Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/00346

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 17 өдөр                   Дугаар 183/ШШ2024/00346                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2 дугаар хороолол, 25а байр, 18 тоот хаягт оршин суух ******* овогт Н.А (РД:.............)-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 02 дугаар хороо, 9 дүгээр байр, 24 тоот хаягт оршин суух Б.Х(РД:................),

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, 9 дүгээр байр, 09 тоот хаягт оршин суух Бэсүүд овогт Ц.Ц (РД:................./ нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б.Х, Ц.Ц нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“...Ц, Х нар надад ипотекийн зээлээр авч болох 100,000,000 төгрөгийн үнэ бүхий 69.9 м.кв 3 өрөө байр зарах гэж байна, урьдчилгаа 28,000,000 төгрөг төлнө гэж хэлсэн. Урьдчилгаа 28,000,000 төгрөгийг хариуцагч нарын дансанд дараах байдлаар төлсөн. 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 7,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 5,500,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 9,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

1.2.Урт хугацаатай гэрээ байгуулж байгаа учир нотариатчаар гэрчлүүлье гэхэд тус орон сууц н.Э гэх хүний нэр дээр байдаг, н.Э-тай өөрсдийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Хос цайз оффис нэртэй орон сууцны хороололд 2 өрөө ипотекийн 5 хувийн хүүтэй байраар сольсон, чамд зарж байгаа байрны ипотекийн зээлийг нөхөр бид хоёр төлдөг, Баянзүрх дүүрэгт байрлалтай байрны зээлийг н.Э төлдөг. Чи н.Э гэх хүний нэр дээрээ зээлээ төлж дуусгана, байрны зээл дуустал тус байр н.Э-ын нэр дээр байх учир нотариат орох боломжгүй гээд харилцан зээлээ төлж дуусгаад байраа өөр өөрсдийн нэр дээр шилжүүлэн авна гэсэн гэрээ харуулсан. Бид 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2 дугаар хороолол, 25а байр, 18 тоот байранд нүүж орсон. 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн н.Э-ын данс руу байрны лизингийн төлбөрийг шилжүүлж, дараа нь н.Э-ын Хаан банкны ипотекийн зээлийн данс руу шилжүүлдэг байсан.

1.3.н.Э нь 2023 оны 06 дугаар сард Ц, Х нар хотын байрны зээлийг төлөхгүй байна, тийм учраас бүх наймаагаа буцаасан, байрыг чөлөөлж өгөхийг шаардсан. Энэ талаар Ц, Х нарт хэлэхэд мөнгийг буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар бус мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр дараагийн өмчлөгчид өмчлөх эрх шилжих бөгөөд уг ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй учраас худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа хийгдээгүй гэж үзэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэжээ.

1.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Х-ээс татгалзсан болно.

2.Хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1.Миний нөхөр болох Б.Х нь 3 хүүхдээ орхин Францад цагаачлан ор сураггүй болсон. Бид хамтдаа 14 жил амьдарсан. Бизнес хийдэг байж байгаад ковидын үед дампуурч, 600 сая төгрөгийн өрөнд орж, би сэтгэл санааны хүнд байдалд орж хөхний хорт хавдар авахуулж, нойргүйдэж, шар хаданд 2 жил эмчлүүлсэн. Одоо хөдөлмөрийн чадвар алдагдаж, группт байдаг. Тодорхой амьдрах газаргүй, айл айлаар байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар данс хаасан, хилийн хориг тавиулсан.

2.2.Н.А гэх хүнд маш их гомдолтой байгаа. Сэтгэл санааны хямралаас гарч ажил олж хийе гэхээр Эрдэнэт хотын зар мэдээ, сошиалд намайг залилагч гэж пост оруулж, нэр төрд халдаж, сэтгэл санааны хямралд оруулсан. Би энэ хүнд мөнгө өгөх битгий хэл мөнгө нэхэмжилмээр байна гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт Хаан банк дахь Н-О  А гэх эзэмшигчтэй ............ дугаар дансны 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны болон 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга,

Хариуцагч талаас хавтаст хэрэгт Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюут 25а байрны 00 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-......... дугаартай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний байгууллагын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Хаан банк дахь хариуцагч Ц.Ц  эзэмшлийн ........... дугаар дансны 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.А  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч Н.А нь Б.Х, Ц.Ц нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ц, Х нартай ипотекийн зээлээр авч болох 100,000,000 төгрөгийн үнэ бүхий Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Оюут 00 байр, 00 тоот хаягт байрлах 69.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг урьдчилгаа 28,000,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг н.Э нэрийн өмнөөс тус байрны ипотекийн зээлийг төлж дуусгахаар харилцан тохиролцож худалдаж авч, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нүүж орсон. Гэвч н.Э нь 2023 оны 06 дугаар сард дээрх орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардаж байх тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр дараагийн өмчлөгчид өмчлөх эрх шилжих бөгөөд уг ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй учраас худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа хийгдээгүй гэж үзэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар урьдчилгаа төлбөр болох 28,000,000 төгрөгийг Ц.Ц-аас буцаан гаргуулж өгнө үү гэж тодорхойлж, хариуцагч Б.Х-ээс татгалзсан болно.

3.Хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ миний нөхөр болох Б.Х нь 3 хүүхдээ орхин Францад цагаачлан ор сураггүй болсон. Бид хамтдаа 14 жил амьдарсан. Бизнес хийдэг байж байгаад ковидын үед дампуурч, 600 сая төгрөгийн өрөнд орж, би сэтгэл санааны хүнд байдалд орж хөхний хорт хавдар авахуулж, нойргүйдэж, шар хаданд 2 жил эмчлүүлсэн. Одоо хөдөлмөрийн чадвар алдагдаж, группт байдаг. Тодорхой амьдрах газаргүй, айл айлаар байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар данс хаасан, хилийн хориг тавиулсан. Н.А гэх хүнд маш их гомдолтой байгаа. Сэтгэл санааны хямралаас гарч ажил олж хийе гэхээр Эрдэнэт хотын зар мэдээ, сошиалд намайг залилагч гэж пост оруулж, нэр төрд халдаж, сэтгэл санааны хямралд оруулсан. Би энэ хүнд мөнгө өгөх битгий хэл мөнгө нэхэмжилмээр байна гэж тайлбарлажээ.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Хариуцагч Ц.Ц нь Хаан банк дахь ,,,,,,,,,,,,,,,,,, дугаар дансны эзэмшигч. (“Хаан банк” ХК-ийн 2024 оны .... дугаар албан бичиг)

4.2.Нэхэмжлэгч Н.А зүгээс Хаан банк дахь хариуцагч Ц.Ц эзэмшлийн .......... дугаар данс руу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Арман” гэх утгаар 1,000,000 төгрөг, “Erdenet А” гэх утгаар 6,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “А-аас” гэх утгаар 2,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “А-аас” гэх утгаар 4,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Erdenet А-аас Ц-аад” гэх утгаар 500,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 9,000,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. (хавтаст хэргийн 4-5 дахь тал)

4.3.Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюут 25а байрны 00 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-........ дугаартай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Э-ыг бүртгэж, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрчилгээ олгогдсон.

4.4.Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Ц.Ц нартай гэрээ байгуулах үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюут 25а байрны 00 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаартай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ц.Ц биш болохыг мэдэж байсан болох нь “...байр Э гэх хүний нэр дээр байдаг...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 1 дэх тал)

5.Нэхэмжлэгч Н.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюут 25а байрны 00 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авахаар Б.Х, Ц.Ц нартай харилцан тохиролцож урьдчилгаа 28,000,000 төгрөгийг хариуцагч нарын данс руу шилжүүлж, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус орон сууцанд нүүж орсон боловч орон сууцны өмчлөгч Д.Э нь 2023 оны 06 дугаар сард орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан...” гэж тайлбарлаж байх бөгөөд хэрэгт авагдсан Хаан банк дахь нэхэмжлэгч Н.А эзэмшлийн ........... , хариуцагч Ц.Ц-ын эзэмшлийн .............. дугаар дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар Н.А  зүгээс Ц.Ц-д 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 22,500,000 төгрөг шилжүүлсэн, дээрх орон сууцны өмчлөгчөөр Д.Э-ыг бүртгэж, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа орон сууцыг худалдсан үйл баримтын талаар үгүйсгэсэн тайлбар гаргаагүй зэргээс үзэхэд зохигч талуудын хооронд нэг талаас урьдчилгаа төлбөрт 28,000,000 төгрөг шилжүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюут 25а байрны ... тоот хаягт байрлах орон сууцыг үндсэн үнэ 100,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг болон зээлийн хүүгийн хамт төлөх, нөгөө талаас орон сууцны зээлийн төлбөр төлөгдөж дууссаны дараа тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүрэг бүхий Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 5.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх...” гэж зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан дээрх худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх журамтай.

6.Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...урт хугацаатай гэрээ хийж байгаа юм чинь нотариат орж гэрээ хийе гэхэд Ц нь байр Энхжаргал гэх хүний нэр дээр байдаг... нотариат орох боломжгүй...” гэх тайлбараас үзэхэд зохигч талуудын хооронд байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюут 25а байрны ... тоот хаягт байрлах орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй буюу мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн,... хэлцэл” байна.

 7.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.А нь орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөр буюу 24,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Ц-аас буцаан шаардах эрхтэй юм.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 292 дугаар зүйлийн 292.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Ц-аас 24,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 4,000,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД