Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 450

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Ч.Алтансүх,

шүүгдэгч Б.Т түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Т холбогдох эрүүгийн 2017 2501 1827 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, 888 караокед зөөгч ажилтай, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарбаатар 2 гудамж, 23 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б.Т /РД:УЛ98091536/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 888 нэртэй караокед иргэн Д.Алтангадастай маргалдан улмаар зодолдон Д.Алтангадасын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 10-ны шөнө “888” нэртэй караокед зөөгчийн ажлаа хийж байхад Алтангадас хүмүүстэй орж ирэхэд нь 1 цаг ажиллана гэж хэлээд дээш 9 номерийн өрөөнд оруулсан. Цаг дуусч дээш гараад манай хаах цаг болсон гэхэд байж бай гэсэн ба өөр зөөгч болох Огтбиш ахыг оруулж, дараа нь захирлыг оруулахад өрөөнөөсөө гарч ирсэн. Манай оффисийн өрөөнд тооцоогоо хийх үед нь би картыг нь уншуулахаар кодыг нь асуухад чи яарч байна уу гэж асуусан. Би тийм гэхэд хамт явсан найз Баяраа нь диван дээр сууж байснаа босоод шүлсээ хаясан. Тэгээд гаднаас зөөгч Огтбиш орж ирээд энд юу болоод байна вэ гэхэд шүлсээ хаясан найз нь цаг хэд болж байна гэсэн. 03 цаг 50 минут гэхэд танайх яахаараа 10 минутын өмнө хаадаг юм бэ гээд Огтбишийн эмзэг эрхтэн рүү өшиглөж, диван дээр боож унагаасан. Тэр үед Алтангадас гэх залуу толгойн тус газар нь 2-3 удаа цохисон. Би салгах гээд Алтангадасыг татахад миний өөдөөс цохиод зодолдож эхэлсэн гэв.

Хохирогч Д.А мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 02 цагт найз нарын хамт 888 нэртэй караокед орсон юм. Бид нар нэг цагийн тооцоо хийсэн ба 30 минутаар сунгах үйлчилгээ авч байхад уг газрын зөөгч нь цагаа дуусга, гар гэсэн шаардлага тавьсан ба уг шаардлагыг Баяраа эсэргүүцэн жаахан маргалдсан. Маргалдаж байгаад Баяраа шал руу шүлсээ хаяхад зөөгч нь яагаад байгаа гөлөг вэ гэх зэргээр хэл амаар доромжилж эхэлсэн. Ингээд байж байхад зодоон эхэлсэн. Зөөгч Баяраа хоёр зодолдсон. Гаднаас орж ирсэн зөөгч бид хоёр салгах гэтэл гаднаас орж ирсэн зөөгч намайг өвдгөлсөн, өшиглөсөн. Ингээд би зодуулаад гарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Ш.Мөнхзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 10-ны үүрээр 03 цагийн үед манай ажилтан Тэлмүүн орж ирээд 09 номерын өрөөнд орсон хүмүүс гарахгүй байна, шаардлага тавихаар эсэргүүцээд байна гэж хэлсэн. Намайг 09 номерын өрөөнд очиход 3 эмэгтэй, 3 эрэгтэй байсан ба уг хүмүүс нилээн согтуу байсан. Шаардлага тавихад Алтангадас намайг ална, хядна гээд танхайраад хана руу цохиод байсан. Тэлмүүн тэдгээр хүмүүстэй шалан дээр шүлс хаясан талаар маргаж байсан, намайг хэлэхэд Алтангадас шилэн хаалга тохойгоороо цохиод байсан. Гаднаас манай зөөгч Огтбиш ороод ирсэн. Уг залуучуудын нэг нь цаг хэд болж байна гэж асуутал Огтбиш 03:50 цаг болж байна гэж хариулсан ба 10 минутын өмнө хаалга хаадаг чи хэн бэ гээд Огтбишийн эрхтэн үү өшиглөсөн. Огтбишийг газар унах үед Алтангадас араас нь цохиод байсан. Энэ үед Алтангадасыг барьж авахад миний гарны булчингаас барьж аваад өвдөг рүү өшиглөсөн. Над руу дайрч байхад Тэлмүүн Алтангадасын араас тэвэрч авсан байсан ба намайг Алтангадас өшигчөөд Тэлмүүн рүү буцаад дайрсан. Тэр хоёр цаана нэг нэгнийгээ цохиод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹6283 дүгнэлтэд “Д.Алтангадасын биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 26 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 28 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /хэргийн 63-64 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 36 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 888 нэртэй караокед иргэн Д.Алтангадастай маргалдан улмаар зодолдон Д.Алтангадасын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны шөнө тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.Тэлмүүнд холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу эрх байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан...” гэсэн хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээр дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн шүүхэд бичгээр гаргасан нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.