Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2024/00577

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 31 өдөр                      Дугаар 183/ШШ2024/00577                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 03 дугаар хороо, Төмөрчиний гудамж,******* дугаар байранд байрлах “*******” ХХК (РД:...........)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Ажилчдын гудамж, Хөдөө аж ахуйн корпорацийн төв байранд байрлах “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК (РД:.............)-д холбогдох,

 

“*******” ХХК-ийн өмчлөлийн******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40-50 мянгат, Төмөрчиний гудамж,******* тоотод байрлах******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-д холбогдуулан******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40-50 мянгат, Төмөрчиний гудамж,******* тоотод байрлах******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“*******” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40-50 мянгат, Төмөрчиний гудамж,******* тоотод байрлах******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон.

1.2.Манай компани гадаад худалдаа, аялал жуулчлал, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд Мал хамгаалах сангаас зээл огт авч байгаагүй. Гэтэл манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийг хүртэл Мал хамгаалах сангийн барьцаанд бүртгэлтэй байгаагаас өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч байна. Аливаа барьцаа нь хуульд заасан үндэслэлээр эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтаар хуульчилсан тул Мал хамгаалах сан нь манай хөрөнгийг барьцаалах буюу уг санд барьцааны эрх үүсэх хууль зүйн үндэслэлгүй болохыг сая мэдлээ. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “барьцаалагч нь өөрийн шаардлагыг тэргүүн ээлжинд хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан иргэн, хуулийн этгээд байна”, 4.2 дахь хэсэгт “барьцаалуулагч нь гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болон үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцаалуулагч нь иргэн хуулийн этгээд байна”, 4.3 дахь хэсэгт “барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч эсхүл гуравдагч этгээд байж болно”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “барьцаа нь хуульд заасан үндэслэлээр эсхүл барьцаалагч барьцаалуулагч нарын хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ” гэж тус тус заасан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулахад заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлага хуулинд тавигдаагүй. Барьцааны гэрээнд талууд баталгаажуулах эрх, барьцааны зүйлийн талаар нэгт талуудын нэрсийг дурдаж мөн оршин суугаа хаягийг заах, хоёрдугаарт барьцааны эрхийг баталгаажуулах шаардлагыг тодорхой заах, гуравдугаарт барьцааны зүйл ба түүний байгаа газарт байх хэлбэрийг зайлшгүй шаардлагыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь заалтаар хуульчилсан. Энд заасан зохих хэлбэрээр байгуулагдаагүй эсхүл агуулга нь бүрэн бус бол барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус ба үр дагавар нь мөн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үүсдэг. Мөн Мал хамгаалах сангаас “Б м” ХХК зээл авсан үйл ажиллагааг эрүүгийн гэмт хэргийн буюу залилан мэхлэх гэмт хэрэг болохыг 3 шатны шүүх тогтоосон.

1.3.“*******” ХХК-ийн захирал н.Т-с “Б м” ХХК-ийн захирал н.Г-т олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд бол эх баригчийн гарын үсэг, тамга, тэмдэг дарсан байх”, 64.2.2-д “хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгогдсон итгэмжлэлд эх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх” гэсэн шаардлагуудыг хангаагүй. Тодруулбал 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 879 тоот итгэмжлэлийг хууртагдаж хийснээс гадна уг итгэмжлэл нь хуулийн этгээдийн тамга тэмдэг, мөн нягтлан бодогчийн гарын үсэг зурсан байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт “энэ хуулийн 62-д заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байх” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр хийсэн барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй. Уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

1.4.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 179 дүгээр тогтоолоор Мал хамгаалах сангийн ажлын алба татан буугдаж, тус сангийн үйл ажиллагаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд, 2020 оны******* дугаар тогтоолоор Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, тус ажлын албанд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг шилжүүлсэн, 2023 оны 269 дүгээр тогтоолоор Хөдөө, аж ахуйг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-д эрх, үүрэг нь шилжсэн гэжээ.

2.Хариуцагч “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.“*******” ХХК болон Мал хамгаалах сангийн хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. “Б м” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Мал хамгаалах сантай Оросын холбооны улсаас өвс, тэжээл оруулж ирж малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх хөтөлбөрийн хүрээнд 900,000,000 төгрөгийн зээл авч, үүний барьцаанд 4 үл хөдлөх, газрыг барьцаалсан байдаг. Эдгээр  барьцаалбарын нэг болох “*******” ХХК-ийн 631 м.кв талбайтай, 40, 50 мянгат, төмөрчдийн гудамжны******* тоот үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан байдаг. Үүнийг барьцаалахдаа******* дугаартай итгэмжлэл бий. Хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ нь Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу хийгдсэн.“Б м” ХХК-ийн захирал н.Гт “*******” ХХК-ийн захирал н.Т өөрийн биеэр олгосон итгэмжлэл бий. Уг итгэмжлэлийн хүрээнд Мал хамгаалах сан зээлийг “Бм ХХК-д олгосон. Уг итгэмжлэл дээр энэхүү итгэмжлэлийг олгож буй миний бие итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг уншиж танилцсан ба бусдын дарамт шахалтад авталгүйгээр хүсэл зоригоо илэрхийлсэн болно гэсэн үндэслэл бүхий итгэмжлэл өгсөн байна.

2.2.“Бм ХХК-ийн авсан гэх 900,000,000 төгрөгийг төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр анх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Мал хамгаалах сангаас нэхэмжлэл гаргасан. Энэ ажиллагаа явж байгаад 2018 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэр гарсан. Уг шүүхийн шийдвэрээр Мал хамгаалах санд “Биохэлф монголиа” ХХК нь 1,093,000,000 төгрөгийг төлөхийг даалгасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бий. Одоогоор уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдээд явж байгаа. Мөн Эрүүгийн хэргийн тухайд бол Монкор хадгаламж зээлийн хоршооны захирал байсан, мөн “Бм" ХХК-ийн үүсгэн байгуулагч н.Д гэх хүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Миний бие хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Үүнд эцсийн шүүхийн шийдвэр гарахад н.Д гэх хүнтэй холбоотой Мал хамгаалах сангаас залилаж авсан байна гэж ямар нэгэн ял аваагүй. Зөвхөн Эрүүгийн шүүхийн шийдвэрт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг дурдаж шийдвэрлэсэн. Тийм учраас Мал хамгаалах сан болон “Бм" ХХК-ийнхооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байна, хууран мэхэлж хийсэн хэлцэл байна гэдгийг аль ч шатны шүүх үнэлж, дүгнээгүй. Ийм байдлаар шүүхийн шийдвэр гараагүй. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр Нийслэлийн шүүхийн шийдвэрт ажиллагаа хийгдээд захирал нь ял аваад явсан учраас дансны хорио нь тавигдсан ийм байдалтай байж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр ямар нэгэн ажиллагаа хийгээд, мөнгө төгрөг орж ирсэн зүйл байхгүй, барьцаа хөрөнгүүд дээр дуудлага худалдаа явж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл шаардлага хангахгүй нэхэмжлэл гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “*******” ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, “*******” ХХК-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт,

Хариуцагч талаас “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хурлын “Гүйцэтгэх захирлыг томилох тухай” 02 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн Ү-08 тоот гэрээний барьцааны гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Төмөрийн гудамж*******-д байршилтай үйлчилгээний зориулалттай,******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “*******” ХХК-ийг бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “*******” ХХК-ийн захирал М.Тогоогоос “Бм" ХХК-ийн захирал Г.Ганбаярт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Төмөрийн гудамж*******,******* м.кв,, УБД-Ү-........, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, төлөөлөн гэрээ хэлцэл хийж гарын үсэг зурах, лавлагаа авах, үүргийн гүйцэтгэл хангуулах уг зээлтэй холбоотой бүхий л зүйлд төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн******* дугаар итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “*******” ХХК-ийн захирал М.Т-ос “Бм" ХХК-ийн захирал Г.Г-т Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо,, орон сууц, үйлчилгээний зориулалттай газрыг зээлийн барьцаанд тавих, төлөөлөн гэрээ хэлцэл хийж гарын үсэг зурах, лавлагаа авах, үүргийн гүйцэтгэл хангуулах уг зээлтэй холбоотой бүхий л зүйлд төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 879 дугаар итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Мон Чингистэй” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 гудамж, тоот хаягт байршилтай м.кв талбайтай, хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “М д” ХХК-ийг бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “М д” ХЗХ-ын гүйцэтгэх захирал М.Д-аас ““Бм" ХХК-ийн захирал Г.Ганбаярт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 гудамж, тоот хаягт байршилтай м.кв талбайтай, хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, төлөөлөн гэрээ хэлцэл хийж гарын үсэг зурах, лавлагаа авах, үүргийн гүйцэтгэл хангуулах уг зээлтэй холбоотой бүхий л зүйлд төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 881 дугаар итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 гудамж, тоот хаягт байршилтай 510 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр О.Аыг бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруугийн 20/5 дугаар байрны 02 тоот, орон сууцны зориулалттай 57.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “Монкорд” ХЗХ-г бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “М д” ХЗХ-ын гүйцэтгэх захирал М.Д-аас “Бм" ХХК-ийн захирал Г.Ганбаярт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу 20/5-02 тоот, 57.5 м.кв, ГД-000017747, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, төлөөлөн гэрээ хэлцэл хийж гарын үсэг зурах, лавлагаа авах, үүргийн гүйцэтгэл хангуулах уг зээлтэй холбоотой бүхий л зүйлд төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 880 дугаар итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Бм" ХХК-ийнгүйцэтгэх захирал Г.Ганбаяраас О.А-ад өөрийн өмчлөлийн ЧД-ийн 12 хороо, Булгийн 1-24в тоот хаягт байршилтай, 000458266 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-2202008746 дугаарт бүртгэгдсэн, 510 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “Биохэлф монголиа” ХХК-ийн нэр дээр зээл авахаар зээлийн барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээг нотариатчаар гэрчлүүлэх, бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, хүлээн авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаанаас чөлөөлөх, лавлагаа авах зэрэг холбогдох бусад бүх эрхийг олгосон 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Монкорд” ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А02/02, А02/03 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00895 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн, дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ДШМ/584 дугаар магадлалын хуулбарыг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь “*******” ХХК-ийн өмчлөлийн******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40-50 мянгат, Төмөрчиний гудамж,******* тоотод байрлах******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ

2.1.Манай компани Мал хамгаалах сангаас зээл огт авч байгаагүй.

2.2.Барьцааны гэрээнд талууд баталгаажуулах эрх, барьцааны зүйлийн талаар нэгт талуудын нэрсийг дурдаж мөн оршин суугаа хаягийг заах, хоёрдугаарт барьцааны эрхийг баталгаажуулах шаардлагыг тодорхой заах, гуравдугаарт барьцааны зүйл ба түүний байгаа газарт байх хэлбэрийг зайлшгүй шаардлагыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь заалтаар хуульчилсан. Энд заасан зохих хэлбэрээр байгуулагдаагүй эсхүл агуулга нь бүрэн бус бол барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус ба үр дагавар нь мөн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үүсдэг. Мөн Мал хамгаалах сангаас “Биохэлп монголиа” ХХК зээл авсан үйл ажиллагааг эрүүгийн гэмт хэргийн буюу залилан мэхлэх гэмт хэрэг болохыг 3 шатны шүүх тогтоосон.

2.3.“*******” ХХК-ийн захиралгоос “Биохэлф монголиа” ХХК-ийн захирал олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-д заасан шаардлагуудыг хангаагүй тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус. Хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр хийсэн барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй. Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

2.4.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 179 дүгээр тогтоолоор Мал хамгаалах сангийн ажлын алба татан буугдаж, тус сангийн үйл ажиллагаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд, 2020 оны******* дугаар тогтоолоор Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, тус ажлын албанд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг шилжүүлсэн, 2023 оны 269 дүгээр тогтоолоор Хөдөө, аж ахуйг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-д эрх, үүрэг нь шилжсэн гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ

3.1.“Биохэлф монголиа” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Мал хамгаалах сантай Оросын холбооны улсаас өвс, тэжээл оруулж ирж малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх хөтөлбөрийн хүрээнд 900,000,000 төгрөгийн зээл авч, үүний барьцаанд “*******” ХХК-ийн 631 м.кв талбайтай, 40, 50 мянгат, төмөрчдийн гудамжны******* тоот үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан байдаг. Үүнийг барьцаалах үндэслэл болсон******* дугаартай итгэмжлэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу хийгдсэн, “Биохэлф монголиа” ХХК-ийн захирал “*******” ХХК-ийн захирал өөрийн биеэр олгосон итгэмжлэл.

3.2.“Биохэлф монголиа” ХХК-ийн авсан гэх 900,000,000 төгрөгийг төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр анх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Мал хамгаалах сангаас нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гарсан. Уг шүүхийн шийдвэрээр Мал хамгаалах санд “Биохэлф монголиа” ХХК нь 1,093,000,000 төгрөгийг төлөхийг даалгасан. Одоогоор уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдээд явж байгаа.

3.3.“Монкорд” хадгаламж зээлийн хоршооны захирал байсан, мөн “Биохэлф монголиа” ХХК-ийн үүсгэн байгуулагч н.Дэлгэрмаа гэх хүнтэй холбоотой эрүүгийн хэргийн эцсийн шүүхийн шийдвэр гарахад н.Дэлгэрмаа гэх хүнтэй холбоотой Мал хамгаалах сангаас залилаж авсан байна гэж ямар нэгэн ял аваагүй. Зөвхөн Эрүүгийн шүүхийн шийдвэрт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг дурдаж шийдвэрлэсэн.

3.4.Тийм учраас Мал хамгаалах сан болон “Биохэлф монголиа” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байна, хууран мэхэлж хийсэн хэлцэл байна гэдгийг аль ч шатны шүүх үнэлж, дүгнээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцаа хөрөнгүүдэд дуудлага худалдаа явж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл шаардлага хангахгүй нэхэмжлэл гэж тайлбарлаж байна.

 

4.Зохигч талуудын тайлбар, түүний үндэслэлээ тодорхойлсон байдлаас үзэхэд “Биохэлф монголиа” ХХК-ийн захирал Г.Ганзориг нь маргаан бүхий орон сууцыг мал хамгаалах сангаас авсан зээлийн барьцаанд барьцаалсан барьцааны гэрээ болон уг гэрээг байгуулах үндэслэл болсон итгэмжлэл нь хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаантай байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан болон “Биохэлф Монголиа” ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2017/Ү/08 дугаар “ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээ” 9 сарын хугацаатай байгуулагдсан.

5.2.Дээрх гэрээгээр зээлдүүлэгч буюу Мал хамгаалах сан нь зээлдэгч буюу “Биохэлф Монголиа” ХХК-д Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортлон борлуулахад шаардлагатай 900,000,000 төгрөгийн 225,000,000 төгрөгийг Төрийн банк дахь зээлдэгчийн 109000104924 дугаар дансанд, үлдэх төгрөгийг зээлдэгчийн нэр дээр нээсэн Төрийн банк дахь 104400479509 дугаар нөхцөлт дандсанд тус тус байршуулах, зээлдэгч нь ОХУ-ын нийлүүлэгч аж ахуйн нэгжийн нэхэмжлэл, Мал хамгаалах сангийн зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг тэжээл экспортлогч аж ахуйн нэгжид тухай бүр шилжүүлэх, зээлийг гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу буюу 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 180,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 180,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 180,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 180,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 180,000,000 төгрөгийг тус тус Төрийн сан дахь Мал хамгаалах сангийн 100900019044 дугаар дансанд шилжүүлэх үүргийг хүлээжээ.

5.3.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан болон “Биохэлф Монголиа” ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2017/Ү/08 дугаар “ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн Ү-08 тоот гэрээний барьцааны гэрээ” байгуулагдсан.

5.4.Дээрх барьцааны гэрээгээр маргаан бүхий орон сууц болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Төмөрийн гудамж******* тоотын******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

5.5.“*******” ХХК-ийн захирал М.Тогоогоос “Биохэлф Монголиа” ХХК-ийн захирал Г.Ганбаярт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Төмөрийн гудамж*******,******* м.кв,, УБД-Ү-2202014464, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, төлөөлөн гэрээ хэлцэл хийж гарын үсэг зурах, лавлагаа авах, үүргийн гүйцэтгэл хангуулах уг зээлтэй холбоотой бүхий л зүйлд төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрхийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн******* дугаар итгэмжлэлээр олгосон.

5.6.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00895 дугаар шийдвэрээр “Биохэлф Монголиа” ХХК болон Мал хамгаалах сангийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 900,000,000 төгрөгийн зээлийг ОХУ-аас малын тэжээл импортлон борлуулах “Малын тэжээл хангамжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхэд зориулж, хүүгийн олгох гэрээг 9 сарын хугацаатай байгуулсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж, “Биохэлф Монголиа” ХХК-аас 1,064,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мал хамгаалах сан” УТҮГ-т олгохоор шийдвэрлэсэн.

5.7.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолоор М.Дэлгэрмаа нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017-2018 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортлох, малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулах зээлээс 900,000,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, залилж аван их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон.

 

6.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00895 дугаар шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу “Мал хамгаалах сан” УТҮГ-ын нэхэмжлэлтэй “Биохэлф Монголиа” ХХК-д холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 1,305,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00895 дугаар шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

8.Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолын 10 дахь талд “...Гэрч М.Тогоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...М.Дэлгэрмаатай уулзахад 2 тэрбум төгрөгийн бага хүүтэй эх үүсвэр байна, үүнийг авахын тулд барьцаа хөрөнгө хэрэгтэй байна чи үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьчих. Үүнээс 500 сая төгрөгийг нь чи авч бизнестээ хэрэглэ гэж хэлсэн. Хаанаас ямар эх үүсвэрээс 2 тэрбум төгрөгийг ямар хүүтэй авах гээд байгаагаа надад хэлээгүй...” гэж, 20 дахь талд “...Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны үүднээс үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэж үзэхгүй ба ...гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн байх тул шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ” гэж дурдсанаас үзэхэд “Биохэлф Монголиа” ХХК-ийн захирал Г.Ганбаярт итгэмжлэл олгосон “*******” ХХК-ийн захирал Л.Тогоогийн үйлдлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-д заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй буюу Л.Тогоо нь хүсэл зоригийн хувьд төөрөгдсөн, тухайн итгэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9.Өөрөөр хэлбэл, Л.Тогоо нь итгэмжлэл олгох үйлдлийн үр дагаврыг ухамсарласан буюу ноцтой төөрөгдсөн, бусдад мэхлэгдсэн, бусад этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсний үндсэн дээр итгэмжлэл олгосон гэх байдал тогтоогдохгүй байна.

 

10.Иймд хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр хийсэн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

 

11.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.10, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасны дагуу “*******” ХХК-ийн өмчлөлийн******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40-50 мянгат, Төмөрчиний гудамж,******* тоотод байрлах******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.10, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-д холбогдох “*******” ХХК-ийн өмчлөлийн******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40-50 мянгат, Төмөрчиний гудамж,******* тоотод байрлах******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД