| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2026/0532/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/551 |
| Огноо | 2026-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2026/ШЦТ/551
2026 02 27 2026/ШЦТ/551
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Э.Мөнх-Оргил,
шүүгдэгч, хохирогч У.Ж, Г.Ч нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт Уранцэцэгийн У.Ж, Дашдорж овогт Гэрэлт-Одын Ч нарт холбогдох эрүүгийн “2506000004017” дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр хотхоны хойд талын байрны гадна байхдаа хохирогч Г.Чтэй "эмэгтэй хүн хүндэлж харьц" гэх үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагдэвсгэрт байрлах Саруул тэнгэр хотхоны хойд талын байрны гадна байхдаа хохирогч У.Жтэй "эмэгтэй хүн хүндэлж харьц" гэх үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ч нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болоод маргаан үүсгэсэн ...” гэв.
Шүүгдэгч У.Ж нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “....Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир биеэ захирч чадаагүй...” гэв.
Эрүүгийн 2506000004017 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Чий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 16-17/,
Хохирогч У.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 8-9/,
Гэрч У.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 25-26/,
Гэрч Ч.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 32-33/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13888 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх 37-38/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13789 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх 45-46/,
Шүүгдэгч Г.Ч, У.Ж нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 66-98/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Г.Ч, У.Ж нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр хотхоны хойд талын байрны гадна байхдаа хохирогч Г.Чтэй "эмэгтэй хүн хүндэлж харьц" гэх үл ялих зүйлээс болж Маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Г.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр хотхоны хойд талын байрны гадна байхдаа хохирогч У.Жтэй "эмэгтэй хүн хүндэлж харьц" гэх үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Г.Чий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2025 оны 10 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим гэртээ эхнэр Мгийн хамт байж байтал манай эхнэрийн найз Ч.З залгаад би найз залуутайгаа гадуур явж байна уулзаж жоохон уух уу? гэж асуусан. Тэгсэн манай эхнэр зөвшөөрөөд манай гэрийн гадаа Ч.З өөрийнхөө найз залуу У.Жийн хамт ирээд бид хоёрыг аваад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны урд талын автобусны буудлын урд талд байдаг Хотел лаунж гэх бичигтэй газрын 6 давхарт байх лаунжид ороод юм уугаад сууж байгаад шөнө 01 цаг 40 минутын орчим тухайн газраас гараад баар орохоор болоод Их засаг их сургуулийн урд талд байх И нэртэй бааранд ороод 11 дүгээр сарын 01-ний үүрээр 04 цагийн орчим баарнаас гарахын өмнө У.Ж надаас мөнгө зээлээд 2 ширхэг пиво авхуулж ууж дуусаад манай гэр рүү явж байх замдаа У.Ж уух юм авах уу? гээд надаас мөнгө зээлээд 2 ширхэг том пиво аваад манай гэрийн гадна очоод машин дотор сууж байхдаа манай эхнэр бид хоёр өөрсдийн гар утсаа У.Жийн машины хойд талын суудал дээр тавиад сууж байтал У.Ж бид 2 жоохон маргалдаад байна түр гарч байгаа ч гэж хэлээд бид хоёрыг буулгасан. Тэгээд гадна ойролцоогоор 10 орчим минут болоод нөгөө хоёроос яасан бэ? та хоёр гэж асуухад У.Ж эхнэрийн хамт бууж ирээд манай гэрт ороод Ч.З, У.Ж 2 нойлын өрөө рүү ороод гарч ирснийх нь дараа би эхнэр Мд хандаад бааранд байхад би чамд согтоод байна явъя гэж хэлэхэд яагаад тоохгүй байсан юм гэх асуудлаас болж хоорондоо маргалдаж байтал У.Ж голоор орж ирээд чи эмэгтэй хүн хүндэлж харьц яагаад маргалдаад байгаа дуугүй бай гэхээр нь чи манай гэрээс яав гэж хэлсэн. Тэгсэн У.Ж намайг гараад ир гэж дуудаад гараад очсон чинь намайг миний хөл рүү хавсарч түлхээд газар унагасан дараа нь миний дээр гараад хоолойноос боож байхдаа миний нүд хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тухайн үед би ухаан алдах гээд болиорой гуйж байна гэж хэлсэн чинь болихгүй болохоор нь гарыг нь хажуу тийш болгоод нүүр хэсэгт нь нэг удаа цохиж холдуулахад газар унасан дараа нь би гэр рүүгээ ороод цагдаа дуудах гэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь гараад ирсэн чинь гадаа цагдаа ирчихсэн байсан намайг машиндаа суулгаад аваад явсан. Маргааш нь буюу 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна гэртээ байж байтал У.Ж 6-7 хүний хамт орж ирээд чи яадаг гэнээ гэж хэлээд миний баруун чамархай хэсэгт цохиод авсан... Эхний өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 01-ний үүрээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр байрны гадна У.Ж нь намайг хавсарч унагаасан. Тэгэх үедээ би гараараа газар тулж унасан ба энэ үед над дээр гараад хоолой боогоод зүүн нүдний хэсэгт 1 удаа гараараа цохисон. Мөн тухайн өдөр 14 цагийн орчим гэртээ байж байтал гаднаас 6-7 хүний хамт У.Ж орж ирээд миний зүүн нүд хэсэг рүү ямар нэг зүйл шидсэн би яг юу шидсэн эсэхийг харж чадаагүй байтал над руу хүрч ирээд миний баруун талын чамархай хэсэгт 1 удаа өвдөглөөд дээрээс цохисон..." гэх мэдүүлэг /хх 16-17/,
Хохирогч У.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ямар нэртэй лоунж байсан талаар мэдэхгүй байна 16-н автобусны буудлын замын урд талдаа тухайн лоунж нь байрлалтай байсан миний бие болон өөрийн эхнэр Ч.З /............./ эхнэрийн найз болох М /............./ Мгийн нөхөр болох Ч /96217999/ нарын хамт 4 үүлээ хамт байсан бид нар хамт суугаад 3 пиво 0,5 литрийн пиво ууж байгаад 02 цагийн орчимд тухайн лоунжнаас гараад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин 4 дүгээр байрны 22 тоотод орших Чий түрээсийн гэрт очоод 4 үүлээ том 3 пиво хувааж уугаад 05 цагийн орчимд Ч.З, М 2 Чий талаар нойлд ярьж байхад тухайн яриаг Чээ сонсоод уурлаж эхлээд М, Ч нар нь маргалдаж Ч нь Мгийн хүзүүнээс нь боогоод нүүрний зүүн хэсэгт 3 удаа алгадсан тул би боль гэж хэлээд муудалцахгүйгээр салгах гэж оролдоход би Мг өмөөрсөн чинь миний нүүрний шүд хэсэгт 1 удаа цохиод босох гэж байгаад нүүрний хэсэгт олон удаа цохисон өшиглөсөн, гараараа цохисон эсэх талаар нь мэдэхгүй байна гэнэт ухаан алдаад эмнэлгийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг /хх 8-9/,
Гэрч У.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн орчимд Ч.З, Ч.Згийн нөхөр болон өөрийн нөхөр Ч нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шинээр баригдсан лоунж дээр ямар нэртэй байсан талаар нь мэдэхгүй бага зэрэг 0,5 литрийн пиво буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад манай түрээсийн гэр болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин 4-22 дугаар тоот гэрт очиж Ч.З болон түүний нөхөр Жавхаа, өөрийн нөхөр болох Ч нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ойролцоогоор 3 том хэмжээтэй пиво ууж байгаад манай нөхөр ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй байна уурлаад байсан. Би өөрийн найз болох Ч.Згийн хамт нойлд өөрийн нөхөр болох Чий талаар надад гар хүрдэг, удахгүй салах байх зэрэг гэж байсан тухайн яриаг Ч нь хаалганы цаанаас сонссон байсан тул тухайн үеэс хэрүүл маргаан үүсээд Ч нь миний биед халдаад байсан тул У.Ж нь намайг өмөөрөөд байсан тэгээд тухайн Ч, У.Ж нар нь хоорондоо зодолдоод байсан Ч.З бас салгах гэж байхад У.Ж Ч.З руу уурласан тул Ч.З шууд гүйгээд яваад өгсөн удалгүй намайг Ч.Зг аваад ир гэсэн тул би бас араас нь явсан би яг тухайн зодоон болоход хэрхэн зодолдсон талаар нь мэдэхгүй байна нэг ирэхэд У.Ж нь газар ухаангүй болсон байсан..." гэх мэдүүлэг /хх 25-26/,
Гэрч Ч.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2025 оны 10 дугаар сарын 31-ний орой 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрнаас өөрийн найз М болон найз залуу Ч нарыг өөрийн найз залуу У.Жийн машинтай очиж аваад 16 дугаар хороонд байх нэрийг нь мэдэхгүй пабад ороод хүний 3 ширхэг пиво уугаад, тухайн пабаас гарсан. Тэгээд яг юу болсон талаар сайн санахгүй байна. Би согтсон байсан ба тухайн газраас гараад ойролцоо байх бааранд ороод хамт явсан хүмүүс ууж байгаад орой 03 цагийн орчим тухайн баарнаас гараад Мгийн гэр рүү явах замдаа Си Юу дэлгүүрээс уух юм авсан байсан. Тэгээд Мгийн гэрт очоод манай найз залуу Ч гэх залуутай уугаад том өрөөнд нь байсан би Мтай нойлд юм ярьж байсан чинь найз залуу нь нойлын хаалганы гаднаас бид хоёрын ярьж байсан яриаг сонссон байсан. Тэрнээс болоод Мтай хэрүүл өдөөд хоорондоо маргалдаад Ойнай гэх залуу Мг түлхэж, унагаагаад алгадаад эхэлсэн. Тэр үед манай найз залуу У.Ж голоор нь ороод болиулаад байж байхад нь би Мг хувцсаа ав явъя гэж хэлээд авч гараад орцны үүдэнд байж байтал араас Ч гарч ирээд Жавхаагийн хойд талаас нь цохиод авах шиг болсон тэр үед Жавхаа, Чийг дарж аваад дээр нь дарсан байдалтай байхад Ч одоо больё та нар яв гэж хэлсэн. Тэгэх үед би Жавхааг болиулсан чинь над руу уурлаад намайг яв зайл гэж хэлэхээр нь машин руу яваад очтол машиныхаа түлхүүр болон гар утсыг нь Жавхаагийн гадуур хувцасны халаасанд хийгээд орхисон байсан буцаж явж байхдаа хүнтэй таараад утсаар нь гуйж Жавхаагийн утас руу залгахад надад үхлээ хурдан хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд буцаад очиход Жавхаагийн хажууд хүн байхгүй 4 дүгээр байрны үүдэнд ухаан алдсан байдалтай газар хэвтэж байхаар нь очоод цагдаад дуудлага өгсөн чинь удаагүй хүрээд ирсэн... Тухайн үед Мгийн гэр болох 4-р байрны үүдэнд байхад У.Жийн нуруу хэсэгт Ч нэг удаа цохисон Жавхаа эргэж хараад хавсарч унагаагаад дээр нь гарч суугаад одоо больчих гэж хэлж байсан...." гэх мэдүүлэг /хх 32-33/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13888 дугаартай шинжээч эмчийн "...Г.Чий биед баруун алганд няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн бугалгад цус хуралт, хоёр бугалга, хоёр тохой, баруун шуу, зүүн мөр, нуруунд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун дээд 4-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх 37-38/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13789 дугаартай шинжээч эмчийн: "...У.Жийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд шарх, дух, хамрын нуруу, баруун хацар, зүүн тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод баруун 1, зүүн 1, 2, дээд зүүн 3-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх 45-46/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гэмт хэрэг үйлдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг болох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, гэмтэл учруулсан, тодорхой хувийн сэдэлт, маргаан, тохиолдлын үндсэн дээр бий болдог. Хувийн сэдэлт дээр бий болсон гэмт хэрэг үйлдэгчийн довтолгоон, үүний улмаас хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол тодорхойлогдсоноор энэ гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагддаг.
Хэрэг болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч Г.Ч нь хохирогч У.Жийн биед биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд шарх, дух, хамрын нуруу, баруун хацар, зүүн тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод баруун 1, зүүн 1, 2, дээд зүүн 3-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл учруулсан, шүүгдэгч У.Ж нь Г.Чий биед баруун алганд няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн бугалгад цус хуралт, хоёр бугалга, хоёр тохой, баруун шуу, зүүн мөр, нуруунд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун дээд 4-р шүдний эмтрэл гэмтэл учруулсан үйл баримт бий болсон нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба харин шүүгдэгч Г.Ч, шүүгдэгч У.Ж нар нь тус тусын биед гэмтэл учруулаагүй талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй, тэдний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.
Иймд шүүгдэгч Г.Ч, шүүгдэгч У.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ч, У.Ж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Ч, У.Ж нар нь нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй /хх-ийн 131, 132/ гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.Ч, У.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж, Г.Ч нарт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах санал гаргасан.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Жийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Чийг 280 /хоёр зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэв.
3. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.Ч, шүүгдэгч У.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Ч, шүүгдэгч У.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.Ж, Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Жийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
шүүгдэгч Г.Чийг 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч, шүүгдэгч У.Ж нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ч, шүүгдэгч У.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч, У.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР