Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/00609

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 02 өдөр                       Дугаар 183/ШШ2024/00609                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-*******, 01 дүгээр хороо, *******Б байр, Б1 тоот хаягт байрлах “Наран хотхон” СӨХ (РД:......../ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-*******, 01 дүгээр хороо, *******А байр, 1 тоотод байрлах “Дипломатбаярмаа” ХХК (РД:.........)-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Наран хотхон” СӨХ нь “Дипломатбаярмаа” ХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,250,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Наран хотхоны *******А байрны 1 тоотын өмчлөгч “Дипломатбаярмаа” ХХК нь тус талбайд үсчин, гоо сайханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хотхоны инженерийн шугам сүлжээ буюу цэвэр, бохир ус, дулааныг ашиглаж өөрийн үйл ажиллагаагаа саадгүй, хэвийн үргэлжлүүлж байгаа хэр нь СӨХ-д төлбөл зохих төлбөрөө 2020 оны 01 дүгээр сараас хойш огт төлөөгүй. Бидний зүгээс дээрх асуудлаар тус компанийн захирал******* удаа дараа утсаар болон бичгээр мэдэгдэж, холбогдох шаардлагуудыг хүргүүлж байсан боловч бүдүүлгээр татгалзаж, чаддаг юм бол шүүхдээд аваарай гэхээс өөр тайлбар хэлдэггүй.

1.2.Манайх 2007 оноос үйл ажиллагаа явуулж байсан. Үүнээс өмнө хариуцагч компани нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлж байсан. 2017 онд******* гэх хүн сууц өмчлөгчдийн холбооны захирлаар томилогдоод дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгжүүдийн тарифыг үйл ажиллагааны чиглэлээс хамаарч тогтоосон. Хавтас хэрэгт авагдсан нягтлан бодох тооцооны баримтаас харахад сарын 600,000 төгрөг, нэг сард тооцох засвар, үйлчилгээний зардал нь 50,000 төгрөгөөр тооцсон. Энэ талаар мэдэгдэх баримтыг “ДипломатБаярмаа” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох н.Баярмаад хүргүүлж, өгч байсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараах тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно гэж байгаа. Манайхаас мөн хуулийн 16.4.-т зааснаар сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол гэдэг заалтыг үндэслэж аж ахуйн нэгжийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар тогтоолын хавсралтаар тогтоосон. Үүн дээр аж ахуйн нэгжүүдийн м.кв талбайн ашиглалтын зардлыг 2,000 төгрөгөөр бодсон. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм.

1.3.Хариуцагчийн зүгээс манайх бол ашиглалтын зардлаа төлдөг, өөрсдөө засвар үйлчилгээ хийдэг гэж хариу тайлбар ирүүлсэн байсан. Сууц өмчлөгчдийн холбооны зардал бол ашиглалтын зардал биш юм. Энэ нь “Наран хотхон” СӨХ-д үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, оршин суугчдын дундын өмчлөлийн цахилгаан, дулаан, халаалт, бохир шугам сүлжээний засвар үйлчилгээнд зайлшгүй тогтмол үнээр төлөгддөг зардал юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.1, 148.3 дахь хэсэгт заасны дагуу ашиглалт, засвар үйлчилгээний зардал 2,250,000 төгрөгийг хариуцагч “Дипломатбаярмаа” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч “Дипломатбаярмаа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээдийн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Учир нь уг нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* гаргасан. Хэрэгт итгэмжлэл авагдсан гүйцэтгэх захирал нь******* гэж байна. Мөн “Наран хотхон” СӨХ-ны гэрчилгээ авагдсан боловч гэрчилгээнд гүйцэтгэх захирал нь******* гэх баримт байхгүй байна. Нийтэд илэрхий баримт буюу opendata.mn-ээс нэхэмжлэлд бичигдсэн регистрийн дугаараар шалгаж үзэхэд “Наран хотхон” СӨХ гэх байгууллага байхгүй байна. Тийм учраас гүйцэтгэх захирал нь тодорхой бус байна.

2.2.Нэхэмжлэгч нь 2,250,000 төгрөгийг ямар үндэслэл, ямар графикийн дагуу хэн тогтоож байгаа, сард хэдэн төгрөг төлөх ёстой талаар ямар ч баримт хэрэгт байхгүй.  Үүнд нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.5 дахь хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтыг хэн, хэрхэн яаж хариуцах талаар хуульд нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Тус зохицуулалтаар бүх нийтийн гишүүдийн хурлаар сууц өмчлөгчдийн холбоог байгуулна. Уг хурлаар ашиглалтын зардал хэдэн төгрөг байх, өмчлөгч хэдэн төгрөг тушаах талаар тогтоодог. Мөн бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийг тогтооно. Харин удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг томилох хуулийн зохицуулалт байдаг. Ингээд гүйцэтгэх захирал нь үндсэн тушаалынхаа дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэл олгож, оршин суугчдаас төлбөрөө нэхэмжлэх эрх нь үүснэ. Гэвч үүнтэй холбоотой ямар ч баримт хэрэгт байхгүй. Тийм учраас ямар баримтыг үндэслэж, хаанаас гаргаж ирж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

2.3.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон. Гэвч хэрэгт “Дипломатбаярмаа” ХХК нь нэхэмжлэлд дурдаад байгаа *******а-1 тоотын өмчлөгч мөн эсэхтэй холбоотой баримт байхгүй. Ямар баримтыг үндэслэж “Дипломатбаярмаа” ХХК-ийг хариуцагчаар оруулж байгаа нь тодорхойгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “Наран хотхон” СӨХ-ын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхэд шилжүүлэх аж ахуйн нэгж байгууллагууд гэх баримт,

Хариуцагч талаас “Дипломатбаярмаа” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, хариу тайлбар, “Дипломатбаярмаа” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Наран хотхон” СӨХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч “Наран хотхон” СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ*******ы *******А байрны 1 тоотын өмчлөгч “Дипломатбаярмаа” ХХК нь тус талбайд үсчин, гоо сайханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хотхоны инженерийн шугам сүлжээ буюу цэвэр, бохир ус, дулааныг ашиглаж өөрийн үйл ажиллагаагаа саадгүй, хэвийн үргэлжлүүлж байгаа хэр нь СӨХ-д төлбөл зохих төлбөрөө 2020 оны 01 дүгээр сараас хойш огт төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.1, 148.3 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 01 дүгээр сараас хойших ашиглалт, засвар үйлчилгээний зардал 2,250,000 төгрөгийг хариуцагч “Дипломатбаярмаа” ХХК-аас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч “Дипломатбаярмаа” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй, шаардаж буй 2,250,000 төгрөгийг ямар үндэслэл, ямар графикийн дагуу хэн тогтоож байгаа, сард хэдэн төгрөг төлөх ёстой талаарх баримт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.5 дахь хэсэгт заасны дагуу бүх гишүүдийн хурлаар ашиглалтын зардал хэдэн төгрөг байх, өмчлөгч хэдэн төгрөг тушаах талаар тогтоосон талаарх баримт, “Дипломатбаярмаа” ХХК нь нэхэмжлэлд дурдаад байгаа *******а-1 тоотын өмчлөгч мөн эсэхтэй холбоотой баримт хэрэгт тус тус авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.“Наран хотхон” СӨХ-ны гүйцэтгэх захирал нь С.Доржсүрэн (хавтаст хэргийн 6 дахь тал) бөгөөд тус СӨХ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12/23 дугаар албан бичгээр*******од итгэмжлэл олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

4.2.Наран хотхоны *******А байрны 1 тоот хаягт “Дипломатбаярмаа” ХХК нь талбайд үсчин, гоо сайханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

 

5.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох”, 148.2.6-д “дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс энэ хуулийн 148.2.1-148.2.3-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үүргийг хамтран хариуцах”, 148.3 дахь хэсэгт “Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө” гэж тус тус зааснаар “Наран хотхон” СӨХ нь орон сууц өмчлөгч эсхүл орон сууцыг эзэмшиж, ашиглаж буй этгээдээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхтэй.

 

6.Хэдийгээр хариуцагч талаас*******ы *******А байрны 1 тоот орон сууцын өмчлөгч нь “Дипломатбаярмаа” ХХК мөн эсэх талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч тухайн орон сууцанд үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримтын талаар маргахгүй байна. Иймд Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй буюу Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно” гэж заасны дагуу “Наран хотхон” СӨХ-ны бүх гишүүдийн хурлаас тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй.

 

7.Нэхэмжлэгч нь хариуцагч компаниас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,250,000 төгрөг шаардаж байх боловч түүний үндэслэлийг нотлоогүй буюу сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаас төлбөрийн хэмжээг тогтоосон тогтоолыг нэхэмжлэлдээ хавсаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй юм. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Дипломатбаярмаа” ХХК-аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Наран хотхон” СӨХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.6, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Дипломатбаярмаа” ХХК-аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Наран хотхон” СӨХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД