Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/25

 

 

 

    

 

 

 

 

                                                                           

        М.З-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Мөнхжаргал,

шүүгдэгч М.З-гийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн, А.Буяндэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатар,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/1094 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ий өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.З-д холбогдох эрүүгийн 2008030791511 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн М-ийн З,19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, .............. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ............. дүүргийн .. дүгээр хороо, .........-н ... дүгээр гудамжны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:................../.

 

М.З нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............... дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн .. дүгээр гудамжны ... тоотод иргэн С.Б-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зүрхэн тус газар нэг удаа хутгаар хутгалж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч М.З-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.З-гийн цагдан хоригдсон 280 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, М.З нь энэ тоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.З-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тус тусад нь нэрлэн заасан эд зүйлсийг устгахаар, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч М.З-гийн бага насны хүүхэд Л.А-г асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, цаашид хүүхдийн эрхийг хангах арга хэмжээ авч ажиллахыг оршин сууж буй нутаг дэвсгэрийн харьяаллаар Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.З-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ий өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хууль хэрэглээгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч М.З-гийн үйлдсэн гэх хэргийн талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байгаагаа илэрхийлж, шүүх хурлын тэмдэглэлд үндэслэлээ илэрхийлсэн. Мөн мөрдөн шалгах хүсэлт гаргасан боловч хэсэгчлэн хангаж, гол асуудлыг орхигдуулсан. Энэ нь тухайн хэргийг үнэн, зөв эргэлзээгүй талаас нь шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч М.З нь уг хэргийг үйлдээгүй, түүний ах үүнийг үйлдсэн гэж мэдүүлдэг боловч шүүх гэм буруутай гэж үзсэний дараа түүний байр суурь эргэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг барагдуулах болсон. Үүнд ямар нэг хүчин зүйл  нөлөөлсөн эсэх, яагаад гэм буруугаа хүлээн зөвшөөрөх болсон нь давхар эргэлзээ төрүүлж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон гэж үзэхгүй байгаа ба хэргийг мөрдөн байцаалтад буцааж, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг арилгуулах үндэслэлтэй байсан боловч шүүх хэргийг тогтоогдсон гэж үзсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч М.З-гийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч М.З өөрөө давж заалдах гомдол гаргаагүй. Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ шийдвэрийг хүндэтгэх ёстой. Эсрэг байр суурь илэрхийлэх боломжгүй байна. Энэ хэрэгтэй холбоотой үйлдэл холбогдлыг дутуу шалгасан зүйл бол байгаа” гэв.

Шүүгдэгч М.З-гийн өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан тайлбарын 2 зүйл нь хоорондоо авцалдахгүй байна. Ял шийтгэлийн талаар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс ялыг хүндрүүлэх боломжгүй. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Туршилт хийлгэхээс шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд татгалзсан. Татгалзах эсэх нь яллагдагч, шүүгдэгчийн эрхийн асуудал юм. Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс нэмэлт мөрдөн байцаалтад буцаая гэсэн байр суурьтай боловч М.З нь давж заалдах гомдол гаргахгүй, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг танилцаад гарын үсэг зурахгүй гэсэн учраас түүний саналыг хүндэтгэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Т.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруугийн асуудал нь нотлогдон тогтоогдсон. Гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцсны дараа шүүгдэгч талаас завсарлага авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа талаар түүний өмгөөлөгчдийн зүгээс тайлбарлалаа. Анхан шатны шүүхээс гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүү, мэдүүлгүүдийн хоорондын уялдаа холбоо болон шалтгааныг дүгнэсэн. Мөн гэмт гарсан цаг хугацаа, гэмт хэргийг хэн үйлдсэн болон хохирол төлбөрийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.  Хивсэн дотор ороосон хувцас дотор М.З-гийн хувцасны хэсэг байсан. Үүн дотроос илэрсэн ДНХ-ийн тогтоц нь М.З болон Баатарбилэгийн цусны ДНХ-тай тохирч байсан. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн Б-гийн амь насыг санаатайгаар хохироосон үйлдэл, шалтгаан нөхцөл, хүний амь нас хохирсон байдал, оршуулгын зардлыг төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Д, Л нарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулж хэргийг шийдвэрлэсэн. Мөн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч Ц.Нандинцэцэгийн мэдүүлгийг сонсож шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн. Хүчний харьцаа болон хохирогч, шүүгдэгчийн биеийн өндрийн байдлын талаар шинжээч мэдүүлэг өгсөн. Гэрч Б-ын мэдүүлэгт “хэргийн газар олон мөр байсан” гэх асуудлыг нягталж шалгах зорилгоор цусны ул мөрт дахин шинжилгээ хийлгэж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан. Иймд хохирогчийн хууль төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.З-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, М.З нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 34 дүгээр гудамжны 18а тоотод иргэн С.Б-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зүрхэн тус газар нь 1 удаа хутгалж алсан болох нь:

Шуурхай удирдлагын газарт 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуудлага өгсөн лавлагааны хуудас /1 хх 5/,

гэрч М.Л-ын: “... Л ахаа дүү нь “хүн алчихлаа” гэж хэлсэн ... хойд өрөө рүү орсон чинь хивсэнд боодолтой юм байсан ...” гэх мэдүүлэг /1 хх 59-60, 2 хх 202, 3 хх 59-60/,

гэрч Ш.Н-гийн “... шөнө 23 цаг 30 минутаас 24 цагийн хооронд Л над руу залгаад Баруун салаанд З-гийнд ирчихсэн байна. Энд нэг хэрэг гарчихсан байна гээд надад юу болсноо хэлэхгүй байсан. Л руу дахин дахин залгаад яасан юм гээд асуугаад байсан чинь З гэртээ хүн алчихсан байна гэхээр нь юу яриад байгаа юм, яаасан юм гээд лавласан чинь, би Д-ийг дуудчихлаа гэж хэлсэн. Дараа нь утсаар ярьж байхдаа цагдаа, 103 ирчихсэн байна гэж хэлснийхээ дараа нөгөөдөх чинь Б-гийгээ алаад хаячихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх 69, 2 хх 187, 3 хх 56/,

гэрч Д.Д-жийн: “...З эгчээс юу болсон талаар асуухад “би хүн алчихлаа” гэж надад хэлсэн. ... Тэгээд түр хүн чинь хаана байгаа юм гэж асуухад хойд талын өрөөнд байгаа гэж хэлсэн. ... Л ах цагдаа дуудна гээд уурлаад байхад З эгч битгий гээд гуйгаад байсан. Тэрнээс болж Л ах, З эгч хоёр хэрэлдээд байсан. Тэгж байгаад Л ах шууд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1 хх 62-63, 2 хх 189/,

“Талийгаач С.Б-гийн цогцост зүүн хөхний дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн ба өвчүүний зүүн хэсэг, үнхэлцэг болон зүрхний зүүн урд дээд хэсгээр зүрхний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн урд хана ба өвчүүний шарх орчмын булчингийн цус хуралт, үнхэлцгийн хөндий дэх цус хуралт /250 гр/, зүрх чихэлдэлт, цээжний зүүн хөндийн цус хуралдалт /450 мл/ бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба үхэлд нөлөөлсөн байна” гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2297 тоот шинжээчийн дүгнэлт /1 хх 195-199/,

Шинжээч Ц.Нандинцэцэгийн: “... Амь хохирогчид учирсан дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цээжний зүүн хэсэгт урдаас арагш, доороос дээш ташуу чиглэлтэй, цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх байсан. Уг гэмтлийг авснаас хойш цус алдсаны улмаас зүрх цусан хангамжгүй болох хүртэл харилцан адилгүй хугацааны буюу зарим тохиолдолд 1-10 минутын хугацаанд бусадтай ярих, идэвхтэй өөрөө хөдөлгөөн хийгээд явж болно. Зарим тохиолдолд газар дээрээ 1-3 минутын дотор ч нас барж болно. Амь хохирогчийн нас барсан цаг хугацааг цогцосны гадна үзлэг хийгдэж байхад тогтоосон байсан. Амь хохирогчид учирсан гэмтлийг тонгойсон байрлалд, хэвтээ байрлалд, босоо байрлалын алинд ч үүснэ. Харин хутган дээр унахад үүсэх боломжгүй. Хутга нь газар гозойгоод байж байна гэж шинжлэх ухаанд заасан ойлголт байхгүй. Амь хохирогч /171 см орчим өндөр/ болон шүүгдэгч /155 см орчим өндөр/ нарын өндрөөс үзэхэд амь хохирогчид учирсан шархны байрлал учрах боломжтой. Урдаас арагшаа, доороос дээш чиглэлтэй 8 см гүн цээний гүн рүү нэвтэрсэн шархтай байсан. Шарх нь өвчүү, хавирганы завсар ороод зүрх рүү орсон шарх байсан. Уг шарх нь яс таараагүй, яс хугараагүй тул механик хүч шаардахгүй гэж ойлгож болно. Хутганы иртэй тал цагийн зүгээр 5 цагийн байрлалд харсан байсан. Иртэй тал нь 11 цагийн байрлалд харсан байсан. Зүүн доош чиглэлтэй, 5 цагийн байрлалтай гэж ойлгож болно” гэх мэдүүлэг /1 хх 206, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх М.З-г “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон оршуулгын зардлыг төлж барагдуулсан зэрэг хэргийн нөхцөл байдалд тохирсон ял оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсоноор төгсдөг бөгөөд хохирогч гэмтэл авсан даруйдаа нас барсан, эсхүл тодорхой хугацааны дараа нас барсан нөхцөл байдал нь зүйлчлэлд нөлөөлөхгүй. Тийм учраас гэмт этгээдийн үйлдэл нь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой байх нь хүнийг алах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болдог.

Хэдийгээр шүүгдэгч М.З нь “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өөр, өөр мэдүүлгүүд өгдөг боловч...” хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр М.З-гийн үйлдэл хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байх тул “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/1094 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-гийн цагдан хоригдсон 51 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                                Б.ЗОРИГ