Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/00347

 

 

 

2024 оны 01 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2024/00347 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1, дугаар байр, тоот хаягт оршин суух******* мэлхий овогт************** *******-ын нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, 9 дүгээр давхарт байрлах Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 19,131,785 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 19,131,785 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Б.Н нь 2012 оноос хойш Хан-Уул дүүргийн хурлын ажлын албанд ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа эргэж орох өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилсонгүй. Иймд хуульд заасны дагуу намайг эргэж ажилд томилуулахын тулд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 2.Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Б.Н нь Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, тус хороонд маргаан хянан шийдвэрлэгдэх үйл ажиллагаа явагдаж байгаад тухайн хорооноос ямар нэгэн шийдвэр одоо хүртэл гараагүй,

2.2.Нэхэмжлэгч Б.Н нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны намын бүлэг, гадаад харилцаа хариуцсан хэлтэст ажилладаг байсан. 2021 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотой Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтцийг Засгийн газраас тогтоодог болсон. Монгол Улсын Засгийн газрын******* дугаар тогтоол байгаа. Уг тогтоолд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2 нэгж, 18 албан хаагчтай, 18 албан хаагчийг төрийн захиргааны албан хаагч байхаар зааж өгсөн. Засгийн газрын тогтоол гарснаас хойш тогтоолтой холбоотой ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 509 дүгээр тогтоолоор манай албан тушаалын тодорхойлолт батлагдсан. Бидний зүгээс шалтгаалах нөхцөл байдал байгаагүй. Энэ бол ажил олгогчийн зүгээс юм уу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эс үйлдэхүй гаргаад хэн нэгний эрхийг хязгаарлаад байгаа үйлдэл биш. Одоо манайх 12 төрийн захиргааны, 6 төрийн үйлчилгээний албан хаагч ажиллаж байна. 6 төрийн үйлчилгээний албан хаагчид жолооч, нягтлан, нярав гэсэн албан тушаалууд орж байгаа.

2.3.Нэхэмжлэгч нь улс төрийн албан тушаалтай буюу одоогийн ТҮ-7 зэрэглэлтэй адилтгах албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Буцаагаад ажилд нь томилох гэхээр нэгдүгээрт албан тушаал буюу орон тоо байхгүй, хоёрдугаарт тухайн хүний мэргэжлийн индекс буюу өөрийнх нь төгссөн мэргэжилд таарах ажлын байр хадгалагдаж үлдээгүй. Иймд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр ажлын албаны даргын тушаалаар чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж байна.

 Нэхэмжлэгч талаас******* ӨЭМТ-ийн 2 настай нь эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт,******* иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.М-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, олгосон итгэмжлэл, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар хөдөлмөрийн гэрээ (эх хувь),******* Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, дугаар утасны 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны хэрэглээний жагсаалт, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл (эх хувь), Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл (эх хувь), Мэдэгдэл хүргүүлэх тухай гэх 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаар баримт бичиг (эх хувь), Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2023/.... дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 759 дугаар албан бичиг, хавсралт, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэх хугацааны цалингийн бодолт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн тооцоолол гэх баримтуудыг нотлох баримтаар тус тус гаргаж өгч,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2023/...... дугаар захирамжтай******* нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох иргэний хэргээс Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хуулбарлав тэмдгээр баталгаажуулсан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тушаал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаал, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар албан бичиг, Иргэдийн төлөөлөгчдийн хурал Бүртгэл-хяналтын карт №115, Хаан банк дахь******* эзэмшигчтэй дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тушаал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаал гэх баримтуудын хуулбарыг нотлох баримтаар хэрэгт бүрдүүлэн авсан болно.

 ҮНДЭСЛЭХ нь:

 1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа эргэж орох өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилсонгүй. Иймд хуульд заасны дагуу эгүүлэн томилуулахаар шүүхэд хандаж байна гэж тодорхойлжээ.

 3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзлын үндэслэлээ 2022 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотой Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтцийг Засгийн газрын 2021 оны******* дугаар тогтоолоор 2 нэгж, 18 албан хаагчтай, 18 албан хаагчийг төрийн захиргааны албан хаагч байхаар зааж өгсөн. Засгийн газрын тогтоол гарснаас хойш тогтоолтой холбоотой ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 509 дүгээр тогтоолоор манай албан тушаалын тодорхойлолт батлагдсан. Бидний зүгээс шалтгаалах нөхцөл байдал байгаагүй, ажил олгогчийн зүгээс юм уу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эс үйлдэхүй гаргаад хэн нэгний эрхийг хязгаарлаад байгаа үйлдэл биш. Одоо манайх 12 төрийн захиргааны, 6 төрийн үйлчилгээний албан хаагч ажиллаж байна. 6 төрийн үйлчилгээний албан хаагчид жолооч, нягтлан, нярав гэсэн албан тушаалууд орж байгаа. Нэхэмжлэгч нь улс төрийн албан тушаалтай буюу одоогийн ТҮ-7 зэрэглэлтэй адилтгах албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Буцаагаад ажилд нь томилох гэхээр нэгдүгээрт албан тушаал буюу орон тоо байхгүй, хоёрдугаарт тухайн хүний мэргэжлийн индекс буюу өөрийнх нь төгссөн мэргэжилд таарах ажлын байр хадгалагдаж үлдээгүй. Иймд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр ажлын албаны даргын тушаалаар чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж байна.

 4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар Гадаад харилцаа, намын бүлэг хариуцсан хэлтсийн Намын бүлэг хариуцсан ажилтан*******д 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд хүүхэд асрах чөлөө олгосон.

4.2.Б.Наранцацрал нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажилдаа эргэж орох тухай хүсэлтийг гаргасан болох нь хэрэгт авагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурал Бүртгэл-хяналтын карт №115 гэх баримтаар тогтоогдож байна.

4.3.Б.Наранцацрал нь түүний ажилдаа эргэж орох тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэхгүй байгаатай холбоотойгоор Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2023/15048 дугаар захирамжаар тогтоогдож байна.

4.4.Нэхэмжлэгч*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 60.3, 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар цуцалсан.

4.5.Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас*******д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж 4,966,794 төгрөг олгосон.

4.6.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны******* дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 18 хүртэл орон тоотой, 2 хүртэл хэлтэстэй байхаар тогтоосон.

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5-д хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах гэж зааснаар нэхэмжлэгч******* өөрийг нь ажилд томилохгүй байгаа ажил олгогчийн эс үйлдэхүйд холбогдуулан Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж тус хорооны хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар тэмдэглэл гарсан боловч маргалдагч тал болох Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх бүхий албан тушаалтан тус тэмдэглэлд гарын үсэг зураагүй эс үйлдэхүй гаргасан байх тул Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 759 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 42 дахь тал)-т дурдсанаар холбогдох баримтыг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд шуудангаар хүргүүлснийг тус тэмдэглэлд гарын үсэг зурсантай адилтган үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон гэж шүүх үзлээ.

 

6.Улмаар нэхэмжлэгчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2023/15048 дугаар захирамжид заасан шалтгааныг арилсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд хандсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, 60.3 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан тохиолдолд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлагдсанд тооцож, энэ хуулийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмж олгоно гэж тус тус зааснаар байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогч буюу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус хурлын ажлын албаны Гадаад харилцаа, намын бүлэг хариуцсан хэлтсийн Намын бүлэг хариуцсан ажилтнаар ажиллаж байсан нэхэмжлэгч******* ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй байна.

 

8.Ажил олгогчийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай 375 дугаар тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 18 хүртэл орон тоо, 2 хүртэл хэлтэстэй байхаар тогтоосны дагуу нэхэмжлэгч******* ажиллаж байсан хэлтэс татан буугдсан, адил чанарын өөр ажлын байр байхгүй гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаар 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч*******д мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах гэж заасанд нийцжээ.

 

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан тохиолдолд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлагдсанд тооцож, энэ хуулийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмж олгоно, 82 дугаар зүйлийн 82.1.4тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх гэж тус тус заасны дагуу Гадаад харилцаа, намын бүлэг хариуцсан хэлтсийн Намын бүлэг хариуцсан ажилтнаар ажиллаж байсан нэхэмжлэгч******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, тэтгэмж олгосон нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс******* урьд эрхэлж байсан ажлын байр байгаа гэж тайлбарлаж байх боловч баримтаар тогтоогдохгүй байна.

 

10.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

11.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч******* ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 19,131,785 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж холбогдох бичилт хийхийг хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 19,131,785 төгрөг гаргуулах, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойших хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 119.7 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД