тог тасарсан байсан. Тэгэхээр нь би СӨХ рүү орж байцаагч эгчтэй уулзахад “танайх СӨХ-ийн мөнгөө өгөхгүй болохоор тогийг чинь тасалсан” гэж хэлэхээр нь орон сууцны конторын захирал Баасанбат гэдэг хүнтэй уулзахад “танай тогийг залгахгүй” гэж хэлсэн. Би “яагаад танайд тог хамаардаг болсон юм, СӨХ-д ямар ч хамаагүй шүү дээ” гэж хэлээд гараад гэрийнхээ үүдний шчошкийг үзтэл гал хамгаалагч нь байхгүй байхаар нь СӨХ-ийн байрны өрөөнийх нь гал хамгаалагчийг нь аваад гэрийнхээ үүдэнд ирээд тогоо залгаад зогсож байтал нөгөө Баасанбат гэх хүн ирээд шууд миний хамар руу нэг удаа духаараа мөргөсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-13 дугаар хуудас/,

Хохирогч С.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 26-ны 13:40 цагийн үед ажил дээрээ өрөөндөө сууж байтал хажуу талын өрөөнд зүс таних залуу манай орлогын байцаагчтай төлбөрийн талаар маргалдаад байсан. Тэр залуу надтай уулзмаар байна гэхээр нь би өрөөнөөс гараад уулзсан. Тэгээд маргалдаж байгаад уг залуу гарч яваад буцаад 5 минутын дараа алх барьчихсан орж ирээд “тог залгаж өг, залгаж өгөхгүй бол шчошик эвдэж байгаад өөрөө тогоо залгана шүү” гэж хэлэхдээ намайг хэл амаар доромжилж байгаад гарсан. Удалгүй 2-3 минутын дараа манай ажлын өрөөний тог унтарсан. Гараад үзтэл нөгөө залуу манай гал хамгаалагчийг аваад өөрийнхөө гал хамгаалагч руу хийж байсан. “Чи яагаад тог тасалж байгаа юм” гээд очтол нөгөө залуу өөдөөс алх барьчихсан гүйж ирээд алхаа далайхаар нь би хажуу тийшээ бултаад тонгойтол хамар хэсэг рүү нь таарчихсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-19 дүгээр хуудас/,

Гэрч Ю.Уянгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үл таних эрэгтэй хараалын үг урсган надтай зөрөөд гарсан. Тэгээд би захиралдаа ажлаа тайлагнаад өрөөндөө ороод суутал шууд тог тасарсан. Би гараад иртэл нөгөө залуу тог тасалчихаад зогсож байсан. Манай захирал надтай хамт гарсан бөгөөд яагаад тог тасалж байгаа юм бэ гэхэд нөгөө залуу гартаа алх барьсан байдалтай манай захирал Баасанбат руу дайрсан. Тэр хоёр хоорондоо зууралдаад авахаар нь би цагдаа дуудах гээд өөрийн өрөө рүүгээ буцаж орсон. Цагдаа дуудчихаад буцаад гараад иртэл хоёулаа зууралдсан байдалтай хоёулангийнх нь хувцас хунар нь цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹9570 дүгнэлтэд “С.Б биед баруун чихний дэлбэнгийн шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун чихний урд ба доод хэсгийн зулгаралт, хүзүүний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 31 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹9564 дүгнэлтэд “С.О биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 32 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 62, 64 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 63, 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.О, С.Б нар нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66.с байрны 2 дугаар орцны 1 давхарт харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.О, С.Б нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тус бүрийг 460 нэгжээр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нар нь ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч С.О, С.Б нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.О, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.