| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/04101/И |
| Дугаар | 183/ШШ2024/00505 |
| Огноо | 2024-01-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/00505
2024 оны 01 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/00505 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н дүүрэг, 0 дүгээр хороо, Уурхайчдын 1а тоот хаягт оршин суух******* овогт Ч.О (РД:000000)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дүгээр хороо,1 тоот хаягт байрлах СТ ХХК (РД:0000)-д холбогдох
Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 35,513,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч СТ ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 35,513,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр СТ ХХК-тай******* дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр Н дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах орон сууцны барилгын 5а блок,******* м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулахаар гэрээний 4.1-т заасан хуваарийн дагуу хугацаандаа урьдчилгаа 35,000,000 төгрөгийг СТ ХХК-ийн******* дугаар дансанд төлсөн.
1.2.Уг орон сууц 2021 оны 3, 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан боловч одоог хүртэл уг орон сууцны барилгын ажлын суурь цутгаснаас өөрөөр эхлээгүй, цаашид ямар байдлаар орон сууцыг барьж ашиглалтад оруулах нь тодорхойгүй тул урьдчилан төлсөн 35,000,000 төгрөг, гэрээний 5.1, 5.2-т заасан алданги 513,000 төгрөг, нийт 35,513,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч СТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1.Урьдчилгаа 35,000,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч байна. Харин алдангийг нэхэмжлэгч тал яаж тооцсон нь ойлгомжгүй байна. Гэрээнд заасан хугацаанаас хэтэрсэн хугацаанд хүлээж авсан бол ажилласан хугацааных нь алдангийг нэхэмжлэх ёстой байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д заасан алдангийн тухайд гэвэл 5.1-д талууд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хожимдсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн тухайд 35,000,000 төгрөгөөс тооцсон байна гэж ойлгож байна. 35,000,000 төгрөг чинь гүйцэтгэсэн үүргийн дүн харин гүйцэтгээгүй үүрэг гэж дахиад тусдаа үнийн дүн байгаа. Үүнээс тооцох байсан. Хуульд ч гэсэн гүйцэтгээгүй үүргийн дүнгээс гэж бий. Тийм учраас алдангийг ингэж тооцож байгаа нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байна гэв.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Налай дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182 дугаар тодорхойлолт, Хасбанкны төлбөрийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Оы иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч талаас СТ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Оы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч СТ ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 35,513,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр СТ ХХК-тай******* дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж, Н дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах орон сууцны барилгын 5а блок,******* м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулахаар гэрээний 4.1-т заасан хуваарийн дагуу хугацаандаа урьдчилгаа 35,000,000 төгрөгийг СТ ХХК-ийн******* дугаар дансанд төлсөн боловч гэрээнд заасан хугацаанд буюу одоог хүртэл уг орон сууцны барилгын ажлын суурь цутгаснаас өөрөөр эхлээгүй, цаашид ямар байдлаар орон сууцыг барьж ашиглалтад оруулах нь тодорхойгүй тул урьдчилан төлсөн 35,000,000 төгрөг, гэрээний 5.1, 5.2-т заасан алданги 513,000 төгрөг, нийт 35,513,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ алдангийг нэхэмжлэгч тал яаж тооцсон нь ойлгомжгүй байна. Гэрээнд заасан хугацаанаас хэтэрсэн хугацаанд хүлээж авсан бол ажилласан хугацааных нь алдангийг нэхэмжлэх ёстой байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д заасан алдангийн тухайд гэвэл 5.1-д талууд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хожимдсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн тухайд 35,000,000 төгрөгөөс тооцсон байна гэж ойлгож байна. 35,000,000 төгрөг чинь гүйцэтгэсэн үүргийн дүн харин гүйцэтгээгүй үүрэг гэж дахиад тусдаа үнийн дүн байгаа. Үүнээс тооцох байсан. Хуульд ч гэсэн гүйцэтгээгүй үүргийн дүнгээс гэж бий. Тийм учраас алдангийг ингэж тооцож байгаа нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Ч.О, хариуцагч СТ ХХК-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Н дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах барилгын 5А блок,******* м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв нь 1,000,000 төгрөгөөр тооцож 51,730,000 төгрөгөөр 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар харилцан тохиролцож “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан. (хавтаст хэргийн 6-9 дэх тал)
4.2.Дээрх гэрээний 4.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.О нь нийт 35,000,000 төгрөгийг төлсөн. (хавтаст хэргийн 4-5 дахь тал)
4.3.Гэрээний 1.2-т заасан хугацаанд барилгын ашиглалтад оруулаагүй буюу 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар барилга ашиглалтад ороогүй.
5.Зохигч талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ээр нэг талаас тухайн орон сууцыг ашиглалтад ороход 51,730,000 төгрөгийн үнийг төлөх, нөгөө талаас******* м.кв талбай бүхий орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний эрх зүйн харилцаа үүсжээ.
6.Дээр дурдсан гэрээний 1.2-т заасан хугацаанд барилга ашиглалтад ороогүй буюу хариуцагч СТ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, мөн тухайн барилга хэзээ баригдаж дуусах нь тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.О нь гэрээнээс татгалзах эрхтэй ба мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу урьдчилан төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна.
7.Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч СТ ХХК-аас “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний урьдчилгаанд нэхэмжлэгч Ч.Оы төлсөн 35,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
8.Харин зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д “Талууд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хожимдсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.03% торгуулийг аль буруутай талдаа ноогдуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй хугацаа хэтрүүлсний алдангид 513,000 төгрөг гаргуулахаар шаардаж байх боловч үндэслэлээ тайлбарлаж, нотолж чадахгүй буюу Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирлоо тодорхойлж чадахгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 332,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч СТ ХХК-аас 35,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 513,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 332,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ч.Од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД