Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/24

 

 

 

 

 

 

      Д.М, Д.Б нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Д.М, Д.Б нарын өмгөөлөгч Д.Баттөмөр,

хохирогч “Эм жи мед” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЗ/1766 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 67 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.М, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1802003940151 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Д-ийн М, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “.........” гэмтэл согогийн эмнэлгийн .... ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Нийслэлийн .............. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны ... тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, /РД:...................../;

Б овгийн Д-ын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .......... аймгийн .......... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Нийслэлийн ............. дүүргийн .. дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:....................../.

Д.М нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 86 тоотод эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “И” ХХК-ийн захирал Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К /К/-ийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн атлаа итгэмжлэн хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,

Мөн Д.Б-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, санаачлан удирдаж “Э” ХХК-ийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг, хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж “Э” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласныг түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан,

 “Э” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “Э” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 4.930.000.000,00 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн “Мөнгө угаах" гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, зохион байгуулсан,

Д.Б нь шүүгдэгч Д.М-ын “Э” ХХК-ийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг, хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Д.М-тай санаатай нэгдэж бүлэглэн “Э” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласныг түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан,

“Э” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “Э” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 4.930.000.000,00 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн “Мөнгө угаах" гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

 Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ..." гэж зааснаар Д.М, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт хэн хохирогчоор тогтоогдох нь тодорхой бус байна. Учир нь “И” ХХК-ийн захирал Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн К/К/-г хохироосон гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа түүнийг гэрчээр тогтоож Э ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ийн итгэмжлэлийн хугацаа дууссан байсан ба Э ХХК-ийн гүйцэтгэх захирал К Г-г шүүх хуралдаанд хохирогч байгууллагыг төлөөлж байгаа нь хэргийн үйл баримтаас зөрүүтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж хохирогч гэрчийг тогтоосон байх тул хохирогчийг зөв тогтоосны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох шаардлагатай гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч...” хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор заасан боловч мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “...мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно...” гэж зааснаар зөвхөн мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны явцад энэхүү эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ

Хохирол, хор уршгийн талаар

Мөн шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч С.Мөнхтулга шүүх хуралдаанд: “...хохирлоос өөрсдөө авч явсан тоног төхөөрөмж, 2 тэрбум 200 гаран сая төгрөг өгсөн боловч хохирлоос хасагдахгүй байгааг ойлгохгүй байна...” гэж маргажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К Г-г шүүх хуралдаанд: “...2, 2 тоног төхөөрөмж байхаас 1, 1 тоног төхөөрөмжийг авсан. Мөн санхүүгийн бичиг баримтуудыг авмаар байна. Хохирол нэхэмжлэх гэхээр бичиг баримтгүй болохоор хэцүү байна...” гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.П шүүх хуралдаанд: “...Санхүүгийн тайлангийн тооцоо, татварын тайлан, гэрээ, гэрчилгээ, тушаал шийдвэрийг хүлээлгэж өгөх ёстой байтал хүлээлгэж өгөөгүй. Бид нар авах ёстой асуудал. Ганц ширхэг тушаалыг ч хүлээлгэж өгөөгүй. Бид нар үйл ажиллагаагаа явуулмаар байдаг. Танд байсныг бид нар шүүх хурал дээр мэдэж байгаа юм...” гэсэн зэргээс үзэхэд хохирлын талаар бүрэн нотлогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг нотлох шаардлагатай.

Хохирлын хэр хэмжээг тогтоохдоо 399 ширхэг тоног төхөөрөмжийг биет байдпаар буцаан олгогдох боломжтой эсэхийг шалгах, мөн эд зүйлийн үнэлгээг дахин гаргуулах шаардпагатай байна. Учир нь 12 дугаар хавтаст хэргийн 67-80 дугаар хуудсанд авагдсан эд зүйлийн үнэлгээ нь шүүгдэгч Д.М-ын /тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон байсан/ гаргасан гомдлын дагуу шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болж хаагдсан 201726021339 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийн эд зүйлийн үнэлгээ бөгөөд үүнийг шүүгдэгч Д.М, Д.Б нарт холбогдох 1802003940151 дугаартай хэргийн улмаас үүссэн үр дагавар гэж үзэх боломжгүй ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэт ерөнхийлөн таамаглалд үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад үл нийцнэ гэж шүүх үзлээ.

Иймд хохирол, хор уршгийн хэр хэмжээг хуульд заасны дагуу нотлон тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүхээс дүгнэлээ.

Яллах дүгнэлт ба хууль хэрэглээний талаар

Нийслэлийн прокурорын газраас үйлдсэн 37 дугаартай яллах дүгнэлтэд холбогдсон хэргийн талаар дурдахдаа “ Яллагдагч Д.М нь... 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн атлаа итгэмжлэн хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 399 ширхэг, 157 нэр төрлийн 3,004,896,203.26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэжээ. Үүнээс үзэхэд Д.М 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажпаас чөлөөлөгдсөнөөр тухайн хуулийн этгээдтэй холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон тул ямарваа нэгэн эд хөрөнгө итгэмжлэн хариуцах үүрэг үүсэхгүй учир Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар зөвтгөх шаардлагатай. Түүнчлэн шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэдий ч хуулиар тодорхойлоогүй “ итгэмжлэн хариуцсан" гэх үгийг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “ итгэмжлэн хариуцуулсан" гэж тодорхойлсон шаардлагад нийцэхгүй улсын яллагч энэ талаар ямар нэг зөвтгөсөн тайлбар хийгээгүйг дурдах нь зүйтэй. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд яллахдүгнэлт Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг хэргийн бодит байдлаас зөрүүтэйгээр буруу хэрэглэсэн байна.Бусад асуудлын талаарШүүгдэгч Д.М шүүх хуралдаанд: “...Э эмнэлгийн тусгай зөвшөөрөл, гэрчилгээ тухайн үед надад байсан. Одоо Эрүүл мэндийн яам хурааж авсан. Маргаан үүсэх үед хураалгасан ... Э эмнэлгийн холбогдох санхүүгийн баримт, тайлан тооцооны баримтыг шинэ удирдлагад гаргаж өгөөгүй юм бэ гэхээр эрх шилжүүлж авахад миний эрх ашгийг хөндөж авсан. Албан ёсоор хуулийн дагуу шийдэгдээгүй байхад би өгөхгүй гэсэн байр суурьтай байсан юм...” гэж мэдүүлсэн байх ба Э эмнэлгийн холбогдох санхүүгийн баримт, тайлан тооцооны баримт зэргийг гаргуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.

Нэмж дурдахад Э ХХК-д бүртгэлтэй хэдэн тоног төхөөрөмж байсан, хэдэн тоног төхөөрөмжийг буцааж авсан, хэдэн төхөөрөмж нь ажиллахгүй байгаа зэргийг тодруулж, шалгасны үндсэндээр хохирлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгчийн захирамжид дурдаагүй боловч хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт болон хэргийн бодит байдлыг нотлох хуульд заасан бүх арга хэмжээг авах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.М, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр нэг мөр шийдвэрлэхийг тус тус анхаарах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан санал хүсэлт зэргээс үзэхэд шүүгдэгч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад учруулахгүй байлгах үүднээс шүүгдэгч Д.М, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно” гэсэн дүгнэлт хийж, Д.М, Д.Б нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Д.М, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тухайн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ”...Шүүгчийн захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Мөрдөн байцаалтын явцад Д.М нь Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К /К/-ийн визний хугацааг сунгуулж өгөхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулна гэх зэргээр хандсаны улмаас К /К/ нь Монгол Улсын хилээр гарч явсан нь мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулсан байдаг.

К /К/ нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас хүрэлцэн ирж уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин ирж оролцох боломжгүй учраас гэрчийн мэдүүлэг өгөхийг хүссэн нь түүний өгсөн мэдүүлгээр нотлогдоно.

“Э” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь “И” ХХК бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч нь К /К/ гэдгийг үгүйсгэсэн нотлох баримт байхгүй юм.

Хувьцаа эзэмшигч нь тус компанийг төлөөлөх итгэмжлэлийг Т.Б-д олгож, мөн томилсон нь хавтаст хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх хуралдааныг хойшилсон хугацаанд шүүгч нь захирамжаар “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өөрчлөгдөн томилогдсон К Г-г-ийг хохирогч гэж дүгнэж тогтоосон атлаа шүүх хуралдаанд “...Т.Б-ийн итгэмжпэлийн хугацаа дууссан байсан ба К Г-г хохирогч байгууллагыг төлөөлж байгаа нь хэргийн үйл баримтаас зөрүүтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж хохирогч, гэрчийг тогтоосон байх тул хохирогчийг зөв тогтоосны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох шаардлагатай гэж үзлээ...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д Шүүхийн “шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу итгэмжпэлгүйгээр төлөөлөх этгээд К Г-г-ийг хохирогчоор тогтоосон захирамжид дүгнэлт хийлгүйгээр, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн яаж зөрчсөн талаар тодорхой дурдалгүйгээр хохирогчийг буруу тогтоосон гэж дүгнэсэн байна.

“Э” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг гэмт хэргийн улмаас Д.М-ыг завшсан гэж үзэж, түүний төлөө итгэмжлэлийн дагуу хохирогчийг тогтоосон. Уг компанийг төлөөлөх эрх мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа дууссан нь хамаарахгүй, шүүхийн шатанд “Э” ХХК-ийг төлөөлөх эрхгүй буюу буруу гэж үзэх үндэслэлгүй. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд дуусаагүй байж байгаад давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд дууссан бол яах байсан юм.

Төлөөлөх эрх олгох субъект болон шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тодруулахад алдаа гараагүй. Энэ харилцаанд хувь хүнийг хохироосон асуудал байхгүй буюу хувь хүн болох Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К/К/-г хохироосон гэж дүгнээгүй. Харин “Э” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг завшсан гэж яллах дүгнэлтэд дүгнэсэн.

2. Шүүх нь шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч С.Мөнхтулга шүүх хуралдаанд “...хохирлоос өөрсдөө авч явсан тоног төхөөрөмж, 2 тэрбум 200 гаран сая төгрөг өгсөн боловч хохирлоос хасагдахгүй байгааг ойлгохгүй байна...” гэж маргасныг иш татсан боловч шүүх хуралдааны явцад өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбарыг хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэргээс ач холбогдолтой байгаа, улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан санал, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг дурдаагүй байна.

Тодруулбал: Мөрдөн байцаалтын явцад К/К/ нь “Э” ХХК-ийг Д.М-ын нэр дээр үүсгэн байгуулж, түүнийг гүйцэтгэх захирлаар томилсон хугацаанд өөрийн эзэмшлийн эмнэлгээс сар бүр орлого буюу оруулсан хөрөнгөө гарган авч байсан нь 2 тэрбум 200 гаран сая төгрөг болсон талаар мэдүүлсэн ба хөрөнгө оруулагч К /К/-ийн нэхэмжилсэн хохирлоос хасаж тооцох үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин шүүх хуралдаанд хохирогч талаас санхүүгийн баримт, татварын тайлан, гэрээ, гэрчилгээ зэргийг өгөөгүй гэж мэдүүлсэн зэргээс үзэж, хохирлын хэмжээг тогтоож чадаагүй гэж дүгнэсэн нь шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтад үндэслээгүй гэдгийг нотолж байна.

Мөн хохирлын хэмжээг тогтооход ашигласан 399 ширхэг тоног төхөөрөмжийг дахин ашиглах боломжтой эсэхийг тогтоох зорилгоор Эрүүл мэндийн яамны шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.

Түүнчлэн анх нийлүүлсэн тоног төхөөрөмж эвдэрч гэмтсэн, зарим тоног төхөөрөмжийг худалдан борлуулсан талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон тул уг асуудлыг дахин шалгах боломжгүй, шинэ нөхцөл байдал тогтоогдохгүй юм.

Мөрдөгчөөс Д.М-ын хохирогчоор тогтоогдсон хэрэг бүртгэлтийн 201726021339 дугаартай хэрэгт үзлэг хийж, 399 ширхэг тоног төхөөрөмжийн үнэлгээг нотлох баримтаар хуулбарлан авч хэрэгт хавсаргасан нь хууль зөрчөөгүй ба уг хэрэгт гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтийг талууд эс зөвшөөрч дахин гаргуулах гомдол, хүсэлт гаргаагүй, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэт ерөнхий таамаглалд үндэслэсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Хэрэгт үнэлгээ хийлгэх мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байна. Д.М-ын хохирсон хэргийн материалаас хохирлын баримтыг авсан гэж шүүх үзсэн бол түүнийг няцаагаагүй. Д.М-ын хохирсон гэх хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ. Мөн хэний ч гомдлоор бай. Энэ мөрдөн шалгах ажиллагааны нэг болох шинжээч томилж, шинжилгээ хийлгэх ажиллагааг хууль зөрчөөгүйгээр хийсэн байна. Шинжилгээ хийсэн ажиллагааг шүүх буруу гэж үзээгүй. Өөр дугаартай хэрэгт хийгдсэн болохоос бус шинжилгээ хийлгэх замаар хийгдсэн нотлох баримт болох үнэлгээ буюу шинжээчийн дүгнэлт нь ямар дугаартай хэрэгт хийгдсэн нь чухал уу, эсхүл ямар эд хөрөнгө, эд зүйлийн үнэлгээ хийгдсэн нь чухал уу. Энэ нь Иргэний хуульд заасан төрлийн шинжээр тодорхойлогдох 399 төрлийн эд зүйлийн үнэлгээ л бидэнд хийгдсэн байсан. Нотолгооны хувьд ач холбогдлоо алдаагүй, нотлох баримт бэхжүүлэхэд хууль зөрчиж цуглуулаагүй. Шүүх хууль ёсны нотлох баримт биш гэж дүгнээгүй. Шинж чанар нь дахин давтагдашгүй 399 ширхэг төрлийн шинжээр тодорхойлогдох тоног төхөөрөмж, мөн хэр хэмжээ гэж тоо, ширхэг, өртгөөр үнэлэгдэх хэмжүүрээр тодорхойлогдох ёстой. Өртгийн хувьд тус бүрийн үнэ, нийт үнийг тогтоосон. Энэ бүрийг шүүх юугаар няцаан үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь буруу байна. 399 ширхэг тоног төхөөрөмж гэдгийг шүүх хүлээн зөвшөөрсөн. Таамаглалд үндэслэн гэмт хэргийн хор уршгийг тодорхойлсон гэдэг нь үндэслэлгүй юм. Хэрэгт үзлэг хийж нотлох баримтыг хууль ёсны дагуу бэхжүүлж авсан нотлох баримтын шаардлага хангахгүй, эсхүл хууль зөрчиж бэхжүүлсэн эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулах 3 зүйл болох ажиллагаа, нотлох баримт, шийдвэр гэснийг зөрчөөгүй.

3. Хууль гэхээс илүү хохирогчийн талаас харьцуулсан, шүүгдэгч Д.М-ын талаас харьцуулсан эд хөрөнгө гэдгийг тухайн харилцааг тодорхойлохдоо аль талын байр сууринаас, эсхүл хөндлөнгийн байр сууринаас сонсож, нэрлэж байгаа үг хэллэгийн хэлбэрээр ялгаатай мэт харагдаж байгаа асуудлыг хууль зүйн дүгнэлтийн алдаа, эсхүл Эрүүгийн хууль хэрэглээний алдаа мэтээр авч үзсэн нь буруу байна. Шүүгдэгч Д.М-ыг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан нь үнэн, энэ шийдвэрийг шүүгдэгч Д.М хэрэгжүүлэхээс татгалзаж, эд хөрөнгийг өөртөө завшсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байтал Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн хууль зүйн дүгнэлтийг хийсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Мөн шүүх 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 1766 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мён өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Мөнхтулга, Д.Түмэнжаргал нарын гомдол буюу хүсэлтийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч хүсэлт гаргах эрхтэй гэсэн үндэслэлээр хянан хэлэлцэж, өөрийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 1766 дугаартай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах замаар хүсэлтийг хянан хэлэлцэж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, эргэлзээгүй байх хуулийн шаардлага хангаагүй, мөн шүүгч өөрийн шийдвэрт эргэлзэж байгаа нь үүгээр давхар илэрч байна.

Иймд Д.Б, Д.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЗ/1766 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Прокурорын зүгээс хэрэгт байхгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй зүйлийг ярьж байна. Баярмаа гэх хүнийг хохирогч гэж тогтоогоод мэдүүлэг авсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Баярмаа нь “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой атал хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. БНСУ-ын иргэн К Б С-ыг гэрчээр асуусан, К нь “Э” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч учраас түүнээс хохирогчоор мэдүүлэг авах ёстой байсан. Д.М Гадаадийн иргэн, харьяатын алба, цагдаагийн байгууллагад хэлснээр ирж чадахгүй байсан гэсэн зүйл яригддаг. Энэ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй. Д.М-д гадаад улсын иргэнийг хилээр орж ирэхийг шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй. Д.М нь “Э” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч байхдаа энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож байсан. Хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэдэн төгрөгийг Ким Бү Собд алдсан тухайгаа мэдүүлж, түүнтэй холбоотойгоор шинжээч томилогдсон. 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр “ЭЭм Ди аудит” компаний дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг мөрдөгчөөс нэмж тодруулаад 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр нь 208 дугаартай Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Д.М хохирогчоор тогтоогдож байх үед гаргасан дүгнэлт. Уг дүгнэлтийг нь Ким Бү Собын төлөөлөгч Батчимэгээс гаргасан гомдол гаргасан хэрэгт үзлэг хийж хавсаргасан. Үзлэгээр баримт авч байгаа нь хууль зөрчөөгүй боловч нотлох баримтын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй. 2 дүгнэлт нь хоёулаа нэг талын агуулгыг гаргаж байгаа боловч хохирол нь эргэлзээтэй 2 өөр тоо баримт дурдагддаг. Мөрдөгч болон прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар эргэлзээтэй үйл баримтыг тодорхой болгох зорилгоор дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байсан. Д.М “Э” ХХК-ийг 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 100 хувийн өөрийн хөрөнгө оруулалтаар ганц хүний нэр үүсгэн байгуулсан. 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “И” ХХК-д шилжүүлсэн талаараа хохирогчоор мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгтээ намайг залилсан, БНСУ-д татварын албанд шалгагдаж байгаа, тоног төхөөрөмж оруулж ирэхэд их хэмжээний татвар төлөх учраас өөрийн гэсэн компанитай байвал татвар төлөх асуудлаас зайлсхийх талаар хэлсэн байдаг. Энэ нь 1 дүгээр хавтас хэргийн 221-223 дугаар талд авагдсан Д.М-ын эзэмшлийн ай-падад үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогддог. 2016 оны 3 дугаар сарын 19, 21, 24-ний  өдрүүдэд нийт 4 удаа чат бичсэн байдаг. Уг чатад үйл баримтыг тодорхой дурдсан байдаг. “Э” ХХК нь 10.000 төгрөг нэгжийн үнэтэй, 1.000 ширхэг хувьцаатай. “Э” ХХК-ийг 1.000.000 төгрөгөөр худалдан авсан нь хуульд хэр нийцэж байгаа гэдэг нь харагддаг. К Б С-ын гаргаж байгаа үйл баримт нь үгүйсгэгддэг. Хохирлын талаар 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хүрээнд буюу Д.М хохирч байх үед дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр шүүгдэгч нарыг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Д.М өөрийн нэр компани эзэмшиж байх үедээ хөрөнгө оруулалт татсан. 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Э” ХХК-ийг шилжүүлсний дараах хохирол гарсан. Эдгээр хохирлыг нэгтгээд, нягтлан бодох бүртгэлд тусгагдсан учраас “Э” ХХК-ийн хөрөнгө гэж тайлбарласан. Нийт 4.900.000.000 төгрөгийн хөрөнгө авсан, түүнээс 3.004.000.000 төгрөгийн үлдэгдэл гарсан гэдэг. 2 дүгнэлт нь хоёулаа уг дүгнэлтээс зөрүүтэй байдаг. Үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. Прокурор хуулийн шаардлагад нийцээгүй яллах дүгнэлт бичсэн. Үүн дээр анхан шатны шүүх дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон. Эмнэлгийн тусгай зөвшөөрөл нь гадаад улсын иргэнд шилжих бүрэн боломж байхгүй учраас тусгай зөвшөөрлийг авсан байдаг. Эмнэлгийн тоног төхөөрөмж худалдахтай холбогдолтой бичиг баримтыг 2014 онд 3 жилийн хугацаатай авсан байдаг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг тал бүрээс нь бодитойгоор тогтоох боломж байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль ч үед гаргах боломжтой. Үүний дагуу хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэсэн нь хүнлэг энэрэнгүй байх зарчимтай нийцсэн. Яллах дүгнэлт үйлдэхээсээ өмнө зүйлчлэлийг өөрчлөн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үйл баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдал байхад шийдвэрлэсэн. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэв.

Хохирогч Э Ж М ХХК-ийн өмгөөлөгч Ч.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудыг мэтгэлцүүлэн, шүүхийн хэлэлцүүлэг явуулан хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны зар дээр 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1918 дугаартай захирамжийг хэлэлцэнэ гэсэн байгаа нь ойлгомжгүй байна. 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 1766 дугаартай захирамжийг хэлэлцэх ёстой. Хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэрэгт холбогдох шүүхийн шийдвэрүүд, үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон бичгийн нотлох баримтуудад тулгуурлан хэргийг талуудын мэтгэлцээний үндсэн шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокуророос Д.М-ыг эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж их хэмжээний хохирол учруулсан, Д.М, Д.Б нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан, мөн уг тоног төхөөрөмжийг банкны зээлийн барьцаалбарт шилжүүлэн мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэргийг Д.М санаачлан удирдаж, Д.Б гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутай эсэхийг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнээд, хохирогчийг зөв тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох, яллах дүгнэлтийг зөвтгөн хуульд нийцүүлэх, одоо тухайн эмнэлэгт ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн шинж байдлыг тогтоох зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж гаргажээ.

Уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзсэн болно.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэл муутай, бүтэц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй гарчээ.

Тодруулбал, анхан шатны шүүх Д.М, Д.Б нарт холбогдох хэрэгт хэн хохирогчоор тогтоогдох нь тодорхой бус байна гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд хэрэгт Э ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн албан бичгээр Т.Б-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсний дагуу Т.Б-гаас хохирогчийн мэдүүлэг авч, тэрээр шаардлагатай баримтуудыг гарган өгсөн болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх Э ХХК-иас Т.Б-г төлөөлөн оролцуулахаар болсон нотариатрч гэрчилсэн итгэмжлэлийн хугацаа дууссан тул хохирогч гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт нь буруу юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж хуулиар зохицуулж байгаа бөгөөд нэгэнт тухайн хуулийн этгээдийн хүсэл сонирхлын дагуу нийтийн эрх зүйн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй иргэнийг хувийн эрх зүйн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай адилтган нотариатчийн гэрчилсэн итгэмжлэлийн хугацаанд ач холбогдол өгч хэргийг прокурорт буцаах нэг үндэслэл болгож байгааг буруу гэж үзнэ.

Хэрэв өөр этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор бол, эсхүл өөр хохирогчийг нэмж тогтоох шаардлага үүсвэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх тухайн хэрэгт хохирлын хэр хэмжээ, шинж чанар тодорхойгүй тухай дурьдаж, зарим хэргийн оролцогч энэ талаар маргасан гэж бичжээ.

Хавтаст хэрэгт нэрлэн заасан тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гаалийн мэдүүлэг, тухайн тоног төхөөрөмжүүдийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нэгэнт авагдсан тул анхан шатны шүүх эдгээрийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах замаар хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч гэсэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нотлон тогтоох эрх, үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж, 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”-ийг тусгахаар тус тус хуульчилсны дагуу прокурор шүүгдэгч Д.М, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зохих зүйл, хэсгээр зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийн эцэслэн шийдвэрлэж байгаа мэтээр дүгнэлт хийж, “шүүгдэгч Д.М нь ажлаас чөлөөлөгдсөнөөр тухайн хуулийн этгээдтэй холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон тул ямарваа нэгэн эд хөрөнгө итгэмжлэн хариуцах үүрэг үүсэхгүй учир Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтайгаас гадна ажлаас чөлөөлөгдсөн этгээдийн үйлдэлд хөрөнгө завших гэмт хэргийн шинж яригдахгүй гэсэн утга агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй.

Мөн тухайн хэргийг шийдвэрлэхэд Э эмнэлгийн холбогдох санхүүгийн баримт, тайлан тооцооны баримт зэргийг гаргуулах нь ямар учраас чухал ач холбогдолтой талаар анхан шатны шүүх дүгнээгүй атлаа гаргуулснаараа хэргийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх, тэдгээрийг шүүх шууд нотлох баримтаар үнэлж дүгнэх эрх бий эсэхийг анхаарах нь зүйтэй юм.

Эцэст нь, бүртгэлтэй хэдэн тоног төхөөрөмж байсан, хэдэн тоног төхөөрөмжийг буцааж авсан, хэдэн тоног төхөөрөмж нь ажиллахгүй байгаа зэргийг тодруулж шалгах талаар дурьдсан байх боловч нэр төрөл, тоо хэмжээ нь тодорхой шинэ тоног төхөөрөмжүүдийг шинээр байгуулсан ХХК хүлээн авч, эмнэлгийн үйл ажиллагаандаа хэрэглэсэн, эдгээрийн үнэлгээ хэрэгт авагдсан тул зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн “хэргийг прокурорт буцаасан” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.М, Д.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх тухайн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Д.М, Д.Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/1766 дугаар шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн атлаа давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хуулиар харъяалуулсан зарим асуудлыг шүүх шийдвэрлэх зохицуулалттай хутгаж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/1918 дугаар шүүгчийн захирамж гарган шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, хувийн баталгаа гаргах, Монгол Улс хилээр нэвтрэхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч, өөрт хуулиар олгогдоогүй эрх эдэлснээс гадна хэргийг буцаасан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/1766 дугаар шүүгчийн захирамж гаргасан өдрөө 2021/ШЗ/1765 дугаар шүүгчийн захирамж гаргаж шүүгдэгч нарыг давхардуулан цагдан хорьсон зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны урьд гарч байгаагүй бүдүүлэг алдаа гаргасныг дахин давтан гаргахгүй байхыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс зориуд анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/1766 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.М, Д.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Д.М, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр нэвтрэхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                ШҮҮГЧ                                                                 Б.ЗОРИГ